Mongolia mining corporation нэрээр Хонконгийн бирж дээр IPO хийж монголчуудын бахархлыг төрүүлж байсан Энержи ресурс компани зөвхөн MCS-ийнх биш. Анх нэр бүхий 11 олигархийн эзэмшлийнх гэдгээрээ тодорч байв. Найман онд “Энержи ресурс” ХХК-ийн 43.5 хувийг "MCS", 29 хувийг “Тэнгэрийн цаг", 2.3 хувийг "MCS Холдинг", 14.1 хувийг "Петровис", 5 хувийг Европын сэргээн босголтын банк, 6.1 хувийг "Шунхлай Майнинг" компани тус тус эзэмшдэг байсан. Тэгвэл арваннэгэн оны 10 дугаар сард “Энержи ресурс” ХХК-ийг хамтран эзэмшиж байсан 14 компаниас MCS, Петровис, Шунхлай гурав л үлдээд байгаа гэх мэдээллийг салбарын сайд Д.Зоригт өгч байсан юм. Гэхдээ цаанаа бол Малайзын тэрбумтан Роберт Куок нарын гадаад эрхмүүд эзэмшигчид нь гэдгийг Х.Баттулгаас өгсүүлээд ярьж хэлэх хүмүүс бий. Роберт Куокийн тухайд “Керри групп” хэмээх үндэстэн дамнасан корпорацийг үндэслэгч тэрээр Forbes-ын тэрбумтнуудын жагсаалтын 61 дүгээрт бичигддэг эрхэм юм. Түүнчлэн Mongolia mining corporation Хонконгийн бирж дээр хувьцаагаа гаргаж байх үед MCS болон Керри группын эзэмшлийн компани гэх мэдээллийг гадны хэвлэлүүд бичиж байсан. Харин манайд тэгж бичигдээгүй юм.
Ер нь Энержи ресурс компанид урд зүгийнхний оролцоо тодорхой хэмжээнд бий гэдгийг эх сурвалжууд хэлсээр ирсэн. Тус компанийн ТУЗ дахь Хараат бус захирлын суудалд Чанг Чинг гэх хятад эрхэм суудаг нь ч нэгийг илтгэж буй юм. Тэгвэл Энержи ресурсын дотоодын хувь эзэмшигчид өмнөд хөршийн нөлөө бүхий бизнесмэнүүдтэй тохиролцон хувьцаагаа шилжүүлж байна гэх мэдээлэл эх сурвалжуудаас гадагшлах болов. Ийм мэдээлэл үндэслэлгүй биш байдгийг Петровис компани Ухаа худгийн хувьцааны хоёр хувиа 84,7 сая доллараар арилжаалсан жишээнээс бид харсан. Түүнчлэн “Энержи ресурс”-тэй холбоотой эл мэдээллийн араас яригдах зүйлүүд бий байх.
Ер нь Тавантолгой ордын нөөцийн 14-20 хувь нь агуулдаг гэх “Ухаа худаг” ордыг эзэмшигчид хууль зөрчиж ирсэн гэдгийг тодотгомоор байна. УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын дагуу бол Тавантолгой орд нь Стратегийн орд бөгөөд тус ордод Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна гэдгийг УИХ-аас тодорхойлоод өгчихсөн. Гэтэл төдийгөөс өнөөдрийн өдрийг хүртэл 14 компани хууль зөрчин хуваан эзэмшиж буй.
Түүхийг нь өгүүлбэл Ерөнхий сайд асан М.Энхсайхан, АМГТХЭГ-ын дарга асан Б.Жаргалсайхан, ҮХ-ны сайд Сү.Батболд нар өнөөгийн Энержи ресурс-ыг байгуулж байсан бөгөөд улстөрийн гол хоёр хүчний хамгийн шуналтай хүмүүсийг консорциумдаа элсүүлж, улстөрийн хамгаалалтад орсон байдаг юм. Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Д.Идэвхтэн, П.Очирбат, С.Батболд, М.Энхсайхан, Г.Батхүү нар Тавантолгой ордын 20 хувьд эзэн суусан байдаг. Улмаар Монголиан майнинг корпорэйшн нэрээр Хонконгийн бирж дээр хувьцаа гаргаж 700 сая ам.доллар босгосон нь бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг босгохын тулд хувьцаа гаргасан асуудал ч, нөгөө талаас нь харвал Ашигт малтмалын хуулийн 5.6-д Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэж заасныг зөрчсөн хэрэг гэх хандлага бас нэг талаас гарч байсан юм.
Учир нь өмнө нь өгүүлсэнчлэн 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын дагуу бол Тавантолгой ордод Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна гэж заачихсан байгаа. Энэ нь нэр бүхий эрхмүүдийн эзэмшлийн компанийн барьцаа болгож мөнгө босгосон орд нь стратегийн ордод хамаарах учраас 700 сая долларыг босгохоосоо өмнө хувьцаагаа дотооддоо гаргах ёстой байсан гэсэн үг. Гэсэн ч тэгээгүй.
Ер нь бол MCS болоод Кerry группийн хоорон дахь түншлэл өргөн хүрээнд явагдаж ирсэн байдаг. “Mongolian Mining Corporation” Ухаахудагийн уурхайгаас 30 км-ийн зайд орших “Баруун Наран” коксжих нүүрсний ордыг “QGX Holdings” компаниас 464.5 сая ам.доллараар худалдаж авсан. Тэгвэл “QGX” компанийн 90 хувийг “Кerry Mining” компани, үлдсэн хувийг нь “MCS Minerals” компани эзэмшдэг юм. “Кerry Mining” компани 2008 онд “Баруун Наран”-гийн ордыг 260 сая ам.доллараар авч байсан байдаг. Харин тэдний энэхүү наймааг хоёр талын тохиролцоо гэхээсээ илүүтэй хэтэвч нэгтнүүдийн зохион байгуулалттай үйл ажиллагаа хэмээн харагсад бий.
Сэтгэгдэл ( 7 )
Za ene energy ch yu l bolood bna da
Газрын доорхи баялаг жирийн монголчуудад хамаагуй юм уу? луйварчид аа
П.ОЧИРБАТ ГЭЖ ХЯТАД БАС 29 ХУВЬТАЙ
Ер нь эхнээсээ луйвар бсан
ene olgarhi luvarsgdiin uurhaig turd huraaj avaad gants turiin umshid tavan tolgoin nvvrsee uavuulmaar um.
өөрсдөө л авч байгаа байх шалгах хэрэгтэй
Ene mcs iin 975 huvitsaa unaad yu ch bish bolchloo uchnuun mgl chuud hohirj baina da