Өөрсдийнх нь гадагшлуулсан мэдээллээс үзэхэд баяжмалын экспортоо хойшлуулсандаа Монголын Засгийн газрыг буруутгаад байсан “Оюу Толгой” ХХК экспортоо өнөөдөр 10:00 цагт албан ёсоор эхлүүлсэн байна. Өнөөдөр эхлүүлнэ гэх мэдээллийг албаны нөхдүүд харьцангуй дарсан гэхэд болох юм. Өчигдөр буюу 8-ны өдөр Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаанаар “Оюу толгой” ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Ажлын хэсэг нь энэ компанийн 2010-2012, 2013 оны 2 дугаар улирал хүртэл улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах үүрэг хүлээсэн байгаа. Тэгэхээр өргөн хүрээнд асуудал хэлэлцсэн гэсэн үг. Тэгвэл Ажлын хэсгийн хуралдааны маргааш экспорт эхэлж байна. Талууд маргаантай асуудал дээрээ ойлголцсон гэнэ.
Тэрчлэн экспортыг эхлүүлэх албан ёсны үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, “Рио Тинто”-гийн Зэсийн бүлгийн ерөнхий захирал , мөн “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Камерон МакКрей, “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд оролцсон аж.
Ямартай ч Оюутолгой компани энэ жил 600.000 тонн зэсийн баяжмал экспортлож, 2 тэрбум орчим ам.долларын орлого олох урьдчилсан тооцооллыг хийгээд байгаа аж.
Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө зөрж хараад байсан талууд наадмаас өмнө ийнхүү экспортын гараагаа эхлүүллээ. Талууд ойлголцолд хүрсэн гэдэг дээр анхаарах ёстой зүйлс мэдээж бий. Ямар ч байсан гацаад байсан шалтгаануудыг нь эргэн харвал “Оюутолгой” компани Бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ ТУЗ-ийн гишүүддээ үзүүлж, батлуулахгүй байгаатай холбоотой гэж байсан. Борлуулалтын гэрээний үнийн дүн нь ойролцоогоор найман тэрбум ам.доллар Монголын хуулиар их хэмжээний үнийн дүн бүхий хэлцэлд хамаарагдах бөгөөд компанийн ТУЗ нь батлах ёстой талаар Компанийн тухай хуулийн 88,1-д заасан байдаг.Гэтэл Борлуулалтын гэрээг Монголын талыг төлөөлж суугаа ТУЗ-ийн гурван гишүүнд үзүүлэхгүй байсан гээд байгаа. Энэ нь Монголын Компанийн тухай хуулийг зөрчиж байгаагаас гадна компанийн засаглалын олон улсын стандартуудыг зөрчиж байгаа явдал гэж манай талаас үзэж байсан.
Мөн “Оюутолгой” компани бүтээгдэхүүн борлуулалтын орлогоо татваргүй бүс /оффшор бүс/ дэх данс руугаа шилжүүлэхээр төлөвлөсөн аж. Хэрвээ бүтээгдэхүүний борлуулалтын гэрээгээ Монголын талд танилцуулахгүй тохиолдолд борлуулалтын орлогоо Монголын банкны дансаар дамжуулах ёстой гэсэн байр суурийг манай тал баримтлаад байна гээд л байсан.Гэтэл тэдний өмнө манайх бууж өгсөн үү гэдэг асуулт гарч байна. Албаны эх сурвалжууд энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Сануулахад, манай Засгийн газар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Ivahnoe Mines Mongolia Inc LLC, Ivahnoe Mines Ltd, болон Rio Tinto International Holdings Limited компаниудтай байгуулсан. “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-г Оюутолгой ХХК (хуучнаар Ivahnoe Mines Mongolia Inc LLC), Ivanhoe Oyu Tolgoi (BVI) Ltd., Oyu Tolgoi Netherlands B.V. болон Эрдэнэс МГЛ ХХК-ийн хооронд байгуулсан байдаг. Харин Канад улсад бүртгэлтэй Айвенхоу Майнз ХХК нь өөрийн Их Британий Виржиний Арлууд болон Нидерланд улсад бүртгэлтэй охин компаниудаараа дамжуулан “Давхар татварын гэрээ”-ний буянаар Монгол Улсад татвар төлөхгүйгээр Оюу Толгой ХХК-иас ногдол ашиг авах боломжтой явж ирсэн. Хэдийгээр Нидерландтай байгуулсан Давхар татварын гэрээг цуцласан ч, Канад болон Их Британий Виржиний Арлууд гэхчлэн өөр бусад оффшорууд руу Оюутолгойн гадаад эзэд хараа бэлчээгээд зогсохгүй гараа сунгасан байна.
Сэтгэгдэл ( 3 )
Ингэх гээдбайсан уюм муу сайн луйарчид жинхэнэ шулана гэж энэ байх
Даварсан муу хулгайч луйварчид. Борлуулалтын орлогоо илэн далангүй нуун дарагдуулна гэсээр байгаад дийлж байгааг хараад бөөлжис цутгаж байна.
Mongoliin khugjild ur shimee ugukh uil ajillagaanii bodit ekhlel tavigdaj baina gej oilgoj baina