Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУГЖ У.Уранчимэг, МУСТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар сэтгэл оюунаа нэгтгэн өөрсдийн нэрний эхний үсгүүдээр нэрлэсэн GUG продакшныг байгуулан анхны уран бүтээлдээ орсон.
Тэдний анхны бүтээл болох "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" хэмээх өвөрмөц нэртэй уран сайхны кино тун удахгүй кино театруудын дэлгэцнээ гарна. Энэ киноны зохиолыг жүжигчин Д.Ганцэцэг МУГЖ У.Уранчимэгт зориулан бүтэн жил гаруй хугацаанд бичсэн байна. Харин киноны гол дүрд МУГЖ У.Уранчимэг, МУСТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг, ҮДБЭЧ-ын бүжигчин МУСТА М.Бямбаа, жүжигчин Энхтүвшин, мэргэжлийн 90 гаруй жүжигчид оролцон тогложээ.
Мөн БНСУ-д Кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн, Солонгосын сериалд гэрээгээр тоглодог чадварлаг жүжигчин Энхтүвшин киноны эрэгтэй гол дүрд тоглосон байна.
Нийгмийн харилцаа өөрчлөгдөж, зах зээлийн эдийн засгийн шилжих явцад хүмүүс бие биенээ хүндэтгэх, хайрлах, хүн ёсны зан үйлээс алгуур холдож байгаа бөгөөд бие биенээ аялдан дагалдах, гадаад үзэмж хөөн амьдрах өнөө үед хүний дотоод сэтгэл, хүн чанар, сэтгэлийн их тэнхээ, хүн хүнээ дээдлэх ариун нандин ёс хичнээн чухал болохыг энэхүү киногоор уран бүтээлч, жүжигчид харуулахыг зорьжээ.

Сэтгэгдэл ( 0 )