Оюутолгойн ТУЗ-ийн шинэ гишүүд “экс” гурваас илүү гарах уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 04

Оюутолгой төслийн менежмэнтийн эрхийг атгаж байгаа Рио Тинто болоод Монголын Засгийн газрын хоорондох ойлголцол тийм ч дардан биш байгааг үйл явдлууд харуулж байгаа. Засгийн газрын хувьд энэ төслийг аль болох зардал багатай, өндөр үр ашигтай байлгахыг зорин ажиллаж байгаа бол нөгөө тал зардлыг хэтрүүлэн тооцоод байгаа шалтгаанаа манай талд тайлагнахыг хүсэхгүй байгаа. Түүнчлэн дараагийн шатны буюу далд уурхайг ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг Оюутолгой ХХК-ийн ТУЗ болон хувь нийлүүлэгчдийн хурал шийдвэрлэх ёстой. Ер нь ТУЗ  болон ХН-ийн хурлын шийдвэр хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох хууль тогтоомжид ягштал нийцэж байх учиртай гэдгийг манай талаас хэлж яриад байгаа.

Тэгвэл ийм үед Оюутолгой ХХК-ийн ТУЗ-д Монголын талыг төлөөлөх гишүүд өөрчлөгдөх нь.  Ч.Ганболд, П.Цагаан, Н.Багабанди гурвын оронд  “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Да.Ганболд, “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн, Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу нар томилогдох гэж байгаа аж. Манай талаас өөрсдийн эрх ашгийн төлөө ТУЗ-д суух нөхдүүдийгээ экс “Айвенхоу Майнз” буюу  “Туркойз Хилл Ресорс”-т танилцуулсан гэх мэдээлэл байгаа юм. Хувь нийлүүлэгчдийн хуралдаанаар ТУЗ-ийн гишүүдийг батлах ёстой юм.

Ямартай ч өнгөрсөн жилүүдэд Оюутолгойд Монголчуудаа төлөөлсөн Ч.Ганболд, П.Цагаан, Н.Багабанди гуравт ам муутай байр суурийг илэрхийлэх эрхмүүд олон байдаг. Тэднийг Монголын эрх ашгийг бүрэн хамгаалж, төлөөлж чадахгүй субьектүүд гэх шүүмж анх томилогдож байхад нь ч дагаж байсан. Өдгөө ч тэднийг суудлаас буухад нь дагана гэдэгт эргэлзэх хэрэггүй л болов уу.Ер нь Монголчуудад хаалттай тэрхүү ТУЗ-д монголынхоо эрх ашгийг төлөөлөхөд бэрхшээлүүд байсан байхыг бас үгүйсгэх аргагүй.

П.Цагаан эрхэм Оюу толгойн ТУЗ-ийн гишүүнийхээ үүргийг хэр сайн биелүүлсэн талаараа байр сууриа илэрхийлэхдээ -Үүргээ хариуцлагатай, нэр төртэй биелүүлсэн гэж бодож байгаа. Бидний түүхэн зорилго бол Оюу толгойн эхний ээлжийг ашиглалтад оруулах байсан. Ашиглалтад оруулсан. Барилга байгууламжийг хугацаанаас нь хагас жилийн өмнө дуусгасан боловч гадны хүчин зүйлээс хамаарч олборлох үйл ажиллагаа нэлээд хойшилсон тал бий. Гэхдээ яг цагтаа эхэлсэн.

Төслийг хэрэгжүүлэх явцад, хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголд ашигтай өөрчлөлт оруулахад, ялангуяа манай талын төлөх зээлийн жилийн хүүг таван хувиар бууруулахад чухал үүрэг гүйцэтгэсэндээ баяртай явдаг. Зээлийн хүү таван хувиар буурахад Монголын зээлийн дарамтын хэмжээ 1,5 тэрбум ам.доллараар багассан гээд бод доо. Чингис бондын дүнтэй тэнцэж байгаа биз. Ирээдүйн зарлагаа тийм хэмжээгээр багасгалаа гэсэн үг шүү дээ.

Үүнээс гадна Бараа үйлчилгээ худалдан авах ажиллагаанд Монголын компаниудын оролцоог нэмэгдүүлэх талаар цуцалтгүй тэмцсэний үр дүн гарч, тусгай бодлогын баримт бичиг батлагдсан. Хэрэгжүүлж эхэлж байгаа. Одоо эхний ээлжинд үндэсний компаниуд, дараа нь хамтарсан, тэгээд олдохгүй бол гадаадын компанид өгдөг болно. Өмнөговийн компаниудад нэмээд үнийн урамшуулал ч олгож байгаа. Энэ нь татварын үрэлгэн хуваарилалтаас хамаагүй илүү өгөөжтэй зам. Үүний хэрэгжилтийг хангуулахад цаашид ч сайтар анхаарах хэрэгтэй шүү гэдгийг энэ далимд хэлчихье.

Зарим үед бухимдах, хатуу хөтүү үг хэлэх явдал байсан ч ТУЗ-ийн гишүүдтэйгээ ойлголцож энэ том төслийн олон асуудлыг цагт нь шийдэж ирсэн. Яаж бүх зүйл биднийхээр болохов дээ гэж бодох үе ч байсныг нуугаад яахав.” гэжээ.

Мөн тэрээр Оюу толгойн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж ирсэн өөрсдийг нь мэргэжлийн бус хүмүүс гэсэн шүүмж дагаж ирсэнтэй холбоотойгоор “ТУЗ-д ажиллах мэргэжил гэж байхгүй, харин тэнд ажиллах чадварын тухай асуудал бий. Би өмнө нь төр засгийн янз бүрийн ажил албыг хашихын зэрэгцээ Орос-Монголын хамтарсан үйлдвэрүүд болох Эрдэнэт, Монросцветмет нэгдлийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж байсан. Товчдоо миний хийж байсан ажил төрлийн мэдлэг, туршлага зэргийг харгалзаж Оюу толгойн ТУЗ-д оруулсан байх.” хэмээн ярьсан байгаа юм.

Харин түүнтэй хамт ТУЗ-д Монголын Засгий газрыг төлөөлж суусан Н.Багабанди, Ч.Ганболд нар ийм итгэлтэй байр суурийг одоогоор илэрхийлээгүй байна. Ер нь бол П.Цагаан эрхмийн хэлж ярьсан дээр тухайлаад өгүүлэхэд Оюу толгойн эхний ээлжийг ашиглалтад оруулах түүхэн гол зорилго өвөртлөхөөс гадна Монгол Улсад ирээдүйд учирч магадгүй эрсдэлээс эрт сэргийлэх тал дээр хариуцлагатай хандах ёстой баймаар. Гэтэл бодит байдал дээр манай тал хөрөнгө оруулагч талын хэлсэн үг бүрийн өмнө унах хэмжээнд эрх мэдэл нимгэнтэй л өдийг хүрчээ.

Тэгэхээр одоо нэр нь тодроод байгаа Да.Ганболд, Г.Тэмүүлэн, Ч.Отгочулуу нарын тухайд ямар эрх, үүрэгтэй ажиллаж дийлэх бол гэдэг асуулт болоод хүлээлт гарч ирж байна.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(122.254.119.91) 2013 оны 09 сарын 04

Г. Тэмүүлэн чинь Эрдэнэт үйлдвэрийн Ганзоригын хүүхэд шүү дээ. эндээс харахад Ганзориг стандарт банкинд эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан хэрэгээс цэвэр гарах нь ойлгомжтой болох шив. Ганзоригийн ард талд элбэгээ байгаа гэдэг нь үнэн болж байх шив.

0  |  0
Top