УИХ-аас 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, мөн түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан.
Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар уг хуулиар хориглосон талбайд хамаарах ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг 5 сарын хугацаанд багтаан цуцлах байсан боловч хуулиар хориглосон талбайн хилийн заагийг тогтоох ажил удааширснаас энэ заалт хэрэгжээгүй өнөөдрийг хүрсэн.
Засгийн газраас 2011 оны 174 дүгээр тогтоолоор баталсан хилийн заагт хамаарах алтны шороон ордуудын хувьд цуцлах шийдвэр гарсан боловч нөхөх олговор олгох санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй, экологийн хохирлыг дүйцүүлэн тооцох хуулийн зохицуулалтгүй зэрэг олон шалтгаанаас хуулийн хэрэгжилт биелээгүй байна.
Үүний дараа 2012 оны зургадугаар сарын 5-ны /УИХ-ын сонгуулийн үеэр/ Засгийн газрын 194 дүгээр тогтоол гарч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас /хуучин нэрээр/ тогтоосноор гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийг улсын хэмжээнд баталсан.
Эдгээр талбайд хэсэгчлэн болон бүхэлдээ давхцалтай нийт 1336 тусгай зөвшөөрөл тоологдсон. Одоогоор хүчинтэй байгаа хайгуулын 909, ашиглалтын 427 тусгай зөвшөөрлийг 827 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа аж.
909 хайгуулын, 427 ашиглалтын тусгай зөвшөөрөл тоологдсон. Энэ нь одоо хүчинтэй байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн 44 хувь, ашиглалтын тусгай зөвшөөрлийн 34 хувьтай тус тус тэнцэж буй юм байна. Гэвч энэ тогтоосон хилийн заагийн цэг солбицол алдаа мадаг ихтэй, зарим гол энэ хилийн заагт ороогүй, зарим цэг солбицол улсын хилийн гадна гарсан байсан аж. Алдааны дийлэнх хэсэг нь сумдын Засаг даргаас ирүүлсэн саналаар тогтоосон усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагт хамаардаг гэнэ. Учир нь орон нутгаас хилийн зааг тогтоохдоо шинжлэх ухааны үндэслэлгүйгээр, зэргэлдээх аймаг сумдтай уялдаа холбоогүйгээр тогтоосон байна.
Иймд дээрх хилийн заагт хамрагдаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс нөхөх олговрын санал ирүүлэх ажлыг одоогоор зохион байгуулаагүй байгаа хэдий ч Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны тодорхойлолтыг үндэслэн Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ оны геологи хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөөг батлаагүй, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй байгаа аж.
Монгол Улсын төсөвт уул уурхайн салбараас оруулах орлого буурсан нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуультай тодорхой хэмжээнд холбоотой гэж үзэж байгаа юм. Тухайлбал уул уурхайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт 33 хувиар буурсны 6.6 орчим хувь нь энэ хуультай холбоотой гэсэн судалгаа гарчээ. Мөн хуулиар хориглосон талбайд хамаарах алтны шороон ордуудын үйл ажиллагааг зогсоосноор алтны салбараас улсын төсөвт оруулдаг орлого 20 хувиар буурсан. Үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий алтны шороон ордын нөөцийн үлдэгдэл 27.4 тонн, үндсэн ордын нөөц 96.4 тонн, нийт 123.8 тонн байгаагаас хууль бусаар алт олборлогчид үйл ажиллагаа явуулах магадлал бий болжээ.
Энэ бүх нөхцөл байдлыг дүгнэж үзээд Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн ба Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулинд өөрчлөлт орохгүй бөгөөд уг хууль бүрэн хэрэгжих нөхцлийг агуулж байгаа аж.
Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол агуулга нь хууль батлагдан гарч дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид тухайн ордыг ашиглаад нөхөн сэргээх баталгааг гаргах ба тодорхой шалгуурт тэнцэж байвал орон нутагтай хамтран гурвалсан гэрээ байгуулан, мэргэжлийн олон нийтийн хяналтын дор ажиллаж улмаар байгаль орчныг унаган төрхөнд нь оруулж хүлээлгэж өгөхөд оршжээ. Хууль батлагдсан нөхцөлд дараах эерэг үр дүн дагуулна гэж үзэж байна.
Хамгийн том үр дүн нь гол мөрний урсац бүрэлдэх эх хамгаалагдах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааг зогсоох, цаашдаа ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг зогсоох нөхцөл бүрдэж, хууль улсын төсөвт ачаалал, хүндрэл харьцангуй багатайгаар хэрэгжих боломж бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
баахан хүн шоронд хийгээд л бна. Хамгийн гол ажил бол эх нутгиин байгаль, газар шороотой холбоотой хуулиудаа хэрэгжүүлэх хэрэгтэй.