Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын “Хариуцлагатай уул уурхай хөгжлийн санаачлага” хуралдаанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг үг хэлэхдээ “Энэхүү Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаархи стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалтаар Монгол Улсын хөгжлийн загварын саналын талаар 3 хувилбарыг танилцуулсан ба эдгээр хувилбаруудыг судалгаанд үндэслэсэн сайн зөвлөмж болсон гэж үзэж, талархан хүлээн авч байна.
Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ судалгаанд үндэслэн "ХАА, уул уурхай ба эрчим хүч, тээвэр ложистик ба үйлчилгээний салбар" гэж тодорхойлсон билээ. Өнөөдөр Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар чухал байр суурийг эзэлж, тодруулбал дотоодын нийт бүтээгдэхүүнийн 20 хувь, төсвийн орлогын 40 хувь, хөрөнгө оруулалтын 85 хувь, мөн түүнчлэн экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлж байна. Шинэчлэлийн Засгийн газар ил тод, хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй уул уурхайг экспортын чиг хандлагатайгаар эрчимтэй хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна.
Засгийн газар, яам уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Тодруулбал газрын тос боловсруулах, нүүрсийг шингэрүүлж бензин үйлдвэрлэх, занараас шатахуун гаргах үйлдвэрүүдийн технологийн тоног төхөөрөмж, тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-аас чөлөөлөх тухай хуулиудыг батлуулсан.
Түүнчлэн Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон 2024он хүртэл "Төрөөс Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого" төслүүдийг УИХ-ын хэлэлцүүлэгт оруулаад байна.
Мөн Уул уурхайн салбарын бизнес, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах зорилго бүхий "Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай", "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сангийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай",“Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” зэрэг хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн яам,шинэчлэлийн Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг дунд, урт хугацаанд тогтвортой байлгахад чиглэсэн Хөрөнгө оруулалтын тухай, олон улсын жишигт нийцсэн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төслүүдийг хэлэлцэхээр өнөөдрөөс УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж эхлэнэ.
Эдгээр хуулийн төслүүдийн ихэнхийг боловсруулахдаа мэрэгжлийн холбоод, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид,олон улсын байгууллага, салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн төлөөллийг оролцуулан "Бугдээрээ хэлэлцвэл буруугуй, Бүлээн усаар угаавал хиргүй" гэсэн зарчмыг баримтлан ажилласан болно.
Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ сүүлийн хоёр жил дараалан буурах хандлагатай байна. Тодруулбал 2013 оны сүүлийн хагаст Монгол Улсын гол нэр төрлийн ашиг малтмал болох төмрийн хүдэр, зэс, нүүрсний зах зээлийн үнэ 13-40 орчим хувийн уналттай байна. Харин алтны тушаалт эхний хагас жилийн байдлаар төлөвлөснөөс гүйцэтгэл нь 55 орчим хувиар, цайрын олборлолт нэг дахин нэмэгдсэн байна. Зэсийн баяжмалын үйлдвэрлэл, борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад өөрчлөлт гараагүй ба ирэх саруудад Оюутолгойн үйлдвэрлэлийн тоо хэмжээ нэмэгдсэнээр оны эцэст баяжмалын экспорт багагүй хэмжээгээр нэмэгдэх боломжтой байна. Хагас жилийн байдлаар молибдений үйлдвэрлэл болон экспортын орлогын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 орчим хувиар нэмэгдсэн байна. Харин газрын тосны экспортын орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 орчим хувиар өссөн байна.
Гэсэн хэдий ч оны хагас жилийн байдлаар манай улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй хувиар буурсан байдалтай байна. Үүний шалтгаан нь олон улсын зах зээл дээрх ашигт малтмалын гол нэрийн бүтээгдэхүүний үнийн уналттай уялдан Ашигт малтмалын салбарт уйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн орлого багассанаар энэ салбар дах хөрөнгө оруулалт саарч, улмаар ашигт малтмалын салбар нь эдийн засагтаа нөлөө ихтэй орнуудад экспортын орлого буурч, валютын ханш өсөх хандлага гарч байна. Монгол Улсад ч энэ байдал харагдаж байна.Тухайлбал манай улсын тухайд зарим орж ирэх учиртай экспортын орлогыг өмнөх жилүүдэд урьдчилан авч хэрэглэсэн, дээр нь бизнес, хөрөнгө оруулалтын эрх зуйн орчны тогтворгүй байдал нь хөрөнгө оруулалт буурах нэрмээс болсон болно.
Шинэчлэлийн Засгийн газар, Уул уурхайн яамнаас Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд Мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөлөл,салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн өргөн оролцоотойгоор богино дунд, урт хугацааны “Алт”, “Жонш”, “Зэс”, “Төмөр”, “Геологийн судалгаа”, “Нүүрс” "Холимог металл" зэрэг хөтөлбөрүүдийг боловсруулж байна. Эдгээр хетелберуудийн хурээнд Оюутолгой төсөлтэй жишихуйц олон төслүүд хэрэгжих болно. Эдгээр төслүүдэд оролцохыг Та бүхэнд уриалж байна.
Мөн 2016 онд, дунд хугацаанд экспортын орлогыг дахин нэмэгдүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэх, цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн дунд , урт хугацааны "хөгжлийн стратеги" боловсруулах шаардлагатай байна. Энэ үед ДЭЗЧУ-ын “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаархи стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалт, түүнчлэн “Хариуцлагатай уул уурхайн хөгжлийн санаачлага” сэдэвт олон улсын чуулга уулзалт Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа нь талархууштай уйл хэрэг юм.
Та бүхэн энэ "дугуй ширээний уулзалт"-аар Монгол орны ирээдуйн хөгжлийн талаар олон сайхан саналыг гаргаж, ажил хэрэгч шүүмжлэлүүдийг өрнүүлнэ гэж бодож байна. Энэ нь нэг талаасаа Та бүхний зүгээс "Монгол Улстай хамтдаа хөгжих" гэсэн "Та бүхний хүлээлт" гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яам "үнэн зөв мэдээлэлд үндэслэсэн шүүмжлэл"-ийг ажлын үр, дүн бүтээмжийг сайжруулах хөшүүрэг хэмээн ойлгон ажилладаг.
Монгол Улс ардчилсан, нээлттэй "Хуулийн засаглалтай орон".Энэ бол Монголчууд бидний суулийн 20 гаруй жилийн амжилт, бас бахархал билээ. Засгийн газар хөрөнгө оруулагчдад нээлттэй байж, харилцан ашигтай хамтарч ажиллах болно. Манай ард түмний дунд "Сэтгэлд гал байвал, Тулганд элч байдаг" гэсэн мэргэн уг байдаг. Уул уурхайн яам, Засгийн газар нийгэмд тулгамдсан асуудлуудыг аль болох хурдан шийдэх, хөрөнгө оруулалт болон эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн ажлуудыг дэс дараатай хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажилласаар байна. Аливаа асуудлыг сэтгэл байвал шийдэж болдогын жишгээр "Сэтгэл байвал итгэлийг лавшруулж чадна" гэдэгт эргэлзэхгүй байна.
Дээр ярьснаас "Уул уурхайн салбарын хөгжлөөс ойрын жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлт хамаарна" гэдэг нь ойлгомжтой байх аа. Энд уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд байгаль орчны асуудлыг эн зэрэгцүүлэн тавих шаардлагатай юм. Түүнчлэн "хариуцлагатай уул уурхайн хөгжлийн санаачлага"-ын хүрээнд орлогын хуваарилалтыг хүртээмжтэй, тунгалаг явуулах, түүнчлэн "баялагийн сан", энэ дотроо "хөрөнгө оруулалтын сан" байгуулах замаар чанартай дэд бүтцийг бий болгох, салбарын хөгжлийг дэмжих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Түүнээс гадна хариуцлагатай уул уурхайг хөгжуулэх санаачлагын хүрээнд уул уурхайтай холбогдсон нийгмийн сэтгэлзүйг бодит байдалтай уялдуулан зөв төлөвшүүлэх ажлыг бусад орны сайн туршлагыг судалж энэ салбарын харилцаанд оролцогч бух талууд хамтран зохион байгуулах нь зүйтэй юм. Энэ ажил хэрэгжих гол үндэс нь бодитой, үнэн зөв, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ, мэдээлэл байх учиртай.
Монгол Улсын төр, засаг аль болох богино хугацаанд эрдэс баялгийн бүтээгдэхүүний боловсруулалтыг нэмүү өртөг шингээх замаар дээшлүүлж олон улсын тувшинд хүргэх, энэ салбарт тэргүүний техник, технологи, инноваци, менежментийн нэвтрүүлэх, тээвэр ложистик, транзит тээврийн асуудлыг хамгийн оновчтой хувилбараар шийдэх, хөрөнгө оруулалтын тодорхой бөгөөд таатай, дунд, урт хугацаанд хугацаанд тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхээр чармайн ажиллаж байна. Түүнчлэн энд сүүлийн саруудад Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх гэсэн санал, санаачлага идэвхтэй өрнөж байгааг цохон тэмдэглэмээр байна. Монгол Улс нь нэг хунд оногдох газар нутаг, баялагын хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог, олон улсын хэмжээнд томд тооцогдох мөнхийн хөршүүдтэй орон юм.
Энэ хоёр өдрийн уулзалтаас Монгол Улсын хөгжлийн ирээдүйн стратегийн талаар олон хувилбар бүхий үнэ, цэнтэй санал дүгнэлтүүд гарна гэдэгт найдаж байна. Энэ чуулга уулзалт 2014 оны эхний сард Давост үргэлжлэх юм.
Энэ хугацаанд Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, иргэдийнхээ амьжиргааны чанарыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд Уул уурхайн яам, Засгийн газар улам эрчтэй ажиллах болно.” гэв.
Сэтгэгдэл ( 0 )