Уул уурхайн яамнаас Монгол Улсын төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн бариад байна. Энэхүү бодлогын баримт бичиг болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ашигт малтмалын орд, түүний судалгаа, нөөцийн чиглэлээр тодорхой заалт тусгагдаад байна.
Төлөвлөгөөт эдийн засгийн нийгмийн үед хуучин ЗХУ-д мөрдөж байсан хатуу ашигт малтмалын нөөц, баялгийн ангилал (НБА)-ыг шууд хуулбарлан авч хэрэгжүүлж байсан нь тухайн үеийн нийгэм, улс төрийн тогтолцоотой уялдан шаардлагад бүрэн нийцэж байсан гэж үздэг. Харин зах зээлийн эдийн засгийн системд шилжин орсоноос хойш, тодруулбал 1993 оноос хэд хэдэн удаа “Монгол Улсын хатуу ашигт малтмалын нөөцийн ангилал, геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуулын дэс дараалал” сэдэвт ажил хийгдсэн. Өнөөдөр Монгол Улс “Ашигт малтмалын нөөц, баялгийн ангилалын түр зааврыг” Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн 1998 оноос даган мөрдөж байна.
Аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс учирч байгаа зарим хүндрэлийг арилгах, багасгах, энэ салбарт дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын нэг тулгамдсан асуудал бол олон улсын шаардлагад нийцсэн, хөрөнгийн зах зээлтэй уялдсан нөөц тайлагнах систем, ангилал юм. Иймд Лондон хотод 2011 оны 11 дүгээр сард Монгол Улсын “Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөл” (ЭБМЗ) ба Ашигт Малтмалын Нөөцийг Тайлагнах Олон Улсын Стандартын Хороо (CRIRSCO-Committee for Mineral Reserves International Reporting Standards) хоёрын хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ажиллагааг зохион байгуулсан. Энэхүү санамж бичгийн зорилго нь CRIRSCO-ийн загварт нийцсэн Монгол Улсын хайгуулын ажлын үр дүн, эрдсийн баялаг, ашигт малтмалын нөөцийг тайлагнах үндэсний зааврыг боловсруулах, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах явдал болсон.
Ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, Хатуу ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалыг шинэчлэн боловсруулж Уул уурхайн сайдын 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 182 дугаар тушаалаар батлуулан холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ нь олон улсын түвшинд нийцсэн, ил тод, тодорхой байдлыг хангахад чиглэгдсэн бодит ажил болсон гэж үзэж байна.
Түүнчлэн Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн экспертийн үндэсний байгууллагын дүрэм, гишүүнчлэл, ёс зүйн шаардлагын талаарх санал, төсөл боловсруулах (NRO), Ашигт малтмалын салбарт хувьцаа гаргах (IPO) эрх зүйн орчинг судалж санал боловсруулах ажлын хэсэг тайлан, санал боловсруулж удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулахад бэлэн болоод байна. Эдгээр нь Монгол Улсын талаас CRIRSCO-д үйл ажиллагаагаа нийцүүлэх бодитой алхам болж байна.
Сэтгэгдэл ( 0 )