Шинэ оны босгон дээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлдэг. 2024 оныг дүгнэж, 2025 оныг угтаж хэлсэн үгэндээ төрийн өндөрлөгүүд юу онцлов. Ямар асуудал дэвшүүлэв гэдэг нь анхаарал татдаг. Төрийн тэргүүний хувьд улиран одож буй 2024 оныг монголчууд бидний хувьд төдийгүй дэлхий ертөнцийн хувьд түүхэн онцлог үйл явдлуудаар дүүрэн он байсан хэмээгээд эв эе, энхтайван, амар амгалан байдал чухал болохыг тодотгов.
Ерөнхий сайд өмнөх жилүүдэд хил хязгаар хаалттай, түлш шатахууны хомсдолтой ковид, дайн зэрэгцсэн шинэ жилийг угтаж байсныг дурдаад, “Гэсэн ч боомтын сэргэлтийн бүтээн байгуулалтын ажлууд жигдэрч, агаарын тээвэр либеральчлагдаж, ковидын өмнөх үетэй харьцуулахад аялал жуулчлал сэргэж, жуулчдын тоо хоёр дахин өссөн. 2024 онд Үндэсний баялгийн санд стратегийн ордуудын 34 хувь Иргэдийн хадгаламжийн данс болон төвлөрлөө. Оны эцсээр иргэн бүхэнд 138 мянган төгрөгийн хадгаламж хуримтлагдаж байна. Та бүхэн баялгийн сангийн өсөлтийг Е-Mongolia дээр тогтмол харах боломж бүрдсэн. Засгийн газрын 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 20 их наяд төгрөгт хүрэх бөгөөд бусад стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хэлэлцээ эхэлнэ. Галтай олон шийдвэр гарна, гэхдээ 2025 оны төгсгөл гэхэд Үндэсний баялгийн сангийн ач холбогдлыг иргэн бүхэн ойлгож, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг болсон байна гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.
УИХ-ын дарга 2024 онд дэлхийн олон оронд парламентын сонгууль болж, парламентат ёс, ардчиллын хөгжилд ололт, сорилтын аль алиныг үлдээснийг дурдаад, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор анх удаа 126 гишүүнтэй төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулснаар парламентат ёсны түүхэндээ нэгэн шинэ хуудас нээсэн. Шинэ парламент улс төрийн таван нам, эвсэл болон нийгмийн олон бүлэг, салбарын төлөөллөөс бүрдэж, эмэгтэй гишүүдийнхээ эзлэх хувиараа Ази тивдээ тэргүүлэх болсон нь бидний хамтын ололт, амжилт” хэмээн тэмдэглэв.
У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээндээ “Төрт ёсны аугаа түүхтэй, төв Азийн цээжин дэх ардчилсан Монгол Улс өдгөөгөөс 100 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах засгаа байгуулсан түүхтэй. Манай улсын гадаад харилцаа, гадаад бодлого олон улсын тавцанд улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн өндөр, дээд олон айлчлал болж, монголчууд бидний үүх түүх, өв соёл, зан заншил, ололт амжилтыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, гадаад харилцаа, хамтын ажиллагааны оргил жил байлаа. Энэхүү олсон ололт амжилтаа улам бататган, алдаа оноогоо дүгнэн цэгнэж, засаж сайжруулж, ажил үйлсээ улам эрчимжүүлж, шат шатандаа ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, эрч хүчтэй, эмх цэгцтэй, эх оронч, эв нэгдэлтэй ажиллах нь монголчууд бидний ирж буй шинэ оны эрхэм зорилго байх учиртай. Тиймээс бид Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, төрт ёсны үнэт зүйл, өв соёл, үүх түүхээ эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе.
...Айлчлан ирж буй 2025 онд айл өрх бүр аз жаргал, амжилт бүтээлээр бялхаж, улс Монголын минь цог хийморь бадарч, даян дэлхийд энх тайван тогтож, хүн төрөлхтөн амар амгалан аж төрөх болтугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэв.
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засаг таван хувийн өсөлттэй гарч, валютын нөөц 5.1 тэрбум ам.долларт хүрлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “2024 он Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэн үлдэх онцлог үйл явдлаар баялаг жил болон өнгөрч байна.
Шинэ тогтолцооны дагуу Монгол Улсын парламентын түүх 1992 оноос 2024 он, 2024 оноос цааш гэж бичигдэхээр болж байна. Шинэ парламентад анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдож, Азидаа тэргүүлж эхэллээ. Нийт 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон гишүүд байгаа нь улс төрд томоохон хэмжээний үе солигдох үйл явц 2024 онд болсныг харуулж байна. Шинэ парламент анх удаа улсын төсвийг алдагдалгүй баталж, олон жил гацсан хөгжлийн төслүүдийг дэмжиж эхэлж байгаа нь шинэ тогтолцоо ажиллаж байгаагийн эхний үр дүн гэж Ерөнхий сайдын хувьд харж байна.
Улс төрийн намууд хамтарч “Алсын хараа-2050”урт хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэхийн тулд “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хөтөлбөр дэвшүүлж, хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Монгол Улсын хөгжлийг шинэ түвшинд гаргах 14 мега төслийг зарласан.
Засгийн газар 100 хоногтоо багтаж, 1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн боллоо. 34 жил шийдвэрлэж чадаагүй эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг зориг гарган шийдвэрлэснээр эдийн засгийн хувьд алдагдалтай байсан эрчим хүчний төслүүд гацаанаас гарч, Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станц ашиглалтад орж чадлаа. 2003 оноос хойш 60 гаруй удаа хэлэлцээ хийсэн Гашуунсухайт-Ганцмод хил холболтын Засгийн газар хоорондын хэлэлцээр, сүүлийн 20 гаруй жил мэтгэлцсэн Бадрах Энержи-Оронагийн уран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Улсын Их Хурал батлах нэгдсэн шийдэлд хүрлээ. 2024 онд эдийн засаг таван хувийн өсөлттэй гарч, валютын нөөц 5.1 тэрбум ам.долларт хүрлээ. Эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байгаа тул Улсын Их Хурлын хаврын чуулганаар татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн өргөн барих болно” гэлээ.
Д.Амарбаясгалан: Бидний зорилго бол хуулийн дор хүн бүр эрх тэгш байхад оршино
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Улиран одож буй 2024 он Монгол Улс болон дэлхий дахинаа онцлог үйл явдлаар дүүрэн өндөрлөж байна. Дэлхийн олон оронд парламентын сонгууль болж, парламентат ёс, ардчиллын хөгжилд ололт, сорилтын аль алиныг үлдээлээ.
Монголчууд бид Улсын Их Хурлын болон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуулиа амжилттай зохион байгуулж, эрх зүйт ёс, ардчиллын төлөө байгаагаа олон улсад дахин нотлон харуулснаараа бахархах учиртай.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор Та бүхэн анх удаа 126 гишүүнтэй төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулснаараа парламентат ёсны түүхэндээ нэгэн шинэ хуудас нээлээ.
Шинэ парламент улс төрийн таван нам, эвсэл болон нийгмийн олон бүлэг, салбарын төлөөллөөс бүрдэж, эмэгтэй гишүүдийнхээ эзлэх хувиараа Ази тивдээ тэргүүлэх болсон нь Та бидний хамтын ололт, амжилт юм. Энэ үр дүнд хүрэх зам дардан байгаагүй. Олон нийтийн өргөн хэлэлцүүлэг, улс төрийн намуудын удаа дараагийн нээлттэй зөвшилцөл зэрэг олон талт механизмыг ашиглан энэхүү дэвшилд хүрч чадсан. Нийгмийн зөвшилцөл, ойлголцол бол Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхэд чухал зарчим мөн гэдгийг онцлон тэмдэглэе.
Энэ удаагийн парламентын үнэт зүйл мөн үүнд чиглэж байна. Улсын Их Хурал ирэх дөрвөн жилийн стратегиа баталж нийт иргэн, үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэсэн, тогтвортой хөгжилд тулгуурласан, хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг тэргүүн эрэмбэд тавилаа. Тиймээс цаг үеийн шаардлагад нийцүүлэн хуулийг цаг алдалгүй, чанартай баталдаг болох, хууль ба журмын заагийг тодорхойлж зохистой харьцааг хангах, хуулийн биелэлтэд тавих хяналтыг тогтмолжуулах, парламентын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зэрэг олон чухал ажил биднийг хүлээж байна. Үүний гол зорилго бол хуулийн дор хүн бүр эрх тэгш байхад оршино" хэмээн онцлов.
Сэтгэгдэл ( 2 )
Daisogiinhan hovdiin must sumiin guilagchinguud
Төрийн 3 хулгайч гээч