“Металс Монголиа 2013”: Хаана барих нь тодорхойгүй том үйлдвэрүүд...

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 09

Уул уурхай, металлургийн салбарын өнгө төрх ямар байна вэ? Урагшлаад байгаа чиг хандлага нь зөв байна уу?  Эдийн засгийн хөгжлийг тал талаас нь хөшүүрэгдэж чадахуйц алт, зэс, хар төмөрлөгийн салбараа цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэхчлэн асуудлуудын хүрээнд салбарын нөхдүүд хэлэлцүүлэг өрнүүллээ. “Металс Монголиа 2013” Олон улсын чуулга уулзалтын өмнө Уул уурхайн яам, Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо хооронд Монгол Улсад төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тогтсон нь ач холбогдлоо тодорхой хугацааны дараа өгөхүйц үйл явдал боллоо гэж харагдаж буй. Хэрэв тэгээд тохирсон ёсоор ажил явдаг бол төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах, дотоодын хэрэгцээг хангах, улмаар экспортод гаргах зорилгоор томоохон хэмжээний хүчин чадал бүхий гангийн үйлдвэр барихаар ажиллаж байгаа Засгийн газрын бодлогыг дэмжих, тэргүүн ээлжинд зах зээлийн үнээр эдгээр үйлдвэрийг төмрийн хүдэр, баяжмалаар хангах, стратегийн ач холбогдолтой түүхий эд болох төмрийн хүдрийг урт хугацааны төлөвлөлтийн дагуу зохистой хэмжээгээр олборлох, баяжуулах, боловсруулах чиглэлээр тогтвортой хамтран ажиллахаар яригдаж байгааг тодотгох нь зөв биз.

 

Тэгвэл салбарын сайд Д.Ганхуяг чуулга уулзалтад оролцон үг хэлэхдээ ч үүнийг тодотгож байв. Тэрээр салбаррын яам  “Нэг цонх”-ны бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор “Монголын төмөрлөг үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах санамж бичиг” байгуулаад байгааг хэлээд цаашид "Монгол төмөр" хөтөлбөрийн хүрээнд дотоодын хэрэгцээгээ хангах, улмаар экспортлох хүчин чадал бүхий гангийн үйлдвэр байгуулах зорилготой ажиллаж байна. Ингэснээр төмрийн хүдрээ экспортлоод эргүүлээд төмөр хийц импортолдог өнөөгийн байдал үндсээрээ өөрчлөгдөх болно. Мөн зэс хайлуулах үйлдвэр барих ажлыг хурдавчлах зорилго бүхий яамд дундын ажлын хэсэг ажиллаж байна.” гэж байсан.

 

Тэгэхээр энд яригдаж байгаа зэс хайлуулах үйлдвэрийн тухай асуудал анхаарлын төвд орж ирээд чамгүй удаж байгаа ч, Оюутолгойгоос гадна “Эрдэнэт”,  Цагаан суваргын зэсийн ордыг түшиглэх  үйлдвэрийн асуудлыг ажил хэрэг болгох тал дээр манай тал хөшүүн хандаж байгааг хэлэх нь зөв болов уу. Үйлдвэр, хөдөө аж ахуйн Дэд сайд  Г.Цогтгэрэл хэлэхдээ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх олон хувилбар яригдаж байгааг онцолж байсан. Гэхдээ үйлдвэр байгуулах байршил нь яг нарийн тогтоогдоогүй байгааг хэлж байна лээ. Зэсийн үйлдвэрийг “Эрдэнэт” үйлдвэрт эсвэл  Цагаан суваргын ордод, Оюутолгойд түшиглэж барьж болно. Гэхдээ бүх үйлдвэрүүдийг Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт хамаатуулан барих уу, эсвэл хоёр үйлдвэрийг нэг газарт нийлүүлж бариад нөгөө нэгийг нь тусад нь барьж байгуулах уу гэхчлэн асуудлууд байгаа гэж байв. Тэгэхээр энд бас шүүмжилж харахаар нөхцөл байдал харагдаж байна. Засаг засаг дамжин яригдаж байгаа энэ салбарын ирээдүйн өнгө төрхтэй зайлшгүй холбоотой зэсийн үйлдвэрүүдийг байгуулах байршил дээрээ тогтох гэж ийм маягаар дүлэгнэж, хэдэн хувилбар дунд гацаж байна гэдэг таатай бус л мэдээлэл юм.

 

Гэхдээ нэг зүйлийг тодотгоход 2009 онд Монгол Улсын Засгийн газар” Ivanhoe Мines”, “Rio Tinto” компаниудтай Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрт зэс хайлуулах үйлдвэр барьсан тохиолдолд Оюутолгой компани уг үйлдвэрийг зэсийн баяжмалаар нэн түрүүнд хангана гэсэн үүрэг хүлээсэн байдаг юм. Тэгэхээр үйлдвэр баригдлаа гэхэд дотоодын үндсэн компаниудын зэсээс түрүүлж Оюутолгойн зэс тэрхүү үйлдвэрээр орно гэсэн үг. Түүнчлэн, 2010 оны аравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Финлянд улсад хийсэн албан ёсны айлчлалын үеээр Финлянд Улсын “Outotec Оyj” компани Монголын үндэсний хөгжлийн корпорацитай Сайншанд хотод баригдахаар төлөвлөж буй зэс хайлуулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийг хийж гүйцэтгэх Хамтран ажиллах болон технологийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурахад Рио Тинтогийн төлөөлөгч байлцаж байсан юм.

 

 Жилд  ойролцоогоор 2.0 сая тонн зэсийн баяжмалыг хайлуулж жилд 520 мянган тонн катодын зэс, 25 тонн алт цэвэршүүлэх үйлдвэрийг нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттайгаар барихаар төлөвлөсөн бөгөөд зэсийн баяжмалыг “Оюу Толгой” ХХК-иас нийлүүлэхээр төлөвлөж байгаа гэж байсан. Тэгж тохиролцсон арга хэмжээнд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон хувьцаа эзэмшигч “Rio Tinto” компанийн төлөөлөгч нар байсан билээ. Мөн тус гэрээг зурах үеэр Финляндын Экспортын зээлийн агентлаг “Finnvera plc” болон “Commerzbank AG” нар зээлийн баталгаа гаргах, зээлийн санхүүжилт хийх сонирхлоо илэрхийлсэн захидалд гарын үсэг зурж, уг зэс хайлуулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс зэсийг олзворлож боловсруулах иж бүрэн технологитой болж Чилийн дараа орох дэлхийн хоёр дахь үйлдвэрлэгч болох сууриа тавих болно гэж байсан. Тэгсэн ч өнөөдрийн байдлаар Сайншандын цогцолборт хамаарах үйлдвэрийн чимээ бүдэг байна. Хэрэв тэр үйлдвэр босчихвол катодын зэс үйлдвэрлэж бүх төрлийн цахилгаан техник, орчин үеийн электроник, нарийн багаж тоног төхөөрөмж, автомашины аж үйлдвэр зэрэгт хэрэглэх  10 мянга орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой болно.  Зэсийн хайлуулах үйлдвэрт ойролцоогоор 2500 ажлын байр шинээр бий болох бөгөөд өндөр мэргэжлийн инженер, техникийн ажилчид бэлтгэгдэнэ, уг үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс дэлхий нийтийн металл зэсийн үйлдвэрлэлийн 15 хувийг үйлдвэрлэгч орон болох бололцоотой болно  гэж байсныг бас нэхэн сануулахад дэмий биш биз.  Ямартай ч одоогоор энэ сайхан прогнозууд биднээс хол хэвээрээ л байна.

 

Ер нь бол Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам гэсэн гурван яамнаас томилогдсон ажлын хэсэг “Монгол алт”, “Монгол зэс”, “Монгол төмөр” хөтөлбөрийг боловсруулж  Засгийн газарт өргөн барьж, хэлэлцүүлсний дараа томоохон үйлдвэрүүд босох асуудал ажил хэрэг тал руугаа л хандах янзтай байна. Түүнчлэн үйлдвэрүүдийн байршлыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлыг эцэслэн тогтохгүй бол энэ мэтээр ярьсаар байгаад ирэх сонгууль ч хүрч мэдэх л юм.

 

Э.Болор

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.70.42.186) 2013 оны 11 сарын 11

Ерөнхий сайд асан Амаржаргалын шийдвэр зөв байна

0  |  0
зочин(202.70.42.186) 2013 оны 11 сарын 11

Ерөнхий сайд асан Амаржаргалын шийдвэр зөв байна

0  |  0
Top