100 гаруй нүх ухаж, хагас тэрбумын хохирол учруулсан “Оюутолгой”-д Монголын хууль хамаагүй юу?

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 10

 

Рио Тинтогийн шууд удирдлага дор хэрэгжиж байгаа Оюутолгой төслийн үр ашиг эдийн засагт их. Гэхдээ Оюутолгой ХХК Монгол Улсын хууль журмыг гишгэлэх учиргүй гэдгийг хэлмээр байна. Тус компани Оюутолгой уурхайгаас Гашуунсухайтын боомт хүртэл 100 гаруй километр зам тавихдаа элс, хайрга зөвшөөрөлгүй олборлож, байгаль орчинд хохирол учруулсан тул Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас 457 сая төгрөгийн торгууль ногдуулсан аж. Гэсэн ч Оюутолгой компанийн удирдлагууд МХЕГ-ын шийдвэрийг үл тоож ирсэн тул уг асуудлыг Чингэлтэй дүүргийн шүүхэд өгөөд байгаа аж. Тус газраас  Оюутолгой ХХК-иас улсад учруулсан хохирлоо барагдуулахыг хүссэн ч дээрхи мөнгөн торгуулийг хүлээж авах боломжгүй гэсэн хариуг шулуухан өгч чадсан байгаа юм.  Оюутолгой компани 100 гаруй км зам тавихдаа зам дагуу 100 гаруй нүх ухаж элс, хайрга олборлосон юм байна. Тэгчихээд байгаль орчныг эргэн хэвд нь оруулах тал дээр анхаарал тавиагүй аж. Тиймээс  ирэх долоо хоногт МХЕГ-ын нэхэмжлэлтэй, Оюутолгой ХХК-д холбогдох хэрэг шүүхээр орох төлөвтэй байна.

 

Оюутолгойтой холбоотой ийм мэдээлэл байгаатай зэрэгцэн тус компанийн ТУЗ-ийн гишүүд Улаанбаатарт хуралдахаар чуулж байгаа аж. Энэ төслийн менежмэнтийн эрхийг экс Айвенхоу Майнзаас тун нарийн төлөвлөгөөний дагуу авсан Рио Тинто хоёр дахь шатны төслөө санхүүжүүлэхийн тулд дэлхийн 15 санхүүгийн байгууллагатай зээлийн урьдчилсан гэрээг байгуулчихаад Монголын Засгийн газраар зээлийн баталгаа гаргуулах гэж санал тавьсан нь үндсэндээ шахаа болж хувираад байсан бол манай тал зөвшөөрсөн гэх мэдээллийг хүргэж байсан.Ерөөс  дэлхийн уул уурхайн тэргүүлэгч гигантуудын нэг гэх тодотголтой Рио Тинтод мөнгөний ихээхэн хэрэгцээ байгаа.Тэд зөвхөн Оюутолгой төсөл бусад төслүүдээ урагшлуулахын тулд өмнө авсан зээлээ дахин санхүүжүүлэх шаардлага гараад байгаа.  Канадын Алканы ордтой холбоотой өр төлбөр болоод бусад өр ширээ дарахын тулд арван онд 6 тэрбум ам.долларын зээл авсан тус групп 2015 онд энэ зээлээ дарах ёстой. Тэгэхийн тулд дахин зээл авах шаардлага гарч буй. Тиймээс дахиад 8 тэрбум ам.долларын зээл авах хүсэлтээ арилжааны банкуудад гаргасан байгаа юм. Мэдээж томоохон төслүүдийг босгохын тулд хөрөнгө босгох нь зайлшгүй хэрэгцээ. Тэр үүднээсээ Рио Тинтогийн санхүүгийн асуудалтай холбоотой мэдээллүүд хэвийн юм шиг боловч, манайхтай хэт давуу байдлаар харьцаж байгаа Рио Тинто өөрсдөд нь тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхийн бидний эрх ашгийг хөл дороо хийх магадлал өндөр гэдгийг сануулахад илүүц болохгүй биз ээ.

 

 “Оюутолгой” төслийн хувьд  анхны хөрөнгө оруулалтын  зардлын үзүүлэлтүүдийн 80 орчим хувь нь төлөвлөснөөсөө хэтэрсэн нь тогтоогдсон байгаа.  Өнгөрсөн хугацаанд талуудын байр суурь зөрөлдөөд байсны үндсэн шалтгаан бол хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэнтэй  нэг талаас холбоотой байсан билээ. Ямартай ч   Оюутолгойн хөрөнгө оруулагчид далд уурхайн бүтээн байгуулалтаа урагшлуулахын тулд  Монголын Засгийн газраас баталгаа гаргуулаад  дөрвөн тэрбум ам.долларын зээл авах зорилготой гэх тоо яваад байсан. Гэтэл хөрөнгө оруулагч нар  Оюутолгойн далд уурхайн төслийн нийт өртөг 24 тэрбум гаруй ам.доллар гэсэн тооцоог хийгээд зээлдүүлэгчид өгсөн байсан нь араасаа ихээхэн харыг дагуулахад хүргэснийг хэлэх хэрэгтэй юм. 

 

Б.Итгэлт 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top