Монголчууд байгалийн хийгээр хөлжих боломжтой

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 17

Дэлхийн эрчим хүчний хорооноос 2035 он хүртэлх олон улсын эрчим хүчний хэрэглээ, хандлагыг тодорхойлжээ. Тайлангаас харахад 2035 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглагдах нүүрсний хэрэглээ 0.7 тэрбум тонн, газрын тосны хэрэглээ 0.5 тэрбум тонноор буурч, харин байгалийн хийн хэрэглээ 1560 тэрбум м3-ээр нэмэгдэх ажээ. Ер нь дэлхий нийт цаашид сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх юм байна.

Байгалийн хийн тухайд цэвэр, хямд түлш. Энэ төрлийн түлшний хэрэглээ эрчим хүчний  алдагдалгүй, үр ашигтай дамжуулагч болдог учраас тив, улс дамнуулан хоолой татсаар байгаа. Одоогоор дэлхийн 110 гаруй оронд байгалийн хий ашиглаж байна. Тухайлбал, АНУ-ын эрчим хүч үйлдвэрлэлийн 27.2, ОХУ-д 50, Европд 19.1 хувийг байгалийн хий эзэлдэг.

Монгол Улстай хил залгаа орнуудын хувьд  эрчим хүчний бодлогуудад байгалийн хийн асуудал онцгойлон тусгагдсан байдаг. ОХУ-ын “2030 он хүртэл Оросын эрчим хүчний бодлого” баримт бичигт тусгаснаар 2020 он гэхэд байгалийн хийгээр 44.8 гВт эрчим хүч үйлдвэрлэх, дотоодын хийн хэрэглээг 375-430 тэрбум м3 , экспортыг 275-280 тэрбум м3, байгалийн хийн олборлолтыг 650-670 тэрбум м3 хүргэх зорилт тавьсан байна. 

Харин БНХАУ-ын хувьд “Үндэсний эрчим хүчний бодлого, стратеги” урт хугацааны бодлогын баримт бичигт 2020 он гэхэд байгалийн хийгээр 70 гВт эрчим хүч үйлдвэрлэх, олборлолтыг 180 тэрбум м3, импортыг 77 тэрбум м3 хүргэх зорилт тавьжээ.

Үүнээс харахад байгалийн хий олборлогчид өндөр ашигтай ажиллах нь тодорхой болж байна. Монгол Улсын хувьд байгалийн хий олборлох хэд хэдэн боломж байдаг. Нүүрсний давхаргын метан, занарын хийг олборлох, эсвэл хүрэн нүүрсийг боловсруулан нийлэг байгалийн хий гарган авах явдал юм. Байгалийн ийм нөөц баялгыг ашигласнаар манай улс цэвэр эрчим хүчээр бүрэн хангагдаж, агаарын бохирдлоо арилгаж чадахаас гадна байгалийн хийг экспортлох замаар дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд оролцогч орон болох ирээдүйтэй.

Эх сурвалж: Эрчим хүчний яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top