Оюутолгойг Рио Тинтогоор удирдуулсан ТУЗ нь гацааж байна уу, эсвэл...

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 18

Эхнээсээ л экс Айвенхоу Майнзаар халхавч хийн Оюутолгойд орж ирсэн харагддаг Рио Тинто групп менежмэнтийн дараа дараачийн эрхээ эдлэх гэж манай засгийн нөхдүүдтэй зайлшгүй тохироо хийх ёстой болоод байгаа. Хоёр дахь шатны төслөө санхүүжүүлэхийн тулд өнгөрөгч дөрөвдүгээр сард дэлхийн 15 санхүүгийн байгууллагатай зээлийн урьдчилсан гэрээг байгуулсан. Тэгснээр Оюутолгой төслийн 2-р шатанд 5.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд асуудалгүй боллоо хэмээн мэдэгдсэн. Тэгсэн ч тэдний зоргоор асуудлыг урагшлуулчихаар манай талд эрсдэлтэй байгаад байдаг. Эхний шатны төслийн санхүүжилт хэтэрсэн асуудал дээр Рио Тинто өнөөдрийг хүртэл буулт хийгээгүй л байна. Мөн менежментийн зардал, техникийн судалгаа гэхчлэн олон асуудлууд тов тодорхой хариу хүлээгээд байж байдаг.


Тиймээс ч  “Рио Тинто” өнөөх зээлийн гэрээ хийсэн банкуудаасаа ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл түр хүлээхийг хүсч, цаг аваад байна. Тэгэхээр энэ хугацаанд манайхтай үндсэн тохироогоо хийх шаардлагатай болж байна. Харин тэд манайхтай тохиролцохын тулд арга барилаа өөрчлөх үү, эсвэл өмнөх шигээ сүрдүүлсэн аястай янзаараа байх уу гэдэг нь мэдээж анхаарал татаж байна. Учир нь төслийн анхны хөрөнгө оруулалтын  зардлын үзүүлэлтүүдийн 80 орчим хувь нь төлөвлөснөөсөө хэтэрсэн нь тогтоогдоод байхад,  “Рио Тинто”-гийн захирлуудын нэг нь  “Танай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар чинь төслийг дэмжих байр сууриа ингэж өөрчилж байгаа бол цаашид “Рио Тинто” танайд нэг ч ам.доллар нэмж оруулахгүй. Өнөөг хүртэл оруулсан хөрөнгөө хамгаалах горимд шилжинэ.” гэж мэдэгдсэн байгаа. Энэ нь төслийн хувь заяаг эдийн засгийн талаас нь бүрэн хариуцаж байгаа группын зүгээс илэрхийлсэн бардам байр суурь юм. Гэтэл цаг хугацаа яваад л байна. Арвангурван он шувтрах гэж байхад талууд тохиролцоонд хүрч чадсангүй. Улсын эдийн засагт чухал нөлөөтэй энэ төслийг гацаан зогсоох нь бидэнд ашиггүй ч, тэглээ гээд хөрөнгө оруулагч талын тодорхойгүй байдал бүрийг үг дуугүй даган, далдаганаж буулт хийх нь тун хориотой асуудал.

 

Тэгэхээр одоо харагдаж байгаа гарц бол нэгэнтээ талууд хэн хэндээ ашигтайгаар урагшлах ёстой л юм бол тодорхойгүй асуудлуудаа тодорхой болгох хэрэгтэй байна. “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн хурлаар төслийн ирэх  оны үйл ажиллагааны төсвийг батлахдаа ойролцоогоор 1 тэрбум ам.доллар байна гэж тусгасан гэдгээ мэдэгдээд байгаа. Үүнээс 160 сая ам.доллар нь тоног төхөөрөмжийн зардалд орно гэсэн тооцоолол байна лээ. Тэгвэл ирэх жилийнхээ зардлыг ингэж нарийн тооцоод байгаа “Оюутолгой” компанийн ТУЗ-аас эхний шатны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгааныг бүрэн тодруулахыг шаардах нь зөв юм. Учир нь Оюутолгой компанийн өнгөрсөн хоёр жилийн хөрөнгө оруулалтыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл баталж ирсэн бөгөөд  хөрөнгө оруулалт өссөн шалтгааныг тодорхой тайлбарладаггүй байсаар өнөөдрийг хүрч байгаа юм. Хэдийгээр тус компанийн зүгээс байр суурь илэрхийлэхдээ улирал бүрийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох тайлан материалыг Татварын Ерөнхий Газар, Сангийн яаманд хүргүүлж тодорхой байлгаж ирсэн байтал, Оюутолгой уурхайг бүтээн байгуулахад оруулсан зардлын тухай андуу ташаа мэдээлэл гараад байна гэж байсан ч, одоогийн нөхцөл байдал нь зөрүүтэй байгаа билээ.

 

УИХ-аар батлуулсан гэрээнд анхны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар хэмээн заасан байтал Оюутолгойн хөрөнгө оруулагчид энэ хөрөнгийг 7.1 тэрбум ам.доллар болгон өсгөсөн. Төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтын нийт зардал өсөхөөр манай талд ирэх өгөөж, ногдол ашиг буурах учраас Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтыг 2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн шалтгаанаа тайлбарлах, өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацааны хөрөнгө оруулалтаа тодорхой мэдээлж байж цаашдын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө батлуулах шаардлагыг тавиад хэдэн сарын нүүрийг үзээд байна. Төслийн хөрөнгө оруулалт далд уурхай ажиллаж эхлэхэд нийлбэр дүнгээрээ 14.6 тэрбум ам.доллар байхаар Техник эдийн засгийн үндэслэлд тусгасан ч энэ дүн 24,4 тэрбум ам.долларт хүрэхээр 68 хувиар өсгөсөн тооцоог тэд гаргачихаад байгаа. Тэгэхээр манай нөхдүүдийн зүгээс УИХ-аар батлуулсан хөрөнгө оруулалтын дүнг ийнхүү хүлээн зөвшөөрөх үндэслэлгүйгээр нэмэн өөрчилж байгаа шалтгааны талаар Рио Тинтогийн зүгээс тайлбар хүсэх нь зүй ёсных юм.

 

Оюутолгойн зүгээс байр сууриа илэрхийлэхдээ Монголын Засгийн газарт хор хохирол тусахгүй гэдэг. Тодруулбал, Монголын Засгийн газар  Оюутолгойн 34 хувийн хувьцааг худалдаж авах сонголтыг хийсэн. Эрдэнэс Оюу Толгой ХХК энэхүү 34 хувийн санхүүжилтээ бусад хувь нийлүүлэгчдээс зээлэх  сонголтыг мөн хийсэн. Эхэндээ хувь нийлүүлэгчид энэхүү зээлийн хүүг хэрэглээний үнийн индексийн +9.9 хувиар тохироод байсан бол хөрөнгө оруулагчид үүнийн ЛИБОР (Лондонгийн банк хоорондын зээлийн хүүгийн хэмжээ) +6.5 хувийн хүүгээр тооцож бууруулсан.  Ингэснээр хөрөнгө оруулагчид зээлийн хүүг 3 хувиар бууруулсан юм. Бизнес ашиггүй ажилласан тохиолдолд Эрдэнэс Оюу Толгой ХХК энэхүү зээлийг эргэн төлөх үүрэг хүлээхгүй. Тиймээс төсөл ямар нэгэн байдлаар амжилтгүй болж, зээлийг эргэн төлөхүйц хангалттай ашигтай ажиллаж чадаагүй тохиолдолд Монголын Засгийн газар ямар нэгэн байдлаар тухайн зээлийг төлөх үүрэг хариуцлага хүлээхгүй. Энэ тохиолдолд харин бүх санхүүжилтийг гаргасан хөрөнгө оруулагчид эрсдлийг үүрнэ. Мөн хамгийн чухал нь Эрдэнэс Оюутолгой ХХК нь 34 хувийн санхүүжилтээ бага хүүтэйгээр бусад эх үүсвэрээс олж төслийг санхүүжүүлэх эрх нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр нээлттэй гэдэг.

 

Тэгэхээр ямар ч тохиолдолд бид эрсдэл хүлээхгүй гэдэг гэгээн итгэлээр Рио Тинтод зээл авах зөвшөөрөл олгох уу, эсвэл хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн шалтгаан болоод бусад асуудлуудыг тодорхой болгох ёстой юу. Рио Тинто Оюутолгойн далд уурхайн төслийн нийт өртөг 24 тэрбум гаруй ам.доллар гэсэн тооцоог зээлдүүлэгчид өгсөн гэхчлэн манайхнаас нууж хийж байгаа нь тодорхой болсон асуудал ч бий. Канадын Алканы ордтой холбоотой өр төлбөр болоод бусад өр ширээ дарахын тулд арван онд 6 тэрбум ам.долларын зээл авсан Рио Тинто  2015 онд энэ зээлээ дарах ёстой. Тиймээс дахин 8 тэрбум ам.долларын зээл авах хүсэлтээ арилжааны банкуудад гаргасан гэхчлэн харвал Рио Тинтод мөнгөний асар их хэрэгцээ бий. Тэр ч үүднээсээ бид Рио Тинтог хардаж харахаас илүүтэй бүрхэг асуудлуудыг тодруулахыг шаардах ёстой юм.

 

Э.Болор

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top