Оросууд Асгатын ордод эзэн суух хүслээ хязгаарлаж дийлэхгүй нь...

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 24

 

Монгол, Оросын хамтарсан Монголросцветмет нэгдэл тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж буй, Монголын баруун-хойд хэсэгт Оросын Холбооны Улсын Горный-Алтай муж ба Тува Улстай хил залгаа Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт оршдог Асгатын мөнгө-холимог металлын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах цаг хугацаа хэзээ вэ гэдэг нь анхаарал татаж ирсэн.  Оюутолгой, Тавантолгой гэх ордуудтай харьцуулахад бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийг түргэтгэх ордуудын нэг гэж яригдаж ирсэн Асгатын  ордыг хэрхэх талаар Монгол, Оросын төр засгийн тэргүүнүүд харилцан айлчлал хийх үеэрээ хэлж, ярьцгааж ирсэн ч, шийдвэрлэх үр дүнд хүрч байгаагүй. Тэгвэл энэхүү асуудлаар Советийн хуралдаан болно гэсэн мэдээлэл байна. Түүнчлэн өмнө нь Асгатыг стратегийн ордуудаас хасах хүсэлтийг гаргаж байсан  Оросуудын зүгээс энэ удаа ч тэр саналаа манай талд тавих нь тодорхой байгаа гэсэн зүйлийг хэлэх эх сурвалж байна.  Өмнө нь Оросын “Полиметалл” компани тус ордыг хамтран ашиглах санал тавьж, улмаар “Асгат Полиметалл” компани байгуулагдаж байсан ч, УИХ-аас зөвшөөрөөгүй билээ. Тэгвэл энэ үед Монгол Улс Асгатын мөнгөний ордод эзэмшдэг хувийнхаа тэн хагасыг Оросуудад худалдсан,  “Полиметалл”-ын эзэмшилд 75 хувь нь очсон гэх мэдээлэл гарч байв. Уг худалдан авалтыг цуцлах тухай шийдвэрийг Засгийн газраас гаргасан ч, Д.Сугар ТӨХ-г удирдаж байх үед болсон худалдааны гэрээг сунгасан байсан юм. Тэгэхдээ өнөөг хүртэл ордыг ашиглаж эхлээгүй байгаа. Харин энэ жил Асгатын орд тийш зам тавигдаж, дэд бүтцийн асуудал нь шийдэгдээд байгаа нь ордыг хөдөлгөж эхлэх нь гэж харахад хүргээд буй юм.

 

За ямартай ч өмнөх засгийн нөхдүүд баруун аймгуудын, Баян-Өлгийн хөгжлийг түргэтгэхэд чухал нөлөөтэй Асгатын ордод хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчийг олох асуудлыг яаравчлуулна гэж байсан ч, дорвитой алхам хийж чадаагүй. Асгатын ордын талаар мэдээллийг хүргэхэд, 1973 онд Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Зөв лөлтийн геологичид манай улсын ЗХУ-тай хиллэсэн баруун хилээс зүүн хил хүртэлх 4438 км үргэлжилсэн газар нутгаас манай нутгийн гүнд 100 км-т геологийн судалгаа явуулжээ. Улмаар судалгааны хүрээнд 1980- аад оны сүүлээр Асгатын мөнгөний ордыг, Хөвсгөлийн фосфорын ордыг, Цагаан чулуутын алтны ордыг тус тус илрүүлсэн аж. Асгатын мөнгөний ордын геологи хайгуулын ажлыг Монголын геологичид Оросын геологичдын техникийн туслалцаатайгаар Монголын төсвийн хөрөнгөөр хийсэн бөгөөд далд малталтаар дөрвөн штольн нэвтрэлтийн ажлыг Зураг төслийн институтийн орлогч захирал, доктор А.Базарын удирдлагаар Налайхын уурхайчид гүйцэтгэсэн аж. Өдгөө тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Монголросцветмет” нэгдэл нь хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд лиценз эзэмших хугацаанд лицензийн болон бусад үйл ажиллагааны зардлыг гаргаж байжээ.

 

Доктор У. Мавлет хуучин нэрээр БНМАУ-ын Геологи, уул уурхайн яам энэ ордын зам харилцаа, хүдэр нь баяжигдах эсэх талаар судлаад Асгатын мөнгөний ордод Монголын талаас орох замгүй, ЗХУ-ын талаас штольн малтаж байгаа гэж дуулсан тул ЗХУ-ын Геологийн сайд Е.А.Козловскийгоос Алтайн хязгаарын “Курайн” экспедицэд зочлох талаар зөвшөөрөл хүсч, улмаар 1983 онд Я. Нархүү, У.Мавлет, З.Барас, Л.Мягмар, Цэнд-Аюуш нар очиж “Курайн” экспедицийн штольны (далд хонгил) ажилтай танилцаж “Курайн”-аас Асгатын орд, түүний хүдрийн бүс биетүүдийн байршилд нисдэг тэргээр ирж, геологийн тойм зураглалын хэмжээнд танилцаж байсан тухайгаа өгүүлжээ. Түүнчлэн, Яамны орлогч сайд З.Барас, Яамны ерөнхий геологич, төрийн шагналт Л.Мягмар нар уг ордын геологи хайгуулын төслийг боловсруулж, хайгуулын ажлыг Хов дын геологийн экспедици хэрэгжүүлсэн бөгөөд З.Барас, доктор У.Мавлет хоёр Ю.Цэдэнбал даргад ажил танилцуулах далимаар Асгат руу Монголын талаас зам тавиулахад шаардагдах 1.0 сая төгрөгийг Улсын төлөвлөгөөний комиссоор гаргуулж, замтай болсон түүхтэй юм байна. Геологийн төв лабораторийн химич инженер Санжмятав, баяжуулагч ииженер Б.Цогт-Очир, Пүрэв-Очир нарын хэсэг мэргэжилтэн яамны даалгавраар Асгатын мөнгөний баяжигдах чанарыг тодорхойлох зорилгоор хам баяжмал гарган авч, түүнээс 100 гр.тн мөнгө, зэс 8-10, сурьма 15, висмут 20 хувийг авсан ч мышьякийг ялгаруулж чадаагүй бөгөөд үүнээс тус ордын мөнгөний холимог металлыг тийм ч хүнд биш технологоор олборлон баяжуулах бололцоотой гэсэн дүгнэлтийг гаргаж байжээ. Мөн доктор У. Мавлет гуайн хэлж буйгаар Асгатын ордын лицензийг “Монголросцветмет” нэгдэлд шилжүүлсэн түүхийг цухас өгүүлэхэд “1996 онд Жасрай гуай түүнд “Асгаттай холбоотой бүх материалыг бэлдэж, надад танилцуул” гэж даалгажээ. У.Мавлет доктор ч уг асуудлыг дэлгэрэнгүй танилцуулжээ. Тэгэхэд Ерөнхий сайд “Асгатын ордыг ашиглах цаг болсон. Хөөцөлдөх эзэнтэй болгох хэрэгтэй. Бор-Өндөр, Бэрх зэрэг далд уурхайтай, гадаад дотоодын байгууллагуудтай холбоотой “Монголросцветмет” нэгдэлд хөрөнгө оруулагч олох, далд уурхайн мэргэжилтэн бэлдэх үүднээс лицензийг нь тэдэнд өгвөл яасан юм бэ” гэж хэлж байж. У.Мавлет доктор хариуд нь “Хамтарсан үйлдвэрт орд газар өгч болохгүй” гэсэн ч П.Жасрай гуай “Бүрмөсөн өгч байгаа юм биш. Хөрөнгө оруулагч олж, уурхай байгуулах тохиолдолд хэлэлцээрээр зохицуулагдана” гэсэн бөгөөд удалгүй Засгийн газрын хуралдаанаар Асгатын лицензийг “Монголросцветмет” нэгдэлд шилжүүлэхдээ ямар ч үнэ өртөг, болзолгүйгээр тавиад туучихсан аж. Гэхдээ лицензийг авсан “Монголросцветмет” зүгээр суугаагүй гэж байна.

 

Тухайлбал, 1996 онд АНУ-ын “АПЕКС Силвер Майнинг” компанитай хамтарсан “Асгат мөнгө” ХХК, 2004 онд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улстай хамтарсан “ЭМ-ЭС Асгат” ХХК зэрэг компаниуд байгуулжээ. Улмаар “АПЕКС Силвер Майнинг” компани нь Асгатын геологи хайгуулд зарсан 5.0 сая америк долларыг хүчингүй болгох, Өлгий сумаас Ногооннуур сум хүртэл 110 квт-ын шугам татаж өгөх зэрэг болзол тавьсан, мөн тус аймагт дэлхийн стандартад тохирсон технологи байхгүй зэрэг шалтгаануудаас үүдэн үр дүнтэй ажил болж чадаагүй аж. Харин 2006 онд ОХУ-ын “Полиметалл” нэгдлээс тавьсан Асгатын мөнгөний ордыг хамтран ашиглах талаарх саналыг, Засгийн газар хоорондын комиссын Монгол, Оросын талуудад танилцуулснаар авсан зөвшөөрлийн дагуу хамтарсан “Асгат Полиметалл” компанийг үүсгэн байгуулах гэрээг 2006 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр байгуулжээ. Гэрээг байгуулахдаа “Мөнгө, зэсийн холимог хүдэр боловсруулах технологийн туршилтыг ОХУ-ын байгуул лагууд урьд өмнө нь хийж байсан, Хайлуулах үйлдвэр Асгатад барьж байгуулах хугацаанд хам баяжмалыг худалдан авагч нь тээврийн зай, өртгөөс шалтгаалан ОХУ-ын металлургийн үйлдвэр байхаас өөр сонголт үгүй, Энэ ордод хүрэх буюу ашиглахын тулд ОХУ-ын хилээр байнга орж гарч байх шаардлагатай гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн аж. Гол нь “Бороо гоулд” “Цайрт минерал”, Төмөртэйн төмрийн хүдрийн ордуудад гаргасан алдааг давтахгүйн тулд Асгатад зөвхөн баяжуулах үйлдвэр барьж, баяжмал зөөх төдийхнөөр ажиллахгүй. Юуны түрүүнд баруун бүсийн томоохон орд газруудын ирээдүйг бодолцож, асуудлыг цогц байдлаар шийдэх ёстой гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг юм.

 

Б.Итгэлт

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголдоо vлдээж чадсан гавъяатан(103.26.194.145) 2013 оны 12 сарын 24

Н.Энхбаяр еренхийлегч байхдаа Оросуудад егснийг тухайн vеийн еренхий сайд байсан М.Энхболд цуцласан гавъяатай юм шvv.

0  |  0
Top