Жинхэнэ удирдагч гэж хэн бэ?

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 27

Түрүүлж харахын хууль

Удирдагчид ирээдүйг урьдчилан харж мэдрэх чадвартай. Та ямагт ирээдүйн тухай бодох ёстой. Учир нь таны цаашдын амьдрал ирээдүй дотор байгаа. Ирээдүйг урьдчилан харах таны чадвар өөрийн чинь болон байгууллагын чинь амжилт, бүтэлгүйтэл, алдаа оноог олон талаар урьдчилан тодорхойлно.

        Урьдчилан харна гэдэг бол одоогийн нөхцөл байдлыг шинжлээд түүндээ тулгуурлан ирээдүйд болох магадлалтай үйл явдлуудыг яг тааж хэлэх чадвар юм. Сайн удирдагч байнга урагш харж, гарч болох тааламжгүй явдалд бэлэн байдаг. Ирээдүйд гарах саад бэрхшээлийг урьдчилан харж чадаагүй бол наашилж байсан амжилт цаашлан одно гэдгийг сайн удирдагч андахгүй мэддэг. Сайн удирдагч бас таатай боломжийг хэн бүхнээс түрүүнд мэдрэх чадвартай. Ийм боломжийг алдахгүйн тулд урьдчилан бэлтгэж бүхнээс түрүүнд ашигладаг.
        Дүгнэлт  Удирдагч болж төрдөггүй, удаан хугацаанд өөртэйгөө шургуу ажиллаж байж удирдагч болдог. Хүн бүрт удирдагчийн чанар байдаг боловч түүнийг хөгжүүлэхгүй бол удирдагч болохгүй. Хүн өөртөө байгаа хамгийн шилдэг чанаруудыг онцгой нөхцөлд илрүүлэн хөгжүүлж чадвал удирдагч болно.

Ганцын хууль

        Удирдагчид бие даан сэтгэдэг хүмүүс. Тэд өөрийнхөө үнэ цэнэ, зорилгыг сайтар мэддэг. Удирдагч хүн өөрийгөө мэддэг, өөртөө итгэдэг, өөрийнхөө төлөө боддог. Удирдагч бусдын санаа бодлыг сонирхдог боловч хамгийн гол нь өөрийнхөө бодлоор баримжаа авдаг. Бусдын саналыг сонсч дэмждэг боловч шийдвэрийг ганцаараа гаргадаг.

        Удирдагч хариуцлагын өөртөө хүлээдэг. Удирдагч шүүмжлэлээс айдаггүй. Санал зөрөхөөс эмээдэггүй. Удирдагч өөрийнхөө хүчтэй болоод сул талуудыг мэддэг. Сул талаа даван туулах чадвартай байх ёстой.

        Хамгийн гол нь өөртөө хатуу шаардлага, өндөр стандарт тогтоож түүнийхээ дагуу ажиллаж амьдрахыг зорьдог юм. Тэд өөрийгөө бусадтай харьцуулдаггүй, харин олсон амжилтаа тавьсан зорилттойгоо харьцуулдаг. Удирдагч өөртөө тодорхой зорилт тавьж хувийн төлөвлөгөөгөөр ажилладаг бөгөөд алдаа гаргавал шалтгааныг нь ганцхан өөрөөсөө хайдаг.


Гэтлэн давахын хууль

        Ямар ч чухал зорилтыг биелүүлэх замд зайлшгүй гарах саад, бүтэлгүй явдлыг даван туулах ёстой. Хямрал бол бидний амьдралын салшгүй хэсэг мөн. Хэрэв та амьдрал болон бизнест идэвхитэй байгаа бол алдаа оноо хоёр адилхан тохиолдож байгаа. Ямар нэг зүйл бүтэлгүй болоход хүмүүс удирдагчийг яах бол хэмээн ажиглаж байдаг. Хүнд байдалд ороход удирдагчийн үйл ажиллагаа бүх хүмүүст баримжаа болно.

    Амжилт бүхний өмнө саад бэрхшээл байдаг. Түүнийг даван туулах чадвар бол удирдагчийн нэг чухал чанар юм. "Хичнээн доош унасан нь чухал биш, дараа нь хичнээн өндөрт нисэх нь чухал" гэдэг үгийг байнга санаж бай. Шийдвэр гаргах, асуудал шийдэх чадвар амжилтыг тодорхойлно. Ямар ч хүнд нөхцөлд нэг сайхан гүнзгий амьсгаа аваад нөхцөл байдлыг судлан хамгийн зөв шийдвэр гаргахад бэлтгэ.


Өөдрөг үзлийн хууль

        Жинхэнэ удирдагч ямар ч бэрхшээлийг давж, ямар ч зорилтыг биелүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Удирдагчийн өөдрөг үзэл хүмүүст урам зориг төрүүлэн урьдынхаасаа илүү их зүйлийг хийж чадна гэсэн итгэл төрүүлдэг. Энэ бол удирдлагын хамгийн хүчтэй чанар юм. Өөдрөг үзэл бол эерэг сэтгэлгээний үндэс болдог. Энэ бол ямар ч нөхцөлд сайн сайхан зүйлийг олж хардаг чадвар юм. Амьдралдаа та зайлшгүй бэрхшээл асуудлуудыг хэрхэн үзэж байгаагаа хянах чадвартай. Өдөр тутам тулгарч буй асуудлуудыг хэрхэн үзэж яаж ойлгож байгаагаараа бий болсон нөхцөл байдлыг тодорхойлно.

        Таны сэтгэл хөдлөл, мэдрэмж хичнээн өөдрөг байх тусам улам тайван, бүтээлч байх болно. Өөдрөг үзэлтэн бол "Би чадна" гэсэн уриатай хүмүүс. Ямар нэг муу юм болоход тэд заавал сайныг олж чаддаг. Тиймээс ямар ч саад бэрхшээл бүтэлгүй явдлаас сургамж авч чаддаг. Тийм хүмүүс "бэрхшээл бол надад саад хийхийн тулд ирдэггүй, намайг сургахын тулд ирж байгаа" гэсэн зарчим дээр ажилладаг юм. Өөдрөг үзэлтнүүд өнгөрсөн үе рүү биш ирээдүй рүү харж байдаг. Хамгийн гол нь аливаа асуудал, бэрхшээл биш, түүнийг шийдвэрлэх арга замд анхаарлаа төвлөрүүлдэг.
        Энэ хуулийг яаж нэн даруй хэрэглэх вэ? Удирдагчид хүмүүсийн хэрэгцээ, мэдрэмж, зорилгыг мэдэрч, ухамсарлаж байдаг. Удирдагчид бусад хүмүүсийн ярьж, хийж, байгааг төдийгүй юу бодож, юу мэдэрч байгааг байнга ухамсарлаж байдаг. Удирдагчид бусдыг сонсч чаддаг. Бусдын яриаг сонсч байхдаа ч юу ярилгүй үлдээснийг мэдэрч чаддаг. Тэд өөрийнхөө бодсоноор муйхарлан зүтгэдэггүй, хэрэгтэй цагтаа уян хатан байж, шинэ мэдээлэлд үндэслэн шийдвэрээ өөрчилдөг. Янз бүрийн хүмүүс янз бүрийн нөхцөлд өөр өөр зүйл шаарддагийг удирдагч сайн ойлгоно.

        Тиймээс тухайн тодорхой хүнд юу хэрэгтэй байгаагаас шалтгаалан хүмүүст хандах хандлагаа өөрчилж байдаг. Хүн бүр магтуулж сайшаалгаж байхыг хүсдэг. Энэ боломжийг удирдагч алдалгүй ашиглаж байх ёстой. Хүмүүс санаж бодсоноо чөлөөтэй илэрхийлж байх нөхцлийг удирдагч бүрдүүлэх ёстой.

Чин сэтгэлийн хууль

        Жинхэнэ удирдагч ямар ч нөхцөлд бусад хүмүүстэй чин сэтгэлээсээ, үнэн, шулуун шударга харилцдаг. Энэ хууль танаас өөрийнхөө өмнө болон бусдын өмнө чин үнэн сэтгэлтэй байхыг шаардана. Эмерсоны хэлснээр "өөрийнхөө чин сэтгэлийг шүтээн мэт нандигнаж яв. Эцсийн дүнд таны чин сэтгэлээс өөр ариун шүтээн гэж байхгүй". Таны бүх үйлдэл дотоод мөн чанарт чинь тулгуурлана. Тэрхүү дотоод мөн чанар тань үг хэл, үйлдлээр чинь дамжин гарна. Удирдагчийн чанар бол " даган дууриагчдыг татах чадвар" гэж тодорхойлсон байдаг. Таны араас дагаж байгаа хүмүүс танд цаг, мөнгө, эрч хүчээ даатгахад бэлэн байх ёстой. Бусдын итгэлийг хүлээхийн тулд өөрийнхөө өмнө чин шударга байх ёстой.

        Удирдагчийн өөр нэг чанар бол хаана ч хэзээ ч үлгэр дууриал үзүүлж байх ёстой. Хором, мөч бүхэнд таныг далдаас ажиглаж байгаа мэтээр амьдрах хэрэгтэй. Жинхэнэ удирдагчид хамгийн найдвартай хүмүүс байдаг. Хүмүүс түүнд ямагт итгэдэг бөгөөд жинхэнэ удирдагч амлахдаа болгоомжтой, амласнаа заавал биелүүлдэг. Жинхэнэ удирдагч хүмүүсийг алаг үздэггүй. Томас Карлейл "том хүнийг жижиг хүмүүстэй яаж харьцаж байгаагаар нь танина" гэж бичсэн. Удирдагч ямагт ирээдүйг харж шийдвэр гаргадаг. Өнөөдөр би хүмүүст ямар харагдаж байна, маргааш ямар харагдах вэ гэж өдөр тутам бодож, төлөвлөж байдаг.
Энэ хуулийг яаж нэн даруй хэрэглэх вэ?
1. Амьдралдаа тохиолдох хүн бүртэй чин сэтгэлээсээ, өөрийнхөөрөө харилцана гэсэн шийдвэр гарга. Өөрийнхөө дотоод мэдрэмж, зөн совингоо сонс. Таны амьдралд асуудал үүсгэсэн зүйл болон хүмүүсийг олж тогтоогоод энэ асуудлыг шийдэхийн тулд одоогийн нөхцөлд юу хийх вэ" гэж өөрөөсөө асуу.
2. "Хэрэв манай байгууллагын бүх хүн над шиг байсан бол байгууллага маань ямар болох вэ" гэж өөрөөсөө асуу. Энэ асуултад нааштай хариу авахын тулд та хувийн ямар зан чанараа өөрчлөх вэ?

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(66.181.161.118) 2021 оны 01 сарын 13

Удирдагч болохын тулд эдгээр алхамыг давж дүрэмийг дагасан ч алдаанаасаа суралцахгүй байнга сэтгэлээр унаад бас эхлүүлчээд хаяаад явчуул яах вэ? Би өөрийгөө ялан дийлмээр байна. Энэ цаг үед хүн бүрт сайхан амьдралд хүрэх боломжтой томоохон компани удирдмаар байна...\n\nБи чаднаа. Энэ бол миний зорилго. Энэ бол миний амьдрал, миний түүх...

0  |  0
Top