Харьцангуй “дархлаа” сайтай Ерөнхийлөгчийн засаглал: Сонголтын нэг хувилбар

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 22

 Энэ цаг үе дор хууль тогтоогчид Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар төлөвлөж буй. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлтийн нэг хэсэг нь эрх мэдлийн хуваарилалт, төрийн тогтолцооны тухай асуудал юм.

Монгол Улс 20 гаруй парламентын. Засаглалтай явж ирлээ. Харин засаглалын энэ хэлбэр Монголын амьдралын хөрс дээр  аль хэр зохицож, цаг үеийн шалгуурыг давж байгаа эсэх нь эргэлзээтэй. Үнэнийг хэлэхэд монголчууд парламентын засаглалд тийм ч таатай хандахгүй байгаа.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр Үндсэн хуульд хийхээр төлөвлөж буй өөрчлөлтийн талаар намын бүлгүүдэд мэдээлэл хийснээс харвал цаашид энэ хэвээр байх төлөвтэй. Өөрөөр хэлбэл парламентын засаглалаа илүү төгөлдөржүүлэх тал дээрээ байгаа юм байна. 

Гэхдээ монголчуудын засаглалаа төгөлдөржүүлэх эрэл хайгуулын нэг үзүүр Ерөнхийлөгчийн засаглал руу чиглэж байна. УИХ-ын дэд дарга Л.Цог тэргүүтэй ажлын хэсэг дээр яригдаж байсан хоёр хувилбарын нэг нь энэ байсан билээ.  Гэхдээ энэ бүхэн бол одоогоор санал төдий. 

 

Нийгэм задгайрч, засаглал суларч, хариуцлагын тогтолцоо алдагдсан, улс төрчдийн эрээ цээргүй “алиалал”, ядуурал энэ бүхэн ийм “хатуу гар”-ын хүлээлтийг иргэдэд бий болгож байгаа нь тодорхой.

Ерөнхийлөгчийн засаглалтай болох санал санаархал  анхных биш. урьд өмнө нь нэг бус удаа яригдаж байсан. Тухайлбал, Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үедээ энэ асуудлыг эхэлж хөндсөн ч тухайн үеийн сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарч ухарсан юм даг.

 

Чангахан гартай Ерөнхийлөгчтэй байх гэсэн  санаашрал иргэдийн амнаас үе үе цухалздаг. Нийгэм задгайрч, засаглал  суларч, хариуцлагын тогтолцоо алдагдсан,  улс төрчдийн эрээ цээргүй “алиалал”,  ядуурал энэ бүхэн ийм “хатуу гар”-ын хүлээлтийг иргэдэд бий болгож байгаа нь тодорхой. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь  2010 онд өгсөн нэг ярилцлагадаа  “Сонгуулийн системийг бүрмөсөн өөрчлөх, эс бол бүр Ерөнхийлөгчийн засаглал руу шилжсэн ч яах вэ гэж боддог” гэж дурдсан байдаг.  Тэрбээр улс орны хөгжил урагшлахгүй байгаагийн шалтгааныг сонгуулийн системтэй холбож, 76 жижиг тойрог олигархиуд, янз бүрийн ашиг сонирхолтой хүмүүс улс төрд орж ирэх нөхцөл болдог  хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан. Үүнтэй санал нийлэх хүн олон байдаг ч Сонгуулийн хуулиа төгөлдөржүүлэх гэж “Манан”-тсаны  ид шид төдийлөн гараагүй.  Одоо ч бас Сонгуулийн хуулиа өөрчилнө гэж буй. Сонгуулийн  шинэ хууль иргэдийн хүлээлтээс холуур  өнгөрөх магадлал бас байна.   

Монгол Улс Ерөнхийлөгчөө нийт ард түмнээрээ сонгодог.  Тийм болохоор тэр ард түмний төлөөлөл. УИХ-ын гишүүд нь  бас ард түмний төлөөлөл гэсэн “хаяг шошготой”.  Бас ард түмний төлөөлөл болсон УИХ-ынхаа гишүүдээс Засгийн газраа бүрдүүлдэг болчихсон. Монголд бүх юм л ард түмний хүсэл зорилгоор болж байгаа юм байх. Харамсалтай энэ хэлбэр болохоос агуулга биш.

Улс төрсудлаачид ийм байдлыг  төрийн механизмыг  гацаанд оруулах  магадлал ихтэй  хэмээн  анхааруулах юм билээ.

Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийн билгэдэл гэсэн тодотголтой. Энэ нь эрх мэдэлгүй гэсэн үг биш.  Тэр Ерөнхий сайдаа томилно, Шүүх засаглалаа бүрдүүлнэ, бас зэвсэгт хүчний Ерөнхий комдандлагч гэсэн том үүрэгтэй. Дургүй хүрвэл парламентаа бас тарааж чадна.  Эрх мэдэлтэй ч юм шиг, эсвэл үгүй ч юм шиг.  Энэ мэт тодорхойгүй  зүйл олон бий. 

Монгол парламентын засаглалтай хэрнээ, заримдаа гүйцэтгэх засаглалын  үүргийг шүүрч аваад байдаг. Бүр жижиг сажиг томилгоог хүртэл хийнэ.  

Энэ мэтээр улс төрийн төрийн гурван оргил институцийн хэн хэн юм бэ гэсэн эргэлзээ самуурал хөвөрдөг.  Улс төрчид, нам эвслийнхэн “будаан” дээрээ хэрэлдэж, Монголын мөлхөө хөгжил, улс төрийн төлөвшил соёлын давжаарал, алдарч хулжсан хариуцлагын  тогтолцоо энэ бүхний буруутанг эрх мэдлийн хуваарилалт, засаглалын хэлбэрээс эрж хайх нь илүүтэй байна. Парламентын засаглал хариуцлагын тогтолцоог  эзэнгүйдүүлдэг гэсэн шүүмжлэл буй.

Харин тэр үгүйлэгдэж байгаа бүхнээ Ерөнхийлөгчийн засаглалаар нөхөж чадах эсэх нь бас эргэлзээтэй.  Учир нь одоогийн онилж онцлоод байгаа  Ерөнхийлөгчийн засаглал ч бас л өөрийн гэсэн давуу хийгээд сул талтай. 

 

Монголын мөлхөө хөгжил, улс төрийн төлөвшил соёлын давжаарал, алдарч хулжсан хариуцлагын тогтолцоо энэ бүхний буруутанг эрх мэдлийн хуваарилалт, засаглалын хэлбэрээс эрж хайх нь илүүтэй байна.

 

Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар ерөнхийлөгчийн сонгуульд олонхийн санал авсан нэр дэвшигчийн бүрэн эрхийг УИХ хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргадаг.  Энэ нь үндсэндээ  хууль тогтоох байгууллагаас хамааралтайгаар баталгаажиж байгаа хэлбэр юм. Нөгөөтэйгүүр  улс төрийн аль нэг намаас нэр дэвшдэг ч  албан тушаалдаа орсон хойноо намаасаа татгалздаг. Ингэснээрээ хараат бус, төвийг сахисан нийтлэг  байр сууринаас асуудалд хандах боломж олгодог. Энэ хоёр онцлог бол бидний бодож олсон сайн хувилбар хэмээн анзаарагддаг юм.

Парламентын тогтолцоонд улс төрийн нам сонгогдож засгийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг бол Ерөнхийлөгчийн  засаглалын  үед  тухайн  хувь хүн  Үндсэн хуульд заасан хугацаанд эрхээ хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл нэг нь олонхийн санаа бодолд тулгуурладаг бол нөгөөх нь хувь хүний  санаа бодол илүү давамгайлдаг. Хүнээ олж сонгохгүй бол чонын хүзүүнээс мах зүүсэнтэй адил болж, сөрөг хүчингүй, өрж зогсох өрсөлдөгчгүй болчихвол “гамшиг” тэр болно.

Ерөнхийлөгчийн засаглал харьцангуй “дархлаа”  сайтай, Засгийн газар шиг дахин дахин огцроод байдаггүй тогтвортой шинжээрээ ялгардаг.  Гэхдээ бас парламент шиг уян хатан чанаргүй гэж байна.  Энэ мэтээр сайн, саар  тал нь адил тэнцүү хөвөрдөг. Нэгэнт л төгс төгөлдөрийн тухай  ойлголт  бидний амьдралаас хол хөндий  болохоор засаглалын хэлбэр гэхээсээ илүүтэй хэрэгжүүлж хэрэглэх тал дээрээ л чамбай хандах учиртай мэт. Өөрөөр хэлбэл хуулийн “гарт” л бүх хэм хэмжээ байх учиртай биз.

Ерөнхийлөгчийн засаглал хувь хүний үүрэг ролийг улс төрийн амьдралд товойлгож өгдөгөөрөө  онцлоготой.  Тийм болохоор хүчтэй хувь хүн, хүчтэй лидерийг шаардаж байдаг. Харин тийм лидер нь тэр бүр төрдөг эсэх нь тодорхойгүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан “хүчтэй хувь хүн төрүүлэх” тухай сануулга өгч байсан нь санаандгүй хэрэг биш бололтой.

Юутай ч Ерөнхийлөгчийн засаглалыг  монголчуудын сонголтын нэг хувилбар гэж харж байна. Энэ асуудлыг Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөх замаар, бүх ард түмний санал асуулгаар шийдвэрлэх учиртай. Өөрөөр хэлбэл  засаглалын ямар хэлбэртэй байхаа ард түмэн өөрсдөө шийддэх нь зөв баймаар.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МГЛ хүн(203.91.117.4) 2015 оны 06 сарын 23

Дархлаа сайтай Ерөнхийлөгчийн засаглалтай [уян хатан биш ] том том хөрш орнуудын хөгжил сайн байна.Манайх жижиг орон бидний ярьдгаар 60 ямаанд 100 ухнаар яах юм бэ.Алдсан ч авсан ч нэг л мөрөөр ядаж явна,одоо нааш ч үгүй цаашчгүй бидний нас хүрхээ байлаа. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ хэрэгтэй бна

0  |  0
МГЛ хүн(203.91.117.4) 2015 оны 06 сарын 23

Дархлаа сайтай Ерөнхийлөгчийн засаглалтай [уян хатан биш ] том том хөрш орнуудын хөгжил сайн байна.Манайх жижиг орон бидний ярьдгаар 60 ямаанд 100 ухнаар яах юм бэ.Алдсан ч авсан ч нэг л мөрөөр ядаж явна,одоо нааш ч үгүй цаашчгүй бидний нас хүрхээ байлаа. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ хэрэгтэй бна

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.205) 2015 оны 06 сарын 22

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top