Монгол улсын Эрүүл мэнд, спортын яам Дэлхийн Банктай хамтран эрүүл мэндийн үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлж, үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн “Цахим эрүүл мэнд” төслийг эхлүүлжээ. Энэхүү төсөл нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, эмчлүүлж буй өвчтөн болон эрүүл мэндийн салбарын удирдлагуудын хооронд эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ бий болгоход дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой юм.
ТДэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон “Цахим эрүүл мэнд төслийг хэрэгжүүлсэний үр дүнд мэдээлэл солилцох платформыг ашиглан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд эрүүл мэндийн мэдээллээ хоорондоо хуваалцаж солилцох боломжтой болох тул хөдөө орон нутгийн оршин суугчид том хот суурин газар очиж эрүүл мэндийн үйлчилгээ авах, эмнэлгийн шинжилгээнд давтан хамрагдах шаардлага багасах юм” гэж ярив.
“Цахим эрүүл мэнд” хөтөлбөрийг Дэлхийн Банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 19.5 сая долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байгаа юм. Уг олон улсын хөгжлийн ассоциаци нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, тэгш бус байдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах хөтөлбөрүүдэд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгох замаар ядуурлыг бууруулахыг зорьдог аж.
Эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологи нэвтрүүлснээр төсвийн зарцуулалтыг сайжруулахаас гадна Монгол улс дахь эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахын зэрэгцээ үйлчилгээг түргэн шуурхай болгох гэнэ.
Д.Ирээдүй
Сэтгэгдэл ( 0 )