Д.Цэнгэл: Монгол кино дэлхийн тавцанд гарах боломж бий

2017 оны 06 сарын 16

-       Танд халаалт асуулт шаардлагагүй байх гэж бодож байна. Тиймээс шууд үндсэн яриандаа оръё. Танд ярих юм их байгаа нь харагддаг. Өмнө нь таныг олон улсын кино наадмуудад монгол кинонуудыг оролцуулах сонирхолтой байдаг байсныг мэднэ. Гэхдээ сүүлийн нэг хоёр жилд илүү эрчимжсэн юм шиг харагдаад байна л даа. Таны ажил хэрхэн, хаанаас эхлэв?

-       Ерөнхийдөө хоёр жилийн өмнөөс энэ төрлийн ажил хийх сэдлээ олсон юм. Хийж байгаа ажилтай холбогдуулаад ирэх жил монголд ямар кинонууд авчрах вэ гээд кино захаар явж байхдаа 2014 онд Бусанд илүү их нүд нээгдсэн. Дээрээс нь өнгөрсөн жилийн арван сард Лос Анжелас орсон. Тухайн үед оюутаны байр сууриас гурав дөрвөн жил амьдарч байсан газраа илүү өөрөөр харсан гэхүү дээ. Киноны зах зээл, тэр “Hollywood” гэсэн бичигтэй уулын доор ямар үйлдвэрлэл явагдаж байгааг нүдээрээ харсан. Энэ үеээс бүр илүү зоригтой шийдсэн. Улмаар өнгөрсөн жил Олон улсын NETPAC “Asia of Pacific Cinemas” гэж байгууллагын гишүүн болсон. “NETPAC” гэдэг нь аливаа Олон улсын кино наадмуудын шүүгч томилж явуулдаг байгууллага. “NETPAC”-ын гишүүн болсноор дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа кино наадмуудад шүүгчээр оролцох боломж олддог. Гэхдээ тухайн нэг шүүгчид 1-2 удаа шүүгчээр оролцох боломж бий болдог. Миний хувьд хамгийн анх өнгөрсөн жилийн долоодугаар сард Солонгосын Пучоны “Fantastic” кино наадам руу явсан. Тэнд очоод уулзахад Каннийн кино наадмын шүүгч, Сандайнсын шүүгч гэх зэрэг миний хэзээ ч очиж уулзаж чадахааргүй тийм хүмүүстэй хамтран ажиллах боломж олдсон. Тэр үед монгол кино дэлхийн зах зээл дээр гарах боломж байгаа юм байна, хамгийн гол нь гаргалгааг нь гаргаад зөв чиглүүлж өгөх хүн хэрэгтэй юм байна гэдгийг олж харсан. Манай дотоодын зах зээл дээр жилд 40-50 кино гарч байна. Гэтэл манайд өнөөдөр 5 кино театр, 33 дэлгэцтэйгээр ажиллаж байна. Монгол улс 3000 сая хүн амттай хэрнээ 149 сая их сургуультай гэдэг хошин шог шиг энэ дэлгэцүүд үнэндээ маш ихэдсэн тоо. Анх кино бүтээгчид зөвхөн кино театраас орлогоо олдог байсан бол одоо IPTV, OTT зэрэг үйлчилгээгээс давхар олох боломжтой болсон. Яах ч аргагүй манай жижигхэн зах зээл дээр үйлдвэрлэл явагдаад нийлүүлэлт хэтэрхий их байгаад байна. Тэгэхээр эд нарыг яаж гадаад зах зээл дээр зарж борлуулах вэ гэдэг нь тустай шинжлэх ухаан болоод байна л даа. Манай улсын түүхийг хараад үзвэл социалист улс байхад хуучин Зөвлөлтийн холбооны улсуудтай ч гэдэг юм уу олон улстай киногоороо нэлээд холбоотой байсан байдаг. Харамсалтай нь сүүлийн 20 жил нийгэм өөрчлөгдөж, тогтолцоо тэр чигээрээ өөр болсоноор монголын кино урлаг үнэндээ ямар ч чимээ аниргүй болсон, зөвхөн дотооддоо л буцлаад байгаа нь харагддаг. Ингээд өнгөрсөн жилийн 7, 8 сараас эхлээд монгол кинонуудыг олон улсын наадмуудад явуулах ажилдаа орсон. Хамгийн анх явуулсан кино бол “Ээж” гэж кино байгаа. “Ээж” киноны хамгийн анх оролцон наадам нь ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдсан “Мөнгөн Акбузат” кино урлагийн наадам байсан. Тус наадмаас “Шилдэг эмэгтэй дүрийн шүүгчийн тусгай шагналыг” МУАЖ Д.Мэндбаяр гуай хүртсэн. Яг үүний дараа Дэлхийн Азийн кино наадам хэмээх наадамд оролцсон. Энэдээс гараагаа эхлүүлээд наадам бүр дээр очиж хүмүүстэй уулзаад, кино таалагдаад, өөрсдийнхөө наадамд уриад энэ маягаар одоог хүртэл өөр бусад наадмуудад оролцсоор байгаа. Кино бүтээгчид киногоо хийлээ, дотоод зах зээл дээрээ борлууллаа, олон улсын наадмууд руу явуулдаг ийм систем тогтоод байна. Дээрээс нь олон улсын кино зах гэж байдаг. Тэр зах нь олон улсын наадмуудын дэргэд байрладаг лангуу дээр кино зарах болон авах үйл ажиллагаа явагдаж байдаг. Эндээс гаргах контентоо худалдаж авдаг. Цаашлаад наадамд явсан кино олон улсад танигдаад шагнал авах юм бол цаана нь дистрибьюшн компаниуд худалдаж авах санал тавьдаг.

-       Монголын зах зээл дээр нэг кино дунджаар хэдэн төгрөгний өртөгөөр бүтээд, дотоод зах зээлээсээ хэдэн төгрөгний ашиг олж байна вэ? Хэрвээ тухайн кино олон улсын наадамд амжилттай оролцлоо гэхэд ашгийн тоо хэд болж хувирах боломжтой вэ?

-       Яг одоогоор миний хувьд мөнгөн дүнтэй гэрээ хийгээд туршилга хуримтлуулсан зүйл алга. Нээгээгүй арал гэдэг шиг бүгдийг нь шинээр суралцаж байна. Монголд бол дунджаар 100 сая төгрөгөөр кино бүтэж байна. Түүхэн кино ч юм уу хамтарсан продакшны хөрөнгө оруулалттай кинонууд 200 саяд бүтэж байгаа. Зөв цаг үеээ мэдрээд, зөв менежменттэй ажиллаж чадвал зарсан мөнгөө Театр, IPTV, телевиз зэргийг оролцуулаад эцсийн байдлаар 300-400 сая төгрөг болгож чадаж байх шиг байна. Харин зарим нь ингэж олох нь байтугай кино хийсэн зардалаа ч олж чадахгүй байх нь бий. Энэ жижиг зах зээл дээр хэтэрхий их үйлдвэрлэл явагдсанаар ийм үр дүн гарахад хүрч байна. Тиймээс өөр зах зээлийг нээж, өөр зах зээл дээр тоглох хэрэгтэй. Тэр сувгийг олохгүй бол зах зээл хэтэрхий жижигхэний дээр глобалчилагдсан нийгэмд залуучуудын хувьд тэр бүр монгол киног сонирхохгүй байх шиг байна. Дээрээс нь тулга тойрсон сэдэвтэй кино, зөвхөн инээдмийн кино үйлдвэрлээд байгаа тохиолдолд бас хөгжлийн шинэ үе шат харагдахгүй байна. Олон улсын зах зээл дээр кино наадамд шагналт байр авлаа гэхэд солонгост гэхэд үзэгчдийн нэрэмжит шагналд гэхэд 10 сая вон өгч байсан. Тэгэхээр наадамд оролцоод ямар нэгэн байдлаар амжилт оллоо гэж бодоход мөнгөн шагналых нь дүн өндөр байж болно. Зарагдлаа гэхэд нутаг дэвсгэр болгоноор үнэлэгдэнэ. Доод тал нь нэг нутаг дэвсгэрт 1000 доллараар үнэлэгдлээ гэхэд дэлхий дээрх 50 гаруй улс гэж бодоход 50 мянган доллар хүрэх жишээтэй. Тиймэрхүү л төсөөлөлтэй байна. Сая манайд хийгдсэн “Чингисийн хүүхдүүд”, “Атганд үлдсэн эрдэнэ” кинонуудыг Америкийн “California Pictures” кино компани худалдаж авсан байсан.

Ер нь монголын уран бүтээл дэлхийн стандартад хэр зэрэг нийцдэг вэ?

Манайд бүтээгдэж байгаа кинонууд контентынхоо хувьд, уран бүтээлчдийнхээ авьяас чадварын хувьд болоод байгаа боловч “Post-production” гэдэг зүйл нь гологдоод байгаа. “Post-production” гэдэг нь дуу болон дүрсний ажлыг эвлүүлдэг ажил шүү дээ. Жишээлбэл, анхнаас нь 5.1-ээр хийнэ гэсэн бол түүний дууны стандартыг хэчнээн бүүмээр авах ёстойг нарийн тооцоолох ёстой. Саяхан би  нэг америкчуудыг манайд ирж кино хийхэд нь хамтарч ажиллаж байсан. Тэгэхэд дууны систем нь үнэхээр гайхалтай. Энд бичиж байгаа шумыг дахиж давтаад, гудамд явж байгаа дууг нь нэг өнцөгөөс нь аваад, байгалийн шумыг нь давхар давхар бичих зэрэг үнэхээр өөр байсан. Цаанаасаа угаасаа 5 дипузер, нэг саббуферээр дуугаргахын тулд нэг шугамаар биччихсэн дууг 5 хувааж тавих өөр хэрэг, анхнаа 5 удаа биччихээд хувааж тавих гэдэг бол бас өөр учраас үйлдвэрлэлийн асар өөр процесс явагдаад байгаа юм. Зураглаач гэхэд 4К, 8К зэрэг камерууд гарч байна гэж байна. За камераар авах өөр нэг асуудал, харин авсан дүрсний өнгийг янзлана гэдэг бол бас нэг хэрэг. Дүрсний өнгөө өгөөд тэр нь албан ёсны лицензтэй байх юм бол энэ жинхэнэ  “Post-production”. Эхийг үйлдвэрлэхдээ гол нь биш чанартайг үйлдвэрлэх нь гол зүйл. Хэрвээ чанартай, гоё контентой байгаад, агуулга нь “Цагаан хадаг”, “Шүүдрэн дундуур” ч гэдэг юм уу давтагдахгүй сэдэвтэй бол хүмүүст үнэлэгдэх нь харагддаг.


-       Энэ ажлыг хийж эхэлсэнээр та өөрөө монголын уран бүтээлчдэд олон улсын кино наадмуудад явах санал тавьж эхэлсэн. Энэ үед уран бүтээлчид яаж хүлээж авч байсан бэ?

-       Энэ бол зүгээр нэг хоёулаа хамт Хайнан явчихаад ирье гэж байгаа хэрэг биш. Уран бүтээлч бүрт өөрийн гэсэн бахархал байдаг. Олон улсын тавцан дээр, улаан хивсэн дээр алхаад үзье гэсэн хүсэл байдаг. Тиймээс мэдээж нааштай хүлээн авдаг. Гэхдээ тэр бүрд нь хэн орчуулагчаар дагаж явах вэ, ганцаараа явах хэцүү, цаанаас нь зөвхөн нэг хүний зардалыг даадаг, гэр бүлтэйгээ явах уу зэрэг олон асуудал гарч байгаа. Эхний удаад би “Ээж” ч юм уу киног дагаад явж байсан. Түүнээс хойш Иран руу өөрсдийг нь явуулсан. Франц руу бас одоо дахиад явах гэж байна. Миний хувьд цаад наадмынхаа хүмүүстэй л уулзаж ярилцаж байгаа.  Мэдээж явсан хүн улам илүүг үзэж танилцана, өөрийн уран бүтээлийг бусдынхтай харьцуулж харна. Кино урлагийн салбар хөгжиж байна гээд буцлаад байгаа юм шиг хэрнээ хүний нөөц хөгжиж байж салбар хөгждөг. Манай хүний нөөц гэдэг бол манай кино уран бүтээлчид. Тиймээс олон улсын наадамд явсанаар манай кино уран бүтээлчид хөгжих алхам болж байгаа юм.

-       Та бол олон улсын зах зээлд гарах хэрэгтэй байна гэдгийг ойлгочихсон байна. Харин кино бүтээж байгаа уран бүтээлчид хэр зэрэг ойлголттой байна вэ?

-       Ер нь бол ихэнх нь ойлгочихсон байгаа. Гэхдээ нэг, хоёр удаа олон улсын наадамд киногоо оролцуулаад үзчихсэн уран бүтээлчид үүний хэрэгцээ шаардлагыг илүү гүн ойлгочихсон байгаа. “Би гадагшаа явах хэрэггүй, зөвхөн Монголдоо уран бүтээлээ хүргэх сайхан байна” гэж хэлж байгаа нэг ч уран бүтээлчтэй тааралдаагүй.


-       Ээж киноны хувьд аваад үзье. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн кино наадамд оролцоод ирсэний дараа уг киноны уран бүтээлчдийн харах өнцөг, цаашдын өөрсдийн бүтээлд давих шалгуур ямар болсон бол?

-       Нэгдүгээрт үзэгчдэд нөлөөлсөн. Өнгөрсөн жилийн зун “Ээж” кино нээлтээ хийсэн. Тэр үед дотоодод үзэлт бага байсан л даа. Гэтэл олон улсад явж байна, шагнал авлаа зэрэг мэдээлэл гараад ирэхээр жирийн үзэгчдийн анхаарлыг татаж эхэлсэн. Ямар кино байсан юм бол, олж үзэх юмсан зэрэг хандлагууд мэдэгдэж эхэлж эрэлт бий болсон. Хоёрдугаарт киноны үнэ цэнэ өсдөг. Аливаа кино кино театр орсоны дараа IPTV-д ороод, дараа нь “youtube” хуудсаар нэг тарж үнэ цэнээ алддаг. Олон улсын наадамд явсанаар илүү их үнэ цэнд хүрч, цаашлаад наадмуудад амжилттай оролцоод ирэхээр дистрибьюшн компаниудаас худалдаж авах санал ирнэ. Гэтэд тэндээс орж ирэх орлогоийг IPTV-тэй харьцуулахад тэнгэр газар шиг зөрүүтэй. Сайн уяач наадам бүрийн түрүүг түүх гэж хичээдэгтэй адил сайн уран бүтээл өөрийн шандасыг сорих сонирхолтой байдаг. Уран бүтээлчид талаас нь харвал “Ээж” киноны продьюсер Мөнхтуяагийн хувьд анх удаа бие дааж хийсэн кино нь “Ээж” кино байсан юм билээ. Мөнхтуяа олон улсын наадмуудад хэд хэдэн удаа оролцоод ирсэнийхээ дараа нь түүний хараа нь асар өргөжсөн байсан. Одоо бас нэг кино хийх гээд эхэлчихсэн байгаа юм билээ. Энэ хүний санаанд Оскар, Алтан бөмбөрцөг, Канн аль хэдий нь багтаад нэг уулын цаадахыг давчихсан явна лээ.

-       Таны өөрийн чинь тухай асуумаар байна. Энэхүү кино урлагийн салбартай холбогдоод хэдэн жил болж байна, хэрхэн энэ салбарт хөл тавив?

-       Би 2003 онд СУИС-ыг төгссөн. Угаас манай гэр бүлийнхэн дунд урлагийн мэргэжилтэй хүмүүс олон бий. Тиймээс багаасаа урлагийн хүн болох хүсэлтэй байсан боловч дуулах, жүжиглэх, хөгжимдөх зэрэг онцгой авьяас надад байсангүй. Ингээд урлагийн хүмүүстэй яаж ойрхон байх вэ гэж бодсоны эцэст “Соёл урлагийн менежмент” хэмээх салбарыг сонгох болсон. Энэ чиглэлээр арваад жил өөрийгөө боловсруулж 8 жил гадаадад амьдарсан. Ингээд 2013 онд Монголд ирээд Bloomberg телевизэд синхрон орчуулагч нэг жил хийж үзсэн. Хотын төвд, нэр хүндтэй газар ажиллах нь надад сайхан байсан ч миний хүсэл мөрөөдөлтэй холбогдохгүй байсан болохоор сэтгэл ханамж гэж зүйл байгаагүй. Тэгээд “Тэнгис” кино театрыг зорьж ирсэн. Гаднаас анкет бөглөөд л орж ирсэн. Ингээд ажлахад гэртээ ороод ирсэн юм шиг л хаалга тогшоод ороод ирсэн хүмүүс бүгдээрээ манай нөгөө ангийн, хамт сурч байсан залуучууд ид уран бүтээл туурвиад явж байсан хүмүүс байсан. Ингээд л одоо сэтгэл ханамжаар дүүрэн ажиллаж байна даа.

-       Цаашдын таны хараа, зорилго юу байна вэ?

-       Соёлын арга хэмжээг илүү хөгжүүлмээр байна. Дээрээс нь соёлын дэд бүтэц гэдэг зүйлийг манай улс бий болгоосой гэж хүсч байна. Кино гэдэг өөрөө үзэл сурталын зэвсэг. Манай хамаа замбараагүй мэдээлэл цацаж байгаа энэ нийгэмд хүүхдүүд ямар хүмүүжил, үзэл хандлагатай болох вэ гэдэг нь бидний үзүүлж байгаа кинотой шууд хамааралтай зүйлүүдийн нэг. Тиймээс бид хил хязгаараа зүгээр л задгай хаясанд би хувьдаа их харамсдаг. Мэдээж хүмүүс интернэтээс юугаа ч үзэж болно. Гэхдээ кино театр гарч байгаа, IPTV-ээр үзүүлж байгаа кинонуудад насны хязгаар тавьдаг, түүнийг хянадаг албан ёсны агентлаг, төрийн үйлчилгээний байгууллага гэж байхгүй. Үүнийг зүгээр үзэмжээрээ шийддэг. Энэ асуудал монголын ирээдүйг, оюун санааны ертөнцийг хаашаа шийдэж байгааг мэдэхгүй байгаа нь надад харамсалтай санагддаг.

-       Энэ жилийн Каннийн кино наадамд та оролцсон байсан. Канн бол асар том кино наадам шүү дээ. Тэр үеийн сэтгэгдэл ямар байв, Европын кино үйлдвэрлэлийг танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?

-       Каннийн кино наадам энэ жил 70 жилийн ойгоо тэмдэглэлээ. Хоёрдугаар дайны дараа дэлхийд энх тайвныг тогтоож, харилцан бие биенийхээ үнэт зүйлийг ойлгоё, дайн дажингүй амьдарцгаая гэсэн зорилгын хүрээнд бий болсон наадам. Тиймдээ ч түрүүлсэн кинонуудыг жил жилээр нь харж байхад, дайны эсрэг, эсвэл хайр сэтгэл, аз жаргалыг харуулсан кинонууд байдаг. Тэр кинонуудад заавал Холливүүдийн од тоголсон байх нь чухал биш. Жирийн нэгэн үнэхээр амьд байгаагаа тэмдэглэж чадаж байгаа уран бүтээлүүд илүү их шагнал авах, түрүүлэх хандлагатай байдаг. Каннын наадамд франц хэл бол тэдний бахархал юм билээ. Тухайлбал, би шууд хэн нэгэнтэй англиар ярих гэж оролдвол надтай ярилцах хүн олдохгүй. Харин эхлээд францаар мэндлээд, дараа нь англиар ярьдаг эсэхийг асуувал намайг урилгахан хүлээж авч, ярилцана. Тийм болохоор франц хэлийг үнэхээр дээдэлж, бүр кино наадмаа ямар ч орчуулгагүй, зөвхөн франц хэлээр явуулж байсан. Тэнд Холливүүдийн Уэлл Смит шагнал гардуулах гээд англиар ярихад Моника Белучи шууд зогсоогоод оронд нь франц хэл дээр шүүгчийн тэргүүлэгчийг нь дуудаж гаргаад яриулсан. Европ бол харилцан адилгүй. Франц киногоо ингэж өндөр үнэлэж байхад Итали тийм ч чухалд тооцдоггүй гэж хүмүүс хэлж байсан. Сая би явахдаа Олон улсын продьюсерын холбооны “Network” гэдэг хичээлд 7 хоног суусан юм. Тэнд бас л хэзээ ч уулзаж  чадахааргүй гэж бодож байсан “Sony”–ийн Бүргэдчин охины киног худалдаж авсан хүн, “Netflix”-ын борлуулат хийдэг хүн, Бразилын  Рио-де-Жанейрогийн кино наадмын захирал зэрэг хүмүүстэй уулзаж, бүтэн долоо хоног хамт байж, ярилцаад ном шиг дүүрэн нэрийн хуудас авчраад мейлээ ч бичиж амжихгүй сууж байна даа. Би хувьдаа үнэхээр биширсэн. Тйим газар очоод өөрсдийгөө харьцуулаад харахаар бид нар хажууд нь жижигхээн шоргоолж шиг байна даа л гэж бодогдсон.

-       Таны бодлоор Монгол энэ тавцанд очихын тулд юу хийх ёстой вэ?

Өөрсдөө явж үзэж, хараагаа өөрчилж, өөрсдөө энэ бүхний нэг хэсэг нь болох ёстой. Тэгээд хамтын ажиллагаагаа эхлүүлэх ёстой. Европд зүгээр л мөнгө сул хэвтэж байдаг юм билээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр улс үндэстэн нь баян, хүмүүсээ ажилтай байлгахын тулд кино хийхэд нь зориулаад мөнгө хүртэл өгдөг юм билээ. Гэхдээ заавал хамтарсан бүтээл байх ёстой. Энэ боломжуудыг явсан хүн л олж мэднэ, зүгээр суугаад юу ч олж мэдэж чадахгүй. Би хувьдаа 20-оод жилийн өмнө баларсан жимийг эргэж сэргээх гэж хичээж байна. Ингээд явахад хэн нэгэн хүн, хэзээ нэгэн цагт тэр хүмүүстэй аль хэдий нь холбогдчихсон байсан нь харагддаг. Энэ бол хэний ч огт хийж байгаа юм бол биш. Гэхдээ энэ бүхнийг мэдээд ганцаараа дуусчихсан байгаа нь надад харамсмаар санагдсан. Харин би энэ зүйлийг хүсээгүй. Нийтээрээ, хамтаараа нийгмийнхээ төлөө хичээе. Монголыг дэлхий дахинд хоёр л зүйлээр мэдэж байна. Нэг нь нүүрс, нөгөө нь Чингис хаан. Яагаад гурав дахь нь соёл  урлаг байж болохгүй гэж. Үүнд хүн бүр өөр өөрийн хувь нэмрийг оруулъя гэж уриалмаар байна. Жишээлбэл, Солонгост гэхэд “би” үзэл биш “бид” үзэл ноёлдог. Япон бас тийм. Бүгдээрээ хамтаараа гэдэг нь хөгжлийнх нь үндэс байдаг. Kpop-ийг нь сонсоод, кимчиг нь идээд байгаа юм бол тэр үндэстэнээс  тэр үнэтэй байгаа юмыг нь илүү суралцая гэж хэлмээр байдаг.


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.190.80) 2017 оны 06 сарын 18

Энэ одоо өөрөө өөртэйгээ л ярьсан хүн, дэмждэг нь нөү

0  |  0
Munh(202.9.42.133) 2017 оны 06 сарын 18

Odoo yamar tawtsand bga yum be mgl kinogooro ugaasa sain shde yun delhiin tawtsan ene ter gedgiin be

0  |  0
Top