ӨӨРӨӨ ӨӨРӨӨСӨӨ УРВАХГҮЙ ЯВНА ГЭДЭГ БОЛ “УЛС ТӨРД ХАТУУЖИНА“ ГЭСЭН ҮГ
-Манай сэтгүүлийн “Үлэмж төгөлдөр” буланд зочилж ярилцлага өгөх цаг зав гаргасан танд баярлалаа. Эмэгтэйчүүдэд зориулсан энэ булан маань “Эмэгтэй хүн төрдөггүй. Цаг хугацаа л эмэгтэй хүнийг бий болгодог” гэсэн уриатай. Та өнөөдөр Монголын хамгийн туршлагатай, магадгүй хамгийн их өндөрлөгт хүрч чадсан эмэгтэй улстөрч. УИХ-ын гишүүнээр хэдэнтээ сонгогдож, хоёр ч салбарын яамны сайдын албыг хашиж, Монгол Улсаа төлөөлөн Унгар Улсад Элчин сайдаар ажиллаад ирсэн. Одоо та УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх. Улс төр танд ямар ухаарал, сургамжийг өгсөн бол гэдгээс ярилцлагаа эхэлье.
-Ер нь ямар ч ажил, албан тушаал эрхэлж байсан цаг хугацаа л хүнд сургамж, ухаарал, туршлага бий болгодог юм билээ дээ. Нэг тийм хурдтай, хэмнэлтэй, ажил ачаалал доор улс төрчийн үйл ажиллагаа яваад өнгөрдөг. Эргээд харахад ер нь юу хийж бүтээж, өөрчилж амжив аа гээд бодохоор энэ нийгмийн тогтолцооны асар том хүрд арааны нэг л эрэг шураг төдий ажил асуудлууд байсан санагдах тийм үе бий. Улс төрчийн амьдрал тэгэхээр ард түмнийхээ зуу зуун жилийн түүхийг бүтээхэд нэр мөр нь бичигдэх тийм өвөрмөц ажил юм. Энэ мөр гэрэл гэгээтэй байх уу, эсвэл базаахгүй тодотголтой байх уу гэдгийг тухайн төрд ажиллагсдын сэтгэл зүтгэл л харуулах байх даа.
-Тухайлбал, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа нэг мэдэхэд л өнгөрчихдөг гэсэн үг үү?
-Сонгуулийн бүрэн эрхийн хугацаа маш хурдан өнгөрчихдөг. Хэдэн яам, агентлагуудын хоорондох бичиг цаасны урсгалд дарагдаад, хуулиа хэлэлцэж гаргасаар байтал нэг л мэдэхэд дараагийн сонгуультай золгох болдог тал бий. Хийж хэрэгжүүлж буй ажил бодит үр дүнгээ өгч байна уу, зорилго төлөвлөлт маань чиг шугамаа тодорхойлж байна уу гэдэг дээр, салбар бүрийн хөгжлийн бодлогын талаар эрдэмтэд судлаачдынхаа үгийг байнга сонсож ажиллах л чухал юм билээ дээ. Энэ чиглэлээр хөгжлийн бодлого тодорхойлох судлаач шинжээчдийг тасралтгүй бэлтгэж, сургаж байх хэрэгтэй байна. Европын ихэнх орнуудад ийм судалгааны хүрээлэн, бэлтгэгдсэн боловсон хүчнүүдийнхээ мэдлэгийг дахин сэргээж чадавхжуулж байдаг институциуд олон байдаг. Төрөөс гарч буй бодлогыг чадавхтай боловсон хүчин л хэрэгжүүлж байж үр дүн гарна.
-Үнэхээр тийм шүү. Та ер нь улс төрд яаж хөл тавьсан юм бэ? Ерэн хэдэн онд байхаа зохиолч, сэтгүүлч Т.Баасансүрэн гуай “Улс төр манай нэг авьяастай сэтгүүлчийг маань булаагаад авчихлаа. Одоо мөд тавихгүй дээ” гээд харамсангуй ярьж байсныг санаж байна?
-Улс төрд би дурлаж ороогүй. Би сэтгүүлч байсан. Хоёр зуун шилжин нийгмийн тогтолцоо орвонгоороо эргэж байсан түүхийн амьд гэрч нь болж, хойч үедээ бичиж үлдээх үеийг туулсан азтай гэхүү хувь тавилантай үеийнхний нэг нь л дээ. Нийгмийнхээ төлөө хувь хүн нь санаа зовдог, өөрийнхөө нинжин сэтгэлийг үр хүүхдэдээ төдийгүй бусдад ч хуваарилж сэтгэлээ хуваалцаж чаддаг, дотоод сэтгэл хир буртагт идэгдээгүй, эвдрээгүй, зэврээгүй байсан тийм л цаг үед бид өсөж хүмүүжсэн. Гадаад, дотоод хүчин зүйлс, эзэмшсэн боловсрол, Орос Монголын харилцаа, шинэ нийгмийн сэтгэл зүйн өөрчлөлт, мөн хүний нийгмийн хоёр томоохон формаци нүдэн дээр маань нуран унаж байгааг харж биеэр туулж, нүдээр үзсэн хүмүүс. Энэ үед нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг болох хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан учраас өөрчлөлтийг илүү ихээр мэдэрч улс төр рүү амархан урваж орхисон хэрэг. Тэр бүхнээс алдсан юм байхгүй. 1992 оноос хойшхи 7 удаагийн УИХ-ын сонгуулийн хугацаанд намын гишүүн биш хүн МАХН / одоогийн МАН/-ын нэр дээр өрсөлдөх эрхээ авч байсан нь би байсан.
-Ямар сонин тохиолдол вэ? Одоо санахад, энэ тухай сониноос уншиж байсан юм байна.
-Анх 1992 онд намайг “Ардын эрх” сонинд сэтгүүлч, мэдээллийн албаны даргаар ажиллаж байхад УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшүүлэх санал ирсэн. Хуучин АИХ-ын депутатуудыг хэлэлцүүлдэг байсан тэр л зарчмаар сонины хамт олны хурлаар миний нэр дэвших асуудлыг хэлэлцүүлж байж билээ. Хүний нүдэнд өртөхөөр ганц хоёр гайгүй юм бичиж байсан болов уу даа. Тэгээд ч цэргийн сониноос шилжиж ирсэн, сахилга ч гэж сахилга, ёс суртахуун ч гэж ёс суртахуун. Гэрлээгүй байсан болохоор цагт уягддаггүй уран бүтээлээ чөлөөтэй хийдэг, урт хугацаагаар ажиллах боломжтой байсан байх. Тэгээд намын нэр дээр залуу сэтгүүлчдээсээ нэр дэвшүүлэх санал гараад Ц.Балдорж эрхлэгч, орлогч эрхлэгч Б.Лигдэн нар маань, мөн манай Ө.Энхтүвшин, С.Цоодол гуай, Б.Цэдэн- Иш гээд хэлтсийн дарга, С.Бордух гуай бүгдээрээ санал нэгдээд л анх Их хурлын сонгуульд өрсөлдүүлэхээр нэр дэвшүүлж байсан юм. Их хурлын гишүүнд тойргуудын төлөөлөл болох маш сайн дэд бүтэцтэй, нэлээд сайн мэргэжлийн төлөөлөлтэй, нас насны бие биенээ нөхөх туршлага чадвартай парламентыг бүрдүүлж чадсан. Манай нам улс төрийн цоо шинэ орон зайд боловсон хүчний бодлогоор нэлээд алсыг харж, цаашид өсөж дэвжих залуучуудыг их айхтар олж харж судлан дэвшүүлсэн юм билээ.
-Тэр үед та бүхий л амьдралаа улс төрд зориулна гэж бодоогүй биз дээ?
-Энэ зам удаан үргэлжилнэ, улс төр миний ажил мэргэжил, хувь тавиланг минь булаана гэж тэр үедээ би төсөөлж байгаагүй. Цоо шинэ, дөнгөж бичиж олонд танигдаж байсан сэтгүүлч байхдаа л улс төрд орсон. Би сэтгүүлчдийнхээ дунд нэг их содон эгшиг үсэг байгаагүй. Надтай адил олон залуучууд улс үндэстэн, нийгэмд маань айсуй ирж байгаа шинэ зүйлд соргогоор хандаж талархан хүлээн авч байлаа. Тиймээс ч залуучууд нийгмийн өөрчлөлтийг хүлээн авч буйгаа “Залуу уран бүтээлчдийн 2-р зөвлөгөөн” дээр анх илэрхийлж эхэлсэн байх шүү. Миний хувьд цэргийн хатуу сахилгатай, цензуртай сонинд ажиллаж байхдаа “Монголын нэг өдөр” сонинг үүсгэн байгуулсан Л.Зоригт, “Сэрүүлэг” сониныг анх үүсгэн байгуулсан С.Баярмөнх бид хэд өөрсдөө цэргийн хүмүүс байж тухайн цаг үед шуугиан тарьж байсан нэрт сэтгүүлч Баабарын “Төр” гэдэг анхных нь нийтлэлийг сонин дээрээ зүрх гарган тавьчихаад улс төрийн газарт дуудагдах шахуу юм болж явлаа. Манай сонины эрхлэгч Б.Чантуу гэдэг хурандаа байсан, их ч дэмжиж тусалдаг байсан. Тэгэхээр нийгэмд болж байсан шинэ юмс үзэгдлийг залуу хүний хүсэл эрмэлзлэлээр хүлээж авах зориг зүрх сэтгүүлч бидэнд байсан байгаа юм. Тэр залуучууд маань бүгд яг нэг үед улс төрд орох нь орж, чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулж, бизнесийн салбарт өөрийн орон зайг бий болгон ардчилсан нийгмийн анхны тоосгыг хамтдаа өрөлцсөн гэж би үздэг. Түүнээс биш нэг талынх нь ханыг нэг улс төрийн нам юмуу, хэсэг нөхөд өрөөд, нөгөө талын ханыг нь ард түмэн өрөөгүй. Шинэ улс төрийн тогтолцоо, нийгмийг манай ард түмэн бүгдээрээ оролцон бий болгосон болохоор ардчилал бол бидний бүгдийн маань л үнэтэй өмч юм.
-Нийтээрээ дэмжээгүй бол ийм том өөрчлөлтийг хийж чадахгүй байсан шүү дээ.
-Одоо ингээд бодоход эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө үзэл санаа Монголын ард түмний амьдралын хэв маяг, уламжлалт соёлд маш олон жилийн өмнө, хэдэн зууны тэртээгээс оршсоор л ирсэн юм билээ. Нүүдлийн соёл иргэншил гэдэг байгаль, цаг агаар, ургамлын болон нар сарны байрлалаар амьдрах газар, бэлчээрээ дураар сонгож өөрсдөө товлон нүүж сууж, бууриа чөлөөтэй сэлгэж амьдарсан нүүдэлчин ард түмний маань нэг хэв загварт хүлэгдэж боогддоггүй эрх чөлөөт амьдралын дүр төрх юм. Энэ язгуурын эрх чөлөө монгол хүн бүрийн оюун санааны өгөгдөлд ямар нэгэн хэмжээгээр оршсоор байдаг юм байна шүү гэж би боддог юм. Эртнээс эцэг өвгөдөөс буухиалж ирсэн уламжлалт соёлынхоо нөлөөгөөр нийгмийн шинэ өөрчлөлтийг бид төдийлэн цочмог хүлээж авдаггүй. Цочирддоггүй. Маш амархан дасан зохицдог. Алдаан дээрээ суралцах чадвартай. Үүгээрээ манай ард түмэн онцлогтой. Тийм учраас Монголд ардчилсан шинэ тогтолцоо бий болоход дотоод шаталтын хөдөлгүүр генератор нь ард түмэн өөрсдөө, тэдний сэтгэлзүй байсан гэж би үздэг.
ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСИЙН ПРАГМАТИК, ХААШАА Ч ХАЗАЙХГҮЙГЭЭР АЖИЛЛАЖ ЧАДДАГ МӨН ЧАНАР НЬ САЛБАРЫН САЙДАД ИХ ЗОХИМЖТОЙ
-Үнэхээр санал нэг байна. Таны хашиж ирсэн алба болох УИХ- ын гишүүн, Салбарын сайд, Элчин сайдын ажлын онцлогийг товч тодорхойлох юм бол та юуг нь онцлох вэ?
-Гурван өөр салбар боловч нэг шугамаар холбогдсон газруудад ажиллаж ирлээ. Товчхондоо төрийн л ажил л даа. Төрийн өмнөөс нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж ирснээрээ би бахархдаг. Миний аав цэргийн хүн байсан. Аав маань надад “Цэргийн хүн гэдэг улс орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө өөрийн энэ л заяасан биеэ зориулах нэр төртэй ажил алба. Тэр албыг л бид үеийн үед залгамжлах ёстой улс. Төрийн, бичгийн хүмүүсийн удам судраа, үйл хэргийг минь уламжлан авч явах учиртай юм шүү” гэж ярьдаг байлаа. Аавын минь хүсэл, үйл хэрэг надаар үргэлжилж буй юм болов уу.
-Таныг сэтгүүлчээрээ ажилласан бол бас л амжилтад хүрэх байсан гэж хүмүүс ярьдаг юм?
-Үйл явдалд мэдрэмжтэй ханддаг хүнийхээ хувьд бизнес хийгээд, эсвэл бие даасан сонин сэтгүүл гаргаад хамтраад хэвлэлийн бизнес хийсэн бол өдийд өөрийн гэсэн бизнестэй болчихсон л байсан гэж хэлдэг найз нөхөд бий бий. Яагаад ч юм Төгсжаргалын Ганди гэдэг хүн төрд насаараа алба залгуулах зураг төөрөгтэй л байсан юм байна... /инээв/
-УИХ-ын гишүүн, Салбарын сайд, Элчин сайдын ажлын тухайд ямар гол онцлог танд ажиглагдсан бэ?
-Улсын Их Хурлын гишүүн гэдэг сонгогч олон түмнийг төлөөлж хууль боловсруулж, шийдвэр гаргах түвшинд ажиллана. Харин салбарын сайд бол хэрэгжүүлэн зохион байгуулах ажил. Гүйцэтгэх засаглалын өмнө үүрэг хүлээж засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн хөгжлийн бодлогод хувь нэмэр оруулдаг ажил. Гэхдээ эмэгтэй хүмүүс прагматик, аливаа зүйлийг нэг бүрчлэн, дэс дараалан зорилгоо тодорхойлоод үр дүнд хүрэхийн тулд хаашаа ч хазайхгүйгээр ажиллаж чаддаг мөн чанартай байдаг учир салбарын сайдын ажилд түүртээд байдаггүй.
-Салбарын сайдын ачаалал ч үнэхээр их шүү.
-Мэдээж, ачаалал бол их. Ар гэр, бусад халамжлах хүмүүст маань хуваалцах цаг бага гардаг. Үүгээрээ л хэцүү байх. Дашрамд хэлэхэд сайдын томилгоон дээр хүмүүс янз бүрийн санаа оноо ярьдаг. Авмаар санаа их байдаг л юм. Гол төлөв хуучин социалист лагерийн байсан орнуудын хувьд улс төрийн эрх мэдэл хуваарилалтын түвшинд эмэгтэй улс төрчдөө нийгмийн чиглэлд илүү томилдог тохиолдол их. Монголд ч ийм жишгээр томилдог. Миний тэргүүлж ажиллаж байсан Эрүүл мэнд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар улс төрийн хүчний сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрт тэргүүлэх үүрэгтэй, үйл ажиллагааны үр дүн нь тодорхой хугацаа шаарддаг, төсөв мөнгөний бодлогоос хамаарал ихтэй салбарууд байлаа. Асуудалд илүү нарийн чамбай, нухацтай ханддаг, детальчилж хардаг, зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй ажиллаж чаддаг болохоор эмэгтэй улс төрчдийг нийгмийн асуудал ихтэй салбарт томилж ажиллуулдаг жишиг тогтсон ч байж мэдэх юм. Эмэгтэй хүн яагаад Сангийн сайд байж болдоггүй юм. Мөнгөний бодлого, төсвийн хуваарилалт, зорилгоо оновчтой тодорхойлох гээд мэдрэмжтэй байдал нь илүү зохицох юм биш үү. Яагаад Оросын төв банкны ерөнхийлөгч эмэгтэй хүн гэлтгүй амжилттай ажиллаж байна вэ? Яагаад ОУВС-гийн тэргүүн эмэгтэй хүн хүч нөлөөтэй ажиллаж байна. Түүнчлэн уул уурхай, барилгын салбар, магадгүй батлан хамгаалах салбарт ч эмэгтэй сайд амжилттай ажиллахыг үгүйсгэхгүй. Уул уурхайн сайд гэхэд өөрөө эксковатор жолоодоод явахгүй л байх, өрөмдлөгийн хошуу бариад газар өрөмдөхгүй нь лав. Бодлогыг нь л тодорхойлно. Уул уурхайн сайдын хувьд ашигт малтмал, эрдэс баялгийн олборлолт хийж байгаа тохиолдолд эргүүлээд нийгмийн хариуцлагын хуулийг нь санаачлаад бэлчээргүй болчихсон мал, нүүдэл суудалгүй болчихсон малчин, үргэж дүрвэж байгаа ан амьтан, Монголын тал нутагт л байдаг Улаан номонд орчихсон амьтдад зэрэгцүүлээд санаа тавиад явна шүү дээ. Нэг үеэ бодвол эмэгтэйчүүдийн бүхий л салбарт өрсөлдөх чадвар нэмэгдсэн, салбараа манлайлах мэргэжилтэн, interprainer–ууд бий болж байна. Энэ хандлага руу эмэгтэйчүүдээ бэлтгэж хүч боломжийг нь ашиглах ёстой. Эмэгтэйчүүд зөвхөн халамж шаардлагатай хүмүүст, эсвэл эмнэлгийн тусламж үйлчилгээнээс өөр салбарт чадвар дутагддаг гэдэгтэй санал нийлдэггүй шүү дээ /инээв/.
-Харин Элчин сайдын ажлын хувьд ямар онцлогтой байдаг вэ?
-Элчин сайдын ажил бол арай өөр онцлогтой. Монгол Улсын төрийн гадаад бодлогыг хилийн чанадад хэрэгжүүлж ажилладаг. Нэг талаар дипломат, нөгөө талаасаа тухайн бүс нутагт ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн хувьд төр, Засгийн газрынхаа төлөөлөгч нь болдог. Үүгээрээ онцлогтой юм билээ. Би бол мэргэжлийн дипломат биш. Улс төрийн томилолтоор Унгар улсад томилогдож ажилласан. Хоёр орны улс төрийн харилцааг шат ахиулах, эдийн засгийн харилцааг харилцан үр өгөөжтэй байлгах, суугаа орноосоо илүү их үр ашигтай хөрөнгө оруулалт татах зорилгоо биелүүлэхийн төлөө зав зайгүй ажиллалаа. Ер нь том жижиг аль ч оронд бүхий л асуудал бий. Хоёр орны хоорондох харилцааг идэвхижүүлэхэд хамааралгүй асуудал, хөндөгддөггүй сэдэв гэж бараг үгүй. Тэгээд бодоод үзэхээр ЭСЯ-нд ажиллаж буй цөөн хэдэн хүний нуруун дээр энэ бүх асуудал явдаг юм билээ шүү.
ТААТАЙ НӨХЦӨЛ БҮРДСЭН ҮЕД ИДЭВХ САНААЧИЛГА ГАРГАН АЖИЛЛАСНААР ХОЁР ТАЛЫН ХАРИЛЦАА ШАТ АХИЖ ЧАДСАН
-Таны Элчин сайдаар ажилласан Унгар улс хөгжлийн хувьд ямар онцлогтой улс орон байв?
-Унгар улс бол манайхтай газарзүйн бүслэлээр дэлхийн нэг уртрагт баруун талд нь оршдог. Европын холбоон дотроо нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ харьцангуй жижиг, далайд гарцгүй, бас өндөр хөгжилтэй томхон орнуудтай хиллэдэг орон. Эдийн засаг, улс төрийн харилцааны хувьд тодорхой хэмжээгээр бусдаас хамааралтай. Түүх, замналын хувьд манайхтай ойролцоо. Нөгөө талаар Европын холбооны гишүүн болсон цагаасаа хөгжлийн хурд нь нэмэгдэж эрчимтэй хөгжиж байгаа орон. Монгол үндэстэнтэй гарал угсаа нэг, Карпатын нуруу дамжсан нүүдэлчдийн нэг хэсэг гэж өөрсдийгөө үздэг, монголчуудад элгэмсүү ханддаг сайхан ард түмэн юм билээ.
-Та улстөрч хүнийхээ хувьд, тухайн орны улс төр, эдийн засгийн байдалд ажиглалт хийсэн байх. Эдийн засагт нь ямар салбар давамгайлдаг вэ?
-Элчин сайд хүнийхээ хувьд, тухайн улс улс орноо төсвийн хямрал, моргейжийн зээлийн өрөөс ард иргэдээ гаргах, барууны монополь мөнгө хүүлэгч банк санхүүгийн тогтолцоог өөрчлөх зэрэг улс орондоо тулгарч байгаа бэрхшээлээс хэрхэн сугарч байна вэ. Бидэнд сургамж болох юм юу байна. Үндсэн хуульдаа яаж өөрчлөлт оруулж байна. Улс төрийн намууд нь хэрхэн төлөвшиж байна. Ардчилсан ололт, хүний эрх, Үндсэн хуулийн хэрэгжилт хэр тогтвортой байна вэ. Хүн ардынх нь амьдрал яаж сайжирч байна. Эдийн засаг, төсвийн байдал нь ямар байна. Европын холбоон дотроо энэ улсын хөгжлийн түвшинг цаг хугацааны хувьд харьцуулж үзэхэд ямар өөрчлөлт гарч вэ гэдгийг маш их анхаарч хардаг байсан л даа. Суугаа орны улс төрийн явц, уламжлалт намуудын шинэ төрх, үйл явдлын дунд ухаарал сургамж авах зүйлүүдтэй сонирхолтой цаг үед ажиллаж байгаад л ирлээ.
-Унгар улсад элчин сайдаар ажилласнаа дүгнэж хэлэх юм бол, та Элчин сайдын хувьд хоёр орны харилцаанд ямар ахиц дэвшлийг авчирч чадсан бэ? Нэлээд том төслүүд яригдаад байсан санагдаж байна.
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дан ганц миний идэвх зүтгэл, санаачлага гэхээсээ, Унгарын гадаад бодлого Ази руу чиглэсэн нээлттэй эдийн засгийн бодлогоо зарласан, харилцаагаа идэвхжүүлсэн таатай үе таарсан. Европын энэ жижиг орны хувьд эдийн засгаа сайжруулах гарц нь зөвхөн Европын холбооноос хуваарилагдаж байгаа төсөв мөнгөний хүрээнд биш, дотооддоо үйлдвэрлэлээ хэрхэн сэргээх вэ, дээрээс нь Ойрхи Дорнодын орнууд, Ази руу харилцан ашигтайгаар хамтран ажиллах гарц юу байна гэдэг эрэл хайгуул эрэлхийлж байхад энэ хандлага бодлогыг шүүрч авдаггүй Элчин сайд байж таарахгүй биз дээ?! /инээв/
-Та хамтын ажиллагааны ямар чиглэлд нь илүү их анхаарал хандуулав?
-Бид маш идэвхтэй ажилласан, үндсэндээ найрсагаар харилцан ойлголцож байсан. Унгарын Засгийн газрын 8 гишүүн, төрийн гурван өндөрлөгөөс ерөнхийлөгч, ерөнхий сайд, парламентын дэд дарга нь Монгол Улсад энэ гурван жилийн хугацаанд айлчилсан. Манай улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд ч айлчиллаа. Энэ айлчлалыг бид хамтран зохион байгуулсан. Ер нь хөгжиж байгаа орнуудын томхон лидерүүдийн хэлж байгаа зүйл, хамгийн гол сонирхол, гадаад бодлого бол эдийн засаг гэж тодорхойлж байна. Энэ бодлогын түвшинд Монгол Улсад Унгараас авах юм юу байна гэдэгт онцгой анхаарсан. Социалист интеграцийн үед Унгар улс хөнгөн үйлдвэрийн гол төв болж даавуу, зөөлөн эдлэл, эмийн бүтээгдэхүүнийг Европын улс орнуудад нийлүүлдэг, тэд боловсон хүчнээ Унгарт бэлддэг байсан. Монголоос ч хүүхдүүд сурдаг байлаа. Манайхтай ХАА-н чиглэлээр, мөн ус худаг гаргах, хайгуул хийх, мах боловсруулах үйлдвэр барих чиглэлээр хамтарч ажиллаж байсан туршлагатай. Унгарын ЗГ-ын буцалтгүй тусламжаар унгар мэргэжилтнүүдийн оролцоотойгоор, анх барьж байгуулсан Сонгино дахь Биокомбинатын шинэчлэлийн асуудал маш олон жил яригдаж ирсэн. Энэ асуудлыг дахин сэргээж, Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар оруулж, хэлэлцээрийн түвшинд аваачиж чадсаны үр дүнд Унгарын ЗГ- ын нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонгино дахь Биокомбинатын хоёр дахь удаагийн шинэчлэлийг хийхээр болж байна.
-Маш том ажил байна шүү дээ?
-Энэ бол 25 сая ам.долларын өртөгтэй төсөл. Унгарын талаас уламжлалт харилцаан дээрээ суурилсан хөрөнгө оруулалт хийж, энэ төслийг сэргээх бодлого дээр их нааштай байж, найрсгаар хандаж байгаа. Манай талаас стратегийн шинж чанартай эдийн засгийн томхон тулгуур салбаруудын маань нэг болох ХАА, МАА-н үйлдвэрлэлийн гол цөм болсон малын Вакцины үйлдвэрийн шинэчлэлийн асуудал байгаа. Энэ шинэчлэлийг хийхэд унгарууд оролцоно гэдэг дээр бид нэлээд идэвхтэй хөөцөлдөж манай ГХЯ, ЭСЯ-ны зүгээс олон удаагийн уулзалтыг хийсэн. Бид дараа нь ажлаа тайлагнаж үзэхэд тэтгэлэгт оюутны тоог нэмэх, мөн Биокомбинатын асуудлаар 34-35 удаагийн уулзалт хийсэн байдаг юм.
-Зөвхөн нэг, хоёр асуудлаар л гуч гаруй уулзалт хийнэ гэдэг бага тоо биш шүү?
-Уулзалт болгоны цаана бодлого, эх орондоо нэг ч гэсэн ашигтай зүйлийг шийдүүлэх, улсдаа тодорхой хөрөнгө оруулалт оруулж ирэх ийм л яриа хөөрөө болдог. Энэ бол тасралтгүй явуулсан дипломат үйл ажиллагааны үр дүн байх л даа. Тэгэхээр энэ ажил Монгол Улсад маань тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтын эхлэлүүдийг тавьж чадлаа. Эргээд бодоход урамтай санагдаж байна. Нөгөө талаас, олон элчин сайдын үед яригддаг ч төдийлэн тоо нь нэмэгддэггүй байсан нэг асуудал бол Унгарын Засгийн газрын тэтгэлгээр Монголоос оюутан сургах асуудал байсан. Жилдээ 5 оюутан, улмаар 10 тэтгэлэгт оюутан сургах үйл явц шинэчлэгдээгүй удаан үргэлжилсэн юм билээ. Унгарын сургалтын систем Австри-Унгарын эзэнт гүрнээс эхлэлтэй эрхзүйн боловсролын эртний уламжлалт соёлтой, өөрийн гэсэн стандартыг бий болгосон чанартай боловсролын системтэй орон. Диплом нь өндөр хөгжилтэй 7-8 оронд хүлээн зөвшөөрөгддөг, эртний 17-18-р зууны үед байгуулагдсан их, дээд сургуулиуд байдаг. 1958-1959 оноос эхлээд Монгол Улсаас оюутан сургах үйл явц эхэлж ТМС болон их, дээд сургуулиудад ХАА, мал эмнэлэг, эмийн чиглэлээр, мөн дэд бүтэц, зам гүүр, мах боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр өнөөдрийг хүртэл 500-гаад мэргэжилтэн манайхаас бэлтгэгдсэн байдаг юм.
-Унгарт сургах оюутны тоог Та нэмж чадсан биз дээ?
-Олон Элчин сайдын үед яригдаж, хөндөгдөж байсан юм билээ. Унгарын ЗГ-ын тэтгэлгээр сургах оюутны тоог нэмэх олон удаагийн яриа хэлэлцээр хийсэн нь үр дүнгээ өгч, жил бүр 200 оюутан Монголоос авч сургахаар болж байна. Энэ хэлэлцээр хэрэгжиж эхэлсэнээс 2 дахь элсэлт нь энэ хавар явагдлаа. Өнгөрсөн жилээс 400 оюутан суралцаад эхэлж байна гэсэн үг л дээ.
-Бүр 20 дахин нэмэгдүүлсэн байх нь ээ?
-Тийм ээ. Өнгөрсөн жилээс оюутнуудаа авч эхэлсэн. Унгарын ЗГ-ын тэтгэлгээр анагаах ухаан, биотехнологи, хууль, уран барилга, соёлын сэргээн засварлах чиглэлээр, мөн инженер, эдийн засгийн чиглэлээр залуучууд маань сурч байна. Энэ оюутнууд маань Европын соёлтой танилцаж, харьцангуй хөгжилтэй энэ тивийн биднээс шат ахисан хөгжлийн нууцаас суралцаж, тодорхой хэмжээний мэдлэг туршлага хуримтлуулсан залуучууд болж гарч ирнэ гэдэг бол Монгол Улсад маш том хөрөнгө оруулалт бий болж байна гэсэн үг. Унгар улсад Элчин сайдаар ажилласнаа дүгнэхэд, Монгол Улсдаа тодорхой хэмжээний оюуны болоод эдийн засгийн хөрөнгө оруулалт энэ мэтээр оруулж, улс төрийн харилцаа шат ахисан үр дүн юм. ЭСЯ-ны дипломатууд, ГХЯ-ны зүгээс дэмжлээ. Олон хүчин зүйл л миний ажилд нөлөөлсөн байх. Харьцангуй таатай нөхцөл байдал бүрдсэн энэ үед идэвх санаачилга гарган ажилласнаар хоёр талын харилцаа шат ахиж чадлаа гэж үздэг.
ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГАД АРД ТҮМНИЙ ҮЕ ҮЕИЙН НАЙДВАРЫГ ТЭЭЖ СОНГОГДЧИХООД ТЭНД “РОБОТ” ШИГ БАЙЖ ТААРАХГҮЙ
-Ер нь улстөрч хүн гол жанжин шугам, үзэл баримтлал, зарчмаа юун дээр үндэслэж тодорхойлох нь хамгийн зөв байдаг юм бэ? Жишээлбэл, та юунд үндэслэж өөрийн гол зарчмыг тодорхойлж, түүнийгээ өнөөг хүртэл баримталж ирэв?
-Ер нь хүн бүрт өөрийн гэсэн үнэт зүйл байдаг шүү дээ. Би өөрөөсөө урвах дургүй. Надад байгаа үнэт зүйл бол олон түмний итгэл. Тийм учраас олон арван жилийн зам мөрөөрөө бий болгосон үнэ цэнэ бүхий энэ итгэлийг нурааж, хэдхэн төгрөгөөр арилжин хэсэгхэн хугацаанд наалдах нэр төрөөр солиод явна гэж байхгүй шүү дээ. Тэгээд ч би цэрэг эрийн охин, өөрийн гэсэн зам мөрөөрөө явахад энэ үнэ цэнэтэй зүйл маань өөрөөсөө урвахгүй байх хүчин зүйл болж чаддаг гэж боддог. Мэдээж хэрэг, улс төрд юу эс тохиолддог билээ. Шантрах үе, ёстой хальширч ухармаар байсан үе бишгүй. Сэтгэлийн тэнхээ, хувь хүний зориг зүрх шаардсан үед ч өөрийнхөөрөө байж, өөрөөсөө урвахгүй явна гэдэг бол улс төрд хатуужина гэсэн үг гэж би боддог юм.
-Таныг “Төмөр хатагтай” хэмээн нэрлэдэг. Та улстөрч хүний хувьд энэ нэрэндээ хэр дуртай вэ?
-Харизматик талаас нь нэрлэдэг байх. Хэн ч өгсөн юм. Аль цагийн ч үг юм. /инээлдэв/ Ер нь надад нэг ийм л юм байдаг. Нэг тийм муйхар, ирж яваа цагийн салхийг мэдрэхгүй улаан шуурга шиг байж таарахгүй шүү дээ. Улс төрд мэдлэг, чадвар, туршлагаас гадна нийгмээ мэдэрч ажиллах, шаардлагатай үед хувь хүний шийдэл, зориг зүрхээ гаргах чадвар чухал юм шиг санагддаг. Нөгөөтэйгүүр улстөрч гээд бүхнийг мэдэх албагүй. Алхам бүртээ амьдралаас суралцах шаардлага гардаг юм билээ. Амьдралын хар ухаантай, бүр нэг хашир хөх өвгөд гэдэг шиг улсуудын дунд бэлчээрийн тухай ярьж байгаад мад тавиулж байсан үе надад бий. Тэр үед “Хамжааргатай бай, мэддэгээ мэд, мэдэхгүй зүйлээ мэдэж ав” гэж би өөрөө өөртөө хэлж байсан. Зарим үед, зүгээр бусдын сүүдэрт яваад мөнгөөр бүхнийг зохицуулж болно гэдэг бодол санаатай хүмүүсийн дэргэд толгой дээгүүр байх үе гардаг. Үнэ цэнээ мэдэрч байгаа юм. Яагаад гэхээр хориод жилийн турш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах хугацаанд надаас урваагүй сонгогчдын итгэлийг, намынхаа найдварыг би бүгдийг нь хаалгадаж, худалдаж авч чадахгүй шүү дээ. Ингэж хоёргүй сэтгэлээр зүтгэж, амь амьдралаа зориулж яваа хүсэл тэмүүлэл, хөдөлмөр зүтгэлийг маань үнэлж дүгнэж ирсэн ард түмэндээ мэдсэн туршлагаа хуваалцалгүй хар амиа хоохойлоод яаж зугтаж чадах юм бэ, тийм биз?
-Яг үнэн.
-Бас нэг ийм үг хэлмээр санагддаг юм. “Энгийн эрхэмсүү бай, гэхдээ үнэ цэнээ алдаж болохгүй” гэж. Төр бол эрхэмсүү бөгөөд хүндлэл төгс. Тийм учраас төрийн нэрээр хууль тогтоох байгууллагад энэ олон хүний итгэл, ард түмний үе үеийн найдварыг тээж сонгогдсон бол тэнд робот шиг байж таарахгүй.
МИНИЙ ҮЗЭГ ЗӨВХӨН МИНИЙ Л ОЮУН САНАА, АВЬЯАС, ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛЭЛЭЭР ДАМЖИЖ ХӨДЛӨХ ЁСТОЙ
-Та улс төрд орохоооо өмнө сэтгүүлч байсан. Одоо ч танд сэтгүүлчийн зүрх сэтгэл, хүсэл тэмүүлэл байдаг. Таныг сэтгүүлч байх үеийн сэтгүүл зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал хоёрын ялгааны талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Сэтгүүлчид маань атаархмаар чадалтай болж байна. Хэл ус, гадаад дотоод холбоо харилцаа, авьяасаа нээх арга хэлбэр нь гэрлийн хурдаар нүдэн дээр өсөн сайжирч байна шүү дээ. Цахим орчинд хил хязгааргүй мэдээллийн орон зайд бүх талаар ажиллах нөхцөл нь бүрдэж үнэхээр нийгмийнхээ хөтөч, хөдөлгөгч хүчин зүйл нь болж чадаж байна. Энэ тал дээр бол үнэхээр мундаг. Гэвч хэлэхгүй өнгөрч чадахгүй зүйл бол, хөрөнгөжсөн хэсгийн санаа зорилгыг дамжуулдаг нэгэн бүхэл бүтэн үе бий болсонд би жаахан харамсдаг л юм.
-Сэтгүүлчдийг улс төрчид л эвдээд байгаа юм биш үү? Яг энэ асуудал дээр юу хэлмээр санагддаг вэ?
-Бас тийм тал байдаг л байх. Миний үзэг зөвхөн миний л оюун бодол, авьяас, хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэх ёстой шүү дээ. Энэ миний үзэг. Энэ бол миний эрх чөлөө. Гэтэл энэ эрх чөлөө, үзэг цаас хоёроо бусдын санааг дамжуулагч болгож яах юм бэ. Надад нэг хүн “Ганди, сайн юмыг муугаар бичдэг сэтгүүлчид их олон болсон байна. Сайн юмыг сайнаар бичдэг хүн л сайн сэтгүүлч болдог юм шүү дээ” гэж хэлж байсан юм. Уг нь энэ ард түмэн маань бас ч гэж бүгдээрээ булингартай шавар шалбааг, балчиг намагт шигдчихээгүй байна. Гайхмаар, бахархмаар, онгирмоор, омогшмоор өчнөөн зүйл бий. Тэр бүхнийг олж харж сайн сайхнаар бичиж чадахгүй бол сэтгүүлч гэж яваад яах юм бэ? Авьяастай, онгодтой гэж онгироод ч яадгийн.
Сэтгүүлчид маань өөрсдөө улстөрчдийн, мөнгөтэй хүмүүсийн, хэдхэн албан тушаал горилогчдын үзэгний үзүүрт эрх чөлөөгөө битгий л худалдаасай гэж хэлмээр санагддаг. Хязгааргүй их эрх мэдэл, хязгааргүй их эрх чөлөө, хязгааргүй их үнэ цэнэ энэ үзгээр чинь, энэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр чинь, энэ бичиж байгаа нэрээр чинь дамжиж гардаг юм.
-Хэвлэлийн эрх чөлөөний байдал таныг сэтгүүлч байхад ямар байв? Таны тэр үед хүсэж мөрөөдөж байсан түвшинд өнөөдөр бид хүрч чадсан уу?
-Мэдээж хэрэг биднийг сэтгүүлчээр ажиллаж байх үед тодорхой хэмжээгээр цензур байсан. Янз бүрийн үзэл суртал орсон, төрөл бүрийн хаалт, давхар уншдаг, хянадаг зөндөө л юм байсан. Тэр үетэй харьцуулахад өнөөдрийн сэтгүүлчид ёстой эрх чөлөөний дээд хязгаараа давчихсан цаг үед ажиллаж байна. Гэхдээ хаалттай зүйлийн цаана эрх чөлөөний төлөөх бүтээлч эрмэлзлэл илүү хүчтэй илэрч байдаг юм билээ.
-Тэр тийм шүү.
-1990-ээд онд нийгэмд эхэлсэн цоо шинэ үйл явдлыг ард түмэндээ хүргэхэд манай цэргийн сэтгүүлчид манлайлсан. Мөрдөстэй, тангараг өргөсөн, хязгаарлагдмал эрхтэй, цэрэг хүнийхээ хувьд тушаалаар үүрэг даалгаврыг л биелүүлдэг улсууд шүү дээ. Гэсэн хэдий ч цэргийн сэтгүүлчид маань зоригтой, маш их хүсэл эрмэлзлэлтэй хүмүүс байлаа. Би санадаг юм, манай “Улаан од” сонин 1990 оны 3 дугаар сард 56000 хувь хэвлэгдэж байсан.
-Одоогийн бидэнд бол “мөрөөдлийн тираж”, Гайхалтай!
-Энэ бол үнэн түүх. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Нийгмээ шинэчлэхэд манай цэргийн сэтгүүлчдийн оруулсан хувь нэмэр маш их ээ. Уншигчдын тоо хамгийн их, уншигчид нь шинэ дугаараа хүлээдэг сонинууд гэвэл “Ил товчоо”, “Хөдөлмөр”, “Улаан од” л байлаа шүү дээ. “Үнэн” сонин мэдээж байсан. Цэргийн сонины тухайд, цэргийн сэтгүүлчид бичээд цэргийнхэн уншдаг гэдэг ойлголтыг тэр үед бид эвдэж чадсан юм.
-Үнэхээр тийм байна.
-Бид “Улаан од” сониндоо хаалттай байсан бүх сэдвийг зад татан хөндөж чадсан. Цэргийн дэг, харьцаа, армийн хүнд суртал гэхчлэн тэнд болж байсан зүйл бол нийгмийн маань нэгээхэн хэсэг нь юм шүү гэдгийг харуулж чадсан нь манай армийн сэтгүүлчдийн нийгмийнхээ өөрчлөлтөд оруулсан том хувь нэмэр гэж боддог доо.
-Одоо хэвлэл мэдээллийн салбарыг 4 дэх засаглал гэдэг. Яг үнэндээ засаглал гэж нэрлэж болох уу?
-Бие даан хараат бусаар ажиллахын тулд сэтгүүлчид маань юуны түрүүнд засаглаж буй хүмүүсээсээ илүү гарах мэдлэг мэдээлэл, ур чадварт суралцах хэрэгтэй байна даа. “Mongolian Mining Journal”-ийн Лунтангийн Болормаа агсан шиг сэтгүүлчид олон болж, тууштай ажиллавал биеэ даасан засаглалын хэмжээнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид дөхөж очно. Сэтгүүлчид хөндөж, анхааруулан бичиж, салхи оруулж байгаагийн хүчээр л энэ нийгэм маань бүүр ч тартагтаа тулчихаагүй байна. Нөгөө талаар сэтгүүлчид маань өөрсдөө улстөрчдийн, мөнгөтэй хүмүүсийн, хэдхэн албан тушаал горилогчдын үзэгний үзүүрт эрх чөлөөгөө битгий л худалдаасай гэж хэлмээр санагддаг. Хязгааргүй их эрх мэдэл, хязгааргүй их эрх чөлөө, хязгааргүй их үнэ цэнэ энэ үзгээр чинь, энэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр чинь, энэ бичиж байгаа нэрээр чинь дамжиж гардаг юм. Ямар хямдхан сольж байна вэ гэж зарим үед харамсдаг.
-Та бол харж л байгаа шүү дээ.
-Харж байна, уншиж байна. Хөлсний сэтгүүлчид бий болж мэргэжлийнхээ нэр хүндийг унагаж байна. Бид нарын ажил уул нь их үнэ цэнэтэй. Үнэхээр хүчтэй шүү дээ. Нийгмийг донсолгож чадна. Задарсан ялзарсан түшмэлийг суудлаас нь зайлуулж буулгаж чадна. Хамгийн гол нь тийм хүч чадал авьяасаа улс орноо өнгөтэй, өөдтэй болгоход л зориулмаар байнаа.
-Сэтгүүлч хүн намын гишүүн байх нь цөөнгүй. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
Намын гишүүн болох эсэх хувь хүний сонголт байх. Харин сэтгүүлчид нэг их намчирхах хэрэггүй юм. Сэтгүүлчид аль нэг улс төрийн хүчний төлөөлөл болоод ирэхээрээ л өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бичих хүрээ нь хумигдаж л таардаг шүү дээ.
ЗАВ БОЛОМЖ ГАРАХ БҮРТ, ГЭРТЭЭ ЭЭЖИЙН ОРОН ЗАЙГ БИЙ БОЛГОХЫГ ХИЧЭЭДЭГ
-“Миний гэр бүл бол миний цайз” гэж та ярьдаг. Гэхдээ олны танил хүмүүс, улстөрчдийн гэр бүлийн гишүүд хүссэн хүсээгүй олны анхаарлын төвд орох нь их. Та энэ байдалд хэрхэн ханддаг вэ?
-Надтай хамт амьдарч байгаа хүмүүсийн эрх чөлөө яагаад надаар дамжиж хөндөгдөх ёстой гэж? Тэд маань хувийн эрх чөлөө, үзэл санаа, хүсэл тэмүүлэлтэй, өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй хүмүүс шүү дээ. Тэгэхэд би улстөрч болсноороо, эсвэл өнөөдөр олонд танигдсанаараа яагаад илүү давамгай эрх эдлэх ёстой юм. Мэдээж хэрэг бие биенийгээ ойлгож, хайрлаж хүндэлж байж л нэг гэр бүл болоод явж байгаа. Сэтгэл ханамжтай хэлэх нэг зүйл бол миний ажил, хүсэл эрмэлзлэл, энэ явж байгаа зам мөрийг маань миний гэр бүлийнхэн ойлгодог, хүндэлдэг. Тэгэхдээ энэ нь, миний хүсэл эрмэлзлэлийг заавал дага гэсэн үг биш л дээ.
-Ёстой үлгэр дуурайлал болмоор тодорхойллоо гэж би бодож байна.
-УИХ-д сууж байх үед ард түмний амьдралын нэгээхэн хэсгийн төлөөлөл ах дүү, найз нараас маань төрөөс гарч буй бодлого шийдвэрийг хэлж шүүмжилж анхааруулаад, толгой руу тонших үе байдаг л байлаа. Манай ээж цэцэн цэлмэг, хурц ухаантай хүн байдаг юм. Өөрийн үзэл бодол, дүн шинжилгээг хэнээс ч хараат бусаар хэлдэг. Одоо миний гэр бүлийн гишүүн. “Та нар чинь яасан юм боддоггүй юм. Олж хардаггүй юм уу, эсвэл олж харахыг хүсэхгүй байна уу” гээд байнгын шүүмжлээтэй. Тийм л хүмүүсийн дунд, нийгмийн бүх л төлөөллийн дунд би байдаг болохоор амьдралаас саланги хариуцлагагүй ажиллах эрхгүй байдаг юм.
-Та гэр бүлийнхэндээ ямар хоол хийж өгөх дуртай вэ? Яг өөрөө хийж өгөх дуртай хоол гэж эмэгтэй хүнд байдаг шүү дээ.
-Ер нь манай эмэгтэйчүүд цуйван, бууз, хуушуур, банштай цай гээд л маш их сэтгэл, хөдөлмөр гаргасан хоол хийдэг их халамжтай хүмүүс шүү дээ. Үнэнээ хэлэхэд, би сайн тогооч биш. Нэрийн хоол маань нимгэн хэрчсэн махтай, ногоон сонгинотой гурилтай шөл. Үүнийгээ бол янзын хийнэ. Нөхөр ч дуртай, надад ч амар байдаг юм. Зав боломж гарах бүрт гэртээ ээжийн орон зайг бий болгоод гал тогооноос буцалж байгаа хоол цайны үнэр, халуун уур амьсгал мэдрэгдэж, гэр бүтэн дүүрэн сайхан байх тийм үеийг л бий болгохыг хичээдэг. Тэгээд ч нэг их гайхамшигтай мундаг гэрийн эзэгтэй биш учраас, болж өгвөл гэртээ байх үедээ бол ажилч бяцхан Чулуунхүү гэдэг шиг болно доо. /инээлдэв/
-Гэр бүлийнхэнтэйгээ хамт чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? Гэр бүлээрээ ярилцаж хэлэлцэх дуртай сэдэв гэж бас байдаг шүү дээ.
-Бид залуугаасаа нэг салбарт ажиллаж байсан учраас тэгдэг үү, сонирхол нэг талдаа. Түүх, уран зохиол, улс төр гээд зүйлсийг их таашаалтай ярилцдаг. Миний ажиллаж байгаа орчин, ажил мэргэжлийн маань онцлог ч ийм юм. Гэртээ үүх түүх яриад л, зарим үед гэрээрээ жижиг парламент шиг ч болох үе бий. Бидний ярианы гол сэдэв бол түүх, утга зохиол, сонгодог туурвилууд. Энэ тал руу л манай гэрийхний сонирхол зангидагддаг. Бас угшилтай юм билээ. Одоо бодоход, манай аав үр хүүхдээ нас биед хүрэхэд нь өв хөрөнгө болгоно гээд ном их цуглуулдаг хүн байсан. Ханаар дүүрэн номтой. Бидний хүүхэд нас явцуу орчинд хэр нь их сонирхолтой өнгөрсөн дөө. Гэрт тодорхой гурав дөрвөн тавилгатай. Ханаар дүүрэн ном, аавын захиалсан сонин сэтгүүл л байдаг байсан. Гэрийн ажил бол тодорхой. Дүү нараа харна, хоёр өрөөний модон шалыг хорин минутын дотор шүүрдээд хальт угаачихна, даалгавраа хийнэ, орой хоол хийнэ. Үлдсэн цагт нь ерөөсөө л тэр номын сан дээр байгаа ном, сонин, сэтгүүлийг эхнээс нь дуустал нь уншдаг байсан. Энэ бол чөлөөт цагийн хамгийн сонгодог хэлбэр. Тэгэхээр энэ гэр бүлээс уламжилж ирсэн зүйл тасралтгүй үргэлжилдэг юм байна.
-Таныг кино үзэх дуртай гэж уншсан юм байна. Сүүлийн үеийн ямар кино хамгийн их сонирхлыг тань татав?
-“Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг” гэж В.И.Ленин хэлсэн гэдэг байх аа. /инээв/ Одоо ч дэлгэцийн хамгийн хүчтэй зэвсэг кино байсаар л байна шүү дээ. Би бол киног хийц талаас нь, дүр талаас нь, илэрхийлж байгаа санаа, тухайн киног бүтээж байсан нийгмийн байдал талаас нь харах дуртай. Хэдэн жилийн өмнө Оскарын шагнал хүртсэн Холливудын зуу зуун кинонуудыг би цуглуулж үздэг байсан юм. Гэхдээ кино үзэхэд их цаг зарцуулагддаг юм билээ. Тодорхой хүрээнд, энэ кино яагаад шилдэг дүр, шилдэг найруулагч, шилдэг туслах дүрийн шагнал авчихав гэдэг талаас нь фокуслаж үзнэ. Сонирхолтой л доо. Сүүлийн үед түүхийн баримтат кино, бас хүүхэлдэйн кино ч үздэг болж байгаа шүү.
-Тийм үү? /инээлдэв/
-Өмнө нь би хүүхэлдэйн кино гэхээр хүүхдийн кино л гэж боддог байлаа. Гэтэл миний энэ бодлыг “Up” хүүхэлдэйн кино өөрчилсөн. Кино судлаачид “Америкийн нийт хүүхэлдэйн кино үзэгч эрчүүдийн 40 гаруй хувь нь энэ киног үзээд уйлсан” гэж бичсэн нь миний сонирхлыг их татсан л даа. Яагаад уйлсан юм бол гэж бодно шүү дээ. Тэгэхээр яг хүнтэй адилхан дүрээр, хүүхэлдэйгээр орлуулаад, түүгээрээ зэрэгцээ оршиж байгаа ертөнцийг харуулж байгаа юм. 60-70 жил хамт амьдраад хэн нэг нь бурханы оронд очиход үлдэж буй хүний сэтгэл дагаад явж л байдаг гэдгийг “Up” хүүхэлдэйн кинон дээр гаргадаг шүү дээ. Тэр сэтгэл хөдлөлийг хэр баргийн жүжигчин гаргаж чадахгүй. Тийм гайхалтай дүр дүрслэлийн харилцааг хүүхэлдэйн киногоор гаргаж чадсан байна гэдэг их ур чадвар шаардсан ажил юм билээ.
ЭМЭГТЭЙЧҮҮД СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНӨӨ ХУРДАН ИЛЭРХИЙЛДЭГ Ч АМАР ХУДАЛДАГДЧИХДАГ УЛСУУД БИШ
-Таны хувьд дүр төрх тань огт өөрчлөгддөггүй. Хэзээ ч харсан Ганди гэж шууд танигддаг. Залуу улс төрч эмэгтэйчүүдэд хааяа хичээл заахдаа “Имиджийн хамгийн төгс жишээ” гэж таны зургуудыг харуулдаг л даа. Та имиджээ анх бодлоготойгоор хийж байв уу?
-За даа, Та ер нь санаа зовмоор дүгнэж ярьдаг юм байна шүү. /инээв/ Ер нь аливаа хүний имидж зохиомлоор бий болдоггүй байх аа. Ээж маань наян наймтай хэр нь дал шүргэж яваа хүн шиг харагддаг сэмбэгэр хөгшин бий. Удам байдаг байх. Ер нь хэт их хурц, хүний нүдэнд шууд тусах гял цял унжсан, санжсан юм өмсөх дургүй, ажил маань ч ийм юм. Тэгээд ч хүний гадаад имидж гэдэг дотоод сэтгэлийнх нь илэрхийлэл байдаг байх, тийм үү?
-Санал нэг байна. Та ямар гоо сайхны бүтээгдэхүүнийг таашааж хэрэглэдэг вэ?
-Эмэгтэй хүн өөрийгөө арчилж явах хэрэгтэй. Хүнд таалагддаггүй юмаа гэхэд өөрөө өөртөө сэтгэл хангалуун, цэвэрхэн цэгцтэй л байх ёстой шүү дээ. Миний хувьд байгалийн гаралтай тэжээлийн тоснууд л хэрэглэдэг. Хүүхнүүдтэйгээ санал солилцоход, ядаж тагтан дээрээ цэцэг тарьчих юмсан, байшингийнхаа дэргэд гурав дөрвөн мод тарьчихвал хуурай агаар маань зөөлөрч, шороо босох нь багасна. Хуурай шороогоор нүүр нүдгүй шуураад байхад хэчнээн үнэтэй тос шаваад ч яах юм билээ гэж хэлмээр санагдаж байна. Тийм биз?!
-Тийм ээ, Европт гэхэд яг л таны ярьж байгаа шиг, айл бүрийн балкон цэцэгтэй, гаднаа мод ургамал ихтэй, үнэхээр сайхан шүү дээ.
-Европчууд их ажилсаг. Амьдралын хэв загвар нь ч бас тийм юм. Унгарууд ихэнх нь өглөө 4-5 гээд ажилдаа гарна. Эрт цагаа ашиглаад сурчихсан, ажил албаны зэрэгцээ ар талаа ч сайн авч яваа нь ногоо жимс тарьж, арчилж боловсруулж байгаагаас нь харагддаг юм.
-Эмэгтэйчүүдээ идэвхижүүлбэл их хүч оролцоотой хүмүүс гэж санагддаг юм.
-Тийм шүү, санал нэг байна. Сүүлийн үед том үзэл санаа, орших эс оршихуйн зүйл их ярьсан илтгэгч эмэгтэйчүүд олон болж байгаа юм байна. Сайн л хэрэг. Гэхдээ энгийнээс л эхэлмээр санагдаад байдаг юм. Жишээлбэл, залуу аав болоход нь хүүдээ яаж туслах юм, анхны хүүхэд нь төрөхөд охиндоо яаж туслах юм, хань нөхрөө сонгож авахад нь ээжийн зүгээс, аавын зүгээс, ах дүүгийн зүгээс хоёргүй үнэнийг яаж хэлж ойлгуулах вэ? Яаж ирээдүйн хуримтлалаа бий болгоход нь зөв чиглүүлэх вэ гэхчилэн нийгэмд биеэ даагаад явчих хэмжээнд ирээдүйд нь туслах, чиглүүлэх, хариуцлагатай иргэн болоход нь ээж нарын оролцоо их хэрэгтэй байна даа!
-Тийм тал бий. Улс төрд орж байгаа эмэгтэйчүүд олширсон. Тэд ямар ном унших вэ гэж их асуудаг. Та энэ тал дээр юу хэлэх вэ?
-Ном уншаад л улстөрч болчихно гэж юу байх вэ дээ /инээлдэв/. Ер нь бол улс төрд эмэгтэйчүүдээ үе шаттай бэлтгэмээр байна. Бүх салбараас бодлогоор төлөөлөл, залгамж үе болгон бэлтгэх хэрэгтэй байна. Нэг утгаараа парламент өөрөө олон талын төлөөлөл, тэр тусмаа эмэгтэйчүүдийн дуу хоолой хүчтэй дуугарч байвал хууль зөв гарах, үнэн гарах, удаан хэрэгжих хөрс нь болдог л доо. Эмэгтэйчүүд сэтгэлийн хөдөлгөөнөө хурдан илэрхийлдэг ч их хурдан худалдагдчихдаг улсууд биш. Эмэгтэй улс төрчид улс оронд нэг их хор хохирол учруулах нь бага л юм билээ.
-Таныг улс төрч эмэгтэйчүүдэд, сэтгүүлчдэд ширээний ном болох хэмжээний ном бичих болов уу гэсэн хүлээлт байдаг. Та ийм бүтээл төлөвлөж байгаа юу? Тэр бас их сонирхолтой байна.
-Намайг ном гаргаасай, дурдатгал бичээсэй гэдэг. Дурдатгал бичих нас арай болоогүй байна. Ер нь бичих гэж оролдож ганц хоёр бөөгнүүлсэн юм байгаа. Нийгэм, улс төр, цаг үе, түүхийн гэрч болсон үйл явдал дундуур яах аргагүй л туучаад гарсан учраас, миний ажиллаж байсан парламентуудын сонирхолтой түүх олон бий. Ер нь бодож төлөвлөж байгаа юм бий бий.
-Тэгвэл өөр он цагаас дүгнэлт хийх юм байна, тийм үү?
-Ер нь дурсамжууд ингэж л бичигддэг юм билээ. Харин сэтгүүлч хүнийхээ хувиар улс орнуудад айлчлал, гэрээ хэлэлцээр хийх, ажлаар явах далимдаа 34-35 орноор явсан аян замын тэмдэглэлүүдээ бичсэн. Гэхдээ бичих болгондоо энэ өгүүлбэрээс хэн нэг нь санаа аваасай, үнэлэлт дүгнэлт өгөөсэй гэсэндээ биш, харин миний нүдээр тэр ертөнц яаж харагдаж байна вэ гэдэг талаас нь бичсэн аян замын тэмдэглэлийн номууд байгаа. Л.Түдэв гуайн “Замбуулингийн наран доор” нэртэй аян замын тэмдэглэлийг бүүр хүүхэд байхдаа анх гайхан сониучирхан уншиж байснаа мартдаггүй юм. Тэгээд хэзээ хойно ийм тэмдэглэл ер нь бичиж байх хэрэгтэй юм байна гэж санаа авсан хэрэг л дээ.
-Ямар улс орон танд хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-Жишээлбэл, Зүүн өмнөд Энэтхэгийг хөндлөн гулд туулан явахад харсан үзсэн зүйл сэтгэлд маань их тод үлдсэн. Үүрээр Ганга мөрөнг хөвөөлөөд давхиж явахад биенээс нь өөр хувцасгүй өсвөр насны хүү, хүүхдээ тэвэрсэн залуу эмэгтэй, газраар дүүрэн хэвтэж буй янз бүрийн эрэмдэг зэрэмдэг хүмүүс, эсвэл алтан бугуйвч гурав дөрвийг хөлөндөө давхарласан гоё эмэгтэй гээд хэн ч бай бүгд шинэ өглөөтэй золгон дөнгөж мандаж буй нар руу харан залбираад л зогсож байгааг харахад их сонин мэдрэмж төрдөг юм билээ. Наранд залбирч буй хүн билэгдлээрээ ирж яваа шинэ өглөө, түүнээс цаашхи зам мөр минь сайн сайхан байгаасай гэсэн хүсэл мөрөөдлийг л тээж таараа. Ингээд явж байхад нэг яруу найрагчийн хэлсэн үг санаанд орж байсан. “Гар нүцгэн гуйлгачингийн гадаа өмсдөг хувцас нь газар тэнгэр хоёр оо” гэж. Газар тэнгэр хоёроос өөр юу ч үгүй мөртлөө ирээдүйг сайн сайхан угтах гээд хүсэл итгэлээ тээж явах улаан нүцгэн нэгэн байхад, энэ насандаа баршгүй эд хөрөнгө хураасан хэр нь зорилгогүй яваа өчнөөн хүн байна. Амьдралын төлөөх хүсэл тэмүүлэлд хэмжүүр байдаггүй л юм билээ. Мөн Африкт очсон, Америкт байсан, Японд айлчилсан гээд ертөнцийн хаана ч төрийн ажлын шугамаар, хувиараа аялж явахдаа бичсэн тэмдэглэлүүд бүхий гурав дөрвөн ном маань байдаг. Энэ бол миний хобби юм.
НОМ УНШИЖ ТЕАТР, МУЗЕЙ ҮЗЭХ НЬ ХҮН БҮРТ БАЙХ ЁСТОЙ СОЁЛЫН НЭГ Л ХЭМ ХЭМЖЭЭ ГЭЖ БИ БОДДОГ
-Одоо та ямар ном уншиж байна вэ?
-Би Харуки Муракамигийн цувралуудыг уншихаар авсан. Бичлэгийн стиль нь хүүрнэх маягийн, өөрийн үзэл бодлыг хүнд тулгаагүй ч гэсэн үзэгдэл юмсыг уншигч өөрийнхөөрөө дүгнэх боломжтой, их гүн ухаанлаг, япон хүний чамбай ур чадвар шингэсэн, нэг үгнээс мянган утга цацрахуйцаар үг болгоныг нь бодож бичсэн ном. Бас орчуулагч нь Жаргалсайхан гээд мундаг орчуулагч байна лээ. Надад бол таалагдсан. Одоо уншаад явж байгаа, “1084”-ийг эхлэж л байна.
-Та театрт очих дуртай биз дээ?
-Миний ээж Норпилын Эрдэнэ 1960- аад оны сонгодог жүжгийн гол дүрүүдэд тоглож байсан жүжигчин хүн. Шекспирийн “Гамлет”, “Ромео Жульета”-ийн Капулетта хатан гээд бүтээсэн дүрүүд нь тэр үедээ чамгүй сайн байсан гэж ярьдаг юм билээ. Тэр утгаараа би жүжигчний гэр бүлд төрж өссөн. Тайз, дэлгэцийн урлаг надад их ойр санагддаг. Театр өөрөө их гоё ертөнц, оюун санааны таашаал авах юутай ч зүйрлэшгүй нэг тийм сайхан мэдрэмжийг өгдөг. Элчин сайдаар ажиллаж байхдаа Австрийн Вена, Будапештийн театруудыг нэлээн гүйцээсэн шүү. Театрын хувьд жүжигчний дүр бүтээх үйл явцаас нь гадна театрын цогц уран барилга, тэр ариун дагшин ордон, уран баримал хийц, хөгжим оркестр, хөшиг, жүжигчдийн хувцас, үйл явдал өрнөл бүгд нийлж байж тийм цогц орон зайг бий болгодог. Сонгодог хөгжмийн үдшийн тоглолтуудыг алгасалгүй үзсэн. Будапештэд Оросын балетчид ирэх үед “Хунт нуур”, “Жизель”, “Шелкунчик” гээд ер нь бол үзсэн дээ. Гоё л байдаг юм.
-“Большой” театрын балетчид арай л өөр. Манай тайзан дээр зэрэгцээд тоглосон чинь үнэхээр ялгарч байсан шүү.
-Өөрийн гэсэн онцлог школ, мастерство /ур чадвар/ нь зуун зууны уламжлалтай болохоор өөр л дөө. Балетчин бүрийн нэг деталь, нэг техникийг яаж гаргаж байна, сэтгэл хөдлөлийг нь хэрхэн илэрхийлж байна вэ гэдгийг харах гоё шүү дээ.
-Яг үнэн. Музей, уран зургийн галерейд та юуг мэдэрдэг вэ?
-Энэ бол уран бүтээлчдийн нийтлэг зан л даа. Зургаар бичсэн яруу найргийг уран зураг, нотоор дүрсэлсэн яруу найргийг хөгжим гэдэг шиг хоорондоо уялдаатай юм билээ. Ерөөсөө юм бичдэг, уран бүтээлч сэтгэлгээтэй, угшил нь, мэргэжил нь, ажиллаж байсан салбар нь бид нарын нэг хэсэг л болсон юм чинь яаж урлагийн ертөнцөөс ангид хол байх юм бэ. Будапешт бол уран барилга, уран баримлын хот. Хот нь тэр чигээрээ галерей шиг санагддаг байсан шүү. Ер нь ном уншиж театр, музей үзэх нь хүн бүрт байх ёстой соёлын нэг л хэм хэмжээ гэж би боддог. Бид ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалтынхаа дийлэнхийг боловсролд, тэр тусмаа хүмүүжилтэй, соёлтой Монголыг бий болгоход зориулан мөнгө зарцуулах хэрэгтэй байна.
БУСДЫГ АНХААРАЛТАЙ СОНСДОГ БАЙСАН УЧРААС ААЖУУ БОЛОВЧ УДААН СУРАЛЦСАН БАЙХ
-Төр төмбөгөр ёс ёмбогор гэдэг. Төрийн хар хүн ер нь ямар байх ёстой юм бэ?
-Ажил үүргээ эрэмбэлж чаддаг, төр, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд, хувийн эрх ашиг сонирхолоо хоёрдугаарт тавьж чаддаг хүнийг л төрийн жинхэнэ түшээ гэнэ дээ. Төр, хувийн сонирхол нэгдээд ирэхээр зарчим алдагдаад, ард түмний итгэл алдраад ирдэг биз дээ.
-Төрөө яаж тунгалаг байлгах вэ?
-Олон хүчин зүйл нөлөөлөх байх. Наад зах нь төрд түмнээ төлөөлж ажиллах хүнийг шилж сонгож, томилж ажиллуулах шалгуурыг дээшлүүлэх хэрэгтэй л дээ. Манай ард түмэн эрт дээрээс “Их шунасан хүнд төрийн жолоог бүү атгуул” гэж ярьж хэлэлцэж ирсэн нь учиртай байх.
-Тэр үнэн. Та ер нь өөрийгөө ямар хугацаанд жинхэнэ улс төрч болсон гэж үздэг вэ?
-Миний бодлоор УИХ-д анх сонгогдож байхад надаас бусад нь миний багш нар л байсан. Өөрийгөө их голдог байлаа. Тийм ч учраас намайг хэн ч, юу ч гэж хэлж шүүмжилсэн эхний дөрвөн жилд бол амаа үдүүлчихсэн юм шиг л сууж, бусдын хэлэх үг, хариулж байгаа хариулт, биеэ авч явж байгаа байдал, зангараг нөлөө гээд бүх зүйлийг мэтгэлцээн дотроос л суралцсан. УИХ-д суралцчихаад ордог юм уу, суралцах гэж ордог юм уу гээд маш их шүүмжлэл сонссоон. Нас залуу, хэдийдээ ч туршлага хуримтлуулж амжих юм. Улс төр ч шинэ тутам байсан. Бидэнд туршлагажих цаг хугацаа үнэндээ байгаагүй шүү дээ. Анхны Их хуралд сум, нэгдлийн дарга, алдарт малчнаас өгсүүлээд Монгол Улсын төр тэргүүлж явсан хүмүүсийн гайхамшигтай төлөөлөл бүрдсэн байсан. Тиймээс тэр хүмүүсийн үгийг маш сайн сонсдог байсан. Бусдыг анхааралтай сонсдог байсан учраас аажуу боловч удаан суралцсан байх.
-Бусдыг сонсож, суралцах чадвар хүн бүрт ижил биш. Одоо зарим залуус бусдаас суралцахгүй, бараг л өнгөрсөн үеэ үгүйсгэж “Та нар одоо хэрэггүй” гэх тийм хандлага байгаад байх юм.
-Залуучууд маань өдрөөс өдөрт суралцаж, төлөвшиж байна. Парламент парламентын онцлог л байх. Зарим нь ч хурдан асаж богино хугацаанд тод гэрэлтэх хүсэл нь дийлээд байна уу даа гэж харагддаг юм. Шинэ үеийнхэн нь илүү ухаалаг, илүү хүлээцтэй болж байна. Төрд сонгогдон түмнээ төлөөлж ажиллана гэдэг зөвхөн насандаа эрдэж болдоггүй юм байна. Энэ бол цаг хугацаа, туршлага, бас олон зүйлд суралцаж байж төрийн түшээ болдог юм байна шүү гээд сургамж аваад өсөж өндийж байгаа дараагийн шинэ үе ирж байна. Энэ бол зүй тогтол шүү дээ.
-Таны хувьд, улс төр дэх холын зорилго тань юу вэ?
-Улс төр дэх холын зорилго гэхээр их сонин сонсогдож байна шүү. Их хуралд дөнгөж томилогдоод улс төрийн гараагаа эхэлж буй залуучууд маш итгэлтэй, урамтай хариулт өгөх байх. Миний хувьд өөрийн гэсэн хүсэл тэмүүлэл, бодол санаа маань зөвхөн албан тушаалын хүрээн дотор хашигддаггүй амбицтай хүн ш дээ. Улс орон, төр засгийн бодлого цэгцэрч ирээдүй, үр хүүхдүүдийн маань амьдрал аз жаргалтай, баталгаатай болох, монгол хүн нутаг орондоо тэгш дүүрэн, сэтгэл түвшин амьдрах тэр бүх нөхцөлийг бий болгох, хөгжлөө хурдасгахын төлөө хүсэл тэмүүлэлтэй хүн. Энэ бол ганц миний гэлтгүй монголын төрд үе үеэрээ хоёргүй сэтгэлээр зүтгэж ирэгсдийн цаг хугацаанд хязгаарлагддаггүй хүсэл мөрөөдөл, амбиц байх шүү.
-Сонирхолтой сэдвээр нээлттэй ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.
Ярилцсан: Ц.Оюунчимэг
2017-04 сар "Зиндаа" сэтгүүл №05 /505/