Ш.Должинсүрэн: Монголчууд ямагт толгой дээгүүр, бардам явах ёстой ард түмэн

2019 оны 06 сарын 28

“Зиндаа” сэтгүүлийн “Үлэмж төгөлдөр” булангийн хойморт “Уран гоёл” үндэсний хувцасны урланг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, хатагтай Ш.Должинсүрэн уригдлаа.


-Сайн байна уу? Тантай цаг тохирсны дагуу ярилцлага хийхээр зорин ирлээ.

-Сайн. Сайн байна уу. “Зиндаа” сэтгүүлийн “Үлэмж төгөлдөр” хэмээх эрхэмсэг сайхан буланд уригдсандаа маш их баярлаж, бас жаахан сүрдэж л байна. Манай урланд тавтай морилно уу.

-“Уран гоёл” урлангийн үйл бүтэг ээ.

-Баярлалаа. Энэ урлангаа байгуулахад минь хамгийн их нөлөөлсөн хүн миний ээж. Ээж минь мөн ч уран хүн байсан даа. /инээмсэглэв/

-Уран ээжийн охин үндэсний дээл хувцсаар монголчуудыгаа гоёж явна гэдэг үнэхээр сайхан санагдаж байна.

- Би уг нь хятад хэлний багш мэргэжилтэй хүн. Сургуулиа төгсөөд Батлан хамгаалахын их сургуульд багшилж байгаад 2004 онд анх бизнест хөл тавьж байлаа. Арав гаруй жил барилгын салбарт ажиллаад одоо хөнгөн үйлдвэрлэлийн салбарт зориглон ороод байна.

Манай урлан үндэсний хувцасныхаа уламжлалыг авч үлдэхийн зэрэгцээ үндэсний хувцас урлалд шинэлэг өнгө төрх нэмэхийг хичээж ирлээ.

-Барилгын салбар, хөнгөн үйлдвэрлэлийн салбар хоёр ёстой л тэнгэр газар шиг ялгаатай биз?

-Үнэнийг хэлэхэд, их мөнгөний төлөө явж байгаа хүн үндэсний хувцас урлал руу орохгүй шүү. Яагаад гэвэл энд халбагаар, барилгад шанагаар хэмжигдэнэ. Барилга том бизнес. Барилгын компаниа ажиллуулж байхдаа Монголын хамгийн анхны кран, сая долларын үнэтэй тоног төхөөрөмжийг Монголдоо оруулж ирж хэдэн арваар нь нийлүүлдэг байлаа. Бид арваад жил барилгын гадна фасад хийсэн. Улаанбаатар хотод гэхэд 80 гаруй барилгын, хэд хэдэн томоохон хотхоны гадна фасад хийсэн. Ажлаа хийхдээ энэ жилийн тренд өнгө юу байна, энэ барилга үнэтэй зарагдаж байна уу, дундаас дээш түвшнийх үү, эсвэл бүр дээд түвшнийх юм уу. Тэр болгонд сэтгэлээ шингээж ажилласан. Хийсэн бүхэн маань 1000 хүний нүдний өмнө ил учраас хотоор явахдаа их л бахархдаг байлаа. Барилгын компанийн олон захиралтай хамтарч ажилладаг, тэд ч надаас зөвлөгөө авдаг байсан. Би тэдэнд “Барилгын гадна фасад чанартай бөгөөд үнэтэй байх ёстой. Хотын сая хүнд зориулж үнэтэйг нь сонгох хэрэгтэй. Арав, хорин жил болоход энэ барилгын гадна тал өөрчлөгдөхгүй байхаар сонголтоо хий” гэж зөвлөдөг байсан юм. Жишээлбэл, Маршал тауны гадна талын шар өнгийг манайх гаргаж өгсөн. Бороонд норж, наранд гандахыг нь хүртэл тооцож гадна фасад, эмульсны өнгийг гаргана.

-Та олон жил ажилласан салбараа орхиод өөр бизнест орсон гэхээр тун ч зоримог алхам хийжээ. Үндэсний хувцас урлал руу яагаад ингэтлээ шимтэн дурлах болов?

-Арваад жил хүч хөдөлмөрөө зориулсан бизнес маань тун амжилттай байлаа. Гэхдээ л хүн өөрийн хүссэн юмаа хийх ёстой гэж би үздэг. Өдий насанд хүрчихээд хүссэн ажлаа хийж чадахгүй байна гэдэг харамсалтай биз дээ. Хэрвээ би үндэсний хувцас урлал руу ороогүй бол насныхаа эцэст харамсах байсан.

-Үүнд ээж тань их нөлөөлсөн гэж та хэлсэн. Чухам яаж нөлөөлсөн юм бэ?

-Одоо ингээд харж байхад уран ээжийн минь нөлөө, надад зааж сургасан, хийлгэж дадлагажуулсан бүхэн нь намайг энэ зам руу хөтөлж дээ гэж бодогддог. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн ээжийн минь чин хүсэл байсан юм.

-Та ээжийнхээ хүслийг биелүүлж, өөрийн дуртай ажлыг хийж яваа хүн юм аа?

-Ер нь хүн ээжийгээ амьд байхад нь мэддэггүй юм билээ. Ээж минь 2013 онд бурхан болсон. Түүнээс хойш жилийн дараа “Миний ээжийн надаар хийлгэхийг хүссэн зүйл энэ юм байна” гэдгийг би ойлгож, ээжийнхээ хүслийг би бүтээл болгосон. “Чи үүнийг хийх ёстой шүү” гэж хөглөж өгсөн хүн ээж минь байжээ гэдгийг хожуу боловч ухаарсан даа.

-Та барилгын бизнесээ орхисондоо харамсдаггүй гэж үү?

-Барилгын бизнесээ орхисондоо би өчүүхэн ч харамсдаггүй. Тэр далай шиг саван дотроос ийм саванд ороод ирсэн мөртлөө, би эндээс ямар их эрч хүчийг авч байна вэ. 40 гарсан хойноо би дахин охинтой боллоо. Өдөр болгон өөрийгөө шинээр хурцалж, илүү их сэтгэл ханамж, эрч хүчтэйгээр ажлаа хийж байгаа тэр их урам зоригийг ээж минь л надад өгсөн. /нулимс мэлмэрүүлэв/ Барилгын компаниа ажиллуулж 100 гаруй ажилчдаа удирдаад завгүй байх үед ээж юм оёхдоо байнга намайг дуудна. Миний охин хүрч ирээд ээждээ ганцхан энэ дээлийг эсгээд өгчихөөч, ганцхан энийг эмжээд өгөөч. Чи орой үдэш завандаа сууж байхдаа энэ нэг товч шилбийг нь хадаад өгөөч гээд л. Ээж минь өөрийгөө гоёод байгаа юм уу гэвэл үгүй, дандаа бусдыг гоёж явсан...

-Таны хувьд эмзэг сэдвийг тань хөндчих шиг боллоо... Урлангаа байгуулаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм байна. Анхны том захиалга хаанаас орж ирж байв?

-Урлангаа 2014 онд нээх үед миний хань Галаарид хэвлэл мэдээллийн хүн учир олны танил хүмүүс, найз нөхөд нь ирсэн. Ялангуяа Драмын театрын жүжигчид, кино урлагийн алдартнууд, дуучид ирж миний анхны шанг татаж өгсөн дөө.

Гэтэл Монгол кино нэгтгэлийн 80 жилийн ойд зориулсан түүхэн хувцаснуудын захиалга орж ирлээ. Би өөрөө төсөөлөө ч үгүй байхад, “Чи чадах юм байна” гээд манайд 20 гаруй түүхэн хувцас бүхий бүтэн коллекц захиалсан.

-Ямар гайхалтай юм бэ?

-Энэ сайхан бүтээлийг хийх тэр их эрч хүчийг өгсөн хүн бол Монгол кино нэгтгэлийн Солонго захирал. Удахгүй 80 жилийн ой болох гэж байна гээд “Манайхан өөрсдөө сонгосон, энэ торгоор хийгээрэй” гэлээ. Гэтэл тэр торго надад үнэхээр чамлагдсан. Би ашиг хараагүй. Маш их урам орж, маш их цагийг энэ бүтээлдээ зориулсан. Энэ захиалгын дагуу Богд хаан, Дондогдулам хатны хувцсыг бид урлах ёстой байлаа. Ийм үнэ цэнэтэй түүхэн хувцасны захиалгыг надад өгсөнд нь би хэмжээлшгүй их баярласан. Баярлахаасаа илүүтэй би айсан. Тэгээд цаг наргүй ажиллаж, түүхэн сурвалжийн олон ном эргүүлж, музей үзээд л миний хобби шууд өөрчлөгдсөн. Энэ агуу түүхэн хувцсыг урлан бүтээхэд зөвлөхөөр нь нөхөр маань ажиллаж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Чойжил гуай зөвлөж өгсөн.

-Жинхэнэ хувцсыг нь өмсчихөж гээд дуулиантаад байсан бүтээл танайх байх нь ээ. Та энэ бүтээлээрээ бахархдаг байх даа?

-Тийм ээ. /инээмсэглэв/ Бид маш их эрэл хайгуул, судалгаа хийсэн. Богд хааны хувцасны энгэрийн пүүзний хээ, мөрний хээ ямар учиртай, хээ нь ямар билэгдэлтэй, дээлний урт хэд байсан юм гээд олон зүйлийг судалсан. Манай дизайнер хээ болгоныг нь нэг бүрчлэн зурсан. Би Богдын музей руу хичнээн олон удаа явав. Ганцхан торгоны төлөө би Хятад руу явахад хэлний чадвар маань хэрэг болсон доо. Яг энэ торго байна уу гээд би зураг харуулаад л яваад байсан. Гэтэл нэг худалдаачин “Нилээн дээр үед надад хүн захиалаад аваагүй торго бий. Намайг хүлээж чадах юм бол би орой гэртээ очоод үзье. Чамд энэ торгыг олж өгч чадна.” гэлээ. Хүлээж байгаад л авсан. Тэр үед хөлтэй торгыг анх авчирч байлаа. Шатдаггүй алтан шашир хоргойг ч хайж олсон. Энэ бүхнийг хайж зургийн дагуу судлаад явтал бараг сар болчихсон байлаа. Надад оёх зав ерөөсөө байхгүй. Зураг авалтууд эхлэх гээд байна гээд л киноныхон, Солонго захирал яаруулаад байдаг. Малгайн дээрх очирыг нь хийлгэх гээд дархан руу хүртэл гүйгээд л... Дизайнер, оёдолчидтойгоо бүгд цаг наргүй ажиллаж захиалгаа хийж дуусгасан даа.

-Киноныхон бүтээлийг тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Энэ бүх коллекц гарсны дараа Батцэцэг эгч, Цогоо гуай гээд нэршчихсэн жүжигчин хоёр бидний бүтээлийг өмсөх боллоо. Тэр үед зураач нь “Би Монгол кино нэгтгэлд насаараа ажилласан хүн. Ийм гоё хувцас харж байсангүй. Чи ёстой үнэхээрийн гоё хувцас хийжээ” гээд уйлж байсан юм. Хувцас гоё байхаар зураач нь хүртэл баярладаг юм билээ.

-Таны урласан бүтээлийг жүжигчид өмсөөд гарч ирэхэд сайхан байсан биз дээ?

-Монгол кино нэгтгэлийн 80 жилийн ойн парад эхлэхэд киноны жүжигчид бүгд цугласан байлаа. Гэтэл “Танайх Богдын музейгээс ориг хувцсыг нь түрээсэлсэн юм уу” гэж хүмүүс асууж байна. Тэр бол надад үнэхээр сайхан санагдсан. Тийм учраас энэ бүтээлээрээ би маш их бахархдаг. Хамгийн гол нь, энэ бүтээлийг хийснээрээ хүмүүсийн намайг үнэлдэг үнэлэмж эрс өөрчлөгдсөн. Би баярлаад л маш их урам орж, тэр чигтээ түүхэн хувцасны судалгаа руу орсон доо.

-Танай урлангийн нэр ямар түүхтэй вэ?

-Хамгийн анх урландаа нэр авах болж бид хоёр аугаа түүхч Нагаанбуу агсантай очиж уулзлаа. “За дүү нь одоо л дуртай юмаа хийх гэж байна. Та нэг нэр бодож өгөөрэй” гээд монгол үндэсний хувцас урлах тухайгаа ярилаа. Бодъё гэж байна. Арваад хонолоо. Гэтэл нэг өдөр утасдаад “Хүрээд ирээч” гэлээ.

Бид хоёр яваад очсон чинь “За ах нь нэг нэр өгье. Ерөөсөө хийц нь уран байх ёстой. Чи уран ээжийн охин уран байх ёстой. Тэгээд энэ хувцсыг өмссөн хүн гоё харагдах ёстой. Чиний энэ газар оёдлын газар, салон биш. Энэ бол бүтээл гаргах урлан юм байна” гэж хэлээд “Уран гоёл урлан” гэдэг нэр хайрласан. Тэр аугаа хүн ийм сайхан үг хэлсэнд нь би маш их билэгшээсэн.

-Үнэхээр учиртай нэр авсан байна шүү?

-Дөнгөж урлангаа нээгээд түүхэн хувцасны 20 гаруй коллекц бүтээх захиалгаа урлаж өгсний дараа Монгол кино нэгтгэл мөнгөө шилжүүлье гэлээ. Манайд компани байдаггүй. Улсын бүртгэлийн газарт очоод хайлгасан чинь “Уран гоёл урлан” гэдэг нэр гараад ирсэн. Ямар их баярласан гэж бодно. Энэ нэр намайг хүлээгээд л байж байсан... Би ийм гоё нэр авсан юм чинь уран оёхгүй бол болохгүй. Хийж байгаа бүхэн маань бүтээл болох ёстой. Нэг дээл байсан ч энэ бол бүтээл... Энэ бүхэн яг л санаснаар болсон доо. Анхны коллекцуудаа гаргаад маш их баярлаж байлаа. Энэ миний анхны захиалга, энэ Уран гоёл урлангийн хамгийн анхны хийц гээд хувцас болгондоо сэтгэл гаргаж ажилласан. Бид загвар болгоноо чанартай гаргахын төлөө үнэхээр хичээж ажилладаг. Үүний үр дүнд манай загварууд өнгөрсөн жилийн “Grand Expo”, “Women Expo”-гийн шилдэг загварын шагнал хүртлээ.

-Түүхэн хувцасны тухайд музей, ном сурвалжаас хараад яг адил хийж болдог байж магадгүй. Харин үндэсний онцлог бүхий шинэлэг загвар гаргахдаа юунд хамгийн их анхаардаг вэ?

-Анхны том захиалгаа аваад түүхэн судалгаа руу орж байсан тэр үед анх удаа үнэтэй брэндийн дэлгүүр орж, интернэтээр аялаад л, жилийн өнгөний сонголт гэхчлэн загварын ертөнцийн олон зүйл, хувирлыг ажигладаг болж эхэлсэн. Одоо бол энэ бүхэн миний өдөр тутмын ажлын нэг хэсэг. Энэ бүхнээс түүхэн сурвалж судалж загварын шинэ санаа гаргах нь миний ажилд хамгийн чухал байр суурь эзэлдэг юм.

-Монголын түүхэн сурвалж бүтээлүүд нэг үеэ бодвол элбэгшжээ. Үнэхээр ховор чухал ямар бүтээл таны хувьд их үнэ цэнэтэй олдож байсан бол?

-Өвөрмонголд нэгэн номын дэлгүүрт ороод “Би үндэсний хувцас сонирхдог хүн байгаа юм. Үндэсний хувцастай холбоотой ном байна уу” гэсэн чинь “Нэг ном байгаа” гээд тавиурынхаа хамгийн дээд талаас шороо дарчихсан ном авчирч өгсөн. Үнэ нь манай мөнгөөр 400-500 мянган төгрөг. Хятадын 50 гаруй үндэстний хувцас бүгд орсон энэ ном 6 ботиор гарсан юм билээ. Миний авсан боть нь “Монгол үндэстний хувцасны зурагт толь”. Одоо энэ ном миний ширээний номуудын нэг болсон. Энэ номонд Монголын өв соёлын баримт ямар их байгаа гэж бодно. Яалт ч үгүй бид нарын мах цусны тасархай тэнд байгаа болохоор би булаалдаж чадахгүй юм даа. Монголын олон ястан үндэстний хувцас ямар баялаг өв сантай юм бэ гэж ихэд биширсэн.

-Монгол хувцасны хувьд бусад орны үндэсний хувцаснаас юугаараа их онцлог ялгаатай байдаг вэ?

-Энэ номон дээрх зургууд нь энэ хувцаснууд Монгол, энэ үндэстэн өөрөө Монгол гээд батлаад өгчихсөн байгаа. Ямар ч тансаг байсан юм. Саяхан нөхөр маань надад Солонгосын олдвортой ном авчирч өглөө. Дизайнертаа өгч “Авах санаа байвал хараарай” гэсэн чинь “Ямар ядуу байсан юм бэ, ерөөсөө таараар хийсэн хэдэн дээл л байна” гэж байсан. Тэгэхэд манай Монгол хувцас хичнээн тансаг гэж бодно. Монгол үндэстний хувцасны эрин үе гэж нэрлэгдсэн байгаа юм. Шүр, сувд, танаар хээнүүдийг нь хатгасан байна. Буриад хувцас гэхэд Монголынх гээд бүгдийг нь тайлбарлаад биччихсэн. Ийм тэнгэрлэг, баялаг түүхтэй ард түмний соёлыг бид түгээж, дэлгэрүүлж, сурталчилж үр хүүхэддээ гараар барьж нүдээр харуулж мэдрүүлэх ёстой юм. Оёх гэж хичнээн их ур ухаан, хөдөлмөр орсон бол. Энэ бүхэн бүгд гайхамшиг.

Монголчууд алт, мөнгө, шүр, сувдаар гоёж тансагласан ихэмсэг угсаа гаралтай улсууд. Монголчууд ямагт толгой дээгүүр бардам явах ёстой ард түмэн. Өмссөн хувцсандаа хүртэл бардам байх ёстой.

-Монгол үндэсний хувцсаараа гоёдог хүмүүс улам л олширч байгаа. Энэ ч сайн тал байх шүү?

-Тийм ээ. Би гадагшаа явахдаа Монгол үндэсний хувцсаараа гоёсон хүмүүсээр их бахархдаг. Жишээ нь, Адидас гэж нэрлээд байгаа агуйн олдвор гэхэд “Ямар уран байсан юм бэ” гэж гайхмаар, гайхуулмаар. Монгол загварууд дэлхийд гарна гэдэгт би итгэлтэй байдаг. Монгол хэв маяг, Монгол хээ угалз, Монгол загвар Миланы тайзан дээр гараасай гэж би боддог. Миний дизайнер гарах ч юм билүү. Өнөөдөр би өдөр бүр ажилчдаа юм хийлгэх гэж хурцалж, ингээд сууж байгаа нь мөрөөдөж буй амжилтын маань эхлэл ч байж мэднэ шүү дээ.

-Танайх шинэ коллекц олныг бэлтгэж байна уу?

-Бид үндэсний хэв маягийг нь алдагдуулахгүйгээр орчин үе рүү оруулсан гэж болохуйц коллекц дээр ажиллаж байна. Энэ ажил 2-3 жил үргэлжилж магадгүй. Ганцхан Монголдоо гэхгүй гадагшаа гаргана, зах зээл өргөжинө гээд бэлтгэж байгаа. Би энэ загвараа нэг хүнд үзүүлсэн юм. Гэтэл манай загварын зургуудыг хараад “Загвар бол үнэхээр сайн байна. Энэ загвараас чинь сэтгэл ханхалж байна” гэсэн.

-Танайх жилдээ хэдэн коллекц гаргадаг вэ?

-Дөрвөн удаа, нэг гаргахдаа 20-30 хувцастай коллекц буюу жилдээ 100-гаад загвар гаргаж байна. Европт одоо Ази загвар тренд болж байгааг бид мэдэрч ажиллах ёстой. Би зураг үзүүлж байгаад эндээс ганцхан ширхэг элементийг нь ав, эсвэл ганцхан ширхэг хээг энд оруул гэж дизайнертаа хэлдэг. Жишээ нь, энэ зүгээр л нэг өмд цамц. Өмд нь 60- 70-аад оны үеийн трапезан өмд. Гэтэл энд уул, үүлэн хээ байна. Хэн Монгол биш гэх юм бэ. Энэ зах, нударгыг нь хар. Манайхан чөдөр ногтоо зангиддаг уран сүлжээстэй улс. Сүлжээс нь хүртэл монгол шүү.

-Үнэхээр өвөрмөц юм. Та нар хэр олуулаа ажилладаг вэ?

-Манайд сайн дизайнерууд орж ирсэн. Хамгийн гол нь сэтгэлтэй хүмүүсээр багаа бүрдүүлж чадсан. Нэг хүний хувцасны төлөө бүгд санаа зовдог. Ганцхан хүн оёод дуусгах юмны төлөө бүгд сэтгэл гаргаад сууж байдаг, тийм л хамт олон доо. Цагаан сар, баяр наадмын үеэр бид бараг 30 гаруй хүнтэй, энэ дотроо багтахгүй бужигнана. Бусад үед 15 орчим хүнтэй. Компани ямар байдаг вэ, яг л тэр зарчмаар ажиллана. Алдагдалтай ажиллаж байсан ч энэ хүмүүсийнхээ цалин, нийгмийн даатгал, татвар гээд бүгдийг төлөх ёстой. Энэ хүмүүсийн надад гаргасан сэтгэлийн хариуд миний үүрэх ёстой үүрэг, хариуцах ёстой хариуцлага энэ. Миний хувьд ганцхан өөрийнхөө төлөө яваагүй. Энэ хамт олны төлөө нэгэнтээ эхлүүлсэн ажлаа үр дүнтэй явуулж урт удаан хугацаанд тогтвортой байлгахын тулд энэ бүхнийг хийж байгаа. Одоогийн ихэнх оёдолчид подволд агааргүй орчинд ажиллаж, үс нь цайж, хөөрч хөшдөг өвчтэй болж халширч байна. Гэтэл бид яагаад хийж байгаа ажлаасаа таашаал авч болдоггүй юм. “Үнэхээр гоё болжээ” гэсэн сэтгэлийн үг сонсох сайхан шүү дээ. Энэ болгоныг хүн л хийнэ.

Нэг бүрчлэн эсгэж, оёж, утас болгоныг шаглаж, тэр бүхэндээ сэтгэлээ шингээж байна. Хүний биеийн онцлогт тохируулж, өө сэвийг нь далдлахын тулд зөвхөн тухайн хүнд зориулсан загвар гаргаж эсгээд, заавал примерк өмсгөж байж оёж дуусгана. Үүн дээр л мэргэжлийн хандлага гарч ирж байгаа юм.

-Танайх Цагаан сар, баяр наадмаар ачаалал ихтэй биз?

-Цагаан сараар бид бүтэн сар шахам цаг наргүй ажиллаж олон хүнийг дээл хувцсаар гоёсон. Наадмын хувцсыг манайд 2 сарын өмнөөс л захиалаад эхэлдэг. Үйлчлүүлэгчид маань манай шинэ загваруудыг бүр хүлээдэг. Шинэ загвар гарвал хэлээрэй гээд утсаа үлдээдэг юм. Тэр загварууд нь цор ганц хувь гарна. /хэд хэдэн альбом дүүрэн загварын зургууд үзүүлэв/ Мөн цаг үеийн шинж чанартай коллекцууд ч гаргадаг. Тухайлбал, Хонхны баярын коллекц маань бэлэн болсон.

-Их гоё, өвөрмөц содон, үндэсний онцлог шингээсэн загварууд байна.

-Загварын онцлог болгон ажиллагаа ихтэй. Жишээлбэл, энэ дээлний шигтгээ нэг бүрийг ширхэг ширхгээр нь оёно. Зөвхөн шигтгээ нь 1 кг. Гэтэл энэ загвар цор ганц байх жишээтэй. Манайх ШУТИС төгссөн дөрөв таван дизайнертай. Би дизайнерууддаа их баярладаг юм. Тэд маань өөрт байгаа материалаар хэв донжийг нь олж тансаг загвар гаргаж чаддаг. Манайд оёсон дээлийг би хараад л шууд танина. Яагаад гэвэл манай хувцасны оёдлын стандарт өөр. Би захыг нь хараад л манай дээл мөн, бишийг шууд хэлнэ.

-Та хүмүүстэйгээ их ойр байж ажлаа явуулдаг юм байна?

-Би нэг ч цаг мөчид эднээсээ хол байсан удаагүй. Хичнээн ачаалалтай байх тусам би ажлын ачааллаас нь хуваалцах ёстой. Өөрөөр хэлбэл, би энд сэтгэлээрээ л байх ёстой гэж үздэг юм. Захиалга авдаг хүн байна. Дизайнер зургаа гаргана, эсгүүрчин байна. Оёдлоо харуулж, өнгө хосолгоог нь харна. Үнэндээ миний хэрэг байхгүй юм шиг боловч жаахан ч гэсэн сэтгэл дутчих вий гэж бодогдоод байдаг. Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ. Тэр болгон дээр би өөрөө л гүйдэг. Манай дизайнер хичнээн завгүй байсан ч намайг ирэнгүүт “Захирал аа, би ийм ийм загварууд гаргасан. Таны хэлсэн санааг энэ загвар дээр буулгалаа. Одоо таны санаа гүйцэд гарсан байна уу? Таны авчирч өгсөн материалын сонголтонд би нийцүүлж чадаж уу” гээд харуулна. Тэдэндээ зөвлөөд аль болох ойр ажиллахыг л боддог.

-Үйлчлүүлэгчиддээ ямар зөвлөгөө өгдөг вэ?

-Үйлчлүүлэгч захиалга өгөхөөр ирэхэд “Таны царайнд арай өөр ийм өнгө илүү тохирно, үүнийг сонго. Жаахан хурц өнгө оруулж эрч хүчтэй харагдъя л даа. Эсвэл их даруухан мөртлөө таныг үнэ цэнэтэй харагдуулах энэ өнгийг сонгоё” гэх мэтчилэнгээр тухайн хүнд зохимжтой өнгийг нь сонгоход тусалдаг. Жаахан ч гэсэн юманд сэтгэл агуулагдаж байдаг юм.

Би бүр “Нууц биш бол таны ээлтэй өнгө ямар өнгө вэ” гэж хүртэл асууна.

-Үйлчлүүлэгчдээсээ сонссон хамгийн сайхан үг гэвэл?

-Монгол кино нэгтгэлийн 80 жилийн ойн арга хэмжээний хүлээн авалтанд уригдлаа. Тэнд Драмын театрын жүжигчин Баясгалан тааралдаад “Доогий эгчээ, таны сэтгэлээ шингээж хийсэн хоёр дээл надад үнэхээр таалагдсан. Тэр дээлэн дээр би хоёр удаа энгэрээ цоолсон” гээд санаандгүй ярьсан юм. Гэтэл тэр үед бас нэг хүн “Доогий чи надад нэг ногоон дээл хийж өгсөн дөө. Дараахан нь би Боловсролын тэргүүний ажилтан болсон” гээд л. Ийм үг хэлж байсан хүн олон бий. Нэг талаас, манай Уран гоёл урланд хийсэн дээл өмссөн хүмүүстээ ээлээ өгч дээ гэж бодогдож байгаа юм. Нөгөөтэйгүүр, тэр хүн өөрөө хөдөлмөрлөсөн учраас амжилтыг нь манай дээл чимж өгсөн байна. Тэр сайхан талархлын үгэнд би маш их баярласан.

-Танайх хүүхдийн хувцас урладаг уу?

-Би хэвлэл мэдээллийн салбарынхантай гурван жил орчим хамт ажилласан хүн л дээ. Хамгийн анх нэг сэтгүүлч бүсгүй ихэр хүүхэдтэйгээ ижил энгэр дээрээ зурагтай үнэтэй загвар захиалсан юм. Манайх дээлэн дээр зураг зурахдаа будгийг нь Америкаас захиалж авчруулдаг. /загварыг үзүүлэв/ Ийм олон өнгө ороод гоё зурсан байгаа биз... Тэр хүүхэн хүүхдүүдийнхээ зургийг үлгэрийн баатрын дүр шиг зуруулж байгаад дээлээ хийлгэсэн нь их гоё болсон. Дараахан нь тэд маань памперсны сугалаанаас кэндигээр жийп машин хожсон гээд над руу ярьсан юм. Тэр үед нь би анзаараагүй байсан чинь, фэйсбүүкт зургаа тавиад “Доогий эгчээ таны хийж өгсөн хувцас надад үнэхээр аз дагууллаа. Би ёстой их баярласан” гэж бичээд намайг tag-ласан байлаа... Энэ бүхнээс л би сэтгэлийн таашаал авдаг. Их гоё мэдрэмж төрсөн. Бидний оёсон хувцасны ширхэг болгонд, шилбэ бүрт нь сэтгэл шингэсэн байх ёстой юм. Сэтгэл дутчих вий гэсэндээ л би өөрөө энд байж байдаг.

Бусдаас илүү байхын тулд, би чин сэтгэлээсээ ээжийнхээ, эгчийнхээ хувцсыг хийж байгаа юм шиг, аавдаа, ахдаа, хүүхэддээ хийж байгаа юм шиг л ажилладаг даа.

-Хүүхдийн баривч, анхны гоёлын дээлийг нь танайд захиалж болох нь ээ?

-Тийм ээ. Бид хүүхдийн баривчны захиалга авдаг. Хүмүүс “Юу боллоо гэж ийм үнэтэй урланд хүүхдийн хувцас оёх юм” гэдэг л дээ. Бусад урлангууд авдаггүй шүү, та нар сайн асууж үзээрэй. Тэгэхэд би хүүхдэд баривч хийж өгөхдөө яг өөрийн гараар хонхыг нь хүртэл оёж тогтооно. Захных нь ухлааг хадаж байхдаа нэрийг нь шивнээд оёж байх их гоё. Сэтгэлээ шингээж хүүхдийн анхны хувцсыг урлах хамгийн сайхан. Энэ хувцаснаас тэр хүүхдийн сайн сайхан явах зам мөр бүгд харагдана. Бид бусад урлан шиг тийм тансаг орчин бүрдүүлж чадаагүй байж болно. Гэхдээ хэний ч гаргаж чадаагүй сэтгэлийг би гаргах ёстой гэж боддог. Яг л ээж аав нь хүүхэддээ юм оёж байгаа юм шиг... Би бүр үнэтэй брэндийн хувцас шиг хайрцаг хийлгэсэн. Анх хүүхдийн баривчны хайрцаг захиалж байхад “Яагаад ийм жижигхэн байгаа юм” гэж надаас асууж байлаа. Тэгэхэд нь би “Энэ хүүхдийн дээлийг багадахаар ээж аав нь хайрцаганд нь хийж хадгална” гэж хариулсан. Тийм учраас би нөхөртэйгөө ярьж байгаад хайрцагных нь буланд “Аз жаргалын бэлэг” гэж бичүүлсэн юм. Яагаад аз жаргалын бэлэг вэ гэхээр, хүүхэд төрснөөрөө айл гэрт аз жаргал бэлэглэж байна шүү дээ.

-Уран гоёл урлангийн уриа үг нь юу вэ?

-“Хийцээр гайхуулж чанараар илүүрхэнэ”. Үйлчлүүлэгчийнхээ сэтгэлд хүртэл чанартай бүтээл хийж чадвал үнэтэй байсан ч хамаагүй гэж бид үздэг. Гэхдээ хэтэрхий үнэтэй байдаггүй юм. Жишээ нь, Силк капиталд дээлний торго нь 800 мянган төгрөг байхад яг тэр япон торгоор хийсэн дээл манайд 800 мянган төгрөгөөр гарна. Би үүнийг бардам хэлнэ. Тэнд метр нь 300 мянган төгрөгний үнэтэй торго байхад, манайд 200 мянгын үнэтэй. Тэнд адилхан л эмэгтэй хүмүүс ажиллаж байгаа. Гэхдээ бид хэт өндөр үнэтэй биш ч чанартай юм хийе гэсэн эрмэлзлэлээрээ бусдаас ялгардаг. Жишээ нь, би хэвлэлийнхэнд ойр байдаг учир эфирт өмсөхөд зохимжтой өнгө ямар байх талаар сэтгүүлчдэд зөвлөдөг. Телевизийнхэн их ирдэг юм. Эфирээр гарч байгаа хүний өмссөн хувцас манайх байхад л би сэтгэлийн таашаал авна шүү дээ.

-Танай урлангийн бүтээлийг өмсөөд олны анхааралд орсон ямар хүмүүс байдаг бол?

-МҮОНРТ-ийн захирал Нинжжамц захиалга өгч, энгэр дээрээ монгол хатны зурагтай цамц, юбка хийлгэсэн юм. Гадаадад олон улсын нэг арга хэмжээн дээр Нинжээ захирал гарын үсэг зурах гээд тэр хувцсаа өмсөөд гарсан гэдэг. Гэтэл “Бүх камер өөрийн эрхгүй над руу эргэж, бүх хүний харц над дээр туссан гэдгийг би мэдэрсээн, Доогий... Би үнэхээр Монголоороо бахархсан, бардсан” гэж ярьж байсан. Энэ хувцас зөвхөн Нинжээд зориулсан ганцхан хувь, зураг нь ч ганцхан хувь. Өөр олон тохиолдол бий.

-Гайхалтай... Торгоны чанар, хээний билэгдэл гээд анхаарах зүйлийн талаар та зөвлөөч?

-Хээний билэгдлийг сайн мэддэг байх юм бол эргээд хүмүүстээ ээлтэй. Жишээлбэл, эрэгтэй хүнд ээлгүй, эмэгтэй хүнд ээлгүй хээ гэж бий. Хүүхдийн баривч гэхэд манайхан голдуу л дээр үеийн орос үстэй цоохор даавуугаар хийдэг. Тэр чинь амьтны дүрс ихтэй. Амандаа шүдтэй араатан нялх хүүхдэд таардаггүйг анхаарахад илүүдэхгүй. Харин торгоны чанарын хувьд утас нь хүр хорхойн жинхэнэ торгон утас мөн үү гээд босоо, хөндлөн бүх ширхэгт нь шалгаж мэдэж болно. Торгыг илээд үзэхээр сайн торго мэдэгддэг. Жинхэнэ хүр хорхойн торгоны баригдаж байгаа мэдрэмж өөр, харагдах байдал нь ч өөр. Манайх Индонез, Солонгос, Япон, Хятадаас торго авчирдаг. Япон торгоны онцлог нь давтагдашгүй хээ угалзыг ганцхан хувь хийж өгдөг. Мөн Индонез батик торго, Тайландын таар авчирдаг. Тайландын 100 хувийн таар маш сайн. Салхи нэвтэрнэ, ялангуяа бөхчүүдэд их зохимжтой. Та хэд энэ материалаар хийсэн манай цамцыг хараарай, маш гоё хатгамалтай. Мөн дээл, бүсэн дээрээ зүү орооно. Уран зургийг дээл бүсэн дээр нь зурж байгаа. Энэтхэг даавуунууд ч оруулж ирж байна.

Амандаа шүдтэй араатан нялх хүүхдэд таардаггүйг анхаарахад илүүдэхгүй. Харин торгоны чанарын хувьд утас нь хүр хорхойн жинхэнэ торгон утас мөн үү гээд босоо, хөндлөн бүх ширхэгт нь шалгаж мэдэж болно.

-Танайх бөхчүүдийн дээл, хувцсыг урладаг байх нь ээ?

-Бөхчүүд дээлээ захиалдаг юм. Зүй тогтлыг нь хараад байхад, өнгөрсөн жил түрүүлсэн бөх улаан дээлтэй байх юм бол дараа жил нь олон хүн улаан дээл захиалж өмсдөг. /инээв/ Батсуурь арслан нэг жил түрүүлж арслан цол авахдаа хүрэн дээлтэй байсан. Дараа жил нь манайд хүрэн дээлний захиалга их ирсэн шүү. Танайх Батсуурийн дээлийг хийсэн гэлүү гээд л ороод ирдэг. Бөхчүүд дээл захиалахад нь “Ямар жилтэй хүнээр дээлээ оёулах вэ, хэлээрэй” гэдэг. Хүн харахад санаандгүй юм шиг байж болох ч би сэтгэл гаргаж байгаа учраас, энэ бас түүх л дээ.

-Эмэгтэй хүний дээлтэй холбоотой ямар түүх байдаг вэ?

-Миний нэг найз хүүхэдтэй болохгүй их удсан юм. Тэгээд би “Найз нь дээлийг нь хийж өгнө. Чи манайд дээлээ хийлгээрэй” гэж хэлсэн. Би найзыгаа “Хүсэл нь тэгш дүүрэн бүтээсэй” гэж ерөөж байгаа юм. Дараа нь би олон хүүхэдтэй хүнээр дээлийг нь оёулсан. Ер нь дизайнерын өөрт чинь тааруулж сонгосон өнгө, загвар, ганцхан танд зориулаад зурсан зургийн дагуу урласан хувцсыг эмэгтэй хүн нэг удаа ч гэсэн өмсөж үзэх хэрэгтэй.

-Гэр бүлийн хоёр ижил өнгийн дээлээр гоёсон харагддаг. Заавал ижил өнгөтэй биш ч ижилсэх ямар боломжийг танайх санал болгодог вэ?

-Манайх “Багцын зөвлөгөө” өгдөг юм. Мөн хуримлаж буй хосуудад даллаганы уут зориулан хийж өгдөг уламжлалтай. Хуриманд өмсөх дээлээ захиалахаар нэгэн гэр бүлийн хосууд ирсэн юм. Тэр үед би “За танай хүүхдүүд ийм дээл сонгож байна. Танай худын тал ийм өнгөөр дээл захиалсан. Та нар ийм өнгө сонговол зүгээр” гээд зөвлөлөө... Эхнэр нь л дийлээд байгаа юм./инээв/ Тэр хүний эхнэрийнх нь дээлийг хүссэн өнгөөр нь хийгээд, нөхрийнх нь дээлэнд эхнэрийнх нь дээлийн өнгөөр эмжээр оруулчихсан. Хосолсон уу хосолсон. Ийм зүйл үндэсний дээл хувцсанд дутаад байх шиг санагддаг. Хуримлах хосуудын бүсгүйн аав нь монгол хувцас өмсдөггүй, ёс юм өмсье дөө гээд ирсэн юм билээ. Би дизайнертайгаа ярьж байгаад бүр өнгө сонгож өгсөн. Дараа нь нөгөө дээлээ өмсөж байхад нь хүү, охин хоёр нь ороод ирлээ. Гэтэл охин нь “Аав аа, та одоо яг аав шиг харагдаж байна” гэж байлаа. Аавыгаа хуриман дээр нь тийм л байгаасай гэж хүссэн байна.

-АСЕМ-ийн үед манай улсын ерөнхийлөгч дээлээрээ гайхуулж байсан нь нүдэнд харагдах шиг л боллоо.

-Монголчууд гал махбодьтой дүрэлзсэн улсууд. Элбэгдорж ерөнхийлөгчийн өмссөн хувцас надад таалагдсан. Яагаад гэвэл, тэр өнгөнөөс эрч хүч мэдрэгдэж байсан. Ерөнхийлөгч маань Монголоороо гоёж байна. Маш эрхэмсэг бардам, галзуу гал шиг асаад л “Та нарын хэнд ч байхгүй ийм гоё Монгол хувцас, Монгол соёл энд байна” гэж олон орны ерөнхийлөгч нарт ёстой нэг гайхуулсан даа. Харахад инээдтэй юм шиг ч, тэр хүн Монголоороо бахархаж байна. Хүн болгон ийм бардам, харц дээгүүр яв л даа. Монгол соёлоороо бахархаад цээж тэнэгэр, харц дээгүүр, бардам бөгөөд эрхэмсэг алхана шүү. Бидний баатарлаг өвөг дээдэс дэлхийн хаа сайгүй явж дайтахдаа Монгол соёлыг түгээсэн. Магадгүй энүүхэн дов толгод дотроо байсан бол Монгол соёл дэлхийгээр нэг тарахгүй ч байсан байж мэднэ.

-Таныг Галаарид ерөнхийлөгчийн гэргий гэдгээр нь олон хүн мэднэ. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Галаарид гуай таны ажлыг ойлгож дэмждэг, бараг танай урлангийн хамгийн сайн загвар өмсөгчдийн нэг юм биш үү?

-Манай хүнд дээл их сайхан зохидог. /инээмсэглэв/ Монгол ёс заншил, монгол ахуйдаа хайртай болоод л тэр байх. Ер нь нэг гэр бүлийн хоёр нэгнийгээ ойлгож дэмжиж явдаг учраас тэгж харагддаг болов уу.

-Та хоёр хэзээ анх танилцаж байв. Энэ тухайгаа ярьж болно биз дээ?

-Бид нэг нутаг усных л даа. Уул Алтайгаараа овоглосон хүмүүс. Нутаг маань биднийг танилцуулсан. Ханийгаа 9-10-р ангид сурч байхад би 1-р ангийн хүүхэд байсан. Манай хүн шинэ жил бүрээр өвлийн өвгөн болж хүүхдүүдэд бэлэг өгөхөд нь би ч бас бэлэг авч байсан байх. Өвлийн өвөөд дурласан юм биш үү. /инээлдэв/ Яг үнэндээ бид хоёр анх Нутгийн зөвлөлийн уулзалт дээр танилцаж байлаа. Алтай нутаг маань намайг уул шиг түшигтэй сайхан ханьтай учруулсан гэж би боддог. Хань минь надад Алтайн хөх уулс шиг, аав шиг минь нөмөр нөөлөгтэй, түшигтэй санагддаг. Эмэгтэй хүн аав шигээ, эрэгтэй хүн ээж шигээ ханьтай болохыг хүсдэг дээ. Манайх гурван охин, нэг хүүтэй айл. Охид маань аав шигээ хүнтэй л сууна гэдэг юм. Би охиддоо “Эмэгтэй хүн сайн эхнэр, сайн эзэгтэй байх ёстой. Өөрөө түшихээс гадна ханьдаа түшиг болох ёстой” гэж хэлдэг. Би өөрөө ч тийм байхыг хичээдэг. Эмэгтэй хүн гэдэг эр хүний хайр, нөмөр түшигт улам өнгөжиж сайн сайхан явдаг шүү дээ.

-МСНЭ хэмээх том айлыг 8 жил удирдсан Галаарид ерөнхийлөгч сэтгүүл зүйн бүхий л жаргал, зовлонг биеэр туулсан байх. Та ажлыг нь хэр сайн ойлгож дэмждэг байв?

- Миний хань сэтгүүл зүйд олон жил ажиллаж, ёстой л халуун тогоон дотор нь буцалсан хүн. “Сэтгүүлч хүн үнэний талд байх ёстой” гэж үздэг зарчимтай. Хэтэрхий гэмээр шударга байгааг нь би хардаг учраас ханьдаа өчүүхэн ч эргэлзээгүйгээр итгэж бардам явдаг. Хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг нь хүртэл цаанаасаа л хэвлэлийн хүн болоод төрчихсөн юм шиг. Энэ олон жил ханилахдаа ханиасаа худал хуурмаг зүйл нэг ч удаа олж хараагүй.

-Сэтгүүлчдийн бичсэн зарим сөрөг мэдээлэлд та эмзэглэдэг үү?

-Ханийнхаа үнэн зөвд итгэж явдаг учраас, энэ бүхэн худал гэдгийг нь хамгийн ойр байсны хувьд мэддэг учраас би огт эмзэглэдэггүй. Шударга үнэнч, төв явахад нь ч тодорхой хэмжээнд нөлөөлж чадсан байх гэж боддог. Яагаад гэвэл би хамгийн ойр байж, ойлгож, туслах ёстой хүн нь учраас оюуны их ачаалалтай ажиллаад ирэхэд нь аль болох тайван амгалан, тав тухтай байлгахыг эрмэлздэг. Цаг хугацаа бүхнийг харуулна гэж л боддог доо.

-Сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Танай хамт олонд ажлын их амжилтыг хүсье.

Ярилцсан: Ц.Оюунчимэг

"Зиндаа" сэтгүүл 2018 он №09/509 дугаарт нийтлэгдсэн ярилцлагаас онцлов

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Fix it(98.253.30.34) 2019 оны 07 сарын 07

Ene iyn booroo zaraach maraach gesen hachin iymnuud yavaad bnaa. Admin n uuniigee yanzlaachee.

0  |  0
matilda(197.234.221.188) 2019 оны 07 сарын 05

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(197.234.221.188) 2019 оны 07 сарын 05

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(197.234.221.188) 2019 оны 07 сарын 05

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
DR. PRADHAN(105.112.56.232) 2019 оны 07 сарын 04

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
matilda(197.234.221.244) 2019 оны 07 сарын 01

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Хэрэг хуучирдаггүй (172.58.59.49) 2019 оны 06 сарын 28

Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.

0  |  0
Хэрэг хуучирдаггүй (172.58.59.49) 2019 оны 06 сарын 28

Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.

0  |  0
Хэрэг хуучирдаггүй (172.58.59.49) 2019 оны 06 сарын 28

Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.

0  |  0
Хэрэг хуучирдаггүй (172.58.59.49) 2019 оны 06 сарын 28

Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.

0  |  0
Хэрэг хуучирдаггүй (172.58.59.49) 2019 оны 06 сарын 28

Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.

0  |  0
Хэрэг хуучирдаггүй (172.58.59.49) 2019 оны 06 сарын 28

Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.

0  |  0
лдж(202.126.88.230) 2019 оны 06 сарын 28

естой юм бол ... тэгээд яагаад гууйлгачин, улун зэлмуун, амьдарч бна....

0  |  0
matilda(197.234.221.194) 2019 оны 06 сарын 28

Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
зочин(202.55.188.33) 2019 оны 07 сарын 06

Ямар тэнэг авгай вэ???.Ихэмсэг бардам толгой дээгүүр явах ёстой ч гхшг...бүр нүдэнд харагдчихлаа,гадаадад Галирадтайгаа хоёулаа, дээгүүр харчихсан ,ихэмсэг бардам дүр төрх үзүүлэх гэж ядацан, хоёр жартгар хар юм...европ, америк,англичууд хөл дор нь тээглэж бүдрээд л...кккк,Элбэгд0ржийг дүгнэснийгээ... маш ихэмсэг ,галзуу,гал шиг асаад, олон орны ерөнхийлөгч нарт ёстой нэг гайхуулах шиг болсондоо гэчжээ...ккк ичиж үхмээр улаан дээлтэй чавганц шиг элгийн амьтан,өмнөөс нь монголчууд ичиж үхэнгээ алдсан ,ёстой тэнэгийн тэнэг ,эргүү хүүхэн чинь энэ байна даа, шамбийчаад.

0  |  3
Top