ҮЛЭМЖ ТӨГӨЛДӨР: Сансарт дуурьсах аялгуу

2019 оны 08 сарын 21

“Зиндаа” сэтгүүлийн 2018 оны №10/510 дугаарын “Үлэмж төгөлдөр” булангийн зочин хойморт цог золбоо, эрч хүчээр дүүрэн сайхан бүсгүйчүүдийн нэг хийлч Ч.Дэлгэрцэцэг уригдсан юм. Түүний маш сонирхолтой ярилцлагыг онцлон хүргэж байна.


Авьяас билэг, ажил үйлс, уран бүтээл нь ид дэлгэрч яваа хийлч Дээгий бол нээлттэй, ил тод, шулуун шударгаар хэлье гэснээ хэлчихдэгээрээ алдартай. Тийм ч учраас ярилцлагаа яг тэр хэвээр нь уншигчиддаа хүргэхийг хичээв.

Түүнтэй ярилцлага хийхээр оны эхнээс холбогдож эхэлсэн ч зураг авалт, тоглолт, гадаад аялал гээд уулзах боломж олдохгүй явсаар зуны эхэн сар хүрсэн билээ. Дахин нэг холбогдоод үзье гээд утасдтал... “Яг одоо хөгжмийн сургууль руугаа явж байна. Бидэнд ярилцах 2 цаг байгаа” гэснээр аз ивээх нь тэр. Зөвхөн тайзан дээр л харж, хийлийн аялгууг нь сонсон биширч байснаас нүүр тулан уулзаж яваагүй учир битүүхэн түгшсээр Энканто хотхоны 305 дугаар байрны гадаа очив.

Degi’s Music school гэсэн хаяг тодоос тод харагдлаа. Орцны үүдийг бяцхан хүүхдүүд код тайлан нээснээр сонгодог загварын хүрэн хаалганы өмнө тулж очин дотогш оров. Төгөлдөр хуур, хийл, морин хуурын аялгуу эгшиглэж хүүхдүүд бужигнасан урлагийн тансаг орчин намайг угтан авсан юм.

Хананд нь хэд хэдэн сонгодог уран зураг, хойморт нь хийлч Дээгийгийн тоглолтын гэрэл зургуудаас өлгөжээ. Улаан хөшигтэй театрын гэмээр орчин нэн содон агаад тайзнаа хаан хуур ихэмсгээр заларчээ. Эргэн тойрноо ажваас хөгжмийн ганцаарчилсан хичээлийн танхим хэд хэд байх нь Төгөлдөр хуур, Хийл, Гитар, Морин хуур, Дуулах ур чадварын гэхчлэн хаягтай. Танхимуудын голд онолын хичээлийн нээлттэй орон зай, жаахан тусдаа цайны өрөө. Дотоод засал, зохион байгуулалт нь тун өвөрмөц шийдэлтэй.

Цагаан даль жигүүрт хийлч Дээгий агаарт нисэн хийл тоглож буй том зургийг ажиглан зогслоо. ...2011 он. “Гайхмаараа” тоглолтоо Циркт хийхдээ үзэгчид рүүгээ агаарт нисэн хийл тоглосоор очсон “Сонгодог урлагийн хатан хаан”... Үзэгчид нь бараг бүгд уйлсан гэдэг...

Би удаан хүлээсэнгүй. Цэмцгэр дэгжин Дээгий өд мэт хөнгөн алхалсаар ойртон ирлээ. Бид анх удаагаа нүүр тулан уулзаж буй нь энэ. Нил ягаан өнгийн гялтганасан цамц-шортны хослолоор гоёж, нарийхан өсгийтэй шаргал туфль углажээ. Найрсгаар инээмсэглэн мэндлээд ажлын өрөөндөө намайг урив. Мэнд мэдэн танилцсаны дараа би түүнд сэтгүүлээ барилаа.

 Хийлч Дээгий ийм л орчинд ажиллах ёстой болов уу гэмээр чамин засал, сонгодог загварын тавилга, донжийг нь олж байршуулсан чимэглэл сэлтийг нь гүйлгэн хараад ярилцлагадаа төвлөрөв. Анхилам үнэрт лаа барьж, кофе авчирсан туслах бүсгүй бидэнд саад болохгүйг хичээж буй нь илт. Хаалга зөөлөн хаагдахад бидний ярилцлага эхэллээ.


DEEGII: МАНАЙ СУРГУУЛЬД ОРЖ ИРСЭН ОХИН “ХААНЫ ОРДОН ШИГ ЮМ АА” ГЭСЭН... ХҮҮХДИЙН НҮДЭНД ЯМАР ХАРАГДАЖ БАЙГАА БОЛ ОО?

-Дээгий, би ярилцлагаа огт өөр сэдвээр эхэлье гэж бодож байлаа. Гэтэл энэ гоё урлагийн орчинд орж ирсэн чинь асуулт өөрчлөгдчихлөө. Ер нь манайд сонгодог урлаг гэдэг зүйл театрын түвшинд л байх ёстой гэж ойлгогддог шүү дээ. Гэтэл Алтанхуяг балетчин Балетын сургууль, хийлч Дээгий Хөгжмийн сургууль нээжээ. Танайд ороод ирэхэд л хөгжим эгшиглэж, үүднээсээ эхлээд урлагийн ертөнцөд байгааг минь мэдрүүлж байна?

-Үнэхээр таны хэлснээр, сонгодог хөгжмийн тухайд хүмүүсийн ойлголт тийм л байгаа. Авьяаслаг хүүхдүүд нь шалгуулаад Хөгжим бүжгийн сургуульд орж урлагийн хүмүүс болно. Тэд театртаа ажиллана. Театр бол хүн хүрэхийн аргагүй хол, ерөөсөө л тэнгэрт. Сонгодог хөгжим гэдэг нь хэр баргийн хүн ойртох аргагүй холын урлаг юм шүү гэсэн тийм л ойлголттой байлаа шүү дээ. /инээмсэглэв/ Миний хувьд хар багаасаа, бүр ухамсарт амьдрал эхлэхээсээ өмнө сонгодог хөгжмийн тогоонд ороод, нэгэнт энэ сайхан мэргэжлийг эзэмшиж, нэрийг нь эзэмшээд явж байгаагийн хувьд “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг тэр л жамаар өнөөг хүрлээ. Хүн ер нь амьдралын энэ шатаар л дамждаг юм байна. Сургуульд нь сураад уран бүтээл хийгээд явж байхад 20 хэдэн насандаа хүн их зоригтой байдаг. Тийм ч учраас уран бүтээлдээ маш их зоригтой алхмуудыг хийдэг. /инээмсэглэв/

“Өөрийн гэсэн сайхан сургуультай болох юмсан” гэсэн амбиц надад байсан. Сургууль гэдэг үнэхээр амаргүй ажил юм байна гэдгийг яг эхэлснийхээ дараа л ойлгож байгаа юм. Жишээ нь бид нэг цомог дээр ажиллаад дуусдаг бол энэ сургууль хэзээ ч дуусахын аргагүй, ерөөсөө л үргэлжлэх ийм нэгэн маш том үүд хаалга нээгдсэн. Миний сургууль үүдээ нээж чадсан гэдэг бол хамгийн том мөрөөдлийн маань 50 хувь нь биелчихсэн гэсэн үг.

-Хөгжмийн сургууль нээх гол шалтгаан нь юу байсан бэ?

-Нийгэм, цаг үе өөрчлөгдөж байна. Хөгжмийн боловсрол гэдэг хэдхэн хүний хүрээнд байх ёстой зүйл, хэдхэн хүн эзэмших ёстой мэдлэг биш юмаа. Энэ цаг үед хүн өөрийгөө аятайхаан хүн гэж ойлгуулах нэг стандарт, гайгүй хүн шүү гэдэг ойлголтыг бий болгоход хөгжмийн мэдлэгийг зайлшгүй эзэмшсэн байх шаардлагатай болж байна. Тэгэхээр заавал хөгжмийн урлагийн хүн болгох гэж зорьж манай сургууль дээр хүүхдүүдээ авчирдаггүй. Миний хувьд ч урлагийн мэдрэмжийг зохих хэмжээнд өгсөн шиг өгч чадах ийм нэгэн үүд хаалгатай газар нээчих юмсан гэж олон жил бодож явсан. Манайд сурч байгаа хүүхдүүд мэргэжлийн болоод, бүр онцгой амжилт гаргана гэдэг тийм ч амархан биш. Сонгодог хөгжмийн өөрийнх нь стандарт маш хатуу шүү дээ.

-Сонгодог хөгжмийн стандартыг нэг өгүүлбэрээр тодорхойлбол?

-Сонгодог хөгжим гэдэг дуртайдаа биш, ерөөсөө сонгогдсон учраас асар их хичээж, өөрийгөө зориулж байж л сурдаг зүйл.

-Харин танай сургуулийн хувьд улсын хөгжмийн сургуулиас ямар ялгаатай вэ?

-Би Америкт очоод анх удаагаа Сузуки сургалт гэж байдгийг олж сонсоод маш их сонирхсон. Японы сурган хүмүүжүүлэгч Шиничи Сузуки гэдэг хүний үүсгэн бий болгосон онол л доо. Хүүхэд өөрөө аяндаа ярьж сурдаг шиг, хөгжмийг ч бас тэгэж сургах ёстой гэсэн онол. Ирээдүйн сайхан иргэнийг төлөвшүүлэхэд л гол зорилго нь оршдог. Хүн өөрийн гэсэн 2-3 аялгуутай, наад зах нь 10 хөгжмийн зохиолчийг мэддэг, хэзээ ч хаана ч моодноос гарахгүй мэдлэгийг бас мэдрүүлчихдэг байх ёстой. Мөн үндэсний хөгжмөө тоглодог, төгөлдөр хуур, хийл гээд дэлхийн хөгжмөөр ийм ая тоглодог гээд үзүүлж чаддаг байхад тэр хүний рейтинг бас л өснө дөө. Эцэг эхчүүд хүүхдээ ийм хэмжээнд хүргэхийг л хүсч байгаа. Миний хувьд, сурсан зүйлээ нэгтгээд ирээдүйн монгол иргэдэд хөгжмийн боловсрол олгох нэгэн үүд хаалгыг нээе гэж зорьсон. Биднийг бага байх үед тийм боломж байсангүй. Харин одоо эцэг эхчүүд хүүхдүүддээ хөгжим сургах тал дээр их анхаарч байна. Ямар ч байсан төгөлдөр хууран дээр гараа тавиад үзчихсэн байхад “мэдэрдэг” дээ. Тэр үүднээс сургуулиа нээгээд маш сайхан ариун үйлс хийж байна гэж бодож яваа.

-Дээгий орос школоор хийл сурсан. Бас америк школтой. Ялгаа нь юунд оршдог юм бэ? За мөн баланс гэж бас байна биз дээ...

-Орос, америк школынхоо балансыг олох нь чухал л даа. Орос школ бол дандаа өөрийгөө дарсан, зэмлэнгүй атлаа нэг тийм ясны чанартай. Америк школ бол магадгүй, өөрөө өөртөө итгэх итгэлээр дүүрэн. Заримдаа хэт дүүрэн ч юм уу гэмээр. Ер нь хүн яагаад өөрөө өөрийгөө үнэлж болохгүй гэж. Өөрөө өөрийгөө эс үнэлвээс хэн өөрийг нь үнэлэх юм. Иймд энэ хоёр төрлийн сургалтынхаа дундах балансыг бий болгож Монголдоо нутагшуулахаар ажиллаж байна.

Хийлч Дээгийгийн Degi’s Music school хөгжмийн сургуулийн нэг жилийн ойн хүндэтгэлийн тоглолт Улаанбаатар чуулгын тайзнаа амжилттай тоглогдлоо. 2016 оны 5 сарын 5-Суралцагчдын насны хязгаар ямар байдаг юм бэ? Хүүхдүүд л олон харагдлаа.

-Бид 5-аас дээш насны хүүхдүүдийг хүлээж авдаг. Сүүлийн үед кристалл хүүхдүүд төрдөг болжээ гэдгийг бүр биеэрээ мэдрээд сууж байна. 3, 4, 5 настай охид биднийг гайхшруулж байгаа. Кристалл хүүхдүүд үнэхээр төрчихсөн юм байна. Харин эцэг эхчүүд нь “би хөгжим сурахаасаа өнгөрсөөн” гэдэг. Гэтэл хэзээ ч үгүй. Өөрөө өөртөө цаг зарцуулаад үнэхээр хичээх юм бол сарын дотор төгөлдөр хуураар нэг ая тоглодог болно гээд бод доо.

-Нээрэн үү?

-Тийм. За мөн хийлээр яг сарын дотор ая тоглож сурна. Үүнийг би тэдэнд амладаг юм. Яагаад гэвэл, ингэж сургадаг арга барилыг нь би Америкт эзэмшээд ирсэн. “Яг тэр хөгжмийн зохиолчийн тийм зохиолыг, хоёулаа нэг сарын дотор 8 хичээл үзсэний дараа чи хийлээр тоглоод зогсож байна” гэхэд итгэдэггүй. Хүн чинь тийм л холын юм гэж ойлгоод байдаг. Одоо манай сургууль Сузукийн онолоор хичээлээ явуулдаг Монголын цор ганц хөгжмийн сургууль нь байна даа.

-Танайх сургалтын орчноо их сайхан бүрдүүлжээ?

-Энэ сургууль дотор ороод ирсэн хүний хувьд, үнэрээсээ эхлээд л бүх зүйл нь төгс байгаасай гэж би хүсдэг. Орчин ахуй гэдэг хүний биеэ авч явах соёлд шууд нөлөөлдгөөрөө онцлог юм. Манай сургуульд саяхан нэг охин орж ирээд “Хааны ордон шиг юм аа” гэж байсан. Хүүхдийн нүдэнд ямар харагдаж байгаа бол оо? Тэр сайхан ертөнцүүдийг гайхшруулсан урлаг гэдэг гайхамшгийг хар багад нь ойлгуулаад өгчихмөөр байна. Манайд жинхэнэ мэргэжлийн багш нар ажилладаг. Энэ том галт тэргэнд бүгдээрээ хамт суугаад л явж байгаа гэж боддог шүү.

Бид түүний тухай юу мэдэх вэ?

Хийлч Дээгий бол нэр нь “брэнд” болтлоо танигдсан хүн. Түүний өвөрмөц гоо төрх, гал дүрэлзэх мэт техно-классик тоглолт, тайзны шинэлэг шийдлүүд нь бусадтай огт адилгүй агаад нэн содон. Хийлийн уран яруу эгшгээрээ бидний зүрх сэтгэлийг хөглөдөг хийлч Дээгий Монголдоо Хөгжим бүжгийн сургуулийн хийл хөгжмийн анги, ШУТИС-ийн орос, англи хэлний инженер-орчуулагчийн ангийг тус тус дүүргэж, АНУ-ын Мичиган мужид “Grand Valley” их сургуулийн хийлийн гоцлон тоглоочийн ангид бүрэн тэтгэлэгтэйгээр суралцан төгсжээ. Хийлч Дээгий Grand Valley их сургуулиа амжилттай төгсөөд хөгжмийн багшаар суралцах тэтгэлэг хүртэж American Suzuki Assoccion-ы гишүүн, Албан ёсны Сузуки сертификат эзэмшигч багш болсон байна.

Хийлч Дээгий Хөгжмийн сургууль байгуулах мөрөөдлөө, American Suzuki Assoccion-д өгсөн амлалтаа биелүүлж чадсанаар 2015 онд Degi’s Music school үүдээ нээжээ. 2016 онд нэг жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо хийсэн тэр үеэс эхлэн өнөөг хүртэл тус хөгжмийн сургуулийн авьяаслаг хүүхдүүд, багш нарынх нь тоглолт олны хүртээл болсоор ирснийг хэвлэлд гарсан мэдээ, фэйсбүүк хуудсан дахь мэдээллээс нь олж харах боломжтой юм.

“...Алдар нэр гэдэг чин зорилго, хүсэл мөрөөдөл, дуслуулсан хөлсний үнэ цэнэ байдаг. Би хийлч гэдэг мэргэжил эзэмшихийн тулд уйгагүй хөдөлмөрлөсөн...” хэмээн тэр хэлдэг.

Яагаад гэвэл, тэр хар нялхаасаа л сонгодог хөгжимтэй холбогдсон хүн. Цэцэрлэгийн хүүхдүүдийг Хөгжим бүжгийн багш нар ирж шалгахад 7 настай Дээгий төгөлдөр хуур, хийлийн ангид тэнцжээ. Тухайн үед төгөлдөр хуураа өөрсдөө худалдаж авдаг, хийл хөгжмийг сургуулиас нь өгдөг байж. “Долоон буудалд амьдардаг Дээгийгийн гэрт төгөлдөр хуур хөгжим яахин багтах билээ“ хэмээн тэрбээр Star TV-ийн “Talk with me” ярилцлагад орохдоо дурдсан. Үнэхээр хийлч Дээгий хийл хөгжмийн ангид анх орсон бодит түүх ийм аж.

Тэр үед Хөгжим бүжгийн сургуулийн сурагчдын заавал сурах ёстой хоёр дахь хөгжим нь төгөлдөр хуур байв. Дээгий хийл, төгөлдөр хуур, морин хуур тоглож сурчээ. Сонгодог хөгжмөөр хичээллэсний ачаар тэвчээр хатуужил, тууштай бодол, цаг баримтлах зарчим зэрэг үнэт чанаруудыг тэр өөртөө төлөвшүүлж чадсан. Дээгий багаасаа л ачаалал дааж сурсан тул тийм ч амархан шантраад байдаггүй нэгэн.

Эрхэлж өсөөгүй он жилүүд нь аливааг хэт даврамтгай нүдээр хардаггүй болгож “Хүнд бүх зүйл байх албагүй. Байвал бэлэг, байхгүй бол дасан зохицож л амьдрах ёстой” гэсэн ухаарлыг түүнд өгсөн байна. 15-16 насандаа хийл хөгжмөөр анхны орлогоо олж эхэлсэн тэрбээр Монголын болон гадаадын хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлүүдийг чадварлаг тоглож, үзэгчдийг сонгодог урлагт дурлуулсан том гавьяатай нэгэн билээ. Анхны цахилгаан хийлээ Хонг-Конгоос авч байсан хэмээн ярьдаг “Монголын Ванесса Мэй” буюу “Хийлч Дээгий” хэмээх брэндийн түүх хэрхэн эхэлснийг сонирхъё...


-“Хийлч Дээгий” гэдэг брэнд бий болсон түүх сонирхолтой санагдаад байдаг юм. Хөгжим бүжгийн сургуулиа төгсөөд СУИС-д орсон гэдэг байх аа?

-Тийм ээ, СУИС-д орж байснаа болиод ШУТИС-ийг хэл шинжлэлийн мэргэжлээр төгссөн.

-Хэл суръя гээд үү?

-“Хэлтэй бол хөлтэй” гэдэг шүү дээ. Тэр үед хөгжмөөр 12 жил хичээллэчихээд СУИС-д сурахад Хөгжим бүжгийн дайны тэр том сургалтыг өгөх үү? Тийм учраас ШУТИС-ийн гадаад хэлний анги төгсөөд Америкт хийлээрээ сургуульд явсан. Яг үнэндээ, их сонин ш дээ. Үнэхээр амьдралыг туулан байж Америкт сурсан тэр сургуулийн диплом чинь хаана байна гэж өнөөдрийг хүртэл нэг ч хүн надаас асууж байгаагүй. /инээв/

-Хэн ч асууж байгаагүй тэр асуултад хариулт авъя л даа.

-Хүний амьдрал гэдэг үнэндээ цаг ирэх тусам батлагдаад л явдаг юм байна. ДИПЛОМ надад маш том ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛИЙН СУУРИЙГ ТАВЬСАН. Өнөөдөр танай сэтгүүлийг хараад сууж байхад нэг онцлог байна л даа. Надад яг юу мэдрэгдсэн гэхээр, “Зиндаа” гэдэг бол ахуйн, материаллаг эд зүйлийн талаар ямар ч байсан бичдэггүй маягтай сэтгүүл харагдаад явчихлаа. Оюуны зиндаа гэж хүний үзсэн харсан, өөрөө өөртөө бий болгосон боловсрол, үзэж харсан тэр бүхний зиндаа гэж ойлгож байгаа учраас, би өөрийнхөө дипломыг хэлж байгаа юм шүү.

-Дээгий, тэр үед Америкт суралцах сургуулиа хэрхэн сонгож байв?

-Миний хувьд Америкийн Grand Valley State University-д сурах хамгийн гол шалтгаан нь хийлийн багш маань байсан. Дилана Женсон багш маань хийл хөгжмөөр АНУ- аас хамгийн анх удаа Чайковскийн нэрэмжит сонгодог хөгжмийн уралдааны мөнгөн медаль (1978 онд 17 настайдаа, ред.) хүртэж байсан хүн. Би багшдаа “Монголоос бичиж байна аа. Ийм сургууль төгссөн. Таны шавь болж суралцмаар байна” гэж бичсэн. Захианы хариу ирэхэд, “Ер нь яагаад болохгүй гэж. Яг үнэндээ би Монгол гэдэг улсыг сайн мэдэхгүй. Морин дээр давхиад явж байдаг юм уу?” гэсэн захиа ирж байгаа байхгүй юу. /инээлдэв/ “Чамайг онгоцны буудал руу морьтой гаргаж өгөх үү?” гэж эргүүлээд надаас асуусан байлаа. Тийм л түвшний ойлголттой. Би очоод audition шалгалтаа өгчихөөд буцаж ирээд байтал сургуулиас захидал ирлээ... /дуугаа хураан бодолхийлэв/

-Тэгээд ямар хариу ирсэн бэ?

-Энэ бол үнэхээр Хөгжим бүжгийн сургуулийн маань өгсөн сайхан суурь л юм даа... “Хөгжим бүжгийн сургуулийн оноо, ШУТИС-ийн дипломын оноогоо явуулаарай” гэсэн байлаа. Ингээд л Америкт суралцах үүд хаалга нээгдсэн. Дээрээс нь би бүтэн тэтгэлэгтэй суралцсан. Аливаа том сургуулиуд алдартай багш нараараа танигддаг шүү дээ. Багш маань Distinguished Professor учраас багшийн яг өөрөө авъя, сургая гэж сонгосон оюутнуудад нь тусгай тэтгэлэг олгодог. Мэдээж audition шалгалт өгсөн бичлэг нөлөөлнө. Тэгээд багшийнхаа удирдлаган дор би Америкт бакалаврын зэрэгт суралцаад ирсэн.

-“Үлдээгүйд чинь баярлалаа” гэвэл... /инээлдэв/

-Америкт үлдэх боломж байлаа. Гэхдээ их сонин, том далайн жижиг жараахай байснаас голын цурхай байсан нь дээр гэдэг шиг /инээлдэв/. Ер нь би өөрийгөө тэгэж харж явдаг юм аа. Тийм л байхгүй бол хэчнээн мундаг оркестрт ч бай, хамгийн арын суудлаас эхлээд л сууна шүү дээ. Гэтэл би Монголд аль хэдийнэ карьер эхлүүлчихсэн, хоёр дахь СD маань гарч ид оргилж байсан үе болохоор Монголдоо ирсэн. Тэгээд ер нь түүнээс хойш Монголдоо л байна даа. /инээмсэглэв/


Хийлч Дээгий ямагт шинийг эрэлхийлж явдаг уран бүтээлч билээ. Бөмбөр, басс гитартай хоршин “Power” хэмээх хүнд рок урсгалын уран бүтээл гаргасан нь ердөө хоёр жилийн өмнөх явдал. Тэрбээр энэ тухайгаа “...“Хурд” хамтлагийн гитарчин Т.Нарсарын хүү бөмбөрчин Н.Бэмбээ болон “Чоно” хамтлагийн басс гитарчин Т.Энхбаатартай хамтран “Power” хэмээх шинэ уран бүтээл гаргасан. Өмнө нь энэ төрлийн гурван хөгжмийн хоршил байдаггүй байлаа. Миний хувьд рок, тэр дундаа хүнд рок уран бүтээлд тоглоно гэдэг цоо шинэ өнгө төрхийг илэрхийлж чадсан” хэмээн ярьсан байдаг.

“Хэнтийн өндөр ууланд” аялгууг тоглож анх олонд танигдсан хийлч Дээгий 2000 онд “Хэнтийн өндөр ууланд” цомог, 2006 онд “Үлэмжийн чанар” цомог, 2006 онд “Deegii concert in UB” CD, DVD, 2011 онд “Гайхмаараа”, “Амьдрал” зэрэг цомгуудаа гаргасан. 2006 онд “Degi concert” анхны бие даасан тоглолт, 2008 онд “Хийлийн эгшиг” тоглолт, 2009 онд “Монголын тал нутаг” тоглолт, 2011 онд “Гайхмаараа” тоглолт, 2013 онд дуучин А.Уянгатай хамтран “Full moon affair” тоглолт, 2013 онд "Шинэ жилийн шоу тоглолт" /"Улаанбаатар" чуулгын концертын их танхимд/, 2016 онд Нийслэлийн Улаанбаатар чуулгын “5ive Tones”, Degi’s music Хийлч Ч.Дэлгэрцэцэгийн 6 дахь бие даасан тоглолт “Чайковскийн үдэш”, 2012 оны 7 сарын 7, Тусгаар тогтнолын ордон ҮЛЭМЖ ТӨГӨЛДӨР school-ийн 1 жилийн ойн Хүндэтгэлийн концерт, 2017 онд “Хайр” Мартын 8-нд зориулан 600 өрх толгойлсон ээжүүдэд зориулсан буяны тоглолт, мөн Өмнөд Солонгос, Япон, ОХУ, Польш, БНХАУ, Тайланд болоэ АНУ- ын хэд хэдэн хотуудад тус тус тоглолт хийжээ.

Хийлч Ч.Дэлгэрцэцэгийн 6 дахь бие даасан тоглолт “Чайковскийн үдэш”, 2012 оны 7 сарын 7. Тусгаар тогтнолын ордон Нэгэн онцлог тоглолт бий. Тэрбээр 2012 онд өөрийн багш, дэлхийн шилдэг хийлчдийн нэг Дилана Женсонтой хамтран Чайковскийн хийлийн концертыг анх удаа бүрэн ангиар нь тоглуулсан билээ. “Чайковскийн үдэш” тоглолтын тухай “...Монголын сонгодог урлагийн хар сувд болсон хийлч Дээгий, П.И.Чайковскийн нэрэмжит ОУ- ын тэмцээний АНУ-ын анхны мөнгөн медалийн шагналт Дилана Женсон нарын сонгодог хөгжмийг таашаадаг хүмүүст зориулсан энэ үдшийн гайхамшигт хэсэг нь уран бүтээлчдийн тэр бүр халдаж тоглодоггүй, хийлчдийн чансааг жинхэнэ утгаар нь шалгадаг П.И.Чайковскийн хийлийн концертын гурван ангийг тоглосон явдал байв. Тийм ч учраас дэлхийн хэмжээний тоглолт болсон гэж хэлж болно” хэмээн хэвлэлд бичиж байлаа.

Бүтээлийнхээ тухайд тэр ийн өгүүлдэг. “...Зохиол бүтээл бүхэн өөрийн гэсэн өгөгдөл утга санаатай. Хөгжимчин хүн аялгуу тоглож байхдаа зохиол руугаа бүтэн биеэрээ орж байж үзэгчдэд жинхэнэ таашаал төрүүлж чадна. Жишээлбэл, “Жалам хар”-ыг тоглож байлаа гэхэд хилэн хар морь шиг эрч хүчтэй хэмнэлийг дотроосоо үүсгэж байж хүнд хүргэнэ. Харин “Үлэмжийн чанар”-ыг тоглож байхад дээр орших дагинасуудыг дотоод ертөнцдөө сууж байгаагаар нь боддог. Үнэхээр л таван сайхан шинж чанарыг бүрдүүлсэн гоо үзэсгэлэнгийн дагинастай харьцаж байгаа юм шиг холбоо үүсгэдэг. Ингэж байж тэр уран бүтээл хүмүүст хүрнэ...”


-Би “Үлэмжийн чанар” клипийг үзэж байснаа ер мартдаггүй юм. Маш өвөрмөц шийдэлтэй болсон. Ламын өмсгөлтэй, халзан толгойтой. Яг тэгэж тоглоё гэдэг тэр санаа анх яаж төрсөн бэ?

-Манай Hero Баатар бол урлагийн маш олон гоё клипийг хийж, олон уран бүтээлчийг хамгийн сайхнаар нь үзүүлж чадсан уран бүтээлч. “Үлэмжийн чанар” дууг гэж би анх зорьж очоогүй. “Хэнтийн өндөр уулс” дээрээ клип хийлгэнэ гэж очсон. Гэтэл “...“Үлэмжийн чанар” дуу чинь гоё юм биш үү? Тэр алдартай хүний сэтгэлээ өгч байсан эмэгтэй ламын дүрд чи өөрөө тоглоод, тэр цаг үеийг л чи авчрах ёстой юм биш үү” гээд нүдэнд харагдтал ярьж байгаа юм.

-Тэгээд клипэнд тоглох гээд л...?

-Яг ч тийм биш ээ. Би Америкт сурч байхдаа ядаргаанд ороод нэлээн турчихсан, даахиа бүр үргээлгэчихсэн үедээ Баатартай уулзахаар чинь шууд нүдэнд нь харагдчихгүй юу. Тэгээд тэр клип маань төрж байсан. Ёстой кино шиг л зураг авалт болсон доо.

-Тэр ерөөсөө мартагддаггүй юм. Дээгийг шууд л товойлгоод гаргаад ирсэн бүтээл гэж би боддог.

-Баярлалаа. /инээмсэглэв/

-Клипний зураг авалт хийж байхад сонин тохиолдол гарч байв уу?

-Байсаан. Би бүр яг одоо санаж байна. Хоёр ламтай хамт би цөгц зүлгээд л зул барьж байдаг хэсэг. Гэрт зураг авалт хийж байгаа учраас тал гэр болгоод барьчихсан зураг авч байлаа. Гэр дотор дүүрэн хүн байсан. Өнөөдөр хамгийн сүүлийн зураг авалт болоод дуусгана даа гээд зураг авч байтал тэр олон хүний дундаас намайг олж оноод толгойн дээрээс унь унаад ирсэн. Бүр тас гээд л явчихсан. Энэ дуу нэлээн жанлавтай дуу гэж би боддог. Үнэхээр сүлд хийморь оршсон дуу гэдгийг нь маш сайн ойлгосон. Мөн “Үлэмжийн чанар” концертоо 2007 онд хийж байхад тайзан дээр гурван багана байрлуулсан байлаа. Амьд хөгжимтэй тоглолт явж байтал гэнэт хажуу талын охиныг маань нэг багана нь ирээд цохичихсон. Нөгөө охин бүр газар уначихаж байгаа юм. Би хөгжмөө зогсоохгүй тоглосоор дуусгахад уур амьсгал нэг их сонин болчихсон. Тэгэхэд нь би “Үнэхээр энэ дуу яалт ч үгүй ирж нэг адислалаа. Энэ танхимд байгаа бүх хүнийг адислалаа. Аливаа юмны барцад гэж байдаг бол үүгээр гараг. Тэгээд бид нарын бүх юм засагдах нь тодорхой болчихлоо” гэж хэлээд уур амьсгалыг эргүүлж байсан. Уран бүтээлч бидний хувьд байх ёстой зан, мэдрэмжийн л асуудал юм даа.

-Тайзан дээрх мэдрэмж. Энэ тухайд Дээгий юу хэлэх бол?

-Тайзан дээр байгаа хүний хувьд ерөөсөө л том удирдагч мэт байдаг. Ийшээ харвал зритель ийшээ л дагаж байдаг. 2006-2007 онд тэр гайхамшигтай бүтээлийг их сайхнаар сэтгэл зүрхээ зориулж хийснээс хойш миний уран бүтээл маш сайхан дэлгэрч байгаа. Хааяа нэг тийм энерги дундраад ирэх үе байдаг даа. Тийм үед би Хамарын хийддээ очоод сайхан сүсэглэдэг. Хүсэлийн ууландаа очоод айлтгалаа өргөдөг. Тэгээд л бүх юм тэгширдэг дээ.

-Клипний зураг авалтыг Хамарын хийдэд хийсэн юм уу?

-Тэгэлгүй яахав, бүр яг тэнд зураг авалтаа хийсэн. Одоо бол Хамарын хийд алдартай газар шүү дээ. Миний уран бүтээлийн зураг авалт хийж байхад, тэр газрын гайхамшгийг тийм ч олон хүн мэддэггүй байсан. Бид музейд нь очиж Данзанравжаа гуайн өөрийнх нь хэрэглэж байсан гавлын ясаар хийсэн тагш зураг авалтад хэрэглэгдсэн. Яг өөрийн гараар бичсэн судрыг нь музейгээс авч хэрэглэсэн гээд ер нь л тэр зураг авалтын бүх юм нь “оригинал” байхгүй юу.

-Судар хийсгээд л түүнийг нь цуглуулж аваад явдаг... Жинхэнэ нь байсан гэж үү?

-Тийм ээ. Уран бүтээлийг тэгэж л хүргэх ёстой юм билээ. 8 сард зураг авалтаа хийсэн. Хүмүүс зураг авалтыг их хялбараар төсөөлдөг байх. Гэтэл хэдэн цагаар ч хамаагүй зогсооно. Тэгээд яг хэрэгтэйгээ л авна. Миний толгой бүр халзан. Хүний үс чинь нарнаас их хамгаалж өгдөг юм байна. Нар “янннн” гээд л тархи руу орж байгаа нь мэдрэгддэг байлаа... /инээв/. Гэрт авсан зураг авалтууд гэхэд хурган дотортой дээлээр гэрээ битүү доторлочихсон, дээрээс нь олон зул барьсан тэр халуун орчинд цаашаа хараад л хийл тоглож байдаг... Бүр урсчихсан, саун цаашаа, за юу /инээлдэв/. Тийм орчныг бүрдүүлж байж зураг авалт хийж байлаа.

-Маш өвөрмөц клип. Энэ бүтээл дараа дараагийн уран бүтээлд чинь хэрхэн нөлөөлсөн бол?

-Ийм уран бүтээлийн дараа хүн жижиг сажиг юм хийхээ больчихдог юм билээ. Үнэхээр юм хийвэл хийсэн шиг хийх гээд... Өнөөдөр хүртэл би 12 жилийн дараа ярьж байхад, яг л өчигдөр юм шиг надад санагдаж байна. Та ч бас ингээд асуусанд баярлалаа.

Урлагийг хүмүүст хүргэхийн тулд өөрийнхөө биеэр дамжуулан гаргах үүрэгтэй. Тоглолт бол уран бүтээл, үзэгч гэсэн хоёр туйл уулзах мөч. Тэр үүднээс би 2011 оны тоглолт дээрээ энгийн байхыг хүсээгүй. Уран бүтээлч болгон тайзан дээр алхаж гарч ирдэг. Би алхаж гарч ирэхийг хүсээгүй. Нисч гарч ирэх ёстой юм шиг санагдаад болдоггүй. Тэгээд циркийн том манеж тойроод нисэх процесс зохион байгуулсан даа. Хүмүүсийн анхаарлыг татаж, дуу алдуулж байсан тэр мэдрэмж яалт ч үгүй хамгийн сайхан байсан.


-“Үлэмжийн чанар” гэдэг үгийн утгыг өөрийнхөөрөө тайлж хэлбэл?

-Үлэмжийн чанар...? /бодолхийлэв/ За, нөгөө совесть гэдэг үгийг орчуулж болохгүй байсан гэдэг биз дээ. Яг түүн шиг, Үлэмжийн чанар гэдэг энэ үгийг монгол хүн л ойлгоно. Хүн өөрийгөө “Би ингэхэд монгол хүн мөн юм уу, биш юм уу” гэдгээ мэдэрдэг хэдэн зүйл байдаг гэж боддог. Наадмаар хурдны морь ороод л ирэхэд “би монгол хүн” гэдгээ бүр яалт ч үгүй мэдэрдэг. Аарц уухаараа мэдэрнэ. “Үлэмжийн чанар” гэдэг энэ үгийг би ойлгож байгаа. Гадаад хүн ойлгох ч шаардлагагүй. Үлэмжийн чанар гэдэг үгийг сонсоод оюун санааны нэг тийм мэдрэмж орж ирж л байгаа бол та монгол хүн. Монгол хүний л үндсэн шинжийг яалт ч үгүй шалгасан үг юм шүү. Миний орчуулсан англи нэршил байдаг л даа. Гэхдээ энэ үгийн амин үнэ цэнэ нь гэвэл, ер нь гоо үзэсгэлэнгийн туйл нь эмэгтэй хүн өөрөө. Тийм учраас эмэгтэй хүн гэдэг өөрөө Үлэмжийн чанар юм. Магадгүй орчуул гэвэл, “эмэгтэй хүн” гэж ойлгуулж болох юм. Харин монгол хүний хувьд, таван мэдрэхүйгээр нь шууд ойлгогдон хүрдэг үг л дээ.

-“Сэтгэлийн эгшиг”, “Мэдрэмж”, “Сэтгэлд шингэсэн говь”... сонсоод л баймаар. Ер нь тоглох хөгжмөө хэрхэн мэдэрч, аль талаас нь ямар цензурээр сонгодог вэ?

-Угаасаа л энэ хорвоо дэлхий өөр өөрөөр илэрхийлэгддэг зүйлсээр баян. Хөгжим ч бас адил. Зарим хөгжмийг сонсохоор сайхан. Гэхдээ нэг л би биш юм шиг. Заримыг нь сонсохоор яг ингээд дотор ороод ирдэг. Ерөөсөө л миний дотор байгаа хүнийг зайлшгүй хөндөж чадах юм бол, тэр хөгжмийг сайхан тоглож болох нь ойлгомжтой байдаг. Тэр дотор гээч юман дээр л цензурээ тавьдаг даа. Хөгжмийн зохиолч Дамдинсүрэн, Чулуун, Шарав, Жанцанноров гуай нар ямар цаг үеийн юуг тэр дээрээс буулгаж ирээд биччихсэн юм. Тэд бол үнэхээр гайхамшигтай. Чулуун гуайн “Уран хас”-ыг тоглож байхад миний төдийгүй сонсож байгаа бүх хүний хийморь сэргэдэг. Тэр хүн тэнгэрээс хараад баярлаж л байдаг байх. Би ч өөрөө үнэнхүү сүсэглэж тоглодог. Би бол тоглооч хүн. Яг үнэндээ хөгжимчин хүн өдөр бүр л шинээр тоглож байх ёстой байдаг. Импровизаци бол ерөөсөө л ая бичихийн цаагуур юм болдог ч би өөрийгөө хэзээд тоглооч л гэж хардаг. Олон сайхан алдартай хөгжмийн зохиолчидтой хамтарч ажиллаж байлаа. Миний анхны СD дээр Пүрэвдорж гуайн “Мэдрэмж” гээд ямар гоё дуу орж ирж байв. Харин сүүлийн үед шинэ уран бүтээлүүд дээрээ өөртөө зориулаад, бүтээл гарах дуу хийх тал руу нь нэлээд анхаарч байгаа.

-Хөгжмийн зохиолчдын ямар бүтээлүүдийг уран бүтээлдээ түлхүү оруулж, бас оруулъя гэж боддог вэ?

-Одоо харахад, миний гаргасан 4 цомогт шилээврүүдийг, монгол хүний хамгийн сайн мэддэг олон аялгууг тоглочихжээ. Ер нь эмэгтэй хүний амьдралын тойрог наснаас шалтгаалдаг юм биш үү. Цагийн юм цагтаа гэдэг шиг болоод болоод л явчихдаг юм байна. Сургуулийн ажилд түлхүү анхаарч, хажуугаар нь “Авьяаслаг монголчууд” шоуны сайхан ажил орж ирсэн.

Нэг хэсэг уран бүтээлээ жаахан завсарласан ч дотроо бол сэтгэл зүрхээрээ үргэлж л эрэлхийлж явдаг. Уран бүтээлч хүний онцлог л доо. Энийг тогловол ямар бол, энэ яах бол гээд л... Заримдаа зүүдэнд орж ирдэг ч юм уу.

-Зүүдэнд орж ирсэн ямар бүтээл байдаг вэ?

-Шехразадагийн нэг аялгуу байдаг. Амьдралын манан. Амьдралын мананг төгөлдөр хууртай 2009 оны тоглолтон дээрээ би тоглож байлаа. Ер нь зүүдээрээ маш их холбогддог гээд хэлчихвэл буруудчихдаг юм болов уу /инээв/.

-Уран бүтээлчдийн хувьд, тийм яриа дуулддаг юм шүү. Хийлч Дээгий анх өөрийгөө хэзээ, хэрхэн олж байв? Би ерөөсөө ингэж л явах ёстой юм байна, үүнийг л хийх ёстой юм байна гээд өөрийгөө ухаарсан мөч хэзээ байсан бэ?

-Хамгийн анх хийлч Дээгийгийн уран бүтээлийн тоглолт болно гээд зохиол нь их сайхан гарч, багштайгаа бүр дурлаад л хийж байлаа. Гэтэл тоглолтон дээр хүмүүс тайзнаас буулгахгүй алга ташаад дахиулаад л байдаг. Дахиад тоглох зохиол байдаггүй, ганцхан л юм хийсэн юм чинь. /инээв/ Хүмүүсийн энэ реакцийг харсан. Тэр зохиолыг тоглохдоо би хэнээс ч юунаас ч айж эмээгээгүй. Хөгжим гэдэг чинь дуучин шиг ингэж ганцаараа гарч ирж болдог юм шүү гэдгийг анх харуулсан нь зориг юмуу даа, бас. Хүмүүсийн бүр нэг хүсэж нэхсэн алга ташилт гэж байдаг даа. Энэ алга ташилтаас л өөрийгөө олсон гэж болно.

-Харин анхны CD-ний хувьд?

-Анхны CD-гээ хийлгэхээр Сингапурт бичлэгэнд явж байлаа. Сонин юм шүү. Тэр үед санхүүжилт энэ тэр ч гэж юу байх вэ. Их инээдтэй. Удирдаачтайгаа ярьж байгаад л одооны ерөнхийлөгч Женко Баттулгаас 7000 доллар зээлж байсан юм. CD бичүүлнэ гэдэг бол сарын ажил. 28 хоногийн дараа CD- гээ бичүүлж, бүх юмыг нь хийлгээд хэвлүүлчихсэн. Буцаж ирээд нөгөө CD-гээ зараад л... Миний нэг том амбиц байдаг юм. Энэ CD айл болгоны хойморт очих ёстой гэж бүр кодолсон байхгүй юу. Үнэхээр бараг л айл бүхэнд очсон доо. CD- гээ олон хувь хувилуулсан. Манай жижиг зах зээл дээр юу л гийв гэж. Гэхдээ л Баттулга ах дээр очоод 7000 доллараа “май” гээд буцаагаад өгсөн чинь их гайхаж харсан.

-Яагаад?

-Мэдээж, тэр хүн буцаагаад өгнө гэж бодоогүй л байсан байх. Би “Маш их баярлалаа” гээд л өгсөн. 2000 оны 20 сая төгрөг л дөө, одоо харахад том. Үнэхээр зориулах ёстой л байдаг юм билээ. Тэгээд зориулж байж л өнөөдрийн Дээгий бий болсон байх даа.

-Яг тийм байна. Зоригтой хөдөлж, томоор харж байж...

-Одоо би энэ тухайгаа дурсамж маягийн ном бичнэ дээ гэж боддог. Үнэхээр олон бэрхшээлийг даван байж бүтсэн энэ CD-ндээ би их хайртай. Миний хувьд, Пүүжий ахдаа үнэхээр их баярлаж явдаг. Урлагийн замд, энэ рок поп-д намайг хөтөлж оруулсан хүн. Улаанбаатар хотын хүндэт иргэн шүү дээ.


... Хийл хөгжмөөр овоглуулаад явж байгаадаа би үнэхээр азтай. Мэргэжлээрээ овоглодог хүн олон байдаггүй шүү дээ. Хийл хөгжим жаргал зовлон орших хорвоогийн амьдралыг мэдрэмжээр аргадах ухаан хайрлаж түүгээр дамжин ирсэн алдар хүнд нь хүн шиг амьдрах боломжийг надад өгсөн. Энэ мэргэжил, энэ хөгжим намайг хүний сайн анд нөхөд, хайр сэтгэлтэй учруулсанд би баярлаж явдаг... Энэ бол түүний хэлсэн үг.

Алдартай, олны танил хүний хувьд түүний хийсэн алхам бүр нь ил тод гэхэд хилсдэхгүй. Гэхдээ л бид тайзан дээр хийлийн гайхамшигт аялгууг эгшиглүүлэн тоглох Дээгийг л мэднэ. Харин тайзны ард, амьдрал дээр тэр ямар хүн бол оо. Эмэгтэй хүнийхээ хувьд, уран бүтээлчийн хувьд юу бодож мөрөөдөж, ямар зарчим баримтлан өсөж дэвжив гэдэг нь сонирхол татна...


ЭМЭГТЭЙ ХҮН БОЛ ЭМЭГТЭЙ ХҮН ШИГ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ

-Уран бүтээлчийн тайзны арын амьдрал ямар байдаг юм бэ? Бид бол зрительд тайз руу хараад л сууж байдаг хүмүүс шүү дээ.

-Тайзны арын амьдрал уу? Олон туслахтай байх хэрэгтэй. Ер нь хаан чинь тойрон хүрээлэгчидтэйгээ хамт төрчихдөг юм биш үү гэдэг шиг. /инээлдэв/ Мэдээж хань ижил хамгийн эхэнд байгаа. Урлагаараа мөнгө олоод сайхан амьдарна гэдэг шиг худал юм байхгүй гэдгийг шулуухан хэлье. Өнөөдөр бидний өмсдөг нэг гутал ямар үнэтэй билээ. Тэр гутлаа хөгжмөө тоглоод олоод авч байна уу гэвэл хэцүү. Одооны байгаа нөхцөлд нь тааруулна гэвэл бас болохгүй. Хүн болгоны нүдэн дээр ил явж байна. Маш их зардалтай даа. Өглөө хүмүүс ид ажилдаа явж байх үед амарч байдаг. Биеэ бэлдэнэ. Хүмүүсийн ажил тарахад ажил нь эхэлдэг. Амьдралын соёл нь өөр л дөө. Долоо хоногийн нэг дэх өдрийг ажлын хамгийн эхний өдөр гэдэг бол, урлагийнханд бүтэн сайн өдөр шиг санагддаг үе ч бий. Хагас, бүтэн сайнд хүмүүсийг амарч байхад ажиллаад, ажиллаж байхад нь амарна. Тэгээд их сонин. Тайзан дээр гараад 5 минут тоглохын тулд хэдэн цагийг зарцуулдаг гээч. Тэгэж байснаа жог гээд л дуусчихдаг. Бас их сонин. /инээв/

-Хүмүүс, яг тийм гэж бодохгүй шүү?

-Эрэгтэй хүний хувьд өөр байх. Эмэгтэй хүнд бол ийм. Тийм учраас би “Эмэгтэй уран бүтээлчдээ хайрлаж байх хэрэгтэй. Эмэгтэйчүүдээ хэзээ ч битгий муулж гоочлооч. Ёстой л “Үлэмжийн чанар” гэж бүгдээрээ ойлгож, хайрлаж байгаач ээ” гэдэг санааг үргэлж дэвшүүлдэг юм. Яг үнэндээ хайрлахгүй л бол болохгүй хүмүүс шүү дээ.

-Эмэгтэй хүний мөн чанарын талаар та юу гэж боддог вэ?

-Эмэгтэй хүн бол эмэгтэй хүн шиг л байх хэрэгтэй. Эрэгтэй хүн эрэгтэй хүн шиг л байх ёстой. Энэ хоёр том ялгааг яагаад ч хольж сольж болдоггүй юм шиг санагддаг. Би хэрвээ сайхан байж чадах юм бол өөрийнхөө орчныг яг тиймээр л авч явна. Тийм учраас энэ бол маш том буян. Тэр утгаараа эмэгтэйлэг шинж чанараа маш сайхан тэтгэж дэлгэрүүлж явах ёстой. Эмэгтэй байхад бүр цаг зав гаргаж суралцах ёстой гэж боддог. Нийгмийн харилцаа бол мэдрэмжин дээр тулгуурладаг зүйл. Эмэгтэй хүн амьдралын төлөө зүтгээд л байдаг, зүтгээд л байдаг, хамгийн сүүлд нь гомдсон нэгэн болж хувирах уу? Эмэгтэй хүн юуг нэг, хоёр, гуравт тавих ёстой юм бэ гэдэг зүйлийг ээж нар охиддоо хэлж өгч байх ёстой. Тэгээд л ухаан шүү дээ. Хүнээр хайрлуулна, хүнийг өөртөө татна, хүнийг өөртөө дурлуулна гэдэг чинь ухаан.

Улаанбаатар хотноо 48 жилийн өмнө анх удаа зохион байгуулж байсан “Улаанбаатар цом” уламжлалт тэмцээний 28 дахь удаагийн тэмцээний Нээлтийн ёслолд хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг “Жалам хар” бүжгийн аяыг тогложээ. 2017-06-21, Хандгайт дахь “Их тамир” спорт цогцолбор.

-Харин таны хувьд хамгийн эхэнд тавьдаг зүйл юу вэ?

-Эмэгтэй хүн өөрөө өөрийнхөө цензурыг маш өндөр тогтоох хэрэгтэй. Тэр нь би хөөрхөн гээд тэнгэрийн амьтан болчихно гэсэн үг биш. Би тийм байх ёстой гэдэг цензурыг тавьснаар өөрөө өөртэйгээ учраа олох ёстой гэсэн үг. Жишээлбэл арьс, үсээ ингэж сайхан байлгаж, ийм сайхан ааль ааштай байх ёстой. Би тэсвэр тэвчээртэй, сэтгэлийн хаттай байх ёстой. Би хүний өмнөөс хараад нэг сайхан инээмсэглэж чаддаг, эмэгтэй хүн л юм бол би тийм зан чанар, шинж тэмдгүүдийг өөртөө агуулсан байх ёстой гэхчилэн өөрийнхөө хувийн дасгалжуулалтыг маш сайн хийх ёстой. Өөрөө өөрийнхөө цензурыг өндөрт тавих тусам тэрийг нь хүн олж хараад зайлшгүй хүндэлдэг, биширдэг.

-Үүнийг юунаас эхлэх хэрэгтэй вэ?

-Эмэгтэй хүн эхлээд өөрөө өөрийгөө маш том сургуульд л оруулах хэрэгтэй дээ. Хамгийн гол нь би өөрөө өөртөө хатуу байх ёстой. Миний ээж бол асар их сахилга баттай хүн учир надад үлгэрлэдэг л дээ. Ер нь эмэгтэй хүн өөрийгөө гаднаас нь хайрлаж, дотроос нь хатуужуулж байх ёстой гэж би үздэг. Гэхдээ гаднаас нь харахаар эмэгтэй хүн яг л ийм байх ёстой юм биш үү... Юу юугүй л хайрлахгүй байхын аргагүй. Энэ амьтан даарч байгаа болов уу, яаж байгаа бол оо гэмээр.

Гаднаасаа энхрий цэцэг шиг л байх ёстой. Дотроосоо бол тийм маш хүчтэй үндэс байх ёстой. Тэр үндэс өөрт нь л хэрэгтэй. Үүнийг л би сэтгэлийн хат гээд байгаа юм.

-“Эмэгтэй хүн чадалтай л байх хэрэгтэй” гэж таны олон ярилцлаганд дурдагддаг. Энэ үгийг багш тань хэлсэн гэдэг байх аа?

-Тийм ээ, миний багш “Дээгий, чадалтай бай” гэж надад хэлдэг. Хүн чадалтай байхад бусдын эхнэр ч атаархдаг, бусдын эхнэр ч дурладаг гээд Чойном гуайн мундаг үг бий шүү дээ. Тэр бол хүмүүний зан. Хүн өөрөө чадалтай, хүнийг соронз мэт татаж чадах энергитэй, эрч хүчтэй байх ёстой. Хийлийн Алтаа багш маань мэдрэмжтэй болоход минь маш том үүрэг гүйцэтгэсэн хүн. Хөгжим бүжигт суралцсан 12 жилийнхээ дараа би багшийгаа харцаар нь л ойлгодог болсон. “Зүгээр л чадалтай бай, Дээгий. Сул дорой, гэнэн байх юм бол түмэн хүн дээрэлхэнэ” гэдэг байлаа. Хат гэдэг юмыг маш сайн суулгаж өгсөн дөө.

-Харин америк багшийн хувьд?

-Дилана Женсон багш намайг, магадгүй Монгол хүн гэдгээр нь л харсан. Монголчуудын тэнгэрлэг гэдэг нэг ойлголт байдаг даа. Монгол хүн яаж ч байсан нэг тийм хийморьлог байдаг юм шиг санагддаг. Америкт сурч байхдаа Азийн олон орны оюутнуудын дундаас би цойлоод л байдаг байлаа. Зүв зүгээр түмний нэг болоод япон, солонгос шиг бөхөлзөөд л, даруухандуу биш. Дандаа л нэг санаа гаргачихсан, удирдах манлайлах рольтой. Цаанаасаа л өгөгдөл нь байдаг юм шиг. Манай багш “Танай монголчууд ийм учраас л дэлхийг эзэлж байсан байх аа” гэдэгсэн. Монголыг Чингис хаанаар л мэднэ. Монголчуудын зүв зүгээр байж байдаггүй зан юм даа. Монгол дотроо бүгдээрээ тийм хүмүүс байгаа учраас жаахан хэцүү байгаа байхгүй юу. /инээлдэв/

-Энэ таны бодлоор сайн уу, муу юу?

-Гэтэл тэр нь муу зан ерөөсөө биш. Бид Азийн цээжинд оршдог. Дээшээ хамгийн ойрхон гэсэн үг. Тэр коннекшнууд нь их хүчтэй байдаг болохоор багшийгаа их татдаг байсан байх. Нэг тийм хурц характертай, тэр нь хөгжмөөрөө л гарч ирнэ. Ямар сайндаа Лолоу гээд Испанийн хөгжмийн зохиолчийн бүтээлийг багш надаар тоглуулж байх вэ дээ. “Нэг тийм улаан, хурц, бухтай тоглодог испани цус шиг юм чамаас мэдрэгдээд байх юм” гэдэг байлаа. Монголчуудын мах иддэгтэй л холбоотой байх.

-Америкт байхдаа Монголоо их санадаг байв уу?

-Би Америкт очоод махаа маш их санасан. Ээжийгээ маш их санасан. Ийм л хоёр юмыг их санасан даа. / инээлдэв/ Америк явахаасаа өмнө махнаас гараад сүйд байлаа. Тэгсэн чинь монгол мах шиг сайхан мах дэлхийн хаана ч байдаггүй юм байна. Хүний ээж шиг хүн дэлхийн хаанаас ч олддоггүй юм байна гэдгийг мэдрээд ирсэн.

-Аз жаргал гэж юу вэ?

-Аз жаргал уу? Аливаа юманд сэтгэл хангалуун, за ёстой сайхан байна даа гээд нэг сэтгэл ханадаг даа. Тэр момент л аз жаргал байх. Аз жаргалтай амьдрал гэж тэр чигээрээ байхгүй байх аа. Ерөнхий утгаараа л гэхээс, хүний амьдралд 24 цагийн дотор юу эс тохиолддог билээ. Гэхдээ эргээд харахад нэг сэтгэл ханаж байсан үе байдаг даа. Энэ ч ёстой сайхан байна, сайхан боллоо гээд... Тэр зүйлүүдэд л аз жаргал байдаг юм болов уу.

Гэхдээ аз жаргалыг хүн өөрөө л бий болгодог. Аз жаргал гэдэг чинь хоосон чанарын юм байхгүй юу. Би үнэхээр аз жаргалтай байна шүү гэж бодоод байвал хүн аз жаргалтай л байна. Хөвөнд өлгийдүүлээд сууж байгаа хэрнээ аз жаргалгүй байна шүү гэж бодоод байвал аз жаргалгүй л байна. Хүн болгоны хувьд хэмжээс нь өөр л дөө.

-Хүүхдийг тоглоомоор нь шинждэг уламжлал бий. Багадаа яаж тоглодог, юу мөрөөддөг хүүхэд байв?

-“Гавьяат жүжигчин Дэлгэрцэцэг” гэж зарлуулаад концерт тоглодог байлаа /инээлдэв/. Хүүхдүүд эмч, багш болоод тоглож байхад би бол хэзээ ч тийм биш. Долоон буудалд зун гэрээ хураана. Гэрийнхээ хөшгийг хэцэндээ татаад зарлуулж байгаад л концерт тоглоно. Нэг бодлын, хүний хувь заяа зурагдчихсан байдаг гэдэг шүү дээ. Хэн хэнтэй хаана учрах, яаж явах гээд... Би зураг төөргөөрөө их зөв явж байгаа гэж боддог. Хувь заяа гэж үнэхээр сайхан. Тэр болгон хийх бүтээхтэй минь, урлагтай маань холбоотой. Тэгэхээр үнэнч байхгүй байхын аргагүй.

Дээгийгийн өөрийнхөөрөө байх гайхамшиг

Монголчуудыг байлдан дагуулж, телевизийн дэлгэцний өмнө дахин аваачсан шоу бол “Авьяаслаг монголчууд”. Шоуны хамгийн сонирхол татам мөчүүд ихэнхдээ хийлч Дээгийтэй холбоотой байдаг. Тайзнаа сайхан залуу гарч ирээд ая дуугаа өргөж, гайхам авьяасаа үзүүлсний дараа Дээгийгийн хөмсөг нь хөдөлж, ямар нэгэн этгээд гэмээр үйл хөдлөл хийнэ. Энэ л мөчийг хүлээж байсан үзэгчид тэр дороо сэтгэгдлээ бичээд эхэлнэ. Нэг хэсэгтээ л бөөн дуулиан. Зарим нь Дээгий, дуучин залуу 2-ын зургаар эвлүүлэг хийж тавиад, тэднийг зуслан руу хамт алхуулан бөөн like, share авна. Хүмүүсийн сэтгэгдэл ч янз бүр. Сайн, муу, гайхсан, эгдүүцсэн гээд л... Зарим нь бүр “Дээгий яаж ингэж чадаж байна аа” гээд бухимдах нь энүүхэнд.

 Дээгий “Авьяаслаг монголчууд”-ын шүүгчээр хоёр жил ажиллахдаа шоуг жинхэнэ утгаар нь амилуулж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Тийм ч учраас уг шоу шүүгчдээ сольсон тухай мэдээний дор хийлч Дээгийг буцааж авчрахыг шаардсан сэтгэгдэл хэдэн арваараа орж байна. Тийм ээ, тэр үнэхээр чадсан. Хийлч Дээгий оролцогчоос ямар нэгэн содон асуулт асуух, сэтгэгдлээ өвөрмөц чамин илэрхийлэх бүртээ улам ихээр сонирхол татдаг нь шоуны оргил мөчүүдийг чимдэг байлаа. Хувцаслалт, донж маяг нь хүртэл гайхалтай зохицохыг нь яана. Өөрийнхөөрөө байхын гайхамшгийг чухам түүнээс л олж харах шиг санагддаг. Тайзан дээр ч, амьдрал дээр ч...


-“Авьяаслаг монголчууд” шоуг үзэж байхад хийлч Дээгий ямар нэгэн үйл хөдлөл хийхгүй л бол сонирхолгүй болчихмоор ч юм шиг санагддагсан. Тэр бүхнийг яаж мэдэрч гаргаж ирдэг вэ?

-Уг нь бүгдээрээ тэгмээр байхад чаддаггүй гэж үү? /инээлдэв/ “Авьяаслаг монголчууд” шоуны ард маш том продакшн ажилладаг. Тэр том шоуны өчүүхэн нэг хэсэг нь л би болсон. Тэр бүхнийг бүхлээр нь хараад тийм байх ёстой гэдэг тавил гэж байна. Оператор ямар мөчид миний зургийг авах вэ гээд л энэ бүхэн маш том продюсингийн ажил, тэр сайхан уран бүтээлчдийн ур чадвар гэдгийг би онцлох ёстой. Би байгаагаараа байж чадаж байгаа нь миний ажил байхгүй юу. Би харамгүйгээр өөрийгөө, зүрх сэтгэлээ зориулж ажилласан. Зарим үед хүн алгын чинээ арьсаа бодоод юу ч хийхгүй сууж байх үе гарч болно. Гэтэл надад миний шоу нэгдүгээрт байж монголчуудынхаа авьяасыг шүүнэ гэдэг нь нэр төрийн хэрэг байсан учраас, зөвхөн миний тэр арьс сайнаар муугаар үзэгдэх, би сайнаар муугаар хэлүүлэх бол тээр хойно байлаа. Яг үнэндээ, үзэгчид зурагтаар үзсэнийгээ л харж байгаа. Ард нь юу болж байгааг мэдэхгүй. Энэ бол цэнгээнт шоу. Цэнгээнт нэвтрүүлэг, шоу гэдэг бол хүмүүсийг цэнгүүлэх л учиртай. Намайг хараад уур нь хүрч, инээд баясал нь төрөөд бүхнээ мартчихсан сууж байгаа шүү дээ. Тэр бүхнийг мартуулах ямарваа нэгэн юм хийх чинь л бидний үүрэг байхгүй юу.

-Энх-Эрдэнэ, бас Чука шүүгчийн “Алтан баззер” авсан охин үзүүлбэрээ үзүүлсний дараах “Мэргэжлийн дуучин юм уу” гэдэг асуулт чинь их гоё байсан. Хамгийн гол нь яг натурал гарч ирж байгаа юм. Шоун дээр өөрийгөө чөлөөтэй авч явж чаддаг байсны нууц нь юу вэ?

-Намайг хамгийн сайхан байлгаж чадахад маш том дэмжлэг үзүүлсэн хүн бол Чимгээ эгч. Үнэхээр сайхан эмэгтэй. Ёс зүйтэй, ямар уран цэцэн үгтэй гэж бодно. Өв тэгш эмэгтэйг нэрлэ гэвэл би Чимгээ эгчийгээ л нэрлэнэ. Чимгээ эгч үнэхээр төгс байсан учраас би хажууд нь жаахан сахилгагүйтэхэд надад их гоё байсан. Нээрээ шүү. Миний хажууд нэг годгор охин суучихсан бол, би тэгэж чадахгүй байсан байх. Тэгэхээр тэр бүхнийг харж, яг энэ балансыг сайн тохируулж чадна гэдэг бол продюсерууд нь мундаг байгаа байхгүй юу.

Өв тэгш эмэгтэйг нэрлэ гэвэл би Чимгээ эгчийгээ л нэрлэнэ. Чимгээ эгч үнэхээр төгс байсан учраас би хажууд нь жаахан сахилгагүйтэхэд надад их гоё байсан.

-Продюсер нь хэн бэ?

-Монгол HD телевизийн захирал Чинбатын Номин. Хөдөлмөрийн баатрын охин энэ бүсгүй Монголдоо маш сайхан гэрэл гэгээг авчирч байгаа гэж би боддог. Хүмүүс зурагт үзэхээ больчихсон байсныг эргүүлээд дэлгэц рүү татаж чадлаа шүү дээ.

-Үнэхээр энэ шоу нөлөөлсөн. Саяхан The Voice of Mongolia ч амжилттай боллоо. “Авьяаслаг монголчууд” яаж үргэлжлэх бол?

-Шоуны нууц байж магадгүй. Монгол туургатан гэж илүү том хүрээнд явагдана байх. Миний хувьд, би хийдгээ хийсэн. Сэтгэл маш хангалуун байгаа. Тэр бүх цаг хугацаанд хамт байсан хүмүүст, оролцогч 8-80 настнуудад үр ашгаа өгсөн шоу болсон. “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш ямар сайхан танигдав. Гавьяат багш боллоо шүү дээ. Тэр хүн шиг хэдэн арван мянган багш байгааг бид мэдэхгүй. Нийгэмд ямар гоё эерэг мессеж өгч байсан бэ. Тэр хараагүй охин гэхэд, үнэндээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг төлөөлөөд гараад ирж байгаа. Гэтэл тэр охины шоунд орно гэсэн зүтгэлээс болоод хараагүй хүнд зориулсан зам явж байгаад л шонд тулдаг гэдгийг олон хүн мэдэж авлаа. Нийгэмд ямар том дохио санамж өгч байна аа.

-Хүмүүс шоуг бүр хүлээж байгаад үздэг байлаа шүү дээ.

-Тэгээд маргааш нь бөөн яриа юу... / инээв/ “Алтан баззер” авдаг ачигч залуу байна. Хэчнээн мянган ийм залуус байгаа шүү дээ. Малчин эмэгтэй байна. Ямар гоё хүмүүс, нийгмийн бүх төлөөлөл гарч ирж байна аа.

-Гэхдээ шоун дээр яг юу болдог вэ?

-Бид чинь чухам ямар үзүүлбэр, юу гарч ирэхийг таашгүй. Тэр бол яг жинхэнэ үнэн явдал. Юу гарч ирээд, бид нараас ямар реакц гарч болохыг хэн ч мэдэхгүй. Энэ бүхнийг арын ажлыг зохион байгуулж байгаа нүсэр баг л зохицуулна.

-Манай сэтгүүлийн нэр Зиндаа. Хүний оюуны болоод чадавхийн гээд зиндаа бий. Яг энэ ойлголтыг өөрийнхөөрөө тайлбарлавал?

-Би саяхан 40 нас хүрлээ. Юу ойлгов гэвэл, хүн болгоны өгөгдөл өөр гэдгийг мэдэж авлаа. Хүн болгон өгөгдөл нь өөр өөр төрдөг юм байна. Хүмүүсийн энэ өгөгдөл цаанаасаа бурханаас заяагддаг юм байна. Үйлийн үр, эсвэл эцэг эхийн хийсэн тэр их буян нь байдаг ч юмуу. Тэгэхээр өгөгдөл гэдэг зүйл бол тухайн хүн энэ амьдралыг туулахад маш том орон зайг эзэлдэг. Энэ бол оюуны өгөгдөл, амны хишгийн өгөгдөл, энэ амьдралын буяны өгөгдөл. Энэ бүгд нийлээд зиндаа гээч юмыг бий болгодог байх.

-Эмэгтэй хүний хэдэн асуулт байна л даа. Дэлхий ертөнц хавтгай боллоо. Монгол хүн дэлхийн хаана ч амьдарч болж байна. Монгол хүн дэлхийн ямар ч улсын хүнтэй ханилж байна. Ханиа сонгох тал дээр ямар байр суурь хөтөлж явсаар гадаад нөхөртэй болчихов оо?

-Мэдээж, ёстой нөгөө карма гэж байдаг байх. /санаа алдав/ Миний мөрөөдөл хэмжээнээс ч дээгүүр зохицуулагдчихдаг юм шиг санагддаг. Дээрээс нь миний эр нөхөр шиг тийм хэмжээнд намайг хайрласан монгол эр хүн үнэхээр гарч ирээгүй. Эсвэл миний тархи өөрөө тэгэж кодлогдчихсон ч байж магадгүй. Яг үнэнийг хэлэхэд, би амьдралдаа зөвхөн өөрийгөө бодсон хэмжээнд шийдвэр гаргаагүй.

Намайг болон миний гэр бүлийг хамгийн сайхнаар авч явж чадах тийм эр хүнийг л хайж явсан шиг байгаа юм. Тийм ч учраас би ийм сонголт хийсэн. Мэдээж заримдаа харамсах, бас харамсахгүй ч үе байна. Одоо бол би маш сайхан байгаа. Эмэгтэй хүн яаж хайрлуулж болох тэр дээд цэг хаана байх вэ, тэр хэмжээнд хүртэл би хайрлуулж амьдардаг.

-Гайхалтай...

-Нөгөө утгаараа намайг монгол эрчүүдээ дорд үздэг гэж ойлгох гээд байдаг. Тийм биш. Сайхан сайхан монгол эрчүүдтэй учирч, таарч явж байсан. Миний өөрийн ертөнцийг үзэх үзэлд арай таарахгүй юм шиг байсаар яваад одооны нөхрөө би сонгосон. Хүний амьдрал гэдэг ер нь маргааш юу болох нь мэдэгдэхгүй шүү дээ. Тийм учраас би нэг их айхтар үүрд мөнхийн зүйлд автдаггүй. Яг одоогоороо амьдрахыг хүсэх тийм хандлагатай болсон. Өнөөдрийн байдлаар хамгийн аз жаргалтайгаар хайрлуулж, хайрлаж чадаж байгаа хүн бол миний хань. Тэгэхээр тултал нь хайрлаач ээ монголчуудаа, тийм биз дээ. Зоригтой хайрлаач. Монгол эрчүүдэд би урьд нь ч хэлж л байсан. Сайхан хайртай учирч байсан. Гэхдээ намайг авах биш авахуулах гээд байдаг. Ерөөсөө утгагүй санагдаж байгаа юм чинь. Тулсан сонголт байгаагүй л байхгүй юу.

-Оюун санааны хувьд өөртэйгээ ижил хүнийг хүсэх сонголт... Жишээлбэл, үеийн залуутай яриа ч тохирохгүй байхад, насаар ах хүнтэй оюун санаагаа ойлголцоод явчихдаг тал байдаг л даа, sorry! / инээлдэв/ Бас тийм тал ч байсан байж болох юм, тийм үү?

-Ер нь эрэгтэй хүнийг би гаднах гоо үзэмж гэхээсээ илүү /санаа алдав/ дотор ертөнцийг үзэх үзлээрээ намайг бүр алмайруулах ёстой л гэж боддог. Би ухаантай эмэгтэй. Гэтэл хажуудаа царай муутай хүнтэй байснаас, тэнэг хүнтэй байх нь бүр долоон дор биз дээ.

-Санал нэг байна аа.

-Тэгэхээр би эр хүнийг хэзээ ч гадна талаас нь бус, харин дотор нь байдаг тэр мужик зан байна аа даа, түүгээр нь л сонгодог юм шиг байна. Эсвэл эр хүн өөрөө бас боловсордог юм шиг байгаа юм. Одоо манай нөхөр “Хэрвээ би 30-тай байхдаа чамтай учирсан бол өнөөдрийнх шиг хэмжээнд чамайг ингэж хайрлах ёстой гэдгээ мэдэх ч үгүй явж байгаа. Нээрээ шүү” гэдэг.

-Магадгүй л юм.

-Гэтэл “Эмэгтэй хүнийг ингэж хайрлах ёстой юм байна. Ингэж хандвал эмэгтэй хүн их дуртай байдаг юм байна” гэдэг чинь бас л амьдралын том туршлага. Тэр туршлагууд нь ирсээр байгаад эр хүн чинь хэдэн настайдаа ч эр хүн болдог юм, бүү мэд ээ. /инээлдэв/ Тэр бүхнийгээ би одоо чамд зориулах гэж энэ их туршлагыг хуримтлуулжээ гэж нөхөр маань хэлдэг. Тэгэхээр бас залуу насыг буруутгах аргагүй байгаа биз.

-Тийм байна. Гоё ярьж байна.

-Би ингээд үнэнээ л ярьдаг юм.

-Хүүхэддээ хэр их цаг гаргаж чаддаг вэ?

-Хүүдээ анхнаасаа л нэг их цаг гаргаж чаддаггүй байлаа. Яг үнэндээ бантан хийгээд зогсож байхдаа аз жаргалтай байдаг эмэгтэй бол би биш. Намайг уучлаарай. Мэдээж, залуу насандаа би хүүгээ төрүүлсэн. Миний хүүгийн аавынх нь хувьд бол, энэ насных нь эрдэнэ мэт тийм сайхан үр заяасан. Тэр хоёр хүнийг хооронд нь учруулах ёстой байсан юм болов уу даа гэж боддог. Миний хүү аавтайгаа Америкт амьдарч байгаа. Зуны амралтаараа ирнэ. Маш их санадаг.

-Одоо хэдэн настай вэ?

-10 настай. Түрүү жил би Америк явсан. Өвөл очиж нэг сар хамт байж байгаад ирсэн. Одоо хүүгээ ирэхийг нь тэсэн ядан хүлээж байна даа.

-Мэдээж онлайнаар ярилцаж л байгаа байх.

-Skype чинь яг барьж л болохгүй юм даа. Video call энэ тэр бүгд л үнэгүй болчихсон байна шүү дээ. /инээв/

-Монгол эмэгтэйчүүддээ юу хэлмээр санагддаг вэ? Янз бүр л байна шүү дээ.

-Би юу гэж хэлнэ гээч... Монгол эмэгтэйчүүд жаахан шаардлага өндөртэй байх ёстой. Эрчүүд нь хайрлах, хайрлуулах учраа олохгүй байхад нь “зүгээр ээ, зүгээр” гээд битгий толгойг нь илээд бай. Нөхцөл байдлыг эмэгтэй хүн өөрөө бий болгох ёстой байхгүй юу. Нэгдүгээрт өөрөө... гэдэг шиг /инээлдэв/. Арай л зөөлөн байна. Арай л давраагаад байна. Өөрсдийгөө хайрлуулах тэр сэдлийг өгч чаддаг байх хэрэгтэй. Эр хүнд зайлшгүй хэлж, ойлгуулж, мэдрүүлж байж л тэр бүхний дараа “өө тийм байна” гэдэг байхгүй юу. Эмэгтэй хүний тэр олон гогцоо мэт бодлыг ойлгож байдаг тийм төрлийн хүмүүс ерөөсөө биш. Анхнаасаа On гэдэг товчийг нь дарж байгаад юу хүсч байгаагаа, яаж хайрлуулмаар байгаагаа зүгээр л хэл. Зүгээр л ойлгуул. Битгий уурлаж бухимд. Надад ингэж хандах болов уу гэж бүү хүлээ. Өөрийнхөө юу хүсч, яаж хайрлуулмаар байгаагаа илэрхийлэхдээ хэзээ ч битгий ич.

Эрэгтэй хүнтэй маш амар амьдрах ёстой байхгүй юу. Битгий бодлого бодуулаач ээ. Бидний юу бодож байгааг ер нь яаж мэдэх юм бэ, тийм биз дээ. /инээлдэв/

-Дээгий, ямар ном унших дуртай вэ?

-Хэрвээ би хөгжмийн хүн байгаагүй бол сэтгэл судлаач болох байсан ч байж магадгүй. Яагаад гэвэл хүн хоорондын харилцаа миний сонирхлыг их татдаг. Хүмүүсийн дунд байхдаа би тэлчлээд байдаггүй. Хүнийг ойлгож харьцах дуртай. Би сүүлийн үед “Хүн заавал тийм байх ёстой” гэж үзэхээ больчихоод байна. Энэ бол дэвшил байх. Тухайн хүн ямар байна гэдгийг мэдэрч, тухайн хүндээ сайхан байхаар харьцах оюун санааг өөртөө бий болгоод байна. Ер нь харилцааны, сэтгэл судлалын ном унших дуртай. Хүн судлал талдаа л юм даа. Мэргэжлийн онцлог ч байгаа. Хүнийг судлах, хүнд тохируулж урлагийг өгнө гэдэг чинь тэр юм л даа. Мэдрэмж...

-“Улаанбаатар” чуулгын гоцлол хийлч тоглолт ихтэй байгаа биз дээ?

-Тэгэлгүй яахав. “Улаанбаатар” чуулга маань нийслэлийн цор ганц албан ёсны чуулга. Манай чуулгын хөгжимчид бүх уралдааны бай шагналыг түүж байна. Найруулагч маань мундаг хүн бий. Мөнхсайхан дарга үнэхээр нийслэлийн гэх өнгө төрхийг чуулгадаа авчирч чадсан. Чуулгаараа маш их бахархдаг. Унаган Улаанбаатарын охин учраас би өөрийгөө энэ чуулгадаа байх ёстой гэж үздэг.

-Тоглолт хийгээч гэсэн урилгад хэр цензуртэй ханддаг вэ?

-Үндсэн ажил маань тоглох учраас тоглох ёстой л гэж үздэг. Би тоглож байх ёстой. Миний хийл дээшээгээ маш сайн цуурайтаж байх ёстой. Тэр сансар луу очиж байх ёстой. Миний сигнал ирэхээ больчихвол дээр байгаа хүн гайхна биз дээ? Энэ чинь одоо яачихав гээд... / инээлдэв/ Тэгэхээр сигналаа маш сайн асааж байх ёстой. Гэхдээ өөрийнхөөрөө байж реакц үзүүлж чаддаггүй, костюм пиджактай хүрлийсэн хүмүүсийн өмнө тоглох жаахан дургүй гээд хэлчихэд болно. /инээлдэв/


Хийлч Дээгий бид хоёр ийн ярилцав. Авьяас чадал, оюун ухаанаараа амьдрал, уран бүтээл, ажил үйлсээ жолоодож, үнэн мөнөөрөө яваа түүнээс үг сонсох сайхан байлаа. Хийлийн тансаг аялгууг тэнгэр эрхэст сонсгох хийлч Дээгий, уран бүтээлд нь соронз мэт татагдах үзэгч, сонсогчид нь Монголын сонгодог урлагийн энэ цагийн содон түүх, үл давтагдам “үзэгдэл” болон үлдэж байна. МУСТА, Degi’s Music school хөгжмийн сургуулийн захирал, “Улаанбаатар” чуулгын гоцлол хийлч Чимидлхамын Дэлгэрцэцэг бол сансарт дуурьсах аялгууг түгээсээр урлагийн тэнгэрт гялалзаж яваа тод од, Үлэмжийн чанар төгөлдөр эрхэмсэг гоо Монгол бүсгүй билээ.


Ярилцсан: Ц.ОЮУНЧИМЭГ /2018 оны Зуны тэргүүн сарын Шинийн 25, Улаанбаатар хот/

“Зиндаа” сэтгүүлийн №10/510 дугаарт нийтлэгдэв

Хамтран ажиллагч: "Vidal salon"

Мастер үсчин Д.Одонгоо

Маке Up артист Э.Урангоо

Гэрэл зургийг "NARU" фото студи

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(43.228.129.86) 2019 оны 08 сарын 21

Дээгий хэдэн онд анх алдаршсаныг мэддэггүй бололтой. 90-ээд онд алдаршсан хүн шүү дээ. Жинхэнэ өөрийн хөдөлмөрөөр амжилтанд хүрсэн эмэгтэй шүү, тэгж яривал.

0  |  0
123(202.9.42.92) 2019 оны 08 сарын 21

Авьяаас гэж ”0” онц гойд хийсэн бүтээсэн зүйлгүй. Өөрөөс үе мултарсан 2-3 гадны өвөө нарын хэдэн мөнгийн салгаж сугаа нэгэн залтжин авгай.

0  |  0
Зочин(139.5.219.128) 2019 оны 08 сарын 21

Царай муутай, авьяасгүй мөртлөө ингэж мандана гэлэг аргагүй их заль ухаан шүү. Маш их хар ухаантай авгай. Яг үнэндээ хийлэндээ гойд биш. Цахилгөан хийл, гадны хөгшчүүдээс салгасан мөнгөний ачаар амьдхрч байгаа энгэр задгай эм

1  |  1
Top