Л.Саруултөгс: Энгийн зүйлээс аз жаргалыг олж харах боломжтой

2019 оны 09 сарын 23

“Зиндаа” сэтгүүлийн 2018 оны №11, 12 / 511, 512 дугаараас онцолж байна.


“Зиндаа” сэтгүүлийн “Үлэмж төгөлдөр” булангийн зочин хойморт хатагтай Л.Саруултөгс уригдлаа. Бүсгүйчүүдийн сонирхлыг онцгой ихээр татаж, нэг ёсондоо тренд болоод буй “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид”, “Шик хатагтайн зөвлөгөө: Парист суралцсан минимал амьдралын 20 нууц” номын орчуулагч тэрбээр өнөө цагт нэн ховорт тооцогдох онцгой төлөв даруу нэгэн аж. Ярилцлагын зочноор оролцохыг зөвшөөрүүлэх нь тийм ч амар байгаагүйг хэлэх хэрэгтэй.   

Номын нээлтэд нь оролцохоор Интерном дэлгүүрийг зорин очвол суудал дүүрэн хүн цуглажээ. Женифер Л.Скоттын “Шик хатагтайн зөвлөгөө: Парист суралцсан минимал амьдралын 20 нууц” номыг 2012 онд Simon & Schuster хэвлэлийн газраас “Lessons from Madam Chic: 20 Stylish Secrets I Learned while Living in Paris” нэрээр АНУ-д анх хэвлэн гаргасан бол Монгол хэвлэлийг Trident Media Group-ээс өгсөн албан ёсны зөвшөөрлийн дагуу Монсудар хэвлэлийн газар эрхлэн гаргасан байна.

Номын нээлт тун ч даруухан атлаа өвөрмөц дэглэлттэй болж, орчуулагч Саруултөгс сонирхол татам мэдээллийг ярилцлагын хэлбэрээр уншигчдадаа өгсөн юм. Бүсгүйчүүд голдуу цугласан уг арга хэмжээний төгсгөлд худалдан авсан номондоо гарын үсэг зуруулахаар оочерлосон хүмүүсийг тэвчээртэйгээр хүлээсний эцэст ярилцах боломж олдов. Бид танилцаж, номын нээлтийн халуун уур амьсгал дунд сууж ярилцлаа. Мэдээж, номын тухай асуултаар л бидний ярилцлага эхэлнэ...


-“Шик хатагтайн зөвлөгөө” гэх номын нэр орос хэлний шикарный гэдэг үгийг санагдуулж байна. Тэгэхээр чамин тансаг амьдрахын тулд их зүйл хэрэггүй гэдгийг л энэ номонд өгүүлжээ гэж ойлгоод байна, зөв үү?

-Та яг зөв ойлгосон байна. Номын агуулгын хувьд жинхэнэ франц мадамын тухай гардаг. Франц хэлний chic гэдэг үгэнд дэгжин хээнцэр, чамин, нандин бөгөөд хэтрүүлэггүй гоё байхын тухай утга агуулагддаг. Номын зохиогч өөрийн үлгэр дуурайлал авсан франц хатагтайгаа өөрийнх нь хэв маягийн төлөөлөл болгож Шик хатагтай гэж нэрлэсэн юм билээ.

-Манай бүсгүйчүүдийн хувьд сайхан амьдарч, тансаг гоё, үзэсгэлэнтэй байхын тулд маш их зүйл хэрэгтэй гэж ойлгох нь давамгай байдаг. Тэгэхээр монгол бүсгүйчүүд төдийгүй Монголын амьдралд ч гэсэн тэсрэлт авчирч болохоор ийм бүтээлийг та орчуулжээ?   

-За баярлалаа. Бүтээлийн хувьд үнэхээр тантай санал нэг байна. Нэг талаар, яг таны хэлсэн шиг жаахан л мөнгөтэй болоод амьдрал дээшилчих юм бол би аз жаргалтай болох гээд байна гэдэг нэг хэсэг хүмүүс байдаг. Гэтэл нөгөө хэсэг нь тултлаа хамаг л сайн сайхан бүхнийг эдлээд байгаа мөртлөө аз жаргалаа олоогүй, бас л сэтгэл дундуур явдаг. “Шик хатагтайн зөвлөгөө: Парист суралцсан минимал амьдралын 20 нууц” бол энэ бүх хүмүүст зориулсан ном юм. Ямар ч амьдралын түвшинтэй байсан хүний аз жаргалтай амьдрал гэдэг маш энгийн жижиг зүйлсээс бүрддэг. Түүнийгээ хүн өдөр тутмын амьдралдаа анзааралгүй явсаар хаяж гээсэн байх нь элбэг. Наад зах нь өглөө чанасан кофены үнэр, хүүхдүүдтэйгээ бүжиглэж зугаацах мөч гээд энэ болгон чинь өөрөө аз жаргал юм. Тийм учраас бид цаг заваа зориулах ёстой. Ялангуяа орчин үед бол Америк, Франц, Япон гэлтгүйгээр бид өөрсдөө энэ өндөр хөгжилтэй орнуудтай хөл нийлүүлэн алхаж байгаа. Манайд хувцас, эд юмсын сонголт, техник технологийн сонголт бүгд байна. Ажаад байхад, хувцас, эд зүйлсээ шинэ загвар нь гарахаар сайжруулах гэж гүйгээд байдаг ч юм уу гэмээр. Одоо байгаа юмаа хэрэглэж болохоор байтал шат ахиулах гээд байдаг. Гэтэл бид юуны төлөө амьдарч байгаа юм бэ? Зөвхөн техник технологи, байр сав, машинаа сайжруулах зорилготой амьдрах ёстой юм уу. Одоо ажиллаад, цаг заваа зориулаад байгаа энэ ажлын хөлс маань юунд зориулагдах ёстой юм бэ.

Эцсийн эцэст хүн аз жаргалтай амьдралыг л эрэлхийлж амьдардаг биз дээ. Тийм учраас аз жаргалтай амьдрал гэдэг зөвхөн баян хүнд байдаг, ядуу хүнд байхгүй гэсэн тийм өрөөсгөл зүйл байдаггүй. Хүн бүр аз жаргалыг хажуунаасаа, энгийн зүйлсээс олж харах боломжтой гэдэг хамгийн чухал санаа энэ номонд бий.

-Хүн аз жаргалтай байж чадахгүй байгаа шалтгаан нь өөрт байгаа үнэ цэнэтэй зүйлээ үнэлэхгүй, өөрөө юу эзэмшиж байгаагаа мэдэхгүй байгаатай холбоотой гэж ойлгож болох нь ээ?

-Тийм, яг үнэн. Байнга чамлалттай байдаг сэтгэл үүнд нөлөөлж байна. Байгаа зүйлээ хэргийг нь ч гаргаж амжаагүй байж голдог. Эсвэл байнгын шунал. Ийм материаллаг зүйл дээр л бүх анхаарал нь төвлөрчихсөн байдал давамгай байна. Нэг жаахан мөнгө олох юм бол нөгөө материаллаг зүйлээ л сайжруулаад байдаг. Гэтэл хүн чинь амьд харилцааг үгүйлдэг. Гэр бүлээрээ ширээ тойрч суугаад өөрсдийн хийсэн хоолыг идэх, гэр орондоо “өнөөдөр юу болов, яав ийв” гээд хүүхдүүдтэйгээ ярилцах тэр орчин юу байна гээд бодоход аз жаргал, амьдрах утга учир гэдэг бол ерөөсөө хүмүүс хоорондын харилцаанаас л эхлэх ёстой. Тэгэхээр таны хэлж байгаачлан, байгаа зүйлээ үнэлэхгүй, хажууд байгаа аз жаргал гэр бүл нь байсаар байтал өөр юм руу санаа нь яваад байдаг тал байна.

-Энэ их сэтгэлийн өлсгөлөнгөөс яаж ангижрах вэ? Энэ чинь одоо өлсгөлөн биз дээ.

-Монголчууд анхнаасаа л эд шүтээгүй явж ирсэн хүмүүс. Бид хамгийн нэгдүгээрт амьдралын энэ монгол ухаанаа эргэж нэг санах хэрэгтэй гэж бодож байна. Хүн сайн сайхан амьдрахад их зүйл хэрэггүй гэдгийг монголчууд хамгийн сайн мэддэг хүмүүс. Тэгэхээр энэ өлсгөлөн, байнгын шуналтай байдал нь уламжлагдаж ирсэн бүхнийг маань тодорхой хэмжээнд дарж байна. Иймд амьдралынхаа үндсэн зорилгыг ухаараад зорилготой, мөрөөдөлтэй, хүсэл тэмүүлэлтэй, түүгээрээ жигүүрлэж, шатаж амьдрах амьдрал бол утга учиртай амьдрал юм гэдгийг л эргэн санах хэрэгтэй байх.

-Нэг хэсэг ч гэсэн төвлөрч өөрийгөө ойлгох хэрэгтэй гэсэн үг байна аа даа?

-Миний анхны орчуулгын бүтээл “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номонд энэ тухай маш тодорхой өгүүлсэн байдаг. Хүн бясалгах, өөрийгөө таних явдал маш чухал. Хүн бүр амьдралынхаа явцад олон зүйлийг судалж мэддэг. Мэдэхийг хичээж хойноос нь хөөцөлдөж явдаг. Гэтэл яг үнэндээ өөрийгөө сайн таниагүй байдаг юм байна. Цаг завгүй гээд өөрийгөө дотогшоо өнгийж хараагүй явдаг. Иймд ямар нэгэн байдлаар өөртөө цаг зав гаргаад, нөгөөтэйгүүр өөрийнхөө хэрэглэж байгаа эд юмс, хувцсаа эмхэлж цэгцлэх энэ ажлыг өөрийн гараар хийж байх явцад хүн дандаа өөрөө өөртэйгээ харьцаж, өөрөө өөрийгөө тэнсэж байдаг. Ийм цаг зав гаргаж, өөрөө өөртэйгээ харьцаад эхлэхээр өөрийгөө таньж мэддэг юм байна л даа. Би ер нь ийм юманд дуртай хүн юм байна. Би ерөөсөө ингэж амьдрах ёстой юм байна гээд. Энэ бол дэлхий даяараа анхаарал хандуулж байгаа “минимал амьдрал”-ын үзэл санааны хамгийн гол агуулга нь юм.

Хүн цөөхөн зүйлтэй байх тусмаа чухал юмсын ач холбогдол улам илүү тодорч харагддаг. Тэгэхээр өөрийнхөө эдэд дарлуулахгүйгээр өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй.  

-Өөрийгөө ойлгох ч цаг хугацаа олдохгүй байна гэж хүмүүс ярьдаг. Энэ завгүй амьдралаас өөртөө зориулсан цагаа гаргаж авахын тулд ямар хэмжээний хүчин чармайлт гаргах вэ?

-Ер нь манайхан ч завгүй, өндөр хөгжилтэй орны хүмүүс ч гэсэн амьдралын хэв маяг нь завгүй. Тийм учраас өөртөө гаргах цагийг өөрөө багахан хэмжээний хичээл зүтгэлээр гаргаж болно. Өөртөө цаг зориулж байна гээд хамаг амьдралаа хаяад гүйх тухай бол биш шүү. Жишээлбэл, бид өглөө ердийнхөөсөө арай эрт босоод өглөөний цай бэлтгэх явцдаа дуртай хөгжмөө тавьчихдаг ч юм уу. Тэгээд өглөөний цайгаа гэр бүлийнхэндээ зориулаад чин сэтгэлээсээ хийх нь өөртөө зориулж байгаа цаг мөч юм. Ажлынхаа дараа гэртээ ирээд оройн хоолоо өөрийн гараар бэлтгэх, зөв тэнцвэртэй хооллохын тулд хүнсээ өөрөө цуглуулах гээд эмэгтэй хүний хувьд өөртөө зарцуулах цагийг гаргаж болно. Мөн фитнес, иогоор хичээллэж байна гээд нэг их цаг зарцуулах гээд байдаг. Гэтэл ирж очих замдаа л замын түгжрэлд орох жишээтэй. Үнэхээр биеийн дасгал хөдөлгөөн хэрэгтэй байгаа бол хүнсээ цуглуулаад явган алхая, машинаар явахгүй байя. Бас гэр орноо цэвэрлэхдээ өөртөө хөнгөхөн ачаалал нэмээд дасгал хийе. Энэ бүхэн бол орчин үеийн завгүй амьдралын хэв маягтай хүмүүсийн хувьд цаг хэмнэх аргууд болж чадна. Энэ явцад хүн өөрөө өөрийгөө таньж мэдэх, өөртөө цаг гаргаж өөрийнхөө юмыг цэгцлэх, өөрийн санаа бодлоо цэгнэх цаг олоход тийм ч хэцүү биш ээ.  

 

“ШИК ХАТАГТАЙН ЗӨВЛӨГӨӨ”: ҮНЭ ЦЭНЭТЭЙ АМЬДРАЛАА ХҮН ӨӨРИЙН ГАРААР БҮТЭЭХ ЁСТОЙ

-Энэ номоо та ямар хугацаанд, мөн ямар хэлнээс орчуулав?  

-Орчуулгын ажлын хувьд бодсоноос хамаагүй их хугацаа орсон. Жижиг ном гэхэд долоон сарыг зарцуулсан юм байна. Эхлээд япон хэлний хувилбараас нь орчуулсан. Дараа нь англи хэлний эх хувилбар дээр нь хянасан. Нэг ёсондоо хоёр удаа орчуулга хийсэн. Японы зах зээл дээр гарч байгаа номнууд бол ихэнхдээ зах зээлдээ тохируулсан найруулгатай байдаг. Тийм учраас буцаад эх хувилбарыг нь харж хоёр хэл дээр тулгаж редакторласан. Монголын зах зээлд бол монгол уншигчдад тохируулсан хэл найруулгатайгаар гаргасан. Ер нь энэ ном маань их чамин үгтэй. Үнэхээр шик ном л доо. Зохиогч нь хошин шогийн мэдрэмжтэй, олон чимхлүүр зүйлийг хошин өнгө аясаар бичсэн байдаг. Тэр болгоныг нь гаргачих юмсан гэж хичээж, нэлээд чамбай ажилласан.

-Тэгэхээр үндсэн ажлынхаа хажуугаар энэ номыг орчуулсан байх нь. Та өөрийн ажлын тухай танилцуулаач. Ямар ажил эрхлэхийн хажуугаар долоон сар орчуулга хийгээд энэ ном төрөв өө гэдэг нь уншигчдын хувьд сонин шүү дээ?

-Би олон улсын харилцааны мэргэжилтэй. Япон талаа дагнаж ирсэн япон хэлний орчуулагч. Орчуулгын ажлын арваад жилийн туршлагатай. Японы элчин сайдын яаманд албан орчуулга хийж байсан. Одоо бол илүү өөрийгөө хөгжүүлэх тал дээр хүчээ сорьж байгаа гэж болно. Бизнес, бизнес дотроо бүсгүйчүүд рүү түлхүү хандсан бизнес эрхэлдэг. Гоо сайхны зөвлөгөө өгч, гоо сайхны салон ажиллуулж, бүтээгдэхүүн санал болгож байна. Дээрээс нь хүний хөгжил гэдэг бол улсын хөгжлийн нүүр царай нь байдаг учраас залуучууд маань их сайхан хөгжих хэрэгтэй гэж боддог. Залуусын хөгжлийг дэмжсэн ажлуудыг аль болох хийхсэн гэж боддог. Залуучуудыг Япон оронд сургах, ажиллаж амьдрах боломжийг нь бий болгодог ийм үйл ажиллагаа явуулдаг компанитай л даа. Энэ мэтчилэн олон зүйлийг хийж бүтээхийг зорьж байна. Ийм ажил эрхэлж байгаагийн хажуугаар ном орчуулж байгаа. Ном орчуулахыг үндсэн ажил болгоогүй учраас бас нэлээд хугацаа орж байна л даа.

-Хэрвээ нууц биш бол, хэдээс хэдэн цагийн хооронд сууж орчуулгаа хийдэг вэ?  

-Манайх хоёр хүүхэдтэй. Би өөрөө айлын эзэгтэй хүн. Өдөржин гадуур явж байгаад орой ирээд л номоо орчуулаад суугаад байж болохгүй. Гэрийн эзэгтэйн ажлаа бас амжуулах хэрэгтэй учраас ер нь дандаа л оройн цагаар орчуулгаа хийдэг. Хүүхдүүдээ унтуулж, гэрийн ажлаа хийж, хоол ундаа идчихээд... Тэр үед угаасаа их төвлөрдөг л дөө. Би бас өглөөний хүн биш юм шиг байгаа юм.

-Шар шувуу талдаа юм байна л даа? /инээлдэв/

-Тийм. Оройдоо толгой сайн ажиллаад санаанууд орж ирдэг. Тийм учраас дандаа л орой хийсэн орчуулгууд байгаа.

-Өдөрт хэдэн цаг зарцуулж ажилладаг вэ?

-Би уул нь өдөр тутамдаа хуваарилаад, өдөртөө хоёр цаг орчим суучихдаг ч юм билүү гэж анх төлөвлөсөн. Гэтэл яг ажиллая гэхээр тэр бүр чаддаггүй. Тэгээд хийхгүй байж байж нэг хийгээд суучихдаг ч юм уу. Та сэтгүүлч хүн мэдэж байгаа байх. Ер нь зарим үед гоё үг орж ирээд онгод орох ч гэдэг юм уу, тийм амжилттай үе байдаг л даа. Тэр үедээ аль болох удаан суудаг. Цаанаасаа болоод урсаад явчихдаг юм. Болохгүй, бүр төвлөрч чадахгүй үедээ больчихдог. Удаан суух үедээ маш олон цаг сууна.

-Энэ чинь том уран бүтээл шүү дээ. Орчуулга хийхэд үг олдоно, их гоё мэдэрч орчуулна гэдэг чинь үнэхээр цаг үеэрээ ялгаатай л даа. Тэр тусмаа хоёр хэлнээс харьцуулж тулгаж орчуулгаа редакторласан гэж байна. Тэгэхээр энэ номны монгол хэлний редактор нь хэн юм бэ?

-Монсудар хэвлэлийн газрын Батцэцэг гээд сая номын нээлт дээр надтай ярилцлага хийсэн бүсгүй ерөнхий редактораар ажилласан. Миний өмнөх ном ч бас Монсударын ном. Монсудартай хамтарч ажилласандаа би маш их баяртай байдаг. Бас л их чармайлт гаргасан. Номын эх хувилбар нь бүлэг бүртээ жижиг гар зургуудтай. Бусад орны хэл дээр хэвлэсэн хувилбарууд нь бас адил юм билээ. Манайх ч мөн адил бүлэг бүртээ жижиг гар зурган чимэглэлтэй. Энэ бүхэн монгол уран бүтээлчдийн хүч хөдөлмөрөөр бүтсэн.  Бас нэлээд урт хугацаа орсон. Их чамин ном.

-Яалт ч үгүй л чамин ном байна. Хэмжээ нь ч, доторх нь ч ерөнхийдөө франц маягийн харагдаж байна. Манай уншигчдад хандаж ном уншихын ач тусын талаар юу хэлмээр байна вэ?

-Ер нь аливаа хүн ямар ч цаг үед номноос хол байж болохгүй гэж бодож байна. Номноос хүн маш их зүйлийг суралцдаг. Наад зах нь манай монгол залуучууд, одоо бүр залуужих тусмаа кирилл үсгээрээ алдаагүй зөв бичиж чадахгүй болсон байна шүү дээ. Яриа нь бүр замбараагаа алдсан. Олон нийтийн сүлжээгээр дүүрэн ярианы хэлээр бичсэн постууд харагддаг. Түүнийгээ бараг л үндсэн хэл гэж ойлгоод байх шиг байна. Гэтэл яг үндсэн кирилл үсгээрээ алдаагүй зөв бичиж сурахын тулд ном унших хэрэгтэй. Ном бол энэ талын мэдлэгийг маш сайн өгнө. Нөгөөтэйгүүр ном уншсанаар хүний сэтгэн бодох чадвар сайжирна.

Жишээлбэл, алдартай бестселлер номнууд кино болоод гардаг. Киногоор нь үзчихье гээд л хүмүүс залхуурдаг. Гэтэл яг номыг нь уншихад гол дүрийн баатруудыг нь дотроо төсөөлөх, чөлөөтэй сэтгэх орон зай бий болж төсөөлөн бодох чадвар хөгжинө. Ялангуяа хүүхдүүд заавал ном унших хэрэгтэй.

-“Шик хатагтайн зөвлөгөө” номыг ямар хүмүүс түлхүү уншаасай гэж та бодож байна вэ?

-Энэ номын хувьд, хамгийн нэгдүгээрт мэдээж эмэгтэй хүнд хэрэгтэй бүх зүйл бий. Тийм учраас бүсгүйчүүд уншаасай гэж бодож байна. Энэ номонд хүсэл тэмүүлэлтэй, аз жаргалтай амьдрах нууцыг бичсэн байгаа. Ямар нэгэн байдлаар эмэгтэй хүний зөвхөн нүүр будах, хувцаслах нууц биш, бүх юм нь нэгдэж байж хүн утга учиртай, төгс хүн болж амьд амьдралаар амьдрах юм гэсэн ийм өргөн агуулгыг энэ номноос уншина. Номын хамгийн сүүлийн бүлэгт хүсэл тэмүүлэлтэй амьдрах тухай бичсэн. Тийм учраас энэ ном бол нас хүйс хязгаарлалгүй унших ёстой номын нэг юм.

-Хамгийн эхэнд асуусан тансаг, шикарный амьдралын нууцыг л нээгээд байна, тийм үү?

-Тийм. Тансаг, чамин хээнцэр байна гэдэг бол мөнгөтэй байх тухай, эсвэл баян амьдралыг ерөөсөө илэрхийлээгүй. Харин часхийсэн чанартай амьдралыг, хүн өөрөө амьдралаа часхийсэн чамбай авч явж байгааг л хэлж байгаа. Тэр амьдрал бол таны хэлж байгаа шиг жинхэнэ шикарный амьдрал. Тийм учраас шик гээд нэг тусдаа франц маягийн амьдралын хэв маяг байгаа гэсэн үг биш. Хүн болгоны амьдрал шик байж болно. Хүн болгоны амьдрал үнэ цэнэтэй. Энэ бүхнийгээ хүн өөрийн гараар бүтээх ёстой. Тэгэхээр энэ амьдрал ямар ямар хэсгээс бүрдэх вэ гэдгийг бүлэг бүрт заасан байгаа. Та өөрөө шикарный байх хэрэгтэй. Шикарный байхын тулд та ийм хувцаслалттай, ийм нүүр будалттай, ингэж харагдах ёстой. Тэгээд биеэ авч яваа байдал, гэр бүлдээ хандах хандлага чинь ийм байх ёстой. Бусдад, нийгэмд хандах хандлага, бодол санаа чинь ийм байвал зүгээр. Ингэж байж та шикарный амьдраад амьдралаасаа аз жаргалыг мэдэрдэг хүн болно. Стресстээд, чамлаад, байгаа бүхнээ голоод байх юм бол хэзээ ч тэр хүсээд байгаа аз жаргалдаа хүрэхгүй гэдэг ийм л санааг илэрхийлсэн ном.

“АМЬДРАЛЫГ ӨӨРЧЛӨХ ЭМХ ЦЭГЦ БА ТҮҮНИЙ ГАЙХАМШИГТ ИД ШИД”: ОРЧУУЛАГЧИЙН ХУВЬД ОЛОН НИЙТЭД БҮТЭЭЛ ХҮРГЭЕ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРГАХАД НАМАЙГ УРУУ ТАТСАН

Бидний хоёр дахь ярилцлага River Garden хотхон дахь ÉVEIL салонд нь үргэлжилсэн юм. Эмэгтэй хүний гоо сайхан эрхэмсэг оршихуйг бүтээх бүхий л үйлчилгээг цогцоор нь бүрдүүлсэн тус салоны нэгэн тохилог буланд бид тухлан суулаа. Интерномд хийсэн ярилцлагын үеэр чөлөөт имиж бүхий уран бүтээлчтэй уулзаж байсан бол, энд хатагтай Саруултөгсийн эрхэмсэг нандин “өөр” төрхийг нь олж харах боломж олдсон нь сонирхолтой байв.  


-Номын зах зээл дээр орчуулгын бизнес хийхдээ үнэхээр зах зээлд борлогдох номыг л сонгож орчуулдаг гэж Нэргүй гуайн ярилцлагаас уншиж байлаа. Таны хувьд орчуулах номоо өөрөө сонгодог уу, эсвэл Монсудар хэвлэлийн газар сонгож өгдөг үү?

-Хоёр номоо хоёуланг нь өөрөө сонгосон. Сонгосон хамгийн том шалтгаан бол эхний номоо анх уншаад өөрийн амьдралд хэрэгжүүлье гэж бодсон. Хэрэгжүүлээд үзчихлээ. Үнэхээр хэрэгтэй юм байна гэдгийг өөр дээрээ мэдээд, бусад хүмүүст хүргэхийг хүссэн. Энэ ном олон хүнд хэрэгтэй, тэр тусмаа манайханд маш их хэрэгтэй ном байна гэж үзсэн учраас орчуулахаар сонгож байлаа. Хүн болгонд хэрэгтэй учраас тэр нь бас борлуулалттайгаа холбогдоод л явчихдаг юм билээ.

-“Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номыг ямар хэлнээс орчуулсан бэ?

-Япон хэлнээс орчуулсан. Зохиогч нь япон эмэгтэй л дээ. Монсудар редакторлаж англи хувилбартай нь харьцуулдаг. Япон хүний үзэл баримтлал тэс өөр учраас англи хэл рүү орчуулахаар уур амьсгал нь арай л өөр. Япон хэл дээр бол, япон эмэгтэй өөрийгөө хэт дөвийлгөөгүй, олон жилийн турш судалж мэдсэн зүйлээ даруухан илэрхийлсэн ч байдаг юм уу. Тийм нюансууд нь их гоё. Тэр болгоныг нь оруулахыг хичээсэн. Харин “Шик хатагтайн зөвлөгөө” бол америк зохиогч эмэгтэй бичсэн, нэг ёсондоо америк ном. Америк хүмүүсийн амьдралын хэв маягийг Европынхтой харьцуулсан ном л доо. Энэ ном Америкаас гадна олон оронд бестселлер болсны нэг нь Япон орон. Харьцангуй минималист үзэлтэй, жижигхэн орон байранд амьдардаг, хэрэглээ цөөн байх болов уу гэхэд Японд бестселлер болсон. Тийм учраас япон хэлнээс суурь болгож орчуулсан. Тэгээд англи эхтэй нь тулгахаар япон орчуулга нь их танагдсан байдаг юм билээ.

Би энэ номыг анх уншаад “Ерөөсөө л эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн болгонд уншуулах юмсан. Хэчнээн эмх цэгцтэй хүнд ч гэсэн авах санаа заавал байгаа” гэж бодсон

-“Шик хатагтайн зөвлөгөө”-г гар цүнхэндээ авч яваад зав гарах бүрт уншсаар дуусгасан. Бас л чамгүй хугацаа орсон шүү. Эмэгтэй хүн бол нэг удаа заавал унших хэрэгтэй юм билээ. Их хөнгөхөн бичигдсэн, сонирхолтой ном.

-Энэ америк эмэгтэй зохиогчийн ном их гоё хөнгөн бичлэгтэй. Тэр нюансыг нь алдагдуулахгүй юмсан гэж бодож орчуулсан. Их чухалчлаад хүнд заагаад байх хэцүү байдаг шүү дээ. Тийм учраас дарамтгүй уншаад, бас зарим үед нь инээгээд, “Нээрэн яг ингэдэг шүү дээ, намайг биччихжээ” гээд л хөгжилтэй унших тусмаа хүнд их тусаж үлдээд мартагддаггүй. Яг тийм нюансаар бичсэн гоё ном л доо.

-“Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид”номынхоо тухай манай уншигчдад товч мэдээлэл өгөөч?

-Энэ бол орчуулагчийн хувьд олон нийтэд бүтээл хүргэе гэсэн шийдвэр гаргахад намайг уруу татсан ном л доо. Энэ номын хүч маш их гэж би боддог. Энэ ном гарсан газар болгондоо маш том давлагааг үүсгэдэг. Монголд нэлээд хоцорч орчуулагдсан мөртлөө яг тийм том давлагаа үүссэн. Фэйсбүүкээр олон групп нээгдсэн. Одоо ч тэр группүүд байдаг. Би хэд хэдэн группийнх нь гишүүн. “Эмх цэгцтэй ээжүүд ээ ингэвэл яаж байна” гээд л хоорондоо туршлага солилцоод, нэг ёсондоо гэртээ байгаа ээжүүд давлагаалсан. Энэ ном үнэхээр л гарчиг шигээ ид шидтэй гэж би боддог. Жирийн нэг япон эмэгтэй дэлхийн хүн болтлоо хүлээн зөвшөөрөгдөөд, ном нь олон сая хүнийг байлдан дагуултлаа танигдсан гэхээр энэ жижигхэн ном бол ид шидтэй. Ид шид нь юунд байдаг вэ гэвэл, эмх цэгцтэй, эд шүтэхгүй, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдрах энэ хэв маягийг л хүмүүст чиглүүлж өгсөн ном. Чи ингэдэг нь буруу, энэ бол зөв шүү гэдэг онол энд ерөөсөө байхгүй. Мэдээж сайхан цэгцтэй орчныг хүн болгон л хүсдэг. Түүндээ  яаж амархан хүрэх вэ гэдэг арга замыг маш сайхан тайлбарлаж өгсөн. Түүнд хүрсний дараа хүнд юу ирдэг вэ гэдгийг ч дурдсан. Эмх цэгцтэй сайхан болсны дараа хүн болгон өөр өөрсдийн амьдрал дээр ид шидийг нь мэдрээд явдаг. Их л ид шидтэй ном доо, ер нь /инээлдэв/. Уншаагүй хүн байвал заавал уншаарай.

-За тэгье. Би ч бас уншиж амжаагүй хүний нэг шүү /инээв/.

-Би энэ номыг анх уншаад “Ерөөсөө л эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн болгонд уншуулах юмсан. Хэчнээн эмх цэгцтэй хүнд ч гэсэн авах санаа заавал байгаа” гэж бодсон. Япон зохиогч эмэгтэй бол далд зүйлсийг сануулж хэлээгүй, их энгийн бичсэн ч гэсэн дандаа цаанаа учиртай, далд утгатай байсан. Жишээлбэл, эд шүтэхгүй гээд сайхан монгол үг байна. Би яг тэр үгээр нь орчуулсан. Материаллаг зүйлд хошуурдаг өнөөгийн амьдралын хэрэглээг багасгахад, байгаа юмаа хэргийг нь гартал эдэлж хэрэглэх хандлага их хэрэгтэй. Гэтэл энэ бол монголчуудад байсан амьдралын хэв маяг, аж төрөх ёсны ухаан шүү дээ. Байгаа юмаа хайрлая, хэрэглэж болоод байгаа зүйлээ хаяхгүй хэрэгцээг нь гаргая. Шинээр авсан эд зүйлсээ хэрэглэдэг байя гэсэн энэ санаанууд нь бидний хувьд монгол хэв маягийн төрөлх аж төрөх ёс руугаа эргээд орох л гэсэн санаа. Тийм учраас энэ бол явж явж монголчуудтай бүр их ойрхон ном.

-Дараагийн орчуулах номоо та өөрөө сонгох уу?

-Тийм. Ер нь өөрөө номоо сонгочихоод Монсударт санал тавьдаг. Тэд судалж үзээд за болж байна гээд сонгогдоод гардаг. Хоёр ном маань амжилттай яваа учраас дараагийн ном шууд сонгогдох байх аа.

-Та ном орчуулж байна. Гэтэл ном орчуулдаг хүн өөрөө ямар ном уншдаг бол?

-Уран зохиолын ном унших дуртай. Онгоцонд суухдаа, эсвэл хэрэгтэй юмаа мэдэж авъя гэcэн үедээ баримтат бүтээл, жижиг ном уншдаг. Ер нь ном унших тусмаа дуртай болдог нь үнэн юм шиг байна лээ. Орчуулгын ажлаа эхэлчихсэн үедээ би бүр ч их ном уншдаг. Амжаад л байдаг юм. Ер нь уншъя ч гэж боддог. Монгол хэлний найруулга их орж ирдэг учраас орчуулгын ном, эсвэл бүр монгол зохиолчдын ном, гоё монгол найруулгатай утга төгөлдөр номууд уншихаар орчуулга буухдаа ч хялбар болж өгдөг.

-Нээрэн тэгэх байх шүү.

-Тэгсэн мөртлөө орчуулга хийгээгүй байхдаа ном уншиж тэр бүр амжихгүй байх нь олонтоо. Завгүй байх тусмаа л амжаад байдаг юм.

-“Шик хатагтайн зөвлөгөө” нэлээд сайн борлогдож байгаа байх. Номын фэйсбүүк группуудэд их бичигдсэн. Монсударынхан баяртай байгаа байх даа.

-Ямар ч байсан баримтат бүтээл дотроо 1-д явж байсан. Сүүлийн үед харж амжсангүй. Монсударынхан миний бүтээлүүдийн талаар бас өөрсдөө дүгнэлт хэлсэн. Энхбат захирал, “...ялангуяа “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” бол номыг хэрэглээ болгоход монголчуудад их том нөлөө үзүүллээ. Манайхан эхлээд ном уншдаг байснаа нэг хэсэг болиод, эргээд ном гоё хэвлэгдэж гардаг болж борлуулалт өссөн. Гэхдээ сүүлийн үед борлуулалт сайтай байгаа номууд ихэнхдээ бэлэг дурсгалын зүйл шиг болсон. Өөрөө уншихгүй бэлгэнд өгдөг. Бэлгэнд авсан хүн нь уншиж байна уу, үгүй юу бас мэдэгдэхгүй. Ерөнхийдөө солилцооны бэлэг дурсгалын зүйл шиг болсон. Харин энэ номыг бол хүн унших гэж аваад байх шиг байгаа юм. Авсан хүмүүс нь уншчихаад байна. Уншсан зүйлээ бас хэрэгжүүлээд ч байх шиг байна. Ер нь гадны өндөр хөгжилтэй орнуудад бол хүмүүс нь байгаа газар болгондоо л жижиг ном бариад хаа сайгүй ном уншаад явж байдаг. Ном хэлбэрээр нь унших, гадныхан шиг номонд шунаж, хэрэглэн уншиж байгаа ном болж чадлаа” гэж дүгнэсэн. Орчуулгын бүтээл маань хэрэглээний процентоороо бестселлер ном болж чадсанд нь би туйлын их баяртай байгаа.

ЯПОН ОРОН НАДАД МАШ ИХ ЭЭЛТЭЙ БАЙДАГ

-Та япон хэлнээс ном орчуулдаг. Япон улсын ЭСЯ-нд олон жил ажилласан. Ер нь япон хэлийг хаана сурсан бэ? Японд уу, Монголдоо юу?

-Орос 23-р сургууль 1990 онд гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургууль болсон жил нь би нэгдүгээр ангид орсон юм. Тэр үед орос хэлнээс гадна англи хэл, япон хэл гэсэн хоёр сонголтыг хүүхдүүдэд өгсөн. Ихэнх хүүхдүүд англи хэлийг сонгосон учир англи хэлээр хоёр анги, япон хэлээр нэг анги хичээллэж байлаа. Миний хувьд япон хэлийг анх нэгдүгээр ангид орохдоо л сонгосон. Тэр сонголт маань буруудаагүй гэж боддог. Тухайн үедээ манай сургуульд Жайкагийн сайн дурын багш нар ирж ажилладаг байсан учир бид япон багшаар хичээл заалгадаг байлаа. Кожи Тэцү гээд манай япон багш өөрийн төрсөн нутагт байдаг бага сургуультай 23-р сургуулийг холбож өгөөд сурагч солилцооны гурван сарын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Манай ангиас хоёр хүүхэд сонгож, би ангийнхаа нэг охинтой хамт Япон явсан. Тухайн үед шууд нислэг ч гэж байсангүй. Дамжаад нисэх нислэг байсан ч эцэг эхийн маань цалин онгоцны билет авах хэмжээнд биш л байгаа шүү дээ. Бид хоёр япон багштайгаа хамт Бээжин хүртэл галт тэргээр, Бээжингээс Тэнжин хүртэл машинаар, тэндээсээ усан онгоцонд гурав хоног Кобэ хот хүрээд, Кобэгээс Кочи муж руу автобусаар явж талдаа долоо хоног зарцуулаад Япон орныг анх үзэж байсан.

-Тэр чинь одоо хэддүгээр анги вэ?

-5-р анги, 1994 он. 11 настайдаа явж байсан юм. Тэнд япон хүүхдүүдтэй хамт бага сургуульд нь суралцсан. Манай сумочид ч гарч ирээгүй байсан болохоор Монгол орныг огт мэддэггүй байлаа.  

-Дуучин Оюунтүлхүүр байсан болов уу?

-Оюунтүлхүүр байсан. Манай тэр муж хавиар ойрхон байсан байх. Оюунтүлхүүр бид нарыг уулзуулж арга хэмжээ зохиодог байсан юм. Дараа нь энэ хөтөлбөр өргөжөөд олон хүүхэд явсан. Анх хоёулаа явсан бол, ангийн тал нь явдаг болсон. Манай эдийн засаг ч гайгүй хөгжөөд онгоцоор нисдэг болсон. Би дунд ангидаа бас явсан юм. Сурагч солилцоогоор хоёр удаа явсан маань япон хэл сурахад маш их дөхөм болж ангийнхнаасаа бүр тасарчихаж байгаа юм. 10-р ангиа төгсөөд япон хэлээрээ явна гээд Соёл-Эрдэм сургуульд орж байлаа. Японд очиж сурна гэсэн л мөрөөдөлтэй. Тэгээд Японы ЗГ-ын тэтгэлэгт оюутнаар явах боломж байдгийг сонсоод бэлдэж эхэлсэн. Соёл-Эрдэм бол нийтээрээ бэлддэг л дээ. Шалгаруулалтад тэнцээд Япон улсын ЗГ-ын тэтгэлгээр Японы Чибагийн их сургууль буюу улсын сургуульд нь суралцсан. Ер нь Япон орон надад маш их ээлтэй байдаг. Өгсөн болгондоо тэнцээд, зорьсон болгондоо хүрээд л... /инээмсэглэв/.

-Сургуулиа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Төгсөж ирээд ямар ажил хийх вэ гэж байтал сонин дээр Японы ЭСЯ-нд ажилтан авна гэсэн зар гарч, ээж намайг анкетаа өг гэлээ. Эхний удаад нь арай төгсөөгүй амралтаараа ирсэн байхдаа материалаа өгсөн юм. Диплом чинь гараагүй бол арай болохгүй гээд нэг удаа буцсан. Сургуулиа төгсөөд байтал дахиад зар гарахад нь материалаа өгөөд тэнцсэн. Би Японы ЭСЯ-нд 2003 онд ороод 10 жил ажилласан. Их сургуульд ч их юм сурсан. Сургуулиар сураагүй юмаа ажил дээр гараад бас сурсан. ЭСЯ япон хэлний орчуулгын тал дээр надад маш том туршлага болж их зүйлийг өгсөн. Японы ЭСЯ-нд япон хэл битгий хэл монгол хэлээ сурсан. Бичгийн хэлээр албан бичиг, ноот бичиг бичих, зөв орчуулгын хэв маяг, хувилбар, нюанс бүх юмыг л сурсан. Тэр үедээ хүмүүст зориулсан ном орчуулаад явна гэж ерөөсөө бодоогүй. Элчингээс гараад өөрөө хувиараа бизнес эрхэлдэг болсноос хойш одоо хийж байгаа ажлууд маань ч гэсэн Японтой холбоотой.  

-Амьдралын талаарх өөрийн гэсэн үзэл бодол төлөвшихөд хамгийн их нөлөөлсөн зүйл юу байв?

-Орчин тойрны үлгэр жишээ авч байгаа хүмүүсийн нөлөө л их байсан болов уу. Ялангуяа манай ээж. Учир байдлыг тайлбарлаж ойлгуулахын зэрэгцээ бие дааж өөрийгөө авч явах тал дээр намайг их дэмждэг байлаа. Сурагч солилцоогоор Япон явахад бид нар айлд л байна. Япон ээж маань “Тал нутгаас ирсэн охин” гэдэг ном бичсэн юм. Тэр нь гишүүдийнхээ хүрээнд гардаг жижиг ном л доо. Тэр номоо уншаад бүрэн ойлгож чадахгүй л байгаа юм, ханз ихтэй болохоор. Тэрийг би орчуулъя гэсэн чинь ээж намайг дэмжсэн. МУИС-ийн япон багш дээр очиж ханз болгоныг нь бичээд үзэж байсан. Орчуулъя гэсэн санааг минь дэмжсэн л дээ. Хэдийгээр орчуулга нь тэр үедээ болоогүй ч дараа нь болсон гэсэн үг. Хүүхэд санаа бодлоо эцэг эхдээ хэлж, түүнийг нь дэмжих их чухал юм байна гэдгийг би дараа нь ойлгож байсан. Хамгийн гол нь тэр үедээ дэмжсэн нь өөртөө итгэлтэй, бие даасан болох төлөвшилд хэрэг болсон байх. Ээжийн хүмүүжлийн арга барил надад их том нөлөө үзүүлсэн гэж боддог.

-Япон ээж гэж та ярилаа. 11 настай жаахан охин гэрээ санадаг байсан байх даа?

-Багадаа арлын оронд очоод богино хугацаанд ч гэсэн хэл ус мэдэхгүй хүмүүсийн дунд эхэндээ хэцүү шүү дээ. 11-тэй хүүхэд өөрийн эрхгүй биеэ даах болж байгаа юм. Хэчнээн уйллаа гээд далай гатлаад явахгүйгээс л хойш... Одоо бодоход 11 нас арай бага л даа. Гэхдээ хүүхдийг оюутан болсон хойно нь гадагшаа явуулах юм бол биеэ даагаад хувийн зохион байгуулалттай болж, өөрийгөө авч явах, юмандаа эзэн болох тал дээр суралцана. Зөвхөн өөрийнхөө юмыг аваад өөртөө эзэн болоод амьдрах чинь өөр шүү дээ. Төлөвшихөд тиймэрхүү нөлөө, бие даах боломж их чухал гэж боддог. Ер нь ээж аавын нөлөө их. Ээж надад “Бид хичээлд чинь суугаагүй учраас мэдэхгүй. Тийм учраас чи өөрөө л хичээх хэрэгтэй” гээд учрыг тайлбарлаж ойлгуулах оролдлого их хийдэг байлаа. Ээжийн энэ арга барилыг би хүүхдүүдтэйгээ харьцахдаа хэрэглэдэг. Ээж биднийг яаж хүмүүжүүлсэн, яг л тэр арга барилаар би хүүхдүүдээ хүмүүжүүлдэг.

-Япон соёлын нөлөө гэмээр тийм зүйл танд байдаг уу?

-Байгаа. Би хувьдаа монгол хүмүүст япончуудаас сурах зүйл маш их бий гэж боддог. Мэдээж гадны орноос сайныг нь аваад мууг нь хаяна. Гэхдээ Америк зэрэг бусад хөгжсөн орнуудын туршлагыг монгол хүнд суулгана гэдэг нэг л хол санагддаг юм. Японтой өөрөө холбогдсон учраас тэгэж байгаа ч юм биш. Япон адилхан л Азийн орон. Тийм учраас Монгол, Япон хоёр бол бие биенээ нөхөөд байгаа юм шиг тийм л хоёр ард түмэн.

Жишээлбэл, би Япон орныг үзээд, япон соёл сураад, япон школоор суралцаад төлөвшчихсөн энэ боломжийг бусад хүнд бас өгөх юмсан гэж боддог. Тийм учраас Япон руу дадлагажигч оюутан залуусыг зуучлах ажил хийж байгаа. Энэ ажилдаа маш их дуртай. Тэднийг явуулахын өмнө япон хэл сургадаг. Би өөрөө бас зарим хичээлийг нь орно.

Мөн бага хүү маань 5 настайгаасаа эхлээд каратэд явж байгаа. Би ээж нарт хэлэх юмсан гэж бодоод байдаг юм. Япон спорт бол их утга учиртай. Зөвхөн ялж дийлэхдээ гол биш. Хүүхдэд ялагдал гэж юу байдаг, ялагдсаны дараа хүн ямар хэцүү байдалд ороод тэрийг яаж даван туулах ёстой юм гэхчлэн олон төрлийн хүмүүжлийг олгодог. Тийм учраас жүдо ч бай, каратэ ч бай, япон үндэсний сумо ч бай энэ спортууд бол хүмүүжлийн тал дээр нь их зөв төлөвшлийг өгдөг юм байна.  

Хоёр орон нэг нэгнээ нөхөх шинж чанартайн жишээг би каратэгийн тэмцээн дээр харж байлаа. Тэмцээнд монгол хүүхдүүдийн ээж аав нь хамт дагаад явчихдаг л даа. Харж байхад, монгол хүүхдүүдийн багш нь ч, ээж аав нь ч “Ерөөсөө л ялах хэрэгтэй, ялаад дийлээд өг” гээд байдаг. Ялах мэдээж чухал. Гэтэл хүн амьдралдаа дандаа ялахгүй, хэзээ нэгэн цагт унана. Эхнээсээ ялаад явчихсан хүн бол унасан үедээ босч чадах сэтгэлийн тэнхэлгүй байдаг. Гэтэл япончууд ялах, ялагдахыг хоёуланг нь үзүүлээд явдаг. Ялагдсан хүүхдүүд ямар мундаг хүмүүжилтэй байдаг гэж бодно. Хэрвээ манай монгол хүүхэд япон хүүхдийг ялах юм бол хөөрөөд л орилоод гүйгээд явчихдаг. Гэтэл тэр спорт чинь заавал зогсч байгаад ялагдсан хүнтэйгээ ёсолгоо хийх ёстой. Манай хүүхдүүд ч хөөрөөд, ээж аав нь ч хөөрч байгаа юм. Гэтэл ялагдсан хүүхэд уйлсан чигээрээ тэр том зааланд тэр их олон хүн дотроос хайсаар байгаад араас нь олж ирээд мөргөж байгаа юм. Тэр хүүхдэд хэцүү байгаа ч гэсэн заавал ялсанд нь хүндэтгэл илэрхийлэх ёстой байдаг. Нэг ёсондоо “би дутуу байна” гэдгээ илэрхийлдэг. Тэгэж байж л дараагийн шат руу орно. Үүнтэй харьцуулахад дэмий хөөрөөд байдаг зан манайханд байна шүү дээ. Иймд энэ тал дээр япончуудаас суралцмаар харагддаг. Гэтэл япончууд эсрэгээрээ юу гэдэг вэ гэвэл, “Сумогийнхныг харж байхад ч гэсэн, ялна ялна гээд л монголчууд цөс ихтэй юм. Гэтэл япон хүүхдүүд бол бүр нэг тийм унжуу болчихсон. Ялах юмсан гэхгүй, за яахав дээ бүгд нийтээрээ дундаж байхад би тэр дунд нь явж болоод байна гэсэн тийм үзэлтэй болчихсон” гэдэг.   

-Монгол хүнийх шиг хүсэл тэмүүлэл япончуудад бага байна гэсэн үг үү?

-Тийм, олны жишгээр явж байхад болно гээд, бас болчихдог болохоор тэр. Ингээд хоёр орны өөр өөрсдөөсөө ялгаатай юмаа үзэхэд, бидэнд нэг нэгнээсээ суралцах зүйл маш их харагддаг. Тийм ч учраас хүүхдүүдээ бас сургах юмсан. Над шиг бүр ингээд холбогдоод явчихгүй ч гэсэн хэрэгтэй аваасай гэж боддог. Ер нь япон хүмүүжил гэдэг их гоё л доо, уг нь.

 

ЭНЭ ЗУРГУУД БОЛ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ЗУРААЧДЫН БҮТЭЭЛ

-Танай салонд хэд хэдэн уран зураг байна. Уран зураг сонирхдог уу?

-Монгол уран зургаа таашаадаг. Эмэгтэйчүүд ирж үйлчлүүлдэг учраас интерьертээ уран зураг оруулсан. Энэ зургууд бол Монголын эмэгтэй зураачдын бүтээл. Манай нөхрийн цуглуулга л даа.

-Танай хүн чинь улстөрч. Тэгэхээр улс төрийн хүний ар гэр байх бас хэцүү биз?

-Ид үедээ ч бас хэцүү л байсан /инээмсэглэв/, одоо гайгүй намжчихаад байна. Ер нь ажлыг нь ойлгож дэмждэг. Нэгэнт улс төрд орчихсон хүн, өөрөө танигдаад, бас нэг зорилготой явж байгаа учраас аль болох дэмждэг. Сүүлийн сонгуулиас хойш хамтдаа бизнес тал руугаа явж байгаа л даа. Миний хувьд нөхөртэйгээ хамт бизнесээ авч явах дуртай.

-Гэр бүлээрээ нэг сайхан амаръя гэвэл юу хийдэг вэ?

-Гэр амьтай болохоор гэртээ амрах л гоё байдаг юм. Ус цасанд ороод өдөр, эсвэл эртхэн шиг бүгдээрээ унтаж амардаг. Тэгээд босоод ирэхэд арьс гоё болчихсон, үнэхээр амарсан нь мэдрэгддэг. Цагийг их сайхан өнгөрүүлэх тал дээр бол байгальтай ойр байвал зүгээр байдаг. Хүн чинь өөрөө байгалийн амьтан учраас байгалиасаа энерги авдаг. Ойрхон гол устай газар явахад хүүхдүүд ч дуртай.  Би нэг их айхтар хөдөө гадаа яваад байдаггүй ч хааяа ойр зуур салхилчихвал бас их гоё байдаг. Японд байхад бол халуун орон учраас хэцүү шүү дээ. Пүн хийгээд л саунд байгаа юм шиг. Тийм үед “Монголдоо нэг сайхан хөдөө салхинд гарах юмсан” гэж үнэхээр бодогддог шүү.

-Гэр бүл бүрийн урлагийг таашаах хандлага өөр өөр байдаг. Танай гэр бүл кино, театрын алинд нь илүү дуртай вэ?

-Ёстой аль алинд нь дуртай. Манай охин балетаар хичээллэдэг. Үеийнхээ хүүхдүүдтэй хамт суралцаж, бас өөр хоорондоо өрсөлдөөд, өөрөө их сонирхолтой болсон. Балетаар хичээллэдэг болохоор театрт очих дуртай. Кинонд ч бас их дуртай. Манай өвөө Төрийн шагналт, Монгол Улсын Ардын жүжигчин, УГЗ,  Зууны манлай кино найруулагч Дэжидийн Жигжид.

Би кинотой их ойрхон өссөн. Кинонд маш их дуртай, дандаа үздэг. Орчин үеийн болоод хуучны кинонууд гээд төрөл бүрийн кино үзнэ. Бүх кинонд дуртай. Харин сонгодог урлагаас бол балетад дуртай. Балет, бүжиг талдаа сонирхолтой болохоор илүү ойлгогддог.  

-Фүжи ууланд очиж байв уу? Анхны сэтгэгдэл ямар байсан бол?

-Очиж байсан. Шизүока мужид Фүжи уулын ихэнх хэсэг нь байдаг юм. Ер нь 2-3 мужид харагддаг л даа. Шизүока муж Дорноговь аймагтай найрамдалт мужууд болсны дараа би төлөөлөгчөөр нь хоёр жил ажилласан юм. Тэр үед Шизүока руу их явдаг байсан. Фүжи уул маш үзэсгэлэнтэй учраас холоос харахад л ер нь гоё. Заавал авирч гараад байх шаардлагагүй. Анх үзэхэд их сүрлэг санагдаж байлаа. Манай уулсаас тэс өөр. Өөр төрлийн уул. Галт уул учраас нууцлагдмал, их олон юм хураасан ч юм шиг, тэр нь хэзээ ч гараад ирж магадгүй ч юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Урлагийн олон чиглэлийн бүтээлийн онгод нь болдог уул даа. Хэр барагтай бас харагддаггүй л гэдэг юм билээ. Би бол харж байсан. Заримдаа бороо хур ихтэй үед орой нь харагдахгүй.  

-Манай Отгонтэнгэр хайрхан шиг л уул юм биз дээ?

-Ер нь тийм.

-Япон бол “Өөр ертөнц” гэж бичдэг. Алдартай гэрэл зурагчид тэр санаагаа гэрэл зургаар илэрхийлсэн байхыг ч олонтоо харж байлаа. Япон үнэхээр тийм өөр ертөнц үү?

-Япончууд бол дээд зэргийн торгон мэдрэмжтэй хүмүүс гэж л би хэлнэ. Аливаа юмны тунг нь яг тааруулдаг. Хоол хийсэн нь ч, кимоногоо өмссөн нь ч бусдаас өөр. Кимоногийн хээ угалз, өнгөний уусгал нь ямар гоё байдаг билээ. Тэр бол зөвхөн япон хүнээс л гарна. Уран зураг, урлаг соёлыг нь харахад япончууд мэдрэхүйгээ их сайн ашиглаж чаддаг юм шиг санагддаг. Тийм учраас л тэр хүмүүсээс их нарийн нандин юм гардаг байх гэж боддог юм.

МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРТ ДЭЭР ҮЕЭСЭЭ Л УЛС ОРНЫХОО ХЭРЭГТ Ч ОРОЛЦДОГ, ГЭР ОРОНДОО Ч МЭДЭЛТЭЙ БАЙСАН УЧИР ХАТАН УХААНТАЙ ГЭЖ ЯРЬДАГ

-Монгол, Япон хоёр улсын ард түмэн бие биенээ нөхөх чадвартай гэж та хэлсэн. Энэ чанар эмэгтэйчүүдэд нь яаж илэрдэг вэ? Япон эмэгтэй, Монгол эмэгтэй хоёрын ялгааг та хэрхэн олж хардаг вэ гэдэг сонин байна?

-Нээрэн л эмэгтэйчүүд дээр нь илүү мэдэгдэх байх. Япон эмэгтэй бол их арчаатай. Тэр чанар нь эрэгтэй хүнээс үнэхээр хол ялгаатай. Нямбай чамбай, нарийн нандин талаараа бол япон эмэгтэй маш мундаг. Гэр орноо цэвэрлэж цэгцлээд, эмхлээд л жижиг сажиг юмнууд хийгээд, хүүхдүүдээ их гоё авч явдаг. Манайхныг бодоход гадуур ажил хийх нь бага шүү дээ. Гэрийн эзэгтэйн ажлыг их сайн хийдэг. Тэр талаараа манай хүүхнүүдээс нэлээд ялгаатай.

Нөгөө талаар, монгол эмэгтэйчүүд бол гадагшаа гараад, нөхөртэйгээ мөр зэрэгцээд гаднах ажлаа амжуулаад явдаг учраас харьцангуй өөртөө итгэлтэй, өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой байхад, япончууд тийм боломжгүй. Хийхийг ч аягүй бол хүсэхгүй талдаа. Ер нь амбиц багатай. Би гэртээ байж байхад болно. Хүүхдээ сайн хүмүүжүүлчихвэл болоо. Хүүхэд минь л том болоод олигтой явахыг нь харах юм бол миний энэ насны мөрөөдөл биелнэ гэсэн үзэл бодол давамгай. Бусдыг манлайлаад л, тэргүүлээд л явна гэсэн хүсэлтэй хүмүүс цөөн. Тэр талаараа их том ялгаатай.  

Харин манайхны хувьд, миний хувийн бодлоор, эмэгтэйчүүд маань залхуу байна. Залхуу учраас арчаагүй байдал үүсдэг. Өөрийгөө аваад явж байгаа нь хүртэл арай гэж л босоод ирсэн бололтой хүн олон харагддаг. Манайхан бүгдээрээ тийм гэж хэлэхгүй. Гэхдээ залхуу хүн харьцангуй их харагдаад байгаад нь харамсаад байна л даа. Ээж хүн бол хүүхдүүддээ маш их нөлөө үзүүлдэг. Хүүхдүүд ээжийгээ харж өсч байгаа. Гэр бүлийн уур амьсгал гээд бүх л юманд маш том нөлөө үзүүлдэг учраас эмэгтэй хүний арчаатай байдал бол нэн тэргүүнд байх хэрэгтэй. Монгол эмэгтэйчүүд тийм залхуу байгаагүй. Орчин үед юм болгон хялбар болоод ирэхэд тэгэж байна уу? Эсвэл их дарамтад түүртээд хаячихаж байна уу? Тэгэж болохгүй гэдгийг л хэлэх гээд байна.  

-“Сүүлчийн самурай” кинонд Японы түүх, уламжлалыг тод томруун үзүүлсэн байдаг. Түүхээрээ бахархах сэтгэлгээ нь япончуудын хувьд ямар байдаг вэ? Манай монголчуудын хувьд бол бид мэднэ дээ /инээлдэв/.

-Түүх соёлоороо бахархах сэтгэлгээ япончуудад бий. Учир нь манай монголчууд шиг моно буюу 99 хувийн нэг үндэстэн шүү дээ. Бас чамгүй их түүх соёлтой. Ялангуяа соёл урлаг талаасаа үнэхээр гайхалтай. Мэдээж манай Чингис хаан, Эзэнт гүрний түүхтэй эн тэнцэж харьцуулагдах орон байхгүй шүү дээ, тийм ээ.

Тийм учраас тэр хэмжээнд бид нартай адилхан бахархдаггүй л юм шиг байгаа юм. Зүгээр дор бүрнээ бахархдаг. Гэхдээ өөрийнхөө сул дорой байдлыг нуух зэвсэг болгож “манайх ийм самурайн уламжлалтай” гэдэг байдлаар ярьж байгаа хүн ерөөсөө харагддаггүй. Их хүндэтгэлтэй. Өөр дээрээ тусгаж яриад байх ч юм биш гэсэн маягтай. Ер нь гадны хүн сонирхож асуувал ярина уу гэхээс, давын түрүүнд яриад байдаггүй.

-Фукушимагийн АЦС-ын дэлбэрэлтийн үеэр япон хүн гэж ямар хүн байдгийг дэлхий даяараа харсан. Ер нь япон хүнийг яаж хүмүүжүүлдэг талаар ажиглаж байв уу?

-Олимпод оролцох гэж байгаа тамирчдын шторкоор жишээ авъя л даа. Манай шторк дээр бол “Ялна аа, дийлнэ ээ” гээд манай хэд хэлж байгаа юм. Үнэхээр л цог жавхаатай байдаг, бас ялдаг. Гэтэл Японы дэлхийд танигдсан том тамирчид нь “гамбаримас” буюу “хичээнэ ээ” гэдэг. Нээрэн л “Энэ хүний хичээл зүтгэл нь тэр ялалтыг авчирсан байх. Олимпод ямар их бэлдсэн бол. Энэ спортод бүхий л амьдралаа зориулсан юм байна” гэж бодогдохоор богино шторк явдаг. Хүмүүжлийн тал дээр бол япон хүнийг өөрт нь хариуцлагыг маш сайн ойлгуулж өсгөдөг байж магадгүй.

-Манайхан энэ тал дээр ямар харагддаг бол?

-Манайхны хувьд оюутнуудыг, мөн дөрвөн жилийн ажлын туршлагатай хүнийг дадлагажигчаар явуулахаар тэнцүүлээд байж байтал тэр хүн нь ярихгүй, ард нь дандаа ээж аав нь л яриад байдаг. “Манай энэ хүүхэд тэнцээд явж байгаа гэсэн үнэн юм уу, худлаа юм уу” гэх жишээтэй. Японы ЭСЯ-нд ажиллаж байхад манай япон дарга нар их гайхдаг байсан. “Хэн явах гэж байгаа юм. Өөрөө хаачсан юм. Өмнөөс нь өөр хүн яриад байх юм” гээд л. Япончуудад их сонин санагдаад байх шиг байгаа юм /инээв/. Бид нарын хувьд бол, ээж нь санаа зовоод байна гээд ойлгодог. Энэ байдал нь хүүхдэдээ итгэхгүй, өөрт нь хариуцлагыг ойлгуулахгүй, насан туршид нь дагаж яваад хүүхэд хэвээр нь байлгаад байгаа гэж харагддаг. Гэтэл япончууд бол бүр жаахнаас нь асуудал үүссэн ч “багштайгаа чи өөрөө очиж яриад уучлалт гуй” гэдэг. Хандлага ер нь л тийм. Урдуур нь орж ярина гэж үгүй. Энэ мэтчилэн хүмүүжлийн ялгаа бий.

-Японд явуулдаг дадлагажигчийн хөтөлбөрийнхөө тухай танилцуулаач.  

-Дадлагажигч хөтөлбөр бол хөгжиж байгаа орнуудын залуусыг Японд дадлагажуулах, өндөр технологи эзэмшүүлэх хөтөлбөр л дөө. Залуусыг сонгоод ямар нэгэн үйлдвэрт 1-3 жилээр дадлагажуулсны дараа тэд буцаж ирээд өөрийн улсын хөгжилд сурсан мэдсэнээ зориулах ёстой байдаг. Эх орондоо заавал буцаж ирэх болзолтой. Ер нь алсдаа бол их зөв хөтөлбөр.

-Үнэхээр Монгол, Япон хоёр орны хооронд гүүр болон ажиллаж байгаа юм байна даа.

-Анхнаасаа л энэ улстай холбогдсоных хэрэгтэй юмыг нь Монголдоо нэвтрүүлээд авчраад байх юмсан гэж боддог. Япончууд бол зовлон үзсэн ард түмэн. Ямар ч үед юм бүхэнд бэлэн байдаг. Үсрэнгүй хөгжсөн улс учраас тэр дундаас сурах юм их бий гэж үздэг.  

-Бид асар их хурдтай өөрчлөлтийн эрин үед амьдарч байна. Нийгэм, цаг үеэ дагаад хүмүүсийн хандлага ч өөрчлөгдөж байгаа. Таван жилийн өмнөх монголчууд өнөөдөр танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн. Нийгэм, соёлын хурдтай өөрчлөлт дунд эмэгтэй хүний үүрэг ер нь ямар байх ёстой гэж үздэг вэ?

-Монгол эмэгтэйчүүд бол эрт дээр үеэсээ л улс орныхоо хэрэгт ч оролцдог, гэр орондоо ч мэдэлтэй явж ирсэн учраас хатан ухаантай гэж ярьдаг шүү дээ. Тэр тал нь Азийн бусад орны эмэгтэйчүүдтэй харьцуулахад давуу тал болдог байх. Азийн ихэнх орны эмэгтэйчүүд ноомой. Тэр болгоны аль нь зөв, аль нь бурууг шүүж хэлж чадахгүй. Гэхдээ аль аль нь байх ёстой л байх. Ялангуяа энэ их хурдтай хөгжиж байгаа цаг үед, би бас хоёр номтойгоо холбож хэлнэ л дээ. Өнөөгийн энэ мэдээллийн, эд материалын их сонголт дунд байгаа хүн маш цэгцтэй, цензуртай, мэдээлэл сайтай байж “Ухаалаг амьдрал”-ыг сонгохгүй бол ер нь хэцүү. Тийм учраас эмэгтэйчүүдийн оролцоо энэ тал руугаа чанаржих ёстой. Зүгээр л гэртээ суугаад, эргэн тойронд юу болж байгааг мэдэхгүй байх нь орчин үед боломжгүй зүйл. Иймд эмэгтэйчүүд маань нэлээд хөгжиж байгаа байх аа гэж боддог.

Эрэгтэйчүүд бол манлайлаад, алсын хараатай явдаг төрөлх чанартай. Эрэгтэй хүн болж төрсний онцлог шинж гэж байгаа шүү дээ. Тэдний олж харахгүй байгаа зүйлийг хардаг нарийн чамбай байдал чинь л эмэгтэй хүний үүрэг юм.

-Монгол эмэгтэйчүүдээ ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Эмэгтэй хүн ямагт гэгээлэг байж, сайн сайхныг түгээдэг үүрэгтэй төлөөлөл нь гэж боддог. Амьдралаа, ажлаа гартаа оруулж чадахгүй стресстээд, түүнийгээ хүүхдэдээ, хүүхдийнхээ багшид, ойр тойрны хүмүүстээ гаргаад байх нь эмэгтэй хүнд зохимжгүй санагддаг. Энэ бол нэг хэлээд л болчих зүйл биш гэдгийг би бас мэдэж байна. Бүсгүйчүүд маань гэгээлэг цэцэг шиг байх бэлгэ тэмдэг шүү гэдгээ мартаж болохгүй. Эмэгтэй хүн бол нандин, чамбай, цэцэг шиг гоё байж, түүнийгээ эргэн тойрондоо түгээж байж гэмээнэ өөрөө бас тийм зүйлийг бусдаас хүлээж авах байх л даа. Ингэхийн тулд өөрөө хөгжих хэрэгтэй. Наад захын юмаа гартаа оруулчихсан, бодол ухаан нь цэгцэрсэн, хийх ажлын дараалал нь ч эмх цэгцтэй байх тохиолдолд сандарч тэвдэх шаардлагагүй л дээ. Өөрөө сайхан төлөвшөөд, үр хүүхдээ өсгөж байгаагаа аз жаргал гэж бодох тийм нэг сөхөөтэй болох нь их чухал юм байна гэж харагддаг. Эмэгтэй хүмүүс бие биенээ хайрлаж, нэгнээ дэмждэг байх хэрэгтэй гэж боддог. Бүхэл бүтэн хүнийг тээгээд, төрүүлээд, өсгөөд, эрэгтэй хүнд бол ойлгогдохын аргагүй том үүрэг гүйцэтгэдэг учраас бие биенийгээ л ойлгох учиртай хүмүүс юм. Эмэгтэйчүүд нэгнээ дэмжвэл их сайхан. Ялангуяа монгол эмэгтэйчүүд бол маш хүчирхэг хүмүүс. Бие биендээ дэм болоод, нэгнийхээ хийж буй зүйлийг сурталчлаад, дэмжээд явах юм бол их мундаг босч ирэх боломжтой.

-Аз жаргал гэж юу вэ?

-Аз жаргалын индекс тодорхой түвшинд очихоороо хөрөнгө мөнгөтэй огт холбоогүй болдог гэж үздэг. Зарим нь “хэрвээ би бололцоотой байсан бол, сайхан машинд сууж, сайхан байшинд амьдарч байгаа бол ингэж уурлахгүй” гэж бодож байж магадгүй. Гэтэл тэр огт хамаагүй байдаг. Байгаа юмандаа сэтгэл ханаад, шуналгүй, арчаатай байхад л болчихно доо. Би өөрөө ч ийм байхсан гэж хичээдэг. Уур уцааргүй гэгээрчихээд байгаадаа ч биш, тэр нь зөв шүү гэдгийг ойлгочихоод байгаа юм /инээв/.

Ихэнх хүмүүс юу нь зөв, юу нь буруу гэдгийг сайн мэднэ. Хэдийгээр мэдэж байгаа ч энгийн зүйлсийг тоохгүй, хэрэгжүүлэхгүй орхичихдог тал байна. Энэ энгийн бүхэн чинь л амьдралыг авч явах суурь нь байдаг учраас дадал болгож хэвшүүлэх нь чухал юм билээ. Үүний тулд багагүй хүчин чармайлт орно. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн өөрийгөө зөв рүү нь хөтлөөд, “би уурлаж болно, гэхдээ уурласан ч гэсэн уурлахгүй байх нь зөв” гэдэг дээрээ эргэж очдог байхын төлөө хичээж явдаг. Хүүхнүүд, эмэгтэйчүүд маань ч тийм л байгаасай гэж хүсдэг. Миний орчуулсан “Шик хатагтайн зөвлөгөө” номонд “Сандарч тэвдээд, нервтээд байгаа эмэгтэй хүн эрэгтэй хүнд хэзээ ч гоё харагдахгүй” гэж бичсэн байдаг юм. Нээрэн л бүх юмаа хийчихсэн тайван сууж байгаа хүн ямар гоё өөртөө итгэлтэй, их юм мэдэж байгаа ч юм шиг нууцлаг харагдах вэ. Тэр утгаараа гаднаасаа ч, дотроосоо ч эрүүл саруул, гоо үзэсгэлэнтэй байхад хүртэл нөлөөлнө. Бүсгүйчүүд маань стрессгүй тайван, хийх юмаа хийж, мэдэх юмаа мэддэг, юу авах авахгүй гээд бүх юм нь ойлгогдчихсон байвал эрэгтэй хүмүүс их л хүндэтгэж харьцах болов уу. Эрчүүд чинь бас бүр тийм айхтар хэцүү улсууд биш гэж боддог шүү дээ, би /инээв/. Эмэгтэй хүн өөрөө л чамбай байвал олон асуудал шийдэгдэх байх аа.

МОНГОЛЧУУД БОЛ ӨНДӨР УГСААТАЙ, АУГАА ТҮҮХ, СОЁЛТОЙ УЛСЫН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧИД УЧРААС ҮРГЭЛЖЛЭЛИЙГ НЬ НЭР ТӨРТЭЙ АВЧ ЯВАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХҮМҮҮС ЮМ

-Өнөөгийн нийгэмд амьдрахад мэдлэг хэрэгтэй болжээ. Таны орчуулсан хоёр ном цагаа олж төрсөн бүтээлүүд юм байна. Та цаашдаа ямар ном орчуулъя гэж бодож байгаа вэ?

-Манайхан залуусынхаа боловсролд онцгой анхаарал хандуулах цаг болжээ гэж санагддаг. Би үүнийг өөрийнхөө ажил дээр ч мэдэрч байна. Нэг их том бизнес хийгээгүй ч, энэ салоноо ажиллуулахад тууштай ажиллачихдаг, зорилготой залуус тэр бүр ирэхгүй байна. Ирээд л хаяад гараад явчихдаг, нэг тийм сонирхлын байдалтай. Хол байна, цалин нь бага гээд ерөөсөө шалтаг бол дуусахгүй. Тэр болгоноос харахад, “Монголд боловсон хүчин байхгүй. Хүний хөгжил гэж зүйл ерөөсөө нам зогсчихсон” юм шиг байдал харагдаад байна. Ядаж л манай залуучууд “чадна, чадахгүй” гэдгээ ч хэлэхгүй, яасан нь мэдэгдэхгүй алга болоод хүний ажил балладаг. Ер нь залуус маань нийгэмшихгүй бол хэцүү шүү. Том хотод амьдарч байгаа хүмүүсийн хувьд, энэ тал дээр маш их хоцорч яваа харагдаад байна. Тийм учраас хувь хүний хөгжил тал руугаа, манай нөхцөлд хөрсөнд буучихаар тийм л номыг олж орчуулах сонирхолтой байгаа. Хүний хөгжил бол улсын хөгжлийн үндэс учраас хүн нь хөгжөөгүй хоцорчихсон байхад, хэдхэн цөөхөн хүн чирээд хүч хүрэхгүй байна шүү дээ, тийм ээ.

-Яг үнэн.  

-Хүний хөгжил, хүүхдийн хөгжил гэдэг бол эцэг эхчүүд нь хүүхдээ гараас гаргахаас эхлээд, боловсролын байгууллага, бусад бүх талууд нь нийлж байж тэр хүнийг бүтээж байгаа. Тийм учраас хүний хөгжил бол хамгийн чухал. Япончууд ч гэсэн дайны дараа Америк руу олон залуу боловсон хүчнээ гаргаж сургасан. Тэднийг хугацаатай гаргаад, хугацаанд нь татаж аваад бүтээн байгуулалтыг маш богино хугацаанд чадвартай боловсон хүчнээрээ хийлгэсэн. Тэр нь одоо ч үргэлжлээд явдаг. Тэгэхэд манай орчин үеийн залуусыг харахад, дараа үе маань их л хэцүү харагдаад байгаа. Тийм учраас бид нарын хувьд дараагийн үеэ бэлдэх л их чухал юм байна. Тэр нь заавал дээд боловсролтой хүний тухай асуудал биш. Хүн ер нь наад захын ажлын арга барилтай, ажлын төлөө чин сэтгэлээсээ ажиллаж чаддаг, чадна чадахгүйгээ ч хэлдэг, нэг орсон ажилдаа жаахан тууштай баймаар байна шүү дээ. Гэтэл манайхан яг ийм төлөвшил, хүмүүжлийн тал дээрээ дэндүү хоцрогдчихоод байна. Ажлын байр бий болгоод явж байгаа хүн бүрт л ийм асуудал тулгарч байгаа байх. Яг сайхан ажиллуулъя, хамаагүй өндөр цалин өгье гэхээр ажиллах хүн нь олдохгүй...

-Энэ ч өнөөгийн Монголын том асуудал шүү. Энэ бүхнийг шийдэхийн төлөө чадах чинээгээрээ зүтгэх л байх даа, бид?

-Тийм ээ. Ялангуяа эмэгтэй хүмүүсийн хувьд хүүхдээ хүмүүжүүлэхээс эхлээд хичээх хэрэгтэй болжээ. Ядаж л биеэ зөв авч явах соёлд суралцсан хүүхэд нийгэмд оруулах нь ээж аавуудын үүрэг болоод байна. Монголын олон сайн боловсон хүчин гадагш явж, зарим нь гаднаас ирж байгаа. Гэтэл энд чадварыг нь үнэлдэггүй, эсвэл мэргэжлээрээ ажиллах, өсөж дэвжих боломж олгодоггүй учраас зарим нь буцаад явж байна. Хэдий тийм ч гадаадад бүрмөсөн үлдэх бодолгүй л байгаа байх. Ялангуяа монгол хүн бол эх орноо гэсэн халуун сэтгэлтэй байдаг шүү дээ.

-Сайхан ярилцлага боллоо. Ярилцлагынхаа төгсгөлд юу хэлмээр санагдаж байна вэ?

-Манай монголчууд бол өндөр угсаатай, аугаа түүх, соёлтой улсын өв залгамжлагчид болоод явж байгаагийн хувьд бахархах сэтгэл байхын хажуугаар үргэлжлэлийг нь авч явна гэдэг маш том үүрэг хүлээж амьдардаг. Тийм учраас тэр үүргээ ухамсарласан, өв уламжлалаа дээдлэн өөртөө шингээсэн орчин үеийн шилдэг монгол хүн дэлхийд олон гараасай гэж би хүсдэг. Тийм байхын тулд дор бүрнээ хичээж, өөрт юу дутаж байна тэр бүхэндээ чармайж хүрээсэй гэж хэлмээр байна.

Япон руу залуучуудыг явуулж байхад манайхны толгой их сийрэг, “мундаг шүү монголчууд маань” гэж бахархмаар байдаг. Сургаагүй л болохоос, жаахан сураад ирэхээрээ Азийн бусад орны хүмүүсээс илтэд ялгараад гараад ирдэг юм. Хэл ус нь ч, ажлын арга барил нь ч тэр. Юмыг дор нь тусгаж аваад маш сайн, гоц гойд сурдаг. Тийм учраас манай улс цөөхөн хүн амтай ч маш хурдан босож болмоор санагддаг. Бас бүгдээрээ тийм хүмүүс болохоор бие биенээ доош нь дарах гээд байдаг юм уу ч гэж харагддаг. Монголчууд цөөхүүлээ учир хүн бүр дор бүрнээ л хичээх хэрэгтэй. Их сайхан бие биенээ дэмжээд, эерэг хандлагатай явах юм бол бид дийлдэхийн аргагүй хүмүүс болно доо гэж бодогддог юм. Эмэгтэйчүүд маань ч гэр бүлдээ уур амьсгалаа зөв байлгахад хичээцгээе. Үүнд миний энэ хоёр ном бас тодорхой хэмжээнд нөлөө өгөх байх аа гэж найдаж байна. Энэ нэр хүндтэй сэтгүүлд энэ сайхан буланд оролцох боломж өгсөн танай хамт олонд баярлалаа. Цаг заваа гаргаж ирж ярилцлага авч байгаа танд их баярлалаа.  

-Баярлалаа. Ажил, уран бүтээлд нь улам их амжилтыг хүсье.

Ярилцсан: Ц.ОЮУНЧИМЭГ

Гэрэл зургийг Ө.Баттайван

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.210.29.98) 2022 оны 11 сарын 27

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. PRADHAN(197.210.29.98) 2022 оны 11 сарын 27

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. PRADHAN(197.210.29.98) 2022 оны 11 сарын 27

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. PRADHAN(197.210.29.98) 2022 оны 11 сарын 27

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Зочин(192.82.86.19) 2021 оны 06 сарын 09

Ухаалаг, биеэ зассан оюунлаг эмэгтэй шүү. Амжилт хүсье.

0  |  0
Жинхэнэ хэлбэр хөөгч(202.126.88.218) 2020 оны 11 сарын 21

Сурлага тааруу байж хувийн сургуульд ороод гадагшаа явах боломж гарч. Минималист үзэл шингэсэн гэж ном орчуулсан байж өөрөөс нь огт үнэртэхгүй байна. Янз бүрийн хувцас өмсч зургаа тавиад яах гэж ярилцлага өгсий гол юм нь орчуулсан номоо л ярь л даа. Энэ зурагнаас эдийн сонирхолтой гэдэг нь шууд үнэртэж байна. Зөвхөн хэлбэр хөөж яригч л байна. Даруу байдал огт харагдахгүй, өөрийгөө гайхуулсан л төлөвшөөгүй авгай л байна

1  |  0
Zochin(103.57.93.232) 2020 оны 11 сарын 21

Estoi hooson dur gej ene dee. Mash ih biee tooson, muuhai aashtai avgai bbalee. Hooson segluun dur esgegch

1  |  0
Sain nom boljee(64.119.21.236) 2020 оны 11 сарын 21

Yasan saixan oxin be minii oxid xuu maani ch cham shig saixan gegeeleg uxaantai bolox boltugai

0  |  1
1(202.55.188.81) 2020 оны 11 сарын 21

Shaadag yanhan be

1  |  2
Yagshd haha (98.247.88.7) 2020 оны 11 сарын 21

Hudlaa yriad. Ene huuhen neeh tiim engiin huuhen bish. Lag nuhurtui shd. Yag amidral deeree aimar helber huudug hun yalgaj haritsdag humuus ingeed yriltslag uguhuuruu engiin bai ged soliorood baidag humuusiin neg jishee ene huuhen

1  |  0
b(66.181.168.8) 2020 оны 11 сарын 21

uhaalag saihan busgui yum, bayarlalaa

1  |  0
Top