Уртын дуучин Г.Хонгорзул: Би биш Монгол дуулна

2019 оны 05 сарын 30

Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад, Ж.Дорждагва нарын залгамж халаа, дэлхийд данстай уртын дуучин Г.Хонгорзул эхээс анх төрөхдөө “битүү” мэндэлжээ. Ээжид нь “Охиноо хайрлаж яваарай” хэмээн захисан хүйн эх нь Хонгорзул цэцгийн нэрийг түүнд хайрласан юм. Оюутан цагаасаа эхлэн дэлхийг тойрох аялалд гарч, алдарт морин хийлч Ёо Ёо Ма-гийн “Торгоны зам” чуулгын бүрэлдэхүүнд аялан тоглолтоо хийж эхэлсэн Г.Хонгорзул багадаа урт холын зам олонтоо зүүдэлдэг байв. Түүний холыг зорьсон зам Монгол наадмын хурдан морины уралдаанаар эхэлжээ.

 


 

-Сайн байна уу? Манай сэтгүүлийн урилгыг хүлээн авч “Үлэмж төгөлдөр” буланд зочилж буй танд баярлалаа. Таны бага насны дурсамжаас ярилцлагаа эхэлье. Та багадаа хурдан морь унадаг хүүхэд байсан гэдэг. Хэдэн настайдаа анх морь унаж сурав?  

-Миний хувьд Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрж өссөн малчны хүүхэд. Дөрвөн настайгаасаа л морь унаж эхэлсэн.

-Та хэдэн настайдаа анх хурдан морь унасан бэ?  

-Анх би 7 настайдаа хурдан морь унаж уралдаж байлаа. Аав минь нэгдлийн адуучин, миний өвөө уяач хүн байсан. Манай өвөөгийнх цагаан хонгор голдуу адуутай. Би сумынхаа наадамд хурдан морь унаж уралддаг байсан юм. Миний багад жинхэнэ наадам шиг наадам болдог байж дээ. Тэр үед хурдан морьдынхоо уяа сойлгыг нь тааруулаад л, байгаа хэмжээнд нь уралдуулдаг байлаа. Одоо бол байгаль цаг уур нь ч, хүмүүс нь ч их өөрчлөгдсөн байна.

-Хурдан морь унаж уралдана гэдэг хүүхэд бүрийн чадах зүйл биш л дээ.  

-Багадаа наадмын хурдан морь унаж байхад айх эмээх зүйл ч байдаггүй байлаа. Наадамд бэлдээд л өвөө морио уяна. Хүүхдүүд бид ч морь унах дуртай. Хурдны морь унана гээд л нойр хүрэхгүй, жинхэнэ хөөр баяр болно. Хэнтий аймгийн төвөөс урагш 22 км зайд тал хээр хосолсон нутагт манай Баянхутаг сум байдаг юм. Нүдэнд торох уул толгод багатай. Цэлийсэн талд морь унаад л салхи татуулан давхиж явснаа бодоход, бараг л тэр үеэс хоолойгоо хөглөж явсан юм шиг санагддаг. Морь унаад гийнгоо хадааж явахад их гоё сэргэдэг. Жинхэнэ хүн, байгаль хоёр хамтдаа байсан үе бол миний бага нас.

-Хурдны морь унаад уралдаж байхад ямар байдаг вэ?  

-Үгээр хэлэхийн аргагүй сайхан. Ёстой нэг салхи татуулаад л... Би хоёр салаа гэзгээ годойлгоод л давхичихдаг байлаа. Хамгийн анх наадамд даага унаж уралддаг байсан. 8, 9 нас хүрээд соёолон, хязаалан, их насны морь, азарга унадаг болсон. За тэгээд гараанаас эргээд л давхихад хоёр нүдний нулимс арагшаагаа асгараад, газар нүдний өмнө л эргэлдээд байна шүү дээ. Их насны морь унахад хөнгөн жингийн хүүхэд нисчихгээд байдаг юм. Өвөө минь хурдан морины хөлийн ирмүүн гэж юм бий гээд, миний хөлийг ганзагаар даруулж унуулдаг байсан.

-Анх их насны морь унахад хэцүү байв уу?  

-Анх 9 настайдаа их насны морь унаж уралдахад эхлээд амьсгалж ч чадахгүй болоод амь тэмцэж байгаад л морьтойгоо ойлголцож эхэлдэг. Зүүн гартаа жолоогоо барьчихна. Хэзээ гийнгоолох, хэзээ ташуур өгөх гээд тэр болгоныг уяач нь морь унаж байгаа хүүхэддээ зааж өгнө. Хэчнээн сайхан морь байлаа гээд сайн давхих эсэх нь унаач хүүхдээс их шалтгаалдаг. Хэзээ амыг нь татаж, хэзээ шавхуурдах гэдгийг тооцоолно. Хурдан морь унаж өссөн олон найз надад бий. Тэднийгээ харж байхад, хурдны морийг хурдлуулахдаа хийж байсан тооцоо нь их хэрэг болж байгаа юм шиг санагддаг.

-Та хэдэн нас хүртлээ хурдан морь унасан бэ?  

-Хурдны морь унаж эхлээд 6-7 жил болсны дараа яалт ч үгүй хүндэддэг. Уралддаг морь өөрийгөө сойдог шиг, би ч гэсэн уяж байгаа морины хөлс авах, тарамдах гээд ажил хийнэ. Одоо бол уралдаад ирж байгаа морийг үзэж чадахгүй уйлчихгээд, хоолой зангираад байдаг болсон байна лээ. Сэтгэлд үнэхээр хадаатай байдаг. Хурдны морь унаж үзээгүй хүн жаргал зовлонг нь мэдэхгүй л дээ. Гараанаас эргээд л давхиж байхад ёстой нэг сайхан. Өвөө минь мундаг уяач байсан. Миний унаж уралдсан морь ямар ч байсан эхний таваас хойш орж үзээгүй. Тэгэхээр би ч гэсэн сайн унаач байсан байгаа биз дээ /инээв/.

-Тийм байна. Ёстой сонирхолтой санагдаж байна. Хурдан морь унаж байгаа хүүхэд морио яаж хурдлуулдаг юм бэ?  

-Тооцоо гэж бий. Адаглаад барианы газар дөхөж ирэхэд урд байгаа морио гүйцэх, араасаа шахуулахгүйн тулд зөв талд нь орох ёстой. Хамаагүй шавхуурдахгүйгээр эргэн тойрноо харж тооцоолж явах хэрэгтэй болдог. Эс тэгвэл ард байгаа хүний морийг шавхуурдах, хажуу талын хүнээ цохих гэх мэт зүйл гарч болно. Өөрөө л уралдуулахаа бодоод бусад нь хамаагүй гэж хандаж болдоггүй. Тэр болгоныг их тооцоолж явдаг. Хамгийн гол нь уруу газар мориныхоо хурдыг гамнадаг. Тэр зөнгөөр нь эрчтэй явуулах юм бол морь сульдана. Үүнээс гадна морины уушигны тэлэлт агшилт их чухал. Уруу газар маш хурдан гаргаад тэр эрчээрээ эгц дээш гарч, тэгш талд гарахаар морь амархан сульддаг. Тэрийг их тооцоолдог байсан.

-Хурдан морь унаж байгаа хүүхдүүд гуугалдаг. Тэр ямар нөлөөтэй вэ?  

-Унаж яваа моринд унаач хүүхдийн гуугалах нь зүрх зоригийг нь их хөөргөдөг. Тэрийг чухал үед л ашиглах ёстой. Ташуур гэдэг юмыг зогсоо зайгүй морио ташуурдах гэж авч явдаггүй. Гуугалаантай хамт морины чихэн дээр салхины дүүгээн бий болгож мориндоо маш их эрч хүч амтагдуулахаар, салхи дүүгтэл сонсгож явдаг. Энийг л би их хичээдэг байсан. Мориныхоо чих, хавирганы тэлэлт лугшилтыг сайн мэдрэх ёстой. Хэт их тэвхэлзээд ирвэл гамнах ёстой байдаг. Морь ядарч байгаагийн шинж гэвэл чихээр нь мэдэгддэг.

-Зарим хүүхдийг харж байхад морио байнга давираад л байгаа харагддаг. Энэ ямар учиртай юм бэ?  

-Тэгэж хоёр хөлөө давчаад байнга давираад байх нь морийг маш их ядраадаг. Тэгэхгүйн тулд аль болох биеэ сул тавьж, давьчуулахгүй байх ёстой. Ийм хүүхдийг харахаар, яагаад үүнийг хэлж өгөөгүй юм бол доо гэж харамсдаг. Хөөрхий тэр амьтан амьсгалах гээд байхад нь балбаад байвал ямар сайн байхав.

-Ер нь морио яаж унаж эдлэх нь зөв юм бэ?  

-Жишээлбэл, уруу газар уралдаж явахад морины цээж талд ачаалал өгөхгүй ар хондлой руу нь биеийн жинг тааруулна. Өөд газар бол аль болох тэнцвэр алдахгүйг хичээж биеийн жинг нурууны гол хавьд тааруулдаг. Миний өвөө “Морь муухай эдэлж яваа эр хүн сайхан эхнэртэй явах заяагүй” гэж хэлдэг байсан. “Өөрийг нь хайрлах байтугай морио хайрлаж чадаагүй хүний эмийн тэнгэр нь харьдаг” гэж өвөө минь ярьдаг байлаа. Мориныхоо цээжийг давьчдуулдаг, их балбадаг хүмүүсийг мэр сэр мэддэг байсан. Одоо эргээд санаж байхад, тэр хүмүүс хэд хэдэн удаа гэр бүлээсээ салж сарнисан байдаг юм. Үнэн үг байж дээ гэж бодогддог. Би ер нь ингэж илэн далангүй ярьж байгаагүй юм байна шүү /инээв/.

САР МЭЛМЭРСЭН ШӨНӨ УРТЫН ДУУГАА ДУУЛАХАД ГОЛЫН УРСГАЛ НАМУУХАН БОЛЖ, УСАНД ТУССАН ОДОД ХҮРТЭЛ ТОДРООД ИРДЭГ

-Та хамгийн анх ямар уртын дуу дуулж сурав?  

-Би сургуульд байхдаа дуулж байгаагүй. 20 настайдаа анх багшаараа уртын дуу заалгаж байлаа. “Хан Хэнтий” чуулгад орсоны дараа МУГЖ Нансалмаа багш намайг шавиараа аваад “Бор борын бялзуухай” гэдэг уртын дууг надад зааж байсан юм. Тэр үедээ багш маань анх удаа уртын дууны шавь аваад, би анх удаа уртын дуу сурч байсан учраас нэлээн чанга дуугаар эхэлж байсан юм билээ.

-“Бор борын бялзуухай” чинь Хүүхэн хутагтын дуу гэж алдаршсан, бүр туульсын шинж чанартай 32 түрлэгтэй дуу гэдэг биз дээ? Монгол туургатны дунд олон хувилбараар түгэн дэлгэрсэн, давхцуулалгүйгээр бүгдийг нь дуулах юм бол 50-60 түрлэг болно гэж МҮОНР- гийн “Ардын дууны эрчүүд” хөгжмийн нэвтрүүлгээр ярьж байсан. Үнэхээр л чанга дуугаар эхэлж дээ?  

-Амар дуу биш. СУИС-д ороод анзаарч байхад дөнгөж уртын дуу сурч байгаа хүмүүс “Хөөрхөн халиун”, “Өнчин цагаан ботго” дуугаар эхэлдэг юм билээ. Багш маань шууд хэцүү дуу заасан. Гэхдээ энэ нь буруудаагүй. Тэгээд би багшдаа “Та надаар туршилтын туулай хийсэн шүү” гэж хэлдэг юм /инээв/. Тэр үед одоогийнх шиг утсанд бичээд, хөгжим тавиад сонсоно гэж байхгүй. Багш маань хоолойгоо урагдтал миний өмнө дуулаад л, багшийнхаа дууг сонсож байж л сурна шүү дээ.

-Та өмнө нь ерөөсөө дуулж байгаагүй гэж үү?  

-Тийм ээ. Дуулж байгаагүй.

-Анх дуулахдаа л уртын дуу дуулаад эхэлж байгаа юм уу?  

-Яг үнэнийг хэлэхэд нутгийнхаа ард түмний шахалтаар уртын дуу анх дуулж байлаа. Манай удамд дуучин хүн байсан юм билээ. Хүмүүс ээж аавд минь охиноо дуучин болго гэж шахаад байхаар нь очоод шалгуулсан чинь тэнцчихсэн. Гэтэл намайг шууд уртын дуу дуулнаа гээд л... /инээв/. Тэр үед би уртын дууг эмээ өвөө нарын дуулдаг дуу гэж боддог байсан. Сураад эхэлсний дараа өөрийн эрхгүй чармайж эхэлсэн. Урлагт орсон хүн гарч чаддаггүй. Урлаг бол их хатуу талбар. Чадаж байгаа нь үнэхээр болоод цааш явна. Чадахгүй нь шахагдаад л гардаг.

-Таны урын санд хэдэн уртын дуу байдаг вэ?

-Яг өөрөө дуулдаг гэвэл 50-иад дуу байна. Хамтарч дуулдаг 60-70-аад дуу бий.

-Уламжилж ирсэн хуучны уртын дуунаас гадна, орчин үед ч уртын дуу зохиосон байдаг. Тэр дуунаас дуулж байв уу?

-Мэдээж уртын дуу бол зохиосон л дуу. Ард түмний дунд уламжлагдаад, дамжигдаад, зохиогдоод ирсэн, хэн зохиосон нь тодорхойгүй дуу олон бий. Энэ бүхэн цаг цагийн аясаар хувирч ирсэн түүхтэй. Монголын маань түүх дандаа ялалттай байсангүй. Гунигтай, эмгэнэлтэй, бүр уянгатай ч байсан үе бий. Уртын дууг сонсоод сууж байхад элэг зүрхнээс татаад ч байгаа юм шиг, эсвэл нэг их юм нэхээд ч байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Уртын дууг шинээр зохиож болно л доо. Сайхан дуу зохиогоод дуулж байгаа хүмүүс байна. Гэхдээ л дээр үеийн “Уяхан замба тивийн наран” гэдэг ч юм уу, ард түмэнд бүр хоногшчихсон дуу шиг дуу төрнө гэхэд хэцүү. Уртын дуу ер нь яаж зохиогдсон байдаг юм бол оо? Хүн, байгаль хоёрын шүтэлцээ дээд цэгтээ хүртэл ойр байх үед хүн нь байгалиасаа сурч, байгаль нь хүнээ сургаж бүтсэн болов уу. Яалт ч үгүй байгаль ийм дуу зохио гэдэг даалгаврыг хүнд өгсөн болов уу. Хүн тэр даалгаврыг нь биелүүлж уртын дуу зохиогдсон. Нар, тэнгэр, энэ сайхан төрж өссөн эх орноо магтахгүй бол яах юм бэ? Тэр бүхнийгээ уртын сайхан дуундаа шингээж, түүх болгож өнөөдрийг хүртэл өвлүүлээд, хүндлэгдээд, дэлхийн хэмжээнд сонгодог урлаг гэж хүлээн зөвшөөрөгдсөн шүү дээ. Улс орнуудын ардын урлагийг, тэр дундаа аман уламжлалаар дамжаад ирсэн хөгжмийн урлагийг нь тэр бүр сонгодог урлаг гэж хүлээн зөвшөөрөөд, оюуны үнэт өвд бүртгээд авчихдаггүй. Тэгэхээр бид уртын дуундаа хөнгөн хуумгай, хандаж болохгүй. Энэ бол монголчуудын маань маш их буян.

-Хөдөө очоод байгальд уртын дуугаа дуулах, тайзан дээр дуулах ялгаатай биз?

-Ер нь хөдөө дуулна, байгальд дуулна гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй их эрч хүчийг өгдөг. Үнэхээр гайхалтай. Жинхэнэ байгалийн симфони гэдэг тэнд бий болно. Шувуу жиргэж, адуу мал янцгаана. Юунд ч баригдахгүй. Уртын дуу маань ерөөсөө байгалиасаа төрчихсөн дуу учраас байгальдаа төгс зохицдог. Салхи хүртэл нэг ширүүсээд л, нэг зөөлрөөд л. Шувууд хүртэл илүү ойр ирж жиргээд ч байгаа юм шиг...

-Байгальд уртын дуугаа дуулж байхдаа та юу мэдэрч байв?

-Сар мэлмэрсэн шөнө ширүүхэн урсгалтай голын хөвөөнд суугаад дуулж байхад урсгал нь хүртэл намуухан болоод, усанд туссан одод хүртэл тодроод ирдэг юм. Үнэхээр гайхамшигтай санагдсан.

-Ёстой сонин байна. Та хэзээ, хаана ингэж дуулсан юм бэ?

-Яаж энэ бүхнийг биеэрээ мэдэрсэн гэхээр, одоогоос таван жилийн өмнө отгон дүүгээ жам бусаар алдсан юм. Хэрлэн гол маань уугаад авчихсан. /хоолой нь зангирав/ Тэр үед намайг “Хэрлэн голоо аргад. Өдөр биш, шөнө голын хөвөөн дээр суугаад, сайн уучлалт гуйгаад дуулаад үз дээ” гэсэн. Би гурван дүүгээ дагуулаад шөнө очсон. Зөндөө дуулсан. Тэр үед гол үертэй, улаанаараа эргэлдээд л учиргүй ширүүн урсаж байсан. Гурав дахь дуунаас минь эхлээд урсгал нь намжаад, нөгөө ширүүн урсаж байсан гол намуухан болоод, усанд тусч байсан одод харагдахгүй улаанаар эргэлдэж байсан бол тунгалагшаад, тэнгэрийн тусгал нь ямар гоё үзэсгэлэнтэй харагдаж, сар хүртэл хэчнээн гоё тод тусаж байсан гэж бодно. Бүр сүүлдээ урсгал нь сонсогдохгүй тогтуун болсон. Тэгэж л би мэдэрч байсан даа. /нулимс нь тогтсонгүй../

-Та Хэрлэн голдоо уртын дуугаа дуулж өгсөн нь үнэхээр сайхан санагдлаа. Байгаль дэлхий баяссан байх даа...

-Би монетон бөгжөө Хэрлэн голынхоо тэхий голд хүртэл өргөсөн. Пол гээд унаж байгаа чимээ нь сонсогдож байсан юм. Хэрлэн голын маань урсгал нь дөлгөөн болох тусам голын толионд одод яг л тэнгэрт байгаа шигээ харагддаг юм билээ. Тийм гоё зүйлийг би бас сэтгэлдээ ч харсан. Дүү нар минь хараад үнэхээр их гайхсан. Би чинь айлын том хүүхэд. Аав ч үгүй, ижий ч үгүй болчихсон хойноо хамгийн отгон дүүгээ алдах айхтар юм билээ... /санаа алдав/ Тэгэж их сэтгэл гундаж явахад уртын дуу сэтгэлийг минь дүүртэл ямар их хань болдог гээч. Одоо ч хүнд бэрх үе тохиолдоход уртын дуугаа дуулаад л сэтгэл дүүрээд ирдэг дээ.

УРТЫН ДУУ ЕР НЬ ХААНА ЗОХИОГДСОН ЮМ, ТЭР Л ЕРТӨНЦӨД БАЙСАН БАЙХ...

-Уртын дуу хүнийг өөр ертөнцөд аваачдаг гэж ойлгож болох нь ээ?

-Уртын дууг монгол хүн л сонсоод мэдэрдэг юм биш. Хүн болж төрсөн л бол хөндлөнгийн ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр сэтгэлийнхээ дотоод мөн чанарыг нээж, нүдээр харж, чихээр сонсож, бие мах бодиороо мэдэрч чадахгүй байгаа сэтгэл зүрхний дотоод орон зайд, хүний алсрахуйн ертөнц рүү уртын дуу биднийг аваачдаг болов уу. Бидэнд хэчнээн их боломж байгааг бид өөрсдөө ч мэдэхгүй шүү дээ. Харин уртын дуу бол хүнд тэр бүхнийг нь нээж өгдөг байх. Хүн өөрийнхөөрөө “хүн байх” тэрхүү сүнслэг түвшинд нь хүрч очиж сүнсийг нь баярлуулдаг юм болов уу. Хүний хүрч чадахгүй байгаа тэр гүн алсралд хүрэхэд нь уртын дуу нөлөөлдөг юм байна гэж би ойлгодог шүү.

-Уртын дуу дуулж байхдаа энэ бүхнийг яаж мэдэрдэг вэ?

-Уртын дуу дуулж байгаа хүн өөрт байгаа бүхий л оюун санаа, потенциалаа чин зүрхнээсээ дуундаа зориулах ёстой. Уртын дуу нэг зүрхнээс нөгөө зүрхэнд шууд хүрдэг учраас яг л судсаар гүйж байгаа цус адил оюун санаа, эд эс рүү юүлэгддэг. Нэг ёсондоо хүний эд эсийг аялгуугаар сэлбэж байгаа юм. Тэр хүн уртын дууг үнэхээр чин сэтгэлээсээ хүлээж авч чадсан үед эд эс нь сэргэж, зөв сайхан энерги аваад цусны эргэлт нь хүртэл сайжирна гэж үздэг юм билээ.

-Гайхамшигтай юм аа. Ийм далд нөлөөллийг нь судалсан эрдэмтэн байдаг болов уу?

-Японд гэхэд л, амьдралынхаа сүүлийн мөчид очсон хүмүүсийг уртын дууны аялгуунд тайвшруулж эмчилдэг туршилт явагдаж байгаа гэж ярьдаг. Тэгэхээр уртын дууг зүгээр нэг дуулаад л өнгөрчихдөг юм биш. Хожим хүртэл сэтгэл зүрхэнд эгшиглээд л явж байдаг. Уртын дуу дуулж байхад өвөг дээдэс минь биднийг сонсож л байгаа даа гэж бодогддог юм.

-Нью-Йоркийн Карнеги холл- ын тайзан дээр яаж дуулснаа мэдэхгүйгээр дуулсан гэж та ярьсан байдаг. Тэр үед яг юу болсон юм бэ?

-Тэр их сонин. 12 цагийн нислэгийн дараа цагийн зөрүү гараагүй, нойр хүрээд л хоолой ч гарахгүй байх шиг санагдаж байсан. Ер нь эмэгтэй хүнд цагийн зөрүү их нөлөөлдөг шүү дээ. “Энэ их ядаргаа, нойрыг л даваад гарчихвал...” гэж бодож байсан чинь, Монголын дуучин Хонгорзул “Уяхан замба тивийн наран” дуулна гээд л зарласан. “Би биш, Монгол дуулна” гэж өөртөө хэлээд л гарч байгаа юм. Яалт ч үгүй дуугаа эхэлснээ мэддэг. Нэг мэдсэн чинь би ёсолж байсан. Ёсолчихоод үзэгчид рүү харсан чинь ерөөсөө алга ташдаггүй. Тэгээд бүр гайхаад, би дуулж байна гэж бодоод зогсоогоороо унтчихдаг юм байх даа гэж бодож байлаа. Үзэгчид алга ташихгүй болохоор учраа олохоо байсан. Гэтэл тэр олон үзэгчид гэнэт дрр гээд босохоор нь би их цочсон. Гэтэл нөгөө үзэгчид чинь шаагилдаад л алга ташаад эхэлсэн. Зүгээр зогслоо л гэж алга ташихгүй байх гээд бодож байтал хамтлагийн маань ахлагч Ёо Ёо Ма гарч ирээд тайзан дээр намайг тэвэрч эргэлдүүлээд л, “Чи урьд өмнөхөөсөө ч илүү онцгой дууллаа. Чи яаж дуулсан бэ? Золо чиний дуунд чинь бүр орчихсон байсан” гээд л...

-Тэгэхээр яасан гэж ойлгох вэ?

-Тэр үед “дуундаа орж”. уртын дуу ер нь хаана зохиогдсон юм, тэр л ертөнцөд ҮЛЭМЖ ТӨГӨЛДӨР байсан байх... Одоо бодоход, би зүүдэлсэн юм шиг л санагддаг. Гэхдээ л би дуулах нь дуулсан л юм билээ / инээлдэв/.

-Дараа нь та Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд уригдсан. Тэр үед та аль дуугаа дуулсан бэ?

-“Бор борын бялзуухай”-г дуулсан. Карнеги холл театрт хийсэн тоглолтын дараа Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд дуулах урилгыг надад гардуулсан. Карнеги холл-д “Уяхан замба тивийн наран”, хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн “Хэрлэнгийн домог” бүтээлийг тоглоход “Хэрлэнгийн баръяа” дуугаа дуулсан. Тэр үед би СУИС-ийн оюутан байлаа.

-Хөлбөмбөгийн тэмцээний нээлтийн тоглолтыг олон хүн үзсэн байх даа. Та гадаадын ямар томоохон театруудад дуулж байв?

-Хөлбөмбөгийн тэмцээний нээлтийн тоглолт Учадо холл театрт болсон. Яг хэчнээн суудалтайг мэдэхгүй. Их л олон хүн байсан. Ер нь дэлхийн алдартай том театруудад, мөн Альберт холл, Холливуд гээд том том холлуудад дуулж байсан. Жишээлбэл, Большой театрт гэхэд дандаа сонгодог номеруудыг нь оруулдаг юм билээ.

-Большой театрт та ямар дуу дуулсан бэ?

-“Уяхан замба тивийн наран”.

-Гадаадын үзэгчид уртын дууг яаж хүлээж авдаг вэ?

-Хэлийг нь ойлгож байж дууг нь ойлгох ёстой биш гэдгийг тоглолт хийгээд явж байхдаа мэдэрсэн. Хүмүүс сонсоод л уйлаад байдаг юм. Монголын уртын дуу, монгол хүн зохиосон гэдгээрээ яах аргагүй бид өмчилнө. Гэхдээ л Монголынх гэж өмчлөөд байх хэрэггүй юм байна гэж бодогдож байсан. Уртын сайхан дууг маань хүний ертөнцөд, төрсөн хүн болгон ойлгодог. Яагаад гэвэл уртын дууны үг, аялгуу нь төгс зохицсон, ерөөсөө л түүх гэдэг шиг... Хүн төрөөд мөхөх хүртлээ юуг даван туулдаг билээ, хүний бүхий л амьдралын эд эсэд тэр жаргал зовлон нь шингэсэн байдаг учраас, тэр бүхнийг уртын дуу өөрөө хүнд ойлгуулж өгдөг юм байна.

-Ойрын үед та ямар тоглолт төлөвлөж байгаа вэ?

-Би 2011 оноос хойш Монголдоо бие даасан тоглолт хийгээгүй юм байна. Яг цаг хугацааг нь тодорхой хэлэх боломжгүй байна л даа /инээв/. Төлөвлөгөө бол бий.

-Гадаад орнуудаас тоглолтын урилга ирж байна уу?

-Япон, Солонгос гээд орнуудад хааяа тоглолтоор явж байгаа. Өөр орнуудаас ч тоглолтын санал ирдэг. Хүүхдүүд бага болохоор тэр бүр санааны зоргоор явж чадахгүй байна. Манайх гурван хүүхэдтэй. Бага охин маань 3 ой хүрэх гэж байгаа шүү дээ.

Уртын дуу нэг зүрхнээс нөгөө зүрхэнд шууд хүрч, яг л судсаар гүйж буй цус адил оюун санаа, эд эс рүү юүлэгддэг.

-Хүүхдүүддээ уртын дуугаа өвлүүлье гэж боддог биз дээ?

-Өөрсдөө том болоод сурмаар байна гэвэл, мэдээж үгүй гэхгүй. Гэхдээ албадахгүй ээ.

-Танд уртын дуучин шавь байдаг уу?

-Яг гарын шавь аваагүй байна. Танаар дуу заалгая гээд хүмүүс ирдэг. Одоогоор багшлаагүй. Уртын дуу гэдэг энэ сайхан өвийг бидэнд үлдээсэн болохоор бид ч гэсэн чадахынхаа хэрээр дуулаад, боломж боломжоороо үлдээх нь чухал юм даа.

-Уртын дуу монгол ёс заншилтай нягт холбоотой. Та цайгаа чанахдаа 108 удаа самардаг гэсэн. Энэ үнэн үү?

-Би цайгаа чанахдаа, та нарын хий хуйг хөөнө өө гээд, цайндаа шар тос, чөмөгний тос хийж байгаад 108 удаа самардаг. Усан хүрээ татсан, цэхийсэн цай хүнд өгч чаддаггүй л дээ. Цайгаа сайхан самраад өгөхөөр яалт ч үгүй бүх юм нь найрдаг. Ус, сүү, идээ гээд олон хольцтой байж цай бий болно. 108 эрих гэдэг шиг тоолж байгаад самраад өгсөн цай маань сайхан рашаан болоосой л гэж бодно. Хүний сэтгэлийг чанасан цайнаас нь амталдаг гэж боддог шүү.

мьдралд олон л зүйл тохиолддог. Та өөрийн амьдралд тохиолдсон нугачаа, саад бэрхшээлийг хэрхэн даван туулж байв?

-Би өөрийгөө хүн шиг авч явахгүй бол, дүү нар минь миний замаар явна гэдгийг би их эрт ухаарсан. Тийм учраас хүний дэм тусыг ямар үед хүн хүртэх ёстой вэ гэдгийг хүртэл маш сайн ойлгодог байх хэрэгтэы. Энэ хүн надад сайн байна, намайг дэмжиж байна гээд пал цүл байж болохгүй. Хамгийн гол нь, хүнээс дэмжлэг туслалцаа авах гэж байгаа бол их зөв замаар, чин сэтгэлийн цагаан үйл дотор бие биенийхээ тус дэмийг авч явах ёстой гэж боддог.

-Тэгвэл амьдралын үнэт зүйл гэж юуг хэлэх вэ?

-Охид бүсгүйчүүддээ хэлэхэд, хайрыг хамгийн их бөхөлдөг зүйл бол итгэл, бусдыг хүндлэх хүндлэл байдаг. Тэр хүндлэл нь өөрийгөө хүндлэх, зөв авч явахаас эхэлнэ. Өөрийгөө хүндэлж, үнэ цэнээ мэдэрч чадсан цагт тэр хүн бусдад хүндлэгдэнэ. Өөрийгөө хүндэлж чадахгүй бол өрөөлөөс хүндлэл авч чадахгүй. Тийм учраас бусдад хайрлагдмаар, хүндлэгдмээр байвал өөрийгөө л хайрла, хүндэл гэж хэлнэ.

-Хайрын аргамжаа нь юу юм бол?

-Хайрыг бөхөлдөг хамгийн гол зүйл нь итгэл. Итгэл нэг л алдрах юм бол хайрыг бөхөлж аргамждаг зүйл алга болчихдог. Тийм учраас итгэл бол мөнгө нэхэхгүй хэрнээ юугаар ч худалдаж авч чадахгүй чухал зүйл юм. Хүн хэчнээн их мөнгөтэй байгаад ч хайр, итгэл, хүн чанарыг худалдаж авч чадахгүй. Ийм үнэт зүйлдээ л үнэнч бай гэж хэлмээр байна

-Уртын дуу хүнийг хамгаалдаг уу?

-Уртын дуу дуулахаар явахдаа онгоцоор л нисдэг байлаа. Олон хөндлөнгийн юмнуудаас аврагддаг л байсан юм билээ. Уртын дууг дуу гэдэг утгаар нь биш, хүний биеийн эд эсийн түвшинд хүчтэй нөлөөлдөг утгаар нь хэлэх юм бол бурханд их ойр байдаг юм шиг санагддаг. Уртын дуу дуулдаг хүнээс муу муухай бүхэн зугтаж явдаг байх. Уг удамгүй, сүнсгүй хүн гэж байхгүй учраас уртын дуугаар хүний биеийг тэтгэж, хамгаалдаг бүхэн нь амилж, хөглөгдөж явдаг болов уу. Удам дамжиж ирсэн өв гэдэг шиг хүн буянаа оршоож, бие сэтгэлээ огшоож, бусдын дунд хүн шиг байя гэвэл ганц ч болтугай уртын дуу аялж байх хэрэгтэй гэж би боддог.

-Сонирхолтой, илэн далангүй ярилцсан танд баярлалаа.

-Танай сэтгүүлийн хамт олонд баярлалаа. Сэтгүүлчид бол олон түмнийхээ хооронд гүүр нь болж явдаг сайхан хүмүүс. Та бүхний сэтгэл зүтгэл ард түмэндээ нандин сайхан алтан гинж нь болж, үйлс нь улам дэлгэрч байх болтугай гэж ерөөе.

Ярилцсан: Ц.Оюунчимэг

2017 он 10,11 сар "Зиндаа" сэтгүүл №07/507

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнх заяа(66.181.161.74) 2019 оны 12 сарын 09

Хайртай шүү

0  |  1
Мөнх заяа(66.181.161.74) 2019 оны 12 сарын 09

Хайртай шүү

1  |  0
Мөнх заяа(66.181.161.74) 2019 оны 12 сарын 09

Хайртай шүү

1  |  0
Иргэн(203.169.50.227) 2019 оны 12 сарын 09

Жинхэнэ баялаг монгол хэлээр ярьжээ. Хурдны морь унах эрдмийг онцгой дэлгэруун нудэнд харагдтал хэлсэн байна даа.

1  |  0
оюунтунгалаг(59.153.87.30) 2019 оны 05 сарын 18

Баасанхуу ❤❤

1  |  0
Ганаа(66.181.185.188) 2021 оны 10 сарын 01

”Би биш. Монгол дуулна” гэсэн чинь юу гэсэн үг вэ? Энэ хүүхэн өөрийгээ Монголтой тэнцэнэ гэж бодоод байгаа юм уу? Жаахан бодомжтой яримаар юм. ”Би Моголыгоо төлөөлж дуулна” гээд хэлчих л дээ.Монгол, Монголыгг төлөөлннө гэдэг асар зөрүүтэй ойлголт шүү. Зарим нэг нь толгой нь хоосон м мэдэхгүйн улмаас, нөгөө зарим нь дэндүү биеэ тоосон онгироо, аархсан зангийн умааас ингэж хэлдэг л дээ. Энэ хүүүхэн аль нь юм бол доо.

3  |  5
Зочин(112.72.14.34) 2019 оны 12 сарын 09

Сайхан дуулдаг шигээ сайхан ярьдаг Ухаалаг бүсгүй байна. Амжилт хүсье. Хэрлэн мөрнөө аргадаж дуулсан тухай уншаад сэтгэл огшлоо

1  |  0
монгол(1.25.114.74) 2019 оны 12 сарын 09

өөрийгөө Норобанзад гуайгаас илүү гэж ярьдаг гэсэн тэр ч арай дэндүү шүү Норовбанзад шиг дуучин дахиад төрөхгүй

1  |  0
монголмаа(207.244.89.106) 2019 оны 12 сарын 09

МИНИЙ ЭГЧИЙН ХҮҮХДИЙН ХУРИМ ДЭЭР ИХ ГОЁ ДУУ ДУУЛСАН. АМЕРИК ХАДМУУД НЬ ГАЙХААД АМАА АНГАЙГААД СОНССОН ДОО. ХҮНИЙ ГАЗАР ХЭЦҮҮ ШҮҮ, ХҮЛЭЭН БАЙЖ ДАСААРАЙ ГЭСЭН ҮГТЭЙ ГОЁ ДУУ БАЙСАН

2  |  0
ховдын залуу(202.21.116.66) 2019 оны 12 сарын 09

Үнэхээр бага ч гэсэн ухаарал авлаа, мундаг бүсгүй та бол монголын хүн юм шүү, амжилт хүсье.

1  |  0
Баадай(64.119.18.13) 2019 оны 12 сарын 09

Ухаалаг сайхан хүүхэн байна. Олон сайн дууч төрүүлээрэй.

2  |  0
Top