“Зиндаа” сэтгүүлийн 2019 оны №15/515 дугаарын “Үлэмж төгөлдөр” булангийн зочин хойморт Монгол Улсын гавьяат жүжигчин Санжаагийн Өлзийхүү уригдсан юм. Тэрхүү ярилцлагыг онцолж байна.
“ӨНГӨТ ИНЭЭД”-ИЙН ӨЛЗИЙХҮҮ
Тод хар хөмсөгтэй, торомгор алаг нүдтэй, “Өнгөт инээд”-ийн Өлзийхүү гэхээр урлагт хайртай хүн бүр түүнийг таних болов уу. Монголын тайз, дэлгэцийн урлагт олон сайхан дүрийг бүтээж, ард түмний сэтгэл зүйг урлагаар анагаах ариун үйлсийг түүчээлэн яваа энэ эмэгтэй анхнаасаа л эмнэл зүйн чиглэлээр суралцсан нэгэн.
Анагаахын дунд сургуулийг сувилагчаар дүүргэсэн түүнийг багын найз О.Энхтуул нь урлагийн хүн болох зам руу хөтөлжээ. Урлагт хайртай, дуулах дуртай нь түүний хамгийн том давуу тал байлаа. Хүссэн бүр нь хүрч эс чаддаг боломжийг атгаж авснаа тэрбээр “Аз” хэмээн дурсана. Тэр үнэхээр азтай ч, адтай ч эмэгтэй. Одоогоос яг 30 жилийн өмнө, хоёр жилд нэгхэн удаа элсэлт авдаг Багшийн дээд сургуулийн “Кино драмын анги”-д 900 хүүхэдтэй ширүүхэн өрсөлдөж, хоёрдугаарт жагсан, жүжигчний ангид орох эрхээ өвөртөлж байв. Түүгээр ч зогсохгүй Монголын кино драмын салбарын “том”, “домогт” эрхмүүд болох Г.Доржсамбуу, Г.Ренчинсамбуу, Ц.Байгалмаа, Л.Лхасүрэн, М.Мягмар нараас номын дуу сонсож, П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, Б.Цэрэнпагма, Г.Мягмарнаран нарын тайз, дэлгэцийн “мөнгөн үе”-ийнхнээс үлгэр дуурайл авч, Л.Дэмидбаатар, Д.Хүрэлхүү, И.Одончимэг, Ж.Оюундарь, О.Энхтуул, У.Уранчимэг нарын шижигнэсэн залуустайгаа мөр зэрэгцэн зүтгэж байснаа “Ховор олдох аз завшаан” хэмээн ярина. Ийм аз хүн бүрт тохиогоод байдаггүй нь үнэн юм.
Ажилч хичээнгүй, тэсвэр хатуужилтай байхыг сургасан Улсын клиникийн 1 дүгээр Төв эмнэлэг, алтан тайзаа өлмийд нь дэвссэн Улсын Драмын театрын хамт олондоо тэр одоог хүртэл талархаж явдаг. Үнэхээр аюулт өвчнөөс авардаг анагаахын салбар, ард түмний сэтгэлийг илааршуулдаг урлагийн салбарт ижил төстэй зүйл олон бий...
Тэр урлагтаа чин үнэнч нэгэн. Өдийг хүртэл урлагийн салбараасаа урваагүй түүний 30 жилийн хөдөлмөрийг нь Монголын төр үнэлж, 2019 онд “Монгол Улсын гавьяат жүжигчин” цолоор энгэрийг нь мялаасан.
Энэ шагналыг түүнээс илүү ард түмэн хүсэн хүлээж байсан юм. Төрдөө үнсүүлээд төв талбайдаа гарч ирсэн түүнийг урлагийнхан төдийгүй, улс түмнээрээ “Уухайн” түрлэгтэй угтсан билээ. Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө олдог гэдэг. Урлагт үнэнчээр зүтгэсэн хөдөлмөр бүтээлээрээ тэр аль хэдийн “Ард түмний гавьяат” болсон байлаа.
С.Өлзийхүү гэр бүлийнхээ халамжит хань, элбэрэлт ижий. Түүний багын найз, насны хань Ц.Хүсэлбаатар найруулагч нэг удаа “Өлзийхүү надад өмнөх насандаа их өртэй байсан байх. Өдийг хүртэл миний л төлөө сэтгэлээ дэвсэж, ухаанаа зарж яваа ... ” хэмээн ярьсан нь буй. Харин С.Өлзийхүү гавьяат “Жүжигчний амьдрал хэцүү учраас үр хүүхдээ урлагт оруулахыг хүсдэггүй ээ” гэж байв. Гэвч өгөгдөл нь хол зөрдөггүй учир охин Х.Баярмаа нь дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлж яваа.
С.Өлзийхүү адтай, одтой ч уран бүтээлч. Тэрбээр 2002 онд Монголын хошин урлагийн тэргүүн их наадам “Азтай бадарчин”-ы алтан цомын эзэн, 2009 онд “Гэгээн муза” наадмын “Оны шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналыг хүртэж байв. UBS телевиз анх байгуулагдахад анхны нэвтрүүлгийг нь хөтөлж байсан, мөн хөгжмийн зохиолч Л.Балхжавын хоёр ч дууг амилуулсан гээд дурдвал тал талын авьяастай нэгэн.
Аав ээжээс заяасан авьяас билгийг бахархалтайгаар өргөж Драмын театрын тайзнаа гялалзаж явсан тэр л төрхөөрөө хошин урлаг, дэлгэцийн бүтээлд тод од хэвээр яваа С.Өлзийхүү бол ухаан, авьяас тэнцүү “Үлэмж төгөлдөр” монгол бүсгүй билээ.
-Та Монголын урлагт 30 жил зүтгэж, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулжээ. “Монгол Улсын Гавьяат жүжигчин” цолоор энгэрээ мялаасанд тань чин сэтгэлийн угаас баяр хүргэе. Энэ сайхан алдар хүндтэй шагналыг гардаж байх мөчид яг юу бодогдож байсан бол. 30 жилийн түүх нүдний өмнүүр харагдаж байх юм уу?
-Баярлалаа. Гавьяат жүжигчний шагналаа гардаж авахад 30 жилийн хөдөлмөр харагдахаасаа илүү найз нөхөд, гэр бүл, хошин урлагийн салбарынхан, хамтдаа уран бүтээл туурвиж, кинонд хамт тоглож байсан найзууд маань л бодогдож байлаа. Урлагийнхан, дотны найз нөхөд, гэр бүл, намайг хайрлаж, хүндэлж явдаг үзэгчид минь гээд маш олон хүн баяр хүргэхээр цугларчихсан, гараад ирэнгүүт л “Уухай” хашгираад угтсан. Тэр үед үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн. “Ард түмэн минь намайг Гавьяат болохыг хүлээж байсан байна” гэж бодогдож байлаа.
-Шагнал авахаа урьдчилж мэдсэн үү?
-Би гавьяат авахаа хоёр өдрийн өмнө мэдсэн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгаад “Танд МУГЖ цол олгохоор болсон. Та ирж аваарай” гэхэд нь тулгамдаад, баярлаад л... Тухайн үед сар шинийн баяр болох гэж байсан болохоор манай гэр бүл баярын бэлтгэлдээ хамаг анхаарал төвлөрөөд сэтгэл зүйн болоод хувийн бэлтгэлгүй, хаа сайгүй л баярласан хүмүүс болж хувирсан даа. Хань маань энэ баярт мэдээг сонсоод найз нөхөд, салбарынханд дуулгаад нөгөөдүүл нь бөөн баяр. “Тв коктейль” хамтлагийн жүжигчин Цоомоог БНСУ-д явж байхад нь би шагналаа авч таараад, Солонгост байгаа монголчууд маш их баярлаж байсан тухай сүүлд нь надад хэлж байсан. Манай жүжигчин Дэмидбаатарыг сургуулийнхаа хажуугийн дэлгүүрт орсон чинь “Танай найз чинь МУГЖ болсон байна лээ. Баяр хүргэе” гээд тал талаас нь хүмүүс бүчээд авсан гэж байгаа. Миний өмнөөс баярлаж байгаа хүмүүсийн тухай сонсож, харах нь надад үнэхээр сайхан байсан. Тэр үед л баяр, гунигаа хуваалцах хамт олон, найз нөхөд, үзэгчидтэй байгаадаа хамгийн их баярласан даа.
-Та шууд жүжигчний амьдралаа эхлээгүй юм билээ. Сувилагчаар ажиллаж байсан гэдэг байх аа.
-Тийм. Анагаахын дунд сургуульд хоёр жил суралцаад, Улсын клиникийн I Төв эмнэлэгт ажлын гараагаа эхэлсэн. Сэхээн амьдруулах тасагт хоёр жил ажилласныхаа дараа жүжигчнээр суралцаж байлаа. Миний анхны хамт олон учраас ч тэр үү, Улсын клиникийн төв эмнэлгийнхэндээ их хайртай. Энд л “Ажлыг ингэж хийх ёстой юм байна” гэдэг хариуцлага, ухамсарыг өөртөө суулгаж авч байлаа. Дараа нь СУИС-д орсон чинь хэр баргийн бэрхшээлийг тоохгүй байгаа юм. Яагаад гэхээр, өмнө нь түүнээс хэцүү ажил хийж үзсэн хүнд тэр бэрхшээл харьцангуй гайгүй санагддаг байлаа. Мэдээж, огт мэдэхгүй салбарт ороход хэцүү зүйл байлгүй л яахав. Гэхдээ өөрөө түүндээ сонирхолтой учраас хэцүү бүхэн нь хүртэл гоё санагддаг байсан.
БАГШ МААНЬ “ЗА, ӨЛЗИЙХҮҮ МИНИЙ ОХИН ТЭР ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЛУУГАА ЯВБАЛ ЯАСАН ЮМ, ИЙМ ХҮН ЯАЖ ЖҮЖИГЧИН БОЛОХ ЮМ” ГЭЭД ГАРААД ЯВЧИХСАН..
-Жүжигчний ангид орохдоо ямар шалгалт өгч байв? 1990-ээд оны өмнөхөн шүү дээ...
-1989 он. Багшийн дээд сургуулийн Кино драмын ангид хоёр жилд нэг удаа элсэлт авдаг байсан юм. Тэр жил 900 гаруй хүүхэд шалгалт өгсөн. Шалгалт өгөх гээд орсон чинь дандаа алдартай уран бүтээлчид сууж байлаа. “Говийн зэрэглээ” киноны Арсланд тоглодог Г.Доржсамбуу багш, Г.Ренчинсамбуу, Ц.Байгальмаа гээд л урлагийн томчууд... Миний ээлж болоход “Би сувилагчаар төгссөн. Гэхдээ жүжигчин болох хүсэлтэй” гээд өөрийгөө танилцуулсан чинь “За, дуулаадах” гэж байна. Тухайн үедээ их сандарсан ч дуунд дуртай, дуулах сонирхолтой байсныг хэлэх үү, чаддаг юмнаасаа эхэлсэн учраас өөртөө итгэлтэй болсон. Сүүлийн шалгаруулалтаар 15 хүүхэд авсны эхний гуравт нь шалгарч байлаа. Нэгт нь жүжигчин Л.Дэмидбаатар 15 оноогоор, хоёрт Д.Бямбацогт бид хоёр 14 оноогоор шалгарч нэг ангид орсон. 900 гаруй хүүхдээс шалгарсан болоод ч тэр үү манай анги маш авьяаслаг, хөдөлмөрч, урлагт хайртай хүмүүсээс бүрдсэн. Одоо манай ангиас дөрвөн МУГЖ төрчихөөд байна. Жүжигчин Д.Хүрэлхүү, Ж.Оюундарь, Л.Дэмидбаатар бид дөрөв.
-Аргагүй л шигшиж авсан оюутнууд байна даа.
-Тийм шүү. Манай ангийнхан бүгд мэргэжилдээ дуртай, замын голоос буцсан, хазайсан нэг ч хүн байхгүй. Бүгд л урлагийнхаа төлөө зүтгэж явна. Дахиад ч олон гавьяат манай ангиас төрөх боломжтой.
-УБДС-ийн кино, драмын анги дараа нь СУИС-д шилжсэн. Сургалтын чанар нь ямар байсан бол?
-Бид өглөө 8:40-16:00 цаг хүртэл хичээлтэй, орой 18.00- 21.00 цаг хүртэл уран чадварын хичээл, ерөнхий эрдэм, бие даалтаа хийнэ. Багш нар маш их сэдэв өгнө. Бидний үед бие даалтаа хийх гэж хамаг цагаа авдаг байсан. Сайн хийвэл сайн үнэлгээ авахаас гадна багшаас магтаал хүртэнэ. Доржсамбуу багшаараа магтуулж, ангийнхандаа сюрприз барих гэж хэрэндээ л хичээнэ. Багш маань гоё ч магтана, гоё ч егөөднө. Нэг өдөр багш хичээл орж байгаад “За, Өлзийхүү миний охин ерөөсөө тэр эрүүл мэндийн салбар луугаа явбал яасан юм. Жүжигчин болно гэж байхгүй юм байна. Ийм хүн яаж жүжигчин болох юм” гээд гараад явчихсан. Би уйлаад л хичээлээ давтаад байгаа юм. Тэгсэн маргааш нь багш “Овоо ш дээ. Одоо л уран бүтээлэрхүү юм харагдаж байна” гэсэн. Багш нар ингэж л оюутнуудаа хурцалдаг байлаа.
-Доржсамбуу гуай ёстой хөглөж чаддаг багш байжээ...
-Бид Доржсамбуу багшаасаа их айна. Айхтар загнахгүй ч, их егөөднө. Ухааруулсан үгийг хүний тархинд суутал хэлнэ шүү дээ. Хоёрдугаар курст орох жил манай Г.Доржсамбуу багшийг Улсын драмын эрдмийн театрын Ерөнхий найруулагчаар томилоод, манай ангийг МУГЖ Л.Лхасүрэн багш авсан. “Гарын таван хуруу” киноны Шагдар шүү дээ.
Лхасүрэн багш бидэнд тэмүүлэлтэй байхыг, жүжигчин хүний гол чанаруудыг заасан. Хоёр сайхан багшаасаа, хамт суралцаж байсан хүсэл эрмэлзлэл дүүрэн нөхдөөсөө маш их зүйлийг сурсан.
-Тайзны яриаг ямар багш заадаг байсан бэ?
“Энэ хүүхнүүд үү” киноны Дулмаад тоглодог Н.Мягмар багш, “Сити” сургуулийн захирал Ц.Байгалмаа багш нар маань бидэнд тайзны яриа ордог байлаа. Миний багш нар бол дандаа тухайн үеийнхээ театр урлагийн том зүтгэлтнүүд. Тэднийхээ эрдэнэ мэт үгсийг сонсож, түүнээс нь суралцаж төгссөн, би азтай хүн.
-СУИС-ийг улаан дипломтой төгссөн юм билээ. Мэргэжилдээ дуртай хүний шинж шүү?
-СУИС-ийн хананд байдаг “Онц төгсөгч” буланд миний зураг бий. Би сувилагчийн сургуулиа ч улаан дипломтой төгссөн. Сургууль, багш нар маань их сайн байж. Би 24 дүгээр сургуулийг төгссөн. Сургуульдаа бол жирийн л нэг сайн сурлагатай хүүхэд байлаа. Уран зохиол, гадаад хэл, нийгэм судлал, физиктээ гайгүй. Хими, математиктаа сайн биш. Сувилагчийн сургуульд ороход суурь нь сайн учраас хэцүү санагдаагүй. СУИС-д ороход ч ерөнхий эрдмийн хичээл, анхан шатны хичээлүүд нь харьцангуй амархан санагдаж байсан. Арван жилийн сургууль маань суурийг нь их сайн тавьсан байгаа юм. Ингээд бодохоор би сайн багш нарын гар дамжсан азтай хүн.
-Таны хүүхэд нас хаана өнгөрөв. Бага насныхаа тухай товч боловч ярьж өгөөч?
-Удам судар маань баруун аймаг, тэр дундаа Увс аймгийн Хяргас сумынх. Намайг бага байхад хотод нүүж ирсэн. Өвөө маань Увс аймагт холбооны шугам тавьдаг хүн байлаа. Хотод орж ирээд Холбооны яаманд ажилласан. I 40 мянгатад Холбооны 20 айлын байранд манайх орж, Дашдэлэг, Дашдэндэв гуай гээд мундаг улсуудтай нэг орцонд амьдардаг байлаа. Сүүлд II 40 мянгат руу нүүгээд 24 дүгээр сургуулийн хавьд очсон. Миний бага нас 33 дугаар дэлгүүр, Бөмбөгөр хавиар л өнгөрсөн дөө. Зуны амралтаараа Увс явж амарна.
АЖИГЛАЛТ БОЛ ДҮРИЙН СУДАЛГААНЫ ЧУХАЛ ХЭСЭГ НЬ ЮМ
-Хэр их ном уншдаг хүүхэд байв?
-“Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу” гэж эхэлдэг дууг өглөө бүр сонсоно. Эмээ маань намайг эрт сэрээдэг байсан учраас ангидаа хамгийн түрүүнд очдог хүүхэд байлаа. Өдөр 13.00 цагт тарж ирээд, хоол цайгаа идэж уучихаад гадаа жаахан тоглож байгаад хичээлээ хийнэ. Чөлөөт цагаараа ном их уншина. Манай уран зохиолын багш Доржнамжим гэдэг хүн байсан юм. Бидэнд үлгэр их ярьж өгнө. “32 модон хүний үлгэр” гээд тухайн үеийн үлгэрүүдийг их уншуулдаг байлаа. Би бол Александр Дюмагийн гоё зохиолууд, “Болор толийн нууц”, “Элс цас”, “Манан будан”, “Айвенго”, “Саран чулуу”, “Монте кристо гүн”, “Усан доогуур 20 мянган бээр аялсан нь” гэх мэт том роман унших дуртай.
-Хожим жүжигчнээр суралцаж байхад хэн нэг жүжигчин, эсвэл дүртэй адилхан санагддаг номын гол баатар байв уу?
-“Аав цэцэрлэгт орсон нь” гээд гоё зохиол байдаг даа. Кино драмын ангид орсон чинь манай Доржсамбуу багш яг тэр зохиолын аав шиг санагддаг байсан юм /инээмсэглэв/.
-Ном уншдаг тань жүжигчин болоход их хэрэг болсон байх. Чухам яаж нөлөөлж байв гэдэг нь сонин байна?
-Жүжигчин хүнд “дотоод хараа” гэж маш чухал зүйл байдаг. Тэр чадварыг би хүүхэд байхаасаа ном уншиж өөртөө төлөвшүүлсэн байх. Ном их уншдаг хүүхдийн дотоод хараа сайн хөгждөг юм байна. Одоо би оюутан залуус, залуу жүжигчдэдээ ном их унш гэж захидаг.
-СУИС-ийг төгсөөд Улсын Драмын театрт хуваарилагдсан. Том театрын тайзнаа хөл тавихад сүрдэж байв уу?
-Сүрдсэн... Манай ангиас Ж.Оюундарь, Л.Дэмидбаатар бид гурав Драмын театрт хуваарилагдсан юм. Биднийг очиход жүжигчин О.Энхтуул, И.Одончимэг нар театрт ажиллаад 3-4 жил болчихсон байсан. Уг нь миний үе л дээ. Би сувилагчийн сургуулиа төгсөөд тэднийг 4 дүгээр курст байхад нь нэгдүгээр курст орж байсан юм. Нэг үеийн уран бүтээлчидтэйгээ ажиллаж байсан тэр үе хамгийн сайхан байсан. П.Цэрэндагва гуай, Д.Мэндбаяр эгч, Б.Цэрэнпагма эгч, С.Сарантуяа, Жаргалсайхан, Урнаа, Г.Мягмарнаран гээд л мундаг жүжигчид ажилладаг байлаа. Манай Доржсамбуу багш Ерөнхий найруулагч нь. Тэр жил (1992 онд) манай ангийнхан 6-р сард төгсөх ёстой байсан чинь гэнэт 3-р сард төгсөх болсон. Зах зээлийн шилжилтээс болоод театрын жүжигчид ийш тийшээ яваад...
-Театр ч бас тэр үед хоосорч байсан байх нь ээ... Анхны уран бүтээлүүдийнхээ тухай яриач?
-Драмын театрт ороод “Өглөөний тэнгэрийн одод” гэдэг жүжгийн гол дүрд томилогдсон. Найруулагчаар нь Э.Санчигдан гээд маш мундаг хүн ажилласан юм. Миний гаргах ёстой гол дүр маань их сайхан эмэгтэй. Өндөр өсгийт, богино юбка өмсөж явдаг дүр. Гэтэл би өөрөө өндөр учраас өсгийтэй гутал бараг өмсдөггүй, мини юбка бүр өмсөж чаддаггүй, тамхи сорох байтугай гартаа ч барьж үзээгүй хүн чинь дүрээ гаргаж чадахгүй найруулагчдаа загнуулдаг байлаа. Тухайн үед гол дүрд зургаан эмэгтэй байсан. Биднийг найруулагч “Муу сайн юу ч чаддаггүй юмнууд” гэж уурлаад, бид сандралдаад л... (инээв) Гэхдээ бид суралцсан. Жүжиг маань ч аятайхан болсон. Тэгж их хөдөлмөрлөхийг найруулагч маань биднээс шаарддаг байлаа. Жүжиглэнэ гэдэг тийм ч амар зүйл биш шүү.
-Мэдээж. Та гэхдээ их богино хугацаанд танигдсан. Телевизийн жүжгээр билүү, өвөрмонголоор яриад байдаг чинь?
-Миний анхны телевизийн жүжиг маань UBS телевизийн бүтээсэн “Угсраа мэх” гэдэг хошин жүжиг байсан юм. Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай, Л.Жамсранжав гуай гээд маш мундаг уран бүтээлчидтэй хамтран тоглосон. Тэр жүжгийг дэлгэцнээ гарсны дараа хүмүүс намайг өвөрмонгол, хятадын эрлийз гэж их ярьсан гэдэг. Миний ханийн аав өвөрмонгол, казах, буриадаар ярьдаг, хэлний авьяастай хүн. Ааваар хэрхэн өвөрмонголоор ярихыг заалгаж байгаад энэ дүрийг бүтээсэн л дээ. Тэгээд аялга нь их төстэй сонсогдсон байх. Харин анхны кино бол “Цахилж яваа гөрөөс”. 1993 онд нэрт найруулагч И.Нямгаваа гуайтай хамтарч ажилласан. Энэ кино Японы олон улсын кино наадамд түрүүлж байсан юм. Зууны шилдэг туужаар хийсэн бүтээл л дээ. Миний уран бүтээлийн гараа их азтай, сайхан эхэлсэн.
-Театрт нэг их удаагүй санагдана. Хэдэн оноос хошин урлаг руу орсон билээ?
1992-2002 он хүртэл 10 жил Драмын театрт ажилласан. “Өнгөт инээд” хамтлагтаа 1994 оноос эхлээд давхар ажилладаг байлаа. Дараа нь театраасаа гараад хошин урлагийн салбарт ажиллаж эхэлсэн дээ. Эхэндээ театраа санаад, тайзан дээрээ тоглож байна гэж зүүдэлнэ. Сүүлдээ адилхан тайзнаас тайз руу шилжиж байгаа юм чинь гэж бодоод тайвширсан.
ШҮТЭЖ ИРСЭН ТАЙЗАН ДЭЭРЭЭ ГОЛ ДҮР БҮТЭЭНЭ ГЭДЭГ АМАРГҮЙ БАЙСАН
-Театрт арван жил ажилласан гэхээр нэлээд олон дүр бүтээсэн байх даа.
-Тийм ээ, олон дүр бүтээсэн. Дурдвал Ч.Найдандорж найруулагчийн “Ромео Жульетта” жүжгийн Капулетта хатан буюу Жулеттагийн ээжид тоглож байсан. Энэ жүжигт гардаг гуравхан эмэгтэй дүрийн нэг шүү дээ. Тухайн үед олон хүний дундаас шалгарч энэ дүрд тоглосон гэхээр, би бас уралдаан тэмцээний одтой юм шиг байна лээ (инээмсэглэв). Мөн Б.Мөнхдорж найруулагчийн найруулсан Бланш Дюбуагийн “Хүслийн трамвай” жүжгийн гол дүр, С.Жаргалсайханы “Хаан түүх”, К.Гольдоний “Буудлын авхай” зэрэг жүжгүүдийн дандаа гол дүрд тоглосон. Олон ч туслах дүр бүтээсэн.
-Дүрийн судалгаа хийхэд юу хамгийн чухал вэ?
-Багш нарын бидэнд зааж, биднээс шаарддаг байсан нэг зүйл энэ л дээ. Багш маань “Жүжигчин хүнд багааж гэж байх ёстой. Тэндээ ажигласан зүйлээ хадгалж, үлдээж бай. Тэр чинь дараа нь чамд хэзээ нэгэн цагт хэрэг болно. Тэр үед нь багаажнаасаа нэг сэрээ гаргаж ирээд гартаа атга. Нэг малгай гаргаж ирээд өмс. Дүрээ баяжуул” гэдэг байлаа. Тэгэхээр жүжигчин хүний хувьд ажиглалт гэдэг зүйл дүрийн судалгааны чухал хэсэг нь болдог. Үүний зэрэгцээ гадна төрхийн судалгаа, дотоод ертөнцийн судалгаа гээд олон зүйлийг судлах хэрэгтэй болдог.
-Бүтээсэн дүр бүрдээ хайртай болов уу. Гэхдээ санаанаас огт гардаггүй, их хэцүү бүтсэн дүр байсан уу?
-“Хүслийн трамвай” гээд жүжгэн дээр П.Цэрэндагва ах, Ц.Гантөмөр ахтай партнер болдог. Тэр мундаг жүжигчдийн хэр хэмжээнд хүрч тоглох, хоёр цаг тасралтгүй ярих гэж маш их хүч чадал гаргасан. Надаас маш их ур чадвар шаардсан сайхан жүжиг. Дараагийнх нь мэдээж анхны дүр. “Өглөөний тэнгэрийн одод” гэдэг тайзны том бүтээлийн гол дүрд тоглох амаргүй байсан. Шүтэж ирсэн тайзан дээрээ гол дүр хийнэ гэдэг амаргүй байлаа. Энэ бүхэн маш их хөдөлмөрийн үр шимээр бүтсэн. Театрын тайз хүнд маш их юм өгдөг. Анхны гол дүрдээ тоглочихоод байхад И.Нямгаваа найруулагч манай театрт ирж “Ноён Амилкар” гээд их гоё жүжиг тавьсан. Тэр жүжигт П.Цэрэндагва ах, Б.Болормаа, жүжигчин Ж.Пүрэвдорж бид хэд сонгогдсон. Манай И.Нямгаваа найруулагч хүнийг хөглөж өгдөг сайн найруулагч. “Миний хүү” гээд л хүн бүрийг урамшуулаад... Тэгэхээр чинь өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ шүү дээ. Үнэхээр өөр төрлийн хүн. Би чинь Гаваа найруулагчаас гадна Г.Доржсамбуу, Б.Мөнхдорж, Б.Баатар, н.Санчигдамба, Ч.Найдандорж гээд Монголынхоо бараг бүх мундаг найруулагчидтай хамтарч ажилласан. Энэ мундагуудаас зэмлэл хүртэж, магтаал сонссон маань маш том аз гэж боддог доо.
-Ер нь яагаад хошин урлаг руу орох болсон юм бэ?
-Биднийг Драмын театрт ажиллаж байхад Доржсамбуу багш гадагш жүжгэнд тоглуулдаггүй байсан юм. Нэг өдөр манай хошин урлагийн Б.Батзаяа ах “Танай Энхтуул, Өлзийхүү, Одончимэг, Онон, Дэмидбаатар нарыг авья. Тоглуулах жүжиг байна” гэхэд нь зөвшөөрсөн юм. Ингэж л 27 настайдаа хошин урлагт анх хөл тавьж байлаа. Бас л сайхан азтай. Хошин урлагийн салбар ид цэцэглэж байсан үед Д.Сосорбарам, Б.Батзаяа, Л.Чаминчулуун, Б.Туяа гээд мундаг жүжигчидтэй хамтран тоглох аз тохиосон. Манай У.Уранчимэг, О.Энхтуул бид гурав ёстой сайхан гар нийлдэг байлаа. Батзаяа ахын жүжигт тоглосныхоо дараа жил бид гурав Буриадын театрт уригдаж, Гэсэрийн 1000 жилийн ойд зориулан тавьсан жүжигт очиж тоглосон. Гавьяат жүжигчин Хасар Жаргалсайхан бид дөрөв очсон. Бид гурав тэр жүжигт гурван хатны дүр бүтээсэн юм.
-Тэр жүжигт тоглохдоо монгол хэлээрээ ярьсан уу?
-Бид ихэвчлэн монголоор ярьсан. Буриадууд монголоор ойлгоно. Гэхдээ зарим нэг текстээ оросоор хэлэх шаардлага гарна. Бид сургуульд орос хэл заалгасан болохоор асуудал гарахгүй л дээ. Бас О.Гэрэлсүх, Б.Жаргалсайхан, У.Уранчимэг бид хэд Франц, Испани орноор Монголынхоо урлагийг сурталчилж бүтэн гурван сар аялан тоглосон. Ирээд “Фолклорен фестивал” гээд ардын урлагийн наадамд оролцож, бүжиглэж, хөтөлж байлаа. 1997 онд Европт анх хөл тавьж байхдаа ёстой л соёлын шоконд орно гэдэг шиг юм болсон доо /инээв/. Урлагийн виз даруулаад бараг гурван сар болоод ирж байсан.
-Гадагшаа явахаар яалт ч үгүй англиар л ярьж байгаа биз дээ?
-Орчуулагчаар “Хобби” сургуулийн захирал Д.Оюунцэцэг гээд франц, англи хэлтэй, урлаг судлаач хүн бидэнтэй хамт явсан юм. Францын театр, Испанийн гудамжны театр гээд зөндөө юм үзэж ёстой л нүд тайлсан. 2003 онд хошин урлагтаа ороод Канадад болсон “Double depth festival”-д хошин урлагийн “Өнгөт инээд” хамтлагаараа оролцож “Үзэгчдийн нэрэмжит шагнал” цом авсан. Тэр фестивальд бид “Отелло” жүжгийг хошин хэлбэрт оруулаад “Монгол Отелло”, “Хятад Оттело”, “Орос Оттело” гээд үзүүлсэн чинь үзэгчид маш гоё хүлээж авсан. Бүр “Ромео Жулетта”-г ч комеди маягаар үзүүлсэн. Дараа нь Солонгост болсон “Масаны фестиваль”-д гурван жил дараалж оролцсон. Тэндээс “Монголын хошин урлаг, театрын урлаг үнэхээр аль ч орноос дутахгүй юм байна” гэдгийг мэдэрч байлаа. Яагаад гэхээр манай театрын урлагийн гол үндэс нь орос школтой. Орос бол Францаас улбаалсан школтой. Тэгэхээр хаана ч очсон хүлээн зөвшөөрөгдөөд байдаг юм билээ. Одоо бидэнд хэлний бэрхшээл л байгаа болохоос ур чадвар, тайзны чадвар алинаар нь ч дутахгүй. Станиславскийн систем, Мейрхольдын систем аль алиныг нь манай монголчууд тусгаад авчихсан байдаг юм байна.
-Нэг хэсэг Мейрхольдын системээр жүжгүүд тавигдаад байсан шүү дээ. Та тоглож байв уу?
-2-3 жүжигт тоглосон. Манай мундаг жүжигчдээс аль алийг нь тоглодог жүжигчид байдаг. Манай хошин урлагийн Батзаяа ах, Чамиа эгч, Туяа эгч, Сосорбарам ах байна. Мундаг авьяастай хүмүүс.
-Тоглох гэж буй дүрдээ хувирахын тулд хэр их хугацаа шаардагдах вэ. Дээр үед Гомбосүрэн гуай нарын том жүжигчид тоглолтоосоо цагийн өмнө ирээд дүрдээ орох бэлтгэлээ хийдэг байсан гэдэг шүү дээ.
Драмын дүр үү, өөр дүр үү гэдгээс шалтгаална. Цэрэндагва ахыг харахад хоёр цагийн өмнө ирээд нүүрээ будаад, хувцсаа өмсөөд төвлөрөөд зогсож байдаг. Аливаа уран бүтээлд тоглохын тулд заавал урьдчилж ирж төвлөрөхийг шаарддаг. Гудамжинд явж байгаад тайзан дээр шууд гарах тухай ойлголт байхгүй. Заавал цагийн өмнө ирж, анхаарлаа төвлөрүүлж байж гоё уран бүтээл гаргана. Тэр чинь үзэгчдэд хүрнэ. Кинон дээр ч ялгаагүй.
-Ер нь кинонд тоглох, тайзан дээр тоглох хоёр ялгаатай юу?
-Маш их ялгаатай. Жирийн хүмүүс кинонд тоглоод байж болдог. Гэхдээ тэр хүмүүс хэзээ ч тайзан дээр тоглож чадахгүй. Тайз бол цэвэр мэргэжлийн ур чадвар шаарддаг талбар.
-Тэгвэл хошин урлагийн дүр бүтээх, драмын жүжгийн дүр бүтээх хоёрын ялгаа юунд байдаг вэ?
-Энэ бол хоёр өөр, маш ялгаатай жанр. Хошин урлаг бол нэг программд 4-5 дүр бүтээх маягаар хурдан өөрчлөгдөх, ритм, мэдрэмж, хугацаа гээд бүх зүйлийг төлөвлөж, тооцоолж, мэдэрч тоглохыг шаардана. Драмын жүжиг бол эхнээсээ дуустал нэг өгөгдсөн нөхцөл, зөрчил, зорилго бүх зүйлд амьдарч тоглодог. Хоёуланд нь үнэн амьдрах, үнэн мэдрэх шаардлагатай. Хоёулаа “Үнэн” гэдэг зүйл дээр адилхан. Тоглох арга барил ялгаатай.
ХОШИН УРЛАГ БОЛ ХҮМҮҮСИЙН ХЭЛЬЕ ГЭЭД ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ҮГИЙГ НИЙГЭМД ХҮРГЭХ ЗОРИЛГОТОЙ
-Сэтгүүлчийн хувьд хошин урлагийг би шүүмжилж бичдэг. Гэхдээ нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжих шилжилтийн хүнд хэцүү үед хүмүүсийн зовлонг мартагнуулж чадсаныг нь бас үнэлдэг. Хошин урлаг эрчимтэй хөгжих болсон гол үндэс суурь нь ч энэ байсан. Монголчууд бол хошин шогийн мэдрэмж өндөртэй хүмүүс. Тэгээд ч хошин шогийн мэдрэмжтэй байхад, хүн ямар ч хүнд бэрхийг даван туулж чаддаг л даа. Яг үүнд л хошин урлагийн түүхэн үүрэг байсан болов уу. Гэвч миний бодлоор хошин урлаг хөгжихгүй, нэг байран дээрээ дэвхцээд л байна. Та үүнийг юу гэж боддог вэ?
-Яг таны дээр дээр хэлсэн шиг үгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бидэнд хэлээд, хошин урлагийн жүжигчдийг шагнаж урамшуулж байсан юм. Хошин урлаг гэдэг аль ч улс, аль ч нийгэмд байдаг зүйл. Гол нь хүмүүсийн шүүмжлээд байгаа зүйл нь, нэг байдлаараа олон жил явж байна гэдэгт л байгаа. Хувь жүжигчдийн ур чадварын хувьд өөр асуудал. Манай хошин урлагийнхан дотор хамгийн мундаг жүжигчид байдаг. Манай Одончимэг, Баттулга, Золбоот, Боёо, Мөнхсайхан, Эрдэнэзаан, Баярмагнай гэх мэт олон жүжигчин драм, хошин урлаг, кино урлаг гээд аль ч тал руугаа хувьсах чадвартай. Сүүлийн үед манай “Мөрөөдлийн театр”-ынхан арай өөр чиглэлээр уран бүтээл хийх гээд үзээд байна. Дээр нь комеди хийдэг хүн олон болсон. Урьд цагт манай Дорлигжав гуай, Цэвээнравдан гуай, Сосорбарам ах нар л энэ төрлөөр тоглодог байлаа. Одоо үүнийг орчин үеийн түвшинд аваачиж байгаа нь сайн хэрэг.
-Хошин урлагийн нийгмийн өмнө хүлээсэн үүргийн талаар та юу хэлэх вэ?
Нийгмийн өмнө хүлээх үүргийн тухайд бол хүмүүсийн хэлье гээд хэлж чадахгүй байгаа юмыг нийгэмд хүргэе гэсэн зорилготой шүү дээ. Тэр үгийг манай хошин урлаг хүргэж байна. Юм бүрийн урд манлайлж явах урлаг, цаг үетэйгээ нийцэж явах урлаг гээд энэ салбар чинь дотроо өөр өөр үүрэгтэй. Хошин урлаг бол тухайн цаг үедээ болж буй үйл явдлыг шүүмжлэх, ойлгуулах, мэдрүүлэх, хүмүүсийг тайвшруулах үүрэгтэй. Энэ үүргээ өмнө нь гүйцэтгэж байсан, одоо ч гүйцэтгэж байгаа. Гэхдээ тайз болон хувцаслалтын хувьд урьдынхаасаа онцгой болоод байгаа шүү. Бид хандивын тоглолтууд их хийдэг. Хошин урлагийнхан маань Эх нялхсын Эрчимт эмчилгээ, Нярайн тасаг, III төрөх зэрэг эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн аппарат, дуслын шахуурга, шарлагын аппарат авч өгч байсан.
-Та хошин урлагт 20 орчим жил, театрт 10 жил ажилласан юм байна, тийм үү?
Театрт ажиллах завсраараа л хошин урлагтаа давхар зүтгэж байсан. Манай “Өнгөт инээд” хамтлаг 1994 онд байгуулагдсан. Би 1992 театрт онд орсон. Маш завгүй ажилладаг байлаа.
-Эмэгтэй жүжигчний амьдрал эрэгтэй жүжигчнийхээс юугаараа өөр байдаг бол гэж асуумаар санагддаг.
-Жүжигчин эмэгтэй бол жирийн эмэгтэй хүнээс хоёр дахин илүү өөрийгөө бэлдэх хэрэгтэй байдаг. Жирийн эмэгтэйн хувьд сайн эзэгтэй, халамжтай хань, сайхан бүсгүй байхад бараг хангалттай. Гэтэл жүжигчин хүн үүнээс хоёр дахин илүү байж сая хүлээн зөвшөөрөгддөг. Гоо зүйн өндөр мэдрэмжтэй байх ёстой. Эрт босож, орой унтаж, бусадтай баг болж, маш их цаг наргүй ажилд ажиллах хэрэгтэй. Наймаалж шиг олон гартай, түүгээрээ бүх зүйлийг амжуулдаг байх шаардлагатай болдог. Театрт ажиллаж байхад манай дээд үеийн эгч нар жүжгийн гол дүрд тоглочихоод гарч гүйгээд гэртээ очиж, хүүхдээ хөхүүлж, хоолоо хийж тавьчихаад л ирдэг байсан. Жүжиг 19.00 цагт эхэлнэ гэсэн бол тэд зогсож л байдаг, маш хариуцлагатай. Тэднээсээ амьдралын ухааныг харж суралцсандаа маш их талархаж явдаг даа.
-Танай хүн танд хэр сайн тусалдаг вэ?
Нөхөр маань урлагийн хүн, намайг ойлгож дэмждэг байсан нь өнөөгийн элэг бүтэн амьдралыг бий болгосон байх. Хамаатны хүүхдүүд ч хөөрхөн тус хүргэдэг байсан. Сүүлийн үед иогоор хичээллэж байгаа. Би сэтгэл дотроо хэцүү байгаа зүйлээ амархан мартахыг хичээдэг.
-Олны танил гэр бүл байна гэдэг хэцүү биз?
-Хариуцлага маш өндөр. Хүн юм чинь заримдаа муудалцах тохиолдол гарна. Гэхдээ тэр бүхнээ олны өмнө ил гаргаж болохгүй. Муудалцсан ч аяархан муудалцах, аман дотроо шивнэж ярих гэх мэт /инээв/.
-Та үргэлж сайхан харагддаг. Нууц жороосоо хуваалцаач?
-Би архи, тамхи амьдралдаа хэрэглэдэггүй. Хар багаасаа л дасгал хөдөлгөөнд дуртай хүүхэд байсан. Сүүлийн үед иогоор хичээллэж байгаа. Би сэтгэл дотроо хэцүү байгаа зүйлээ амархан мартахыг хичээдэг.
-Гэр бүлийн амьдрал нь эмэгтэй хүнд их нөлөөлдөг юм шиг ээ?
-“Эрэгтэй хүний халамж эхнэрийнх нь нүүрэн дээр илэрдэг” гэсэн орос үг бий. Тэр үнэн. Хань минь намайг ойлгож, хайрладаг учраас би ийм байна. Манай нөхөр их зөөлөн хүн. Гэтэл би чинь усны урсгал шиг дандаа сайхан инээгээд явдаг хүн биш шүү дээ. Адгуу яаруу, олон ажил амжуулах гээд заримдаа бухимдана. Тэр болгонд манай хүн намайг тайвшруулна. Үүнээс гадна манай хошин урлагийн салбарынхан чинь байнгын инээд хөөр, баяр баясгалан дунд байдаг учраас стресст бага ордог байх. Уулзах бүртээ элгээ өвдтөл инээнэ шүү дээ.
ЗААВАЛ ДАВЖ ГАРААД ТОГЛООМЫН ДАРААГИЙН ҮЕИЙГ ЭХЛҮҮЛЭХ ЁСТОЙ
-Жүжигчний амьдрал, бодит амьдрал хоёрын хооронд хэр их ялгаа байдаг вэ?
-Маш их. Дүр бүтээхдээ огт танихгүй хүний амьдрал руу орно. Тэр нь ч гоё. Боловсрол телевизийн 40 ангитай сериалд би хадам ээжийн дүр бүтээсэн. Би амьдралдаа хэзээ ч тийм хадам ээж болохгүй. Гэтэл сая “Нинжин сэтгэл” кинонд гаргасан дүр бол хэзээ ч миний амьдралын дүр болохгүй гэх мэт.
-Дүрд орохоос гадна дүрээсээ гарах гэж нэг асуудал байдаг уу?
-Янз бүрийн сэтгэл гутралтай, ууртай, стресстэй хүний дүрд тоглохоор тэрэндээ бас орчих гээд байна шүү. Гэхдээ их удаан тоглосон дүр дээр л ийм асуудал гардаг. Жишээлбэл, “Хүслийн трамвай” жүжиг байна.
-Зохиолч хүн зохиолоо бичихийн тулд олон зүйлийг судалж байж бичдэг шиг, жүжигчин хүнд ч тэр чадвар шаардагдах байх.
-Бараг л мөрдөн байцаагч маягийн ажил хийнэ. Зохиол дээр зохиолч дүрийг бичсэн дүрийг судалж байхдаа жүжгийн зохиолд бичсэнээс гадна өмнөх түүхээ зохиодог. “Энэ хүн бол тийм хүнтэй тэгж харьцдаг. Урьд нь их гадуурхагдаж байсан. Аав ээж хоёроосоо багадаа өнчирсөн учир сул дорой болсон. Өөртөө итгэлгүй, тиймээс доошоо харж явдаг. Нуруу нь бөгтөр...” гэдэг ч юм уу өмнөх түүхээ зохионо. Үүний үндсэн дээр дүрээ бүтээнэ. Харахад их амархан юм шиг мөртлөө ширээний ард сууж судлах ажил маш их байдаг. Толгой дотроо дүрээ эмхэлж цэгцэлнэ. Хүмүүс үүнийг мэдэхгүй шүү дээ.
Зохиол дээр зохиолч дүрийг бичсэн дүрийг судалж байхдаа жүжгийн зохиолд бичсэнээс гадна өмнөх түүхээ зохиодог.
-Амьдрал дан ганц ажлаас бүрдэхгүй. Амрах ёстой. Хаана, ямар орчинд яаж амрах дуртай вэ?
-Аль болох байгальд амрахыг хичээдэг. Эсвэл гэртээ суугаад гэр бүлээрээ кино үзэх дуртай. Мөн найзуудтайгаа аялах сайхан. Найз хүүхнүүдтэйгээ инээлдэх, ах, найз, дүү эрэгтэй жүжигчидтэйгээ шилж ярьж инээлдэх, тэднийгээ сонсох дуртай.
-Эмэгтэй хүн амьдралдаа ямар зарчим баримтлах хэрэгтэй вэ?
-Эмэгтэй хүн уян хатан байх ёстой. Нөхрийнхөө гаргасан алдааг байн байн сөхөж яриад байх хэрэггүй. Нөхөртөө ч, өөртөө ч эрх чөлөөг өгч сур. Хүнд чин сэтгэлээсээ ханд. Үнэн бай. Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй юм болов уу.
-Манай эмэгтэйчүүдийн амьдрал жигд биш байна. Энэ талаар ч бас таны бодлыг сонсъё?
-Аливаа зүйлийг аргалж биш, чин сэтгэлээсээ л хийдэг байх хэрэгтэй. Ямар нэгэн саад бэрхшээл тулгарсан ч өөдрөг сайхныг бодож, түүнийгээ давж гарах дархлааг тогтоогоосой. Бид энергийн зуунд амьдарч байна. Гоё энергитэй хүмүүстэй уулзаж, сайхан зүйл ярьж бай. Эсвэл усанд сэлээд гараад ирэхэд л сайхан болно шүү дээ. Би тэгж сэтгэлээ сэргээх дуртай. Бас айлын ганц хүүхэд учраас олуулаа байх дуртай.
-Хяргас нуурандаа сэлж байв уу?
-Сэлж байсан. Урлагийнхаа буянаар би 21 аймгийн 365 сумаар явж үзсэн. Монгол бол үнэхээр гайхалтай сайхан орон. Их нууруудын хотгор, олон сайхан уул нурууд, говь, хангай, тал гээд сайхан газрууд үзсэн. Урлаг гэдэг зүйлтэй холбогдсоноор би олон сайхан газар нутагт очиж, хүн ардтай уулзаж, нөхөрлөсөн. Миний амьдралд их олон боломжийн үүд хаалгыг нээсэн дээ.
-Урлагийн ертөнцийг сонгоод ажил амьдралаа зориулах гэж байгаа залуустаа хандаж юу хэлэх вэ?
-Маш их тэвчээр хатуужилтай, тууштай байх хэрэгтэй. Нэгдүгээрт урлагтаа дуртай байх, хоёрдугаарт сайн багшийн шавь бол. Бэрхшээлийг хараад л амархан шантардаг хүн урлагийн салбарт тохирохгүй гэж би боддог. Урлагийн бид чинь нэг уран бүтээл хийснийхээ дараа сонин хэвлэл, үзэгчдээс шүүмжлэл их сонсоно. Тэр бүрд сэтгэл санаагаар унана. Түүнийг даван гарах тэвчээртэй байх ёстой. Найруулагчийн санаанд тохирохгүй бол бидэн рүү хашгирна, загнана, зөвлөнө. Тэрийг тэвчих хэрэгтэй. Эмэгтэй хүн болохоор нулимс гарчих гээд л байдаг. Гэхдээ заавал давж гараад тоглоомын дараагийн үеийг эхлүүлэх ёстой. Бэрхшээлийн цаана л боломж байдаг.
-Уран бүтээлийн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцаж болно биз дээ?
-Энэ зун Архангай аймгийн Өндөр-Улаан суманд кино зураг авалт хийсэн. Зохиолынх нь нэр “Хөх зэгсний анир”. Тун удахгүй үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна. Хань маань зохиолоо бичиж, түүнийгээ сайн уран бүтээл болгохын төлөө хоёулаа л зүтгэж байна. Бид нийтдээ киноны 13 уран бүтээл хийсэн. Тухайлбал, “Ядуугийн зовлон” I, II, Сүүлчийн бүжиг, Сая долларын олз, Дурлалын сум, Бүтэлгүй новш, Зугтаарай, Аюултай харилцаа, Нинжин сэтгэл. Бүгд л тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн байна. Би нөхрийнхөө ажилд дэм болж, чадах зүйлээрээ тусалж, ядахдаа л халуун цай, кофег нь зөөж өгөөд, жижиг сажиг асуудлуудыг нь шийдвэрлэж байхыг хүсдэг. Уран бүтээлч хүний эхнэрийн үүрэг тэр.
-Танд шинээр ямар дүрийн санал ирж байна вэ?
-Боловсрол телевизийн “Бүтэн амьдрал” 24 ангит сериалд тоглох урилга авсан. Бас өөрсдийн нэг уран бүтээл байна. Ирэх 10, 11 сард нээлтээ хийх байх. Би өмнө нь нөхрийнхөө кинонд тоглож байгаагүй. Харин өнгөрсөн жил “Нинжин сэтгэл” кинонд нь, энэ жил дахиад нэг уран бүтээлд нь тоглосон.
-Ханийнхаа тухай бидэнд яриач?
-Манай нөхөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумынх. Хадам аав маань МУГЖ Ё.Цог (Цогоо гуай. ред) шүү дээ. Одоо 75 хүрч яваа гэхэд их сайхнаараа, уран бүтээлдээ дүрээ мөнхлөөд л явж байна. Оросын олон ангит киноны дүрд уригдаад Москва явсан. Хань маань энэ сайхан хүний ууган хүү. Бидний охин Баярмаа гурав дахь үеийн жүжигчин юм. АНУ-ын Миссури их сургуульд кино зохиолч, продюсероор суралцаж магистраа хамгаалсан. “Аладдины шидэт дэнлүү”, “Бид дөрвийн хайр” жүжгүүдийг орчуулж, “Аладдины шидэт дэнлүү” жүжигт хүүхдийн баярын үеэр 4 жил тоглож байна. Хүү Сумьяадорж оюутан. “Миний ертөнц” тоглолтынхоо үеэр хүүтэйгээ хамт дуулсан минь том сюрприз болсон. Одоо би нөхрийнхөө бичсэн зохиолуудыг эмхэтгээд ном болгох ажилд ханцуй шамлан ороод байна.
-Та шавьтай болж байна уу?
-Анх жүжигчний ур чадварын хичээлийг 10 гаруй хүүхдэд үнэгүй заасан. Тэндээсээ улбаалаад нэлээд хэдэн шавьтай болсон. Дараа үедээ мэдлэгээ дамжуулна гэдэг ёс зүйн хувьд ч заавал хийх ёстой зүйл.
-Танд биелүүлж чадаагүй мөрөөдөл байдаг уу?
-Би багаасаа л дуучин болъё гэсэн мөрөөдөлтэй байлаа. Гэвч дуучин болох гэхээр л ямар нэгэн саад тохиолддог. Нэг удаа франц дууны тэмцээнд оролцох гээд маш сайн бэлдсэн юм. Гэтэл хоолой өвдөөд тэр тэмцээнд оролцож чадаагүй. Тэр жилийн тэмцээнд дуучин Наран маань оролцоод түрүүлж байлаа. Жүжигчин болох л ёстой байж дээ, би (инээмсэглэв).
-Ярилцлагынхаа төгсгөлд юу хэлмээр байна вэ?
-Манай Одончимэг, Энхтуул, Урнаа, Оюундарь, Эрдэнэцэцэг бид хэд яг л нэг үеийнхэн. Хүний амьдралд тохиолддог сайхан бүхнийг театрынхаа тэр л өрөөнд мэдэрч, хуваалцаж байсан маань мартагдашгүй дурсамж. Хамтлагийн маань ууган гишүүн О.Бат-Өлзий ах маань гэхэд л 1994 оноос одоог хүртэл хамт ажиллаж, ах дүүгээс ялгаагүй болсон. “Миний ертөнц” тоглолтод маань нэгэн цаг үед хамт ажиллаж ирсэн найзууд, хамтран зүтгэгчид маань бүгд сэтгэлээсээ ирж оролцсон. Маш олон найз нөхөд, хамт олонтой гэдгээ мэдэрсэн. Худалдаж авч болдоггүй зүйл чинь хамт олон, найз нөхөд шүү дээ. Өдийг хүртэл намайг дэмжиж ирсэн бүх хүнд чин сэтгэлээсээ талархаж, баярлаж явдагаа илэрхийлье ээ.
Сэтгэгдэл ( 4 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n