Я.Төмөрбаатар: МУИС Азийн шилдэг 100 сургуулийн нэг болно

2019 оны 05 сарын 17

Монголын ууган их сургууль МУИС 75 жилийн ойн босгон дээрээ хөгжлийн бас нэг томоохон өөрчлөлт, шинэ тэсрэлт, сэргэн мандлын “Стратегийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх их ажлын гараан дээр ирээд байна. МУИС-ийн эрдэмтэн багш нар, оюутнууд, удирдлагын баг хамтдаа нэг зүгт харж, нэг зорилго чиглэл, нэг санаа бодлоор, нэг зохион байгуулалтаар, зөв менежментээр хөдөлж чадвал Азийн шилдэг 100 сургуульд эрэмбэлэгдэх зорилтоо цаг хугацаанд нь ханган биелүүлж чадна.

Улс төр судлалын ухааны доктор (Ph.D) Я.Төмөрбаатар 1986 онд УБИС, 1989 онд ХБНГУ-ын Залуучуудын дээд сургуулийг төгсжээ. Япон, АНУ, ХБНГУ, БНСУ, БНЭУ-д мэргэжил дээшлүүлсэн. Ажлын анхны гараагаа оюутан цагтаа эхэлж ОУ-ын хүүхдийн “Найрамдал” төвд багш, 1986-1996 онуудад Төв аймгийн ХЗЭ-ийн хорооны зааварлагч, Нарийн бичгийн дарга, МХЗЭ-ийн Төв хорооны зохион байгуулагч, Тасгийн эрхлэгч, МЗХ-ны Зохион байгуулагч, Тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байв. 1996- 1999 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Залуучууд, гэр бүл, эмэгтэйчүүдийн газрын дарга, 2007-2008 онд МАН- ын УЗ-ийн ажлын албаны ХМОНХ хэлтсийн дарга, 2008-2009 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх, ХМА-ны дарга, 2009-2014 онд МАН- ын ЕНБД-ын ахлах зөвлөх, 2014-2015 онд Сургалт судалгааны “Стратеги” академийн захирал, 2015-2016 онд БСШУ-ны дэд сайд, 2017 оноос МУИС- ийн захирлаар ажиллаж байна.

 


-Их сургуулиа Азийн шилдэг сургууль болгохын төлөө өдөр нь ажиллаж, шөнө нь бараг зүүдэлж хонож байна-

 

Танд болон танай хамт олонд МУИС байгуулагдсаны 75 жилийн ойн баярын мэнд хүргэе.

 Баярлалаа. МУИС-ийн хамт олонтойгоо түүхт ойгоо тэмдэглэн, 75 жилийн ололт амжилтаа дүгнэж, хэтийн ирээдүйгээ төлөвлөн яваадаа баяртай байна. Энэ түүхэн он жилүүдэд Монгол түмнийхээ хүндлэлийг хүлээсэн төр, нийгмийн зүтгэлтэн, олон сайхан эрдэмтэн мэргэд МУИС-ийг удирдаж, ололт амжилтад хөтлөн чиглүүлж ирсэн. Тухайлбал, 1961 онд БНМАУ анх НҮБ-ын гишүүн орон болоход улсаа төлөөлөн НҮБ-ын чуулганд оролцож байсан, тухайн үеийн БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны орлогч сайд Д.Цэвэгмид гуай бол хоёр ч удаа МУИС-ийн ректороор ажиллаж байсан хүн. БСШУ-ны дэд сайдаар ажиллаж байхдаа Д.Цэвэгмид хэмээх энэ аугаа хүний мэндэлсний 100 жилийн ойн дурсгалын самбарыг МУИС-ийн I байрны хананд мөнхжүүлж, мөн Ж.Батмөнх гуайн нэрэмжит номын сан, IV байрны өмнөх хөшөөг засч тохижуулж байлаа.

Харин таны хувьд, МУИС-ийн хэд дэх ректор нь вэ?

Ажлаа аваад хагас жил гаруй болж байна. МУИС-ийн 75 жилийн түүхэн дэх хүнээр бол 13 дахь, дарааллаараа 15 дахь ректороор нь томилогдоод ажиллаж байна. Д.Цэвэгмид, Н.Содном гуай нар 2 удаа ректораар ажилласан байдаг юм. Миний амьдрал Х.Чойбалсан гэдэг энэ их хүнтэй ямар нэгэн байдлаар холбогдож ирсэн байдаг. Би Х.Чойбалсангийн нэрэмжит арван жилийн лаборатори нэгдүгээр дунд сургуулийг 1982 онд төгсөж байлаа. Одоо ажиллаж байгаа Монгол Улсын Их сургуулийг маань үүсгэн байгуулж, санаачилсан хүн нь маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар шүү дээ. Ардын хувьсгалын анхны 7-гийн тухай “Долоон бурхан харвадаггүй” УСК-ны зөвлөхөөр ажилласан гээд дурдвал сонин зүйл их бий.

Та МУИС-ийн төгсөгч үү?

МУИС-д 2006 онд улс төр судлалын докторын зэрэг хамгаалж байлаа. БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар багш миний докторын удирдагч байсан юм. Докторын ажлын сэдэв маань Монгол төрийн засаглалын хэлбэрийн асуудалтай холбоотой байсан учраас Монгол Улсад парламентын засаглал тохирох уу, эсвэл ерөнхийлөгчийн засаглал тохирох уу гэдгийг онол, уламжлал, шинэчлэлтэй нь холбон судлаад ажлаа 100 хувиар хамгаалж байсан юм. Тэгэхээр би яах аргагүй МУИС- ийн бүтээгдэхүүн. Манай гэр бүлээс МУИС-ийг хамгийн анх төгссөн хүн бол аав маань байлаа. Дараа нь миний эгч нар, дүү, том хүү маань ч МУИС-д суралцаж байсан. МУИС- ийн төгсөгчид Монгол Улсын 21 аймаг, 330 сум, бүх аж ахуйн нэгж, албан байгууллага, төрийн яам агентлагуудад бий. Монгол Улсын айл өрх бүрийн амьдрал МУИС-тай холбоотой гэж боддог доо. Би 1986 онд МУБИС-ийг түүх, нийгмийн ажилтны мэргэжлээр төгсөж, ахисан түвшний боловсролыг Германд эзэмшсэн нийгмийн шинжлэх ухааны, улс төр судлалын мэргэжлийн хүн.

МУИС-Д АНХ ГАЗАР ОЛГОХДОО Л КАМПУСЫН ЗАРЧМААР ТИГИЙГ НЬ ТОГТООЖ ӨГСӨН БАЙДАГ

Монголд өрнийн боловсрол, соёл анх нэвтрэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь юу байсан бол?

Бүр 1920-иод оны үед Герман руу 30 гаруй хүүхэд суралцахаар явсан шүү дээ. Тэд чинь л Монголд анх удаа өрнийн соёлын үрийг тарьж байсан хүмүүс. Өөрсдийн суралцаж ирсэн чиглэл чиглэлээрээ Монголд шинжлэх ухааны салбар бүрийн тулгын чулууг тавьсан гол хүмүүс нь болсон. Академич, эрдэмтэн докторууд, их зохиолчид гээд бүх салбар шинжлэх ухааны үндэс тэднээс л эхлэл нь тавигдсан. Европ тооллоор шинэ жил тэмдэглэдэг соёлыг хүртэл тэд анх эхлүүлж байсан түүхтэй юм.

МУИС 1942 онд анх байгуулагдсан гэхээр дэлхийн 2-р дайны үе таардаг. Тэр хүнд үед ЗХУ манайд тусалж байсан гэдэг бас л бахархмаар шүү.

МУИС улсын тэргүүлэх их сургууль болон хөгжихөд Оросын ард түмэн маш их тусалсан. Дайны хүнд хэцүү жилүүдэд Монголд их сургууль байгуулахад нь туслахын тулд мэргэжилтэй боловсон хүчнээ явуулж ажиллуулж байсан юм билээ. Орос эрдэмтэн багш нарын дэмжлэгээр үндэсний дээд боловсрол олгох их сургууль анх байгуулагдаж, МУИС-ийн нэгдүгээр байрыг гэхэд л 1939 оны дайнд олзлогдсон япон цэргүүд барьсан гэдэг. МУИС бол нэг талаас Монгол Улсын оюуны тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон сургууль. Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын эхлэл ч МУИС дээр анх өрнөж байсан түүх байдаг юм.

Үнэхээр тийм.

Тухайн үед ардчиллыг хүлээн зөвшөөрсөн Жамбын Батмөнх гуай бол МУИС-ийн ректороор ажиллаж байгаад Сайд нарын зөвлөлийн дарга болж байсан. Санжаасүрэнгийн Зориг гэхэд МУИС- ийн Шинжлэх ухаан, коммунизмын онолын тэнхимд багшилж байлаа. Гончигдорж, Бямбажаргал, Алтанхуяг гээд бүгд манай их сургуулийн багш нар. МУИС бол тухайн үедээ 90-ээд оны өөрчлөн байгуулалтын гол цөм нь байлаа. Эрдэм боловсролтой хүмүүсийн нийгмээ өөрчлөх сэтгэлгээ нь ч өөр байсан байх. Тийм ч учраас анх ардчилсан тогтолцоо үүсэх гол нөхцөл болсон перестройка буюу өөрчлөн байгуулалт гэдэг чинь эхэлж Их сургууль дээр үүсч байсан байгаа юм. Их сургуулийн эрдэмтэн мэргэд, багш нар нийгмээ өөрчлөх талаар захидал бичиж төрийн удирдлагуудад хүргүүлж байсан чинь бүр социализмын үе шүү дээ.

МУИС үнэхээр оюуны их уурхай учраас багш нар, төгсөгчид нь нийгмийн тэргүүн эгнээнд явж иржээ. МУИС-ийг ер нь хэдэн оюутан төгссөн байдаг бол?

Өнгөрсөн 75 жилийн хугацаанд МУИС-иас тусдаа гарсан 6 сургуулийн төгсөгчдийг нэмж оруулбал 200.000 гаруй хүн төгссөн юм билээ. Энэ хугацаанд МУИС үндэсний дээд боловсролын салбарын анхдагч төдийгүй оюуны хамгийн том үндэсний үйлдвэрлэгч нь болж чадсан. Тийм ч учраас Монгол Улсын Их сургуулийн 75 жилийн түүх гэдэг бол Монгол Улсад үндэсний дээд боловсролын тогтолцоо үүсч хөгжсөний 75 жилийн түүх юм. Монголд энэ 75 жилийн хугацаанд өрнөсөн нэгдэлжих хөдөлгөөн, газар тариалан, аж үйлдвэржилт, боловсрол, шинжлэх ухаан, анагаах ухаан, бүтээн байгуулалт, өөрчлөн байгуулалт, ардчилсан хөдөлгөөний түүх гээд бүхий л томоохон үйл явдлын өрнөлүүд МУИС-ийн төгсөгчид, эрдэмтэн багш нартай салшгүй холбоотой. Өнөөгийн оюутнууд маань 75 жилийн ойгоо угтаад 75 бүтээлч ажлыг өрнүүлж байна. Энэ ажлынхаа хүрээнд МУИС-ийн Түүхийн тэнхимд “Тусгаар тогтнолын танхим”, Улс төр судлалын тэнхимд “Ардчиллын танхим” байгуулж байгаа маань ч үүнтэй холбоотой.

МУИС Улаанбаатар хотын А цэгт байрладаг. Анх МУИС-ийн суурийг тавьж бүтээн босгож байхдаа ямар бодлого баримталсан харагддаг вэ?

1940-өөд онд анхны төлөвлөлтийг нь хийсэн гэж бодохоор би одоо гайхдаг юм. Тэр үеийн хүмүүс ямар холч ухаанаар харсан юм бэ?” Их сургуулийн газрыг Бага тойрууд анх олгохдоо л Кампусын зарчмаар тигийг нь тогтоож өгсөн байдаг юм. Хичээлийн байрууд, дотуур байр, дадлагын талбай гээд шаардлагатай бүхнийг нь байршуулж болохоор тооцсон харагддаг. Харамсалтай нь 90-ээд оноос хойш зарим нэгэн газруудаа алдаж замбараагүй, зохион байгуулалтгүй болсон. Их сургуулийн тэр үнэтэй газрууд чинь зөвхөн барилгын суурь нь баталгаажаад хашаа нь баталгаажаагүй байсан юм билээ. Дахиад газраа алдчихгүй байх үүднээс би одоо их сургуулийнхаа хэд хэдэн газрыг МУИС-ийн эзэмшилд баталгаажуулж авч байна. Цаашдаа их сургуулийн газар руу хэн нэгэн өнгөлзөөд байхааргүй болгож байгаа юм. Яваандаа МУИС-ийг Кампусын зарчмаар хөгжүүлэх зорилт тавьж байгаа учраас бид МУИС-ийнхаа 75 жилийн ойг илүү бүтээлчээр тэмдэглэж “Хөрөнгө оруулалтын форум” зохион байгуулахаар төлөвлөж байна.

МУИС-аас хэд хэдэн их, дээд сургууль төрж гарсан. Тэд ойн арга хэмжээндээ ямар байдлаар оролцож байгаа вэ?

МУИС анх 3 факультет, 7 тэнхимтэй байгуулагдаж байсан юм. Тэд бүгд түүхийн явцад их, дээд сургууль болоод тусдаа гарсан. Монгол Улсын Багшийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Ховд их сургууль, Орос хэлний дээд сургууль гээд нийтдээ зургаан том сургуулийг МУИС төрүүлж гаргасан. Анх байгуулагдаж байсан тэнхимүүд нь тус тусдаа сургууль болоод, айл гэрээр бол хүүхдээ өрх тусгаарлаж тусдаа гаргасан байгаа юм. Энэ сургуулиуд маань 75 жилийн ойгоо хамт тэмдэглэх ёстой. Тусдаа гарсан хүүхдүүд аав ээж дээрээ ирж ойгоо тэмдэглэж баяр хүргэх байх гэж бодоод байгаа шүү. /инээв/ Тийм учраас МУИС гэдэг бол зөвхөн нэг их сургууль биш, дээд боловсролтой боловсон хүчнээ зохион байгуулалттайгаар бэлтгэж эхэлсэн боловсрол, шинжлэх ухааны том уурхай, эрдэмтдийн их мэдлэг, оюун ухаан, оюуны бүтээлийн эх ундарга болсон соён гэгээрүүлэгч төв нь юм.

ЗОЧИН ПРОФЕССОР УРЬЖ, ГАДААД ОЮУТАН СУРГАХЫН ТУЛД СУРЧ АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ НЬ БЭЛДЭХ ХЭРЭГТЭЙ

МУИС анхдагч бөгөөд хамгийн том их сургууль гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ МУИС ямархуу цар хүрээтэй сургууль вэ гэдгийг тодорхойлохыг хүсч байна л даа.

Монголын дээд боловсролын системд болон олон улсын эрэмбээр ч гэсэн МУИС дотооддоо нэгдүгээрт явж байгаа гэж үздэг. Их, дээд сургуулиудыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу эрэмбэлдэг QS1, THE2, ARWU3 зэрэг байгууллагуудын үзүүлэлтээр бол дотоодын бусад сургуультай харьцуулах аргагүй гэж би боддог.

Яг хэддүгээрт гэсэн үг вэ?

Times Higher Education, Quacquarelly Symonds бол дэлхийн болон Ази, бүс нутгийн шилдэг 100-500-д багтах их дээд сургуулиудын эрэмбийг тогтоож байна. Тэдний заримынх нь гаргасан үзүүлэлтээр МУИС 1730-д, өөр нэг байгууллагын үзүүлэлтээр 2500-д явж байна гэдэг юм. Харин Монголын бусад сургуулиуд бол манайхаас 1000-10000 гаруй сургуулийн ард эрэмбэлэгдсэн байх жишээтэй. Дотоодын их дээд сургуулиуд дотроо МУИС-ийн нэр хүнд, чанар чансаа, цар хүрээ ямар хэмжээнд байгааг эндээс дүгнэж болох юм.

МУИС дотоодын их, дээд сургуулиуд дотроо нэгдүгээрт гэдэг нь маргаангүй. Тэгвэл дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг эрэмбэлдэг Times Higher Education, Quacquarelly Symonds-ийн шалгуур юугаар илэрхийлэгддэг юм бэ?

Жишээ нь, QS-ийн ангиллаар бол зургаан үндсэн шалгуур байдаг. Эрдмийн нэр хүнд, ажил олгогчдын үнэлгээ, багш оюутны тооны харьцаа, 1 багшид оногдох ишлэл өгүүллийн тоо, гадаад багш, эрдэмтдийн тооны харьцаа, гадаад оюутны тооны харьцаа. Энд тухайн сургуульд хэчнээн Нобелийн шагналтан багшилдаг, хэдэн Нобелийн шагналтан төрсөн бэ? Дэлхийд алдаршсан эрдэмтэд бий юу? Ямар томоохон хэмжээний судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүд тус сургуулиас гарч байна, эрдмийн зэрэг цолтой хэдэн багш, профессорууд ажиллаж байгаа вэ? Эрдмийн зэрэгтэй багш, эрдэмтэд болон оюутнуудын харьцаа зэрэг чухалд тооцогдох үзүүлэлтүүд бий. Үүний зэрэгцээ Инпакт факторт бүртгэлтэй дэлхийн нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүлүүдэд эрдэмтдийнх нь бүтээл хэдэн удаа нийтлэгдэж, тэр өгүүллүүдээс нь олон улсын эрдэмтэд судалгаа, эрдэм шинжилгээний ажилдаа хэр олон удаа ишлэл авч ашиглаж байна. Мөн тухайн их сургуулийн сургалтын ахуй орчин нь ямар юм. Гадаадын хэдэн их, дээд сургуультай гэрээтэй ажиллаж, гадаадын оюутан тус сургуульд ахисан түвшингээр хэр олноороо суралцаж байна. Гаднаас өндөр нэр хүндтэй багш нар хэр олон удаа ирж ажиллаж байна. Мөн тус сургуулиас хэчнээн багш гадаадын их дээд сургуулиудад багшилж байна. Хамтарсан эрдэм шинжилгээний ажил хэр олон удаа хийгдэж үйлдвэрлэлд нэвтэрч инноваци болсон байна гэхчлэн үзүүлэлтүүдийг харгалзан үздэг.

МУИС-ийн хувьд аль үзүүлэлтийг нь хэмжиж болохуйц байгаа вэ?

Одоогийн байдлаар, Инпакт факторт бүртгэлтэй шинжлэх ухааны олон улсын нэр хүндтэй сэтгүүлд өгүүлэл нийтлүүлсэн тоо болон түүнээс авсан ишлэлээрээ Монголын нийт их, дээд сургуулиудыг 100 хувь гэж үзэх юм бол, түүний 38-40 хувийг нь МУИС-ийн багш нарын бичсэн өгүүлэл, ишлэл дангаараа бүрдүүлдэг гэж ойлгож болно.

Монголд хэчнээн олон их, дээд сургууль байдаг билээ гээд бодохоор, МУИС-ийн түвшин дотооддоо үнэхээр өндөр юм байна.

Монгол Улсын хэмжээнд 100 орчим их, дээд сургууль байдаг. Энэ жилийн хувьд ЕБС-ийг 38.000 хүүхэд төгссөн. Үүнээс 12.600 хүүхэд МУИС-д элсэн суралцахаар бүртгүүлсэн. Тэднээс хамгийн өндөр оноотой 3900 гаруй хүүхэд МУИС-д элсэж орсон байгаа.

Өнөөдөр МУИС-д хэдэн эрдэмтэн багш нар ажиллаж, хэдэн оюутан суралцаж байна вэ?

Манайд 100 хувь ажилладаг 680 гаруй багш, мөн зочин багш болон гэрээт багш нарыг оруулах юм бол 1000 гаруй эрдэмтэн багш ажиллаж байна. Тэдний тэн хагас нь доктор. Цаашид 70 хувьд хүргэнэ. Нийт 1500 гаруй ажилтантай. МУИС- ийн 44 тэнхимд 23 мянган оюутан суралцаж байна. Гадаадын 30 гаруй орны 280 гаруй их, дээд сургуультай хамтын ажиллагаатай. Хичээлийн зургаан байр, таван дотуур байртай. Хөдөө орон нутагт Завхан, Орхон аймагт салбаруудтай, Улаанбаатар хотод бүрэлдэхүүн таван сургуультайгаар үйл ажиллагаа явуулж байна. Үүсгэн байгуулагч нь төр учраас МУИС бол 100 хувь төрийн өмчийн их сургууль.

Гадаад орноос МУИС-д ирж суралцах хүсэлтэй оюутнууд хэр их байдаг вэ?

Дундад Азийн болон БНХАУ-ын Өвөрмонгол, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, хөгжингүй орнуудаас гэхэд Япон, Солонгос, Европын холбоо, Хятад, Тайвань, Казахстан гээд Монгол Улсын Их сургуульд ирж суралцъя гэсэн эрэлт хэрэгцээ маш их байгаа. Тэгэхээр бид “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг шиг хичээлийн байр, анги танхим, лаборатори, оюутны байрнаасаа эхлээд материаллаг бааз, сургалт судалгааны орчноо орчин үеийн шаардлагад нийцүүлэн цоо шинээр төлөвлөх шаардлага гарч байна.

МУИС-ийг кампусын зарчмаар хөгжүүлэхэд маш их хөрөнгө оруулалт шаардагдана. Яаж хөгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

Эхний ээлжинд байгаагаа тордож, оюутны байруудаа бүгдийг нь сэргээн засварлаж, заримыг нь буулгаж шинээр барьж байгуулах хэрэгтэй байна. Хичээлийн байруудын хувьд ч адил. МУИС-ийн төв I байрны ард ОХУ-ын МГУ шиг 25 давхар байр баримаар байгаа юм. Гэхдээ одоогийн экстерьер, загвар дизайныг хадгална. Мөн багш ажилчдын орон сууц, гадаадаас ирж ажиллаж буй эрдэмтэд, гадаадын болон дотоодын оюутны байр гэхэд хоёр, гуравхан давхар байж болмооргүй байна. Оюутны байрууд маань хэдий болтол социализмын хуарангийн зохион байгуулалт, өнгө төрхтэй байх юм бэ? Гадаадын багш нар, зочин профессор урьж авчрахын тулд эхлээд амьдрах нөхцөлийг нь бэлдэх хэрэгтэй байна. Багш нарын болон оюутнуудын байрыг шинэчилснээр бололцоотой нэг нь ганцаараа, зарим нь 2-3-уулаа хэвийн амьдарч болох хэмжээнд өрөө болгондоо нойл, душ, гал тогоотой болгох хэрэгтэй байгаа.

Оюутнууд, эрдэмтэн багш нарт шаардлагатай бүхий л нөхцөл бололцоо бий болох нь ээ?

Тийм ээ. Олон улсын жишигт нийцсэн кампустай болъё гэвэл дэлхийн бүх төрлийн хоолоор үйлчилдэг Food court байгуулах хэрэгтэй болно. Одоогийн байдлаар бид шинэ Номын сандаа оюутны буфет нээж байгаа. Олон орны нэгдсэн хоолны газартай болж багш, оюутнууддаа эрүүл ахуйн шаардлага хангасан эко хоолоор үйлчлэх нь хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Өнөөдрийн байдлаар МУИС ганцхан спорт заалтай, бассейнгүй байгаа. Оюуны хөдөлмөр эрхэлж байгаа оюутнууд, эрдэмтэн багш нар байнгын хөдөлгөөнтэй байж, биеэ чийрэгжүүлж оюун ухаанаа сэргээж байх ёстой. Тийм учраас фитнесс, спорт заал, бассейн гээд оюуны ачааллаа тэнцвэржүүлэх Recreation center, төвүүдийг дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын жишгээр байгуулахыг зорьж мөрөөдөж байгаа. Оюутнуудад хичээл давтах өрөө, онлайн хичээлийн анги танхим, нээлттэй лабораториудыг бий болгох гээд хийхээр бодож төлөвлөж буй ажил их байна.

Онлайн хичээлийн анги танхим гэж та ярилаа. МУИС цахим их сургууль болох боломжтой гэж үзэж байна уу?

Тэгэлгүй яахав. Цахим их сургууль болох шаардлага, эрэлт хэрэгцээ гарцаагүй тулж ирээд байна. Захирлаасаа эхлээд оюутнууд нь хүртэл бүх мэдээллээ ухаалаг цахим системээс авах боломжийг бүрдүүлж сургалт, судалгааны бүх өрөө, танхимыг цахимжуулах хэрэгтэй байна. Улаанбаатар дахь бүрэлдэхүүн сургуулиуд, Завхан их сургууль, Эрдэнэт их сургууль, салбар сургуулиуд хооронд онлайн хичээл хийгддэг өрөө тасалгаануудыг тоноглож шийдэж өгөхгүй бол алийн болгон нэг багш хөдөө орон нутагт томилолтоор очиж хичээл заагаад яваад байх вэ дээ. Ингэж шийдэх боломжтой харагдаж байгаа. Мөн гадаадын их, дээд сургуулийн зочин профессорын хичээлд ч онлайнаар суух боломжтой юм. Манай МУИС- аас монгол хэл бичгийн багш нар зочин профессороор гадаадад уригдаж ажилладаг. Онлайн сургалтын орчинг бүрдүүлчих юм бол Франц, Япон, Солонгос, Хятад, Тайвань гээд орнуудын Монгол судлалын тэнхимд зориулсан зарим хичээлээ эндээс заах боломж бүрдэнэ. Энэ мэтчилэн нэлээд интеграцичлал явуулах шаардлага гарч байна. Оюутнууд онлайнаар хичээлд суралцдаг, номын сангаараа үйлчлүүлдэг, багш нар онлайнаар даалгавар, төслөө удирдаж хянадаг, бүртгэл санхүү, хүний нөөц, удирдлагын шинэ программуудыг МУИС-д шинээр нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага тулгараад байна.

МУИС-ИЙН АЛСЫН ХАРАА, ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, СТРАТЕГИ ЗОРИЛТУУДЫГ ГУРВАН ҮЕ ШАТТАЙГААР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Та БСШУ-ны дэд сайдаар ажиллаж байсны хувьд, боловсролын салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагыг хэрхэн хардаг вэ?

БСШУ-ны дэд сайдаар ажиллаж боловсрол хариуцсан дэд сайд байсан хүний хувьд дээд боловсролын чиг хандлага хаашаа явж байна? XXI зуунд, 2050 он, 2100 он хүртэл улс орнууд яаж хөгжих гэж байна вэ гээд ажиглаж байхдаа “Монгол Улсын дээд боловсрол, ер нь боловсролын бүхий л салбарт хувьсгал хийх цаг ирсэн юм байна” гэсэн дүгнэлтэд хүрч байсан юм. Энэ олон чанаргүй сургууль яах ёстой юм, оюутнуудын чанар чансаа, тэдэнд олдож байгаа ажлын байр ямар байна гээд үзэхээр, айл болгон охидоо л дээд боловсролтой болгоё гэсээр байгаад маш том пирамид нурчихаад байна шүү дээ. Зах зээл, хөдөлмөр, ажлын байрны эрэлт хэрэгцээнд нийцсэн өндөр мэргэжилтэй ажилчдыг, инженерүүдийг бэлдэхгүй бол Монгол орон цагаан захтангуудын орон болчихоод байна.

Дээд сургууль төгсчихөөд Түц-нд зогсож болох уу даа? /инээв/

Боловсролын системд бүхэлд нь маш том шинэчлэл, бүр хувьсгал хиймээр байгаа юм. Бүр нэг том тэсрэлт. Зүгээр нэг урсгал засвар биш, капитал засвар хийж, заримыг нь бүр нураагаад шинээр байгуулах хэмжээний өөрчлөлт хийхгүй бол хэцүү. Одоохондоо бүр ч уначихаагүй байна. Манай их, дээд сургуулиудын өгч байгаа боловсрол тийм муу биш. Монгол хүүхдүүдийн IQ өндөр, багш нарын хичээл заах чадвар сайн. Гэхдээ тэр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй байна. Одоо их, дээд сургуулиудад үзэж буй хөтөлбөрүүдийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Монгол Улс, бүс нутаг, цаашилбал дэлхийн хэмжээнд дээд боловсрол болон шинжлэх ухаанд тавигдах шаардлага ихээхэн өөрчлөгдөж байна шүү дээ.

Монголын их, дээд сургуулиудын эрэмбийг дээшлүүлэхийн тулд төрөөс ямар бодлого гаргасан бэ?

 МУИС-ийн эрэмбийг дээшлүүлэх зорилтууд бол манай их сургуулийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. Харин би БСШУ-ны дэд сайд байхдаа “Боловсролын багц хуулийг шинэчлэх” ажлын хэсгийг ахалж байсан юм. Тэгээд 2015 онд төрөөс “Боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичиг” гаргасан. Энэ бодлогын хүрээнд 2024 он гэхэд Монголын 4 их, дээд сургуулийг Азийн шилдэг 100-д оруулна гэсэн зорилт тавьсан. Энэ бол том зорилт. Дөрөв биш юмаа гэхэд нэг нь ороход МУИС хамгийн түрүүнд Азийн шилдэг 100 их, дээд сургуулиудын эгнээнд орох бололцоотой. Тийм учраас зөвхөн академик, сургалтын их сургууль байсан бол одоо судалгааны их сургууль болох ёстой юм.

Судалгааны их сургууль гэдгээ тодруулбал?

Манай эрдэмтэн судлаачид, багш нар, оюутнууд судалгаа эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээ инноваци болгож амьдрал, практикт нэвтрүүлдэг болохгүй бол, хэдий болтол цаасан дээр судалгаа хийгээд явах юм бэ? Нөгөө талаар МУИС-ийн төдийгүй ер нь дээд боловсролын системд аль ч сургуулийн гол хэрэглэгч нь оюутан байдаг. Тийм учраас сургууль нь багшийн хөгжилдөө анхаарахаас гадна оюутан төвтэй их сургууль болох шаардлага тавигдаж байна. Ийм их бодлогын том том зорилтуудаа хэрэгжүүлэх ёстой болж байна л даа. Ахисан түвшний оюутнуудаа /магистр, доктор/ судалгаа, эрдэм шинжилгээний тал руу нь багш нартайгаа хамт хөтөлмөөр байгаа юм. Энэ чиглэлд бүтцийн, хөтөлбөрийн, сургалт судалгааны их ажил хийх шаардлага тулгарч байна.

2016-2024 ОНД МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ҮНДЭСНИЙ ТЭРГҮҮЛЭХ ИХ СУРГУУЛИАС ДЭЛХИЙН ТҮВШНИЙ ИХ СУРГУУЛЬ БОЛНО

Судалгааны хамрах хүрээг өргөжүүлж, түвшинг дэлхийн жишигт нийцүүлнэ. 2. Сургах ба суралцах үйл явцыг дэлхийн тэргүүлэх түвшинд хүргэнэ. 3. Нийгэмд мэдлэгээр манлайлж, нийгмийн хөгжлийн түүчээ байна. 4. Байгууллагын бие даасан байдлыг хангаж, менежментийн олон улсын шилдэг арга барилыг нэвтрүүлэн, санхүүгийн тогтвортой байдлыг хангана

МУИС-ийн стратеги төлөвлөгөөний тухайд тодруулж яривал?

МУИС-ийг 2016-2024 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг 2016 онд баталсан юм. Гайгүй сайн төлөвлөгөө. Би бол шинээр төлөвлөгөө хийхгүй. Харин хэрхэн оновчтой зохион байгуулж богино хугацаанд хэрэгжүүлэх вэ гэдэг дээр л анхаарч ажиллаж байна. МУИС-д 2013 онд бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Энэ бүтцийн өөрчлөлт стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хэр зохицож байна вэ? Хэрвээ алдаа оноо байгаа бол засна, сайжруулна, хөрсөн дээр нь буулгана. Ийм л зорилгоор ажиллаж байгаа юм. Тэгэхээр МУИС-ийн бүх багш нар, эрдэмтэд, Эрдмийн зөвлөл, Захиргааны зөвлөл, Удирдах зөвлөл, манай хэдэн мянган оюутан, 2500 гаруй багш ажилчид маань энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн төлөө нэг зүг рүү харж явах ёстой юм. Тийм учраас бид МУИС-ийн алсын хараа, тэргүүлэх чиглэл, стратеги зорилтуудыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Нэн тэргүүнд юу хийх вэ?

Бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай болно. Хөтөлбөрүүдийн шинэчлэлт хийгдэнэ. Хөтөлбөрүүдийг олон улсаар магадлан итгэмжлүүлэх, оюутнуудын сурах арга барилд, багш нарын заах арга барилд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага бий болсон байна. Их сургуулийн байр, анги танхим, сургалтын орчин нөхцөл гэж том асуудал бий. Багш нар маань тохьтой өрөө тасалгаатай, профессорууд маань бусад их сургуулийн профессоруудтай ижилхэн эрх, үүрэг, нөхцөлтэй болмоор байгаа юм. Судалгаа шинжилгээний орчин үеийн тоноглол бүхий лабораториуд хэрэгтэй. Оюутнууд нь баар ресторанд суух биш, хичээлийнхээ орчин нөхцөлд таарсан анги танхимд хичээллэж, гадаа гараад зүлгэн дээрээ хичээлээ давтаад, нөүтбүүкээ залгачихсан сууж байх тийм тав тухтай орчныг бүрдүүлэх ёстой юм. Номын сан нь уртасгасан цагаар ажиллах их чухал л даа.

МУИС-ийн шинэ номын сан 24 цагаар ажиллах уу?

Номын сангийн зарим нэгж 24 цагаар ажиллана. Номын санд аль ч их, дээд сургуулийн оюутан, иргэд үйлчлүүлэх боломжтой. МУИС-ийн оюутнууд бол оюутны үнэмлэхээрээ үйлчлүүлнэ. Бусад сургуулийн оюутнууд шинээр үнэмлэх нээлгэнэ. Энэ зун номын сан маань гурван сар гаруй нүүлээ. 500 мянга гаруй нэгж номыг манай номын санчид өдөр шөнөгүй гурван сар зөөлөө. Шинэ номын сан маань цахим системээр хайлтаа хийнэ. МУИС-ийн 75 жилийн ойгоор бид номын сангаа албан ёсоор нээж уншигчдаа хүлээж авах болно. Энэ бол МУИС-ийн өмнөх удирдлагуудын санаачлан хийсэн том ажил гэдгийг би хэлэхийг хүсч байна. Өмнө нь ажиллаж байсан Р.Бат-Эрдэнэ, А.Галтбаяр захирал нарын хүчин чармайлтаар улсаас 2, МУИС-аас 14, нийт 16 тэрбум төгрөг зарцуулж энэ номын санг барьж эхэлсэн. Одоо миний үед гүйцээн дуусгаж ашиглалтанд орж байна. Манай сургуулийн 75 жилийн ой болж байгаатай холбогдуулаад хандивлагч байгууллагууд, үе үеийн төгсөгчид маань зарим заал, танхимыг нэрэмжит болгон тохижуулж өгч байгаа. Шинэ номын сандаа МУИС-ийн музей, Брэнд шоп буюу “МУИС” дэлгүүрийг шинээр байгуулж байна. Мөн “МУИС пресс” хэвлэлийн газраа түшиглээд номын дэлгүүрээ шинээр нээж ажиллуулах гэж байна. Нийтдээ баруун жигүүрт хэд хэдэн төрөлжсөн уншлагын танхим, зүүн жигүүртээ лекц, хурлын заалууд, дээд давхарт лабораториуд байрлана.

МУИС-ийн эрдэмтдийн бүтээлүүдийг хэвлэж гаргана гэсэн үг үү?

Тийм ээ. МУИС-ийн судалгаа, эрдэм шинжилгээ, багш нарын зохиол бүтээлийг хэвлэн нийтлэхэд нэлээд анхаарч байна. Зөвхөн багш эрдэмтдийнхээ судалгааны ажлыг дэмжих зориулалттайгаар жилд 800-гаад сая төгрөг төлөвлөж байгаа. МУИС-ийн судалгааны ажлаар хамгийн сүүлд хийсэн том бүтээл гэвэл Түүхийн тэнхимээс эрхлэн гаргасан Монголын түүхийн 5 боть байна. Дээрээс нь саяхан Монгол судлалын чиглэлээр XVIXVII зууны үед Манж Чин улсын үеийн Монголтой харилцаж байсан дансыг кириллээр буулгаж, манай эрдэмтэд, багш, судлаачид 9 боть ном гаргалаа. 75 жилийн ойн босгон дээр бүрэлдэхүүн сургууль, тэнхимүүд маань маш олон бэлэг барьж байгаа.

МУИС-ийн багш оюутнууд “Мазаалай” хиймэл дагуул бүтээж хөөргөсөн амжилтаар 75 жилийн ойгоо угтсан тухай мэдээ энэ зун нэлээд явсан. “Зиндаа“ сэтгүүлийн маань зуны дугаарын амжилтын мэдээнд ч онцлогдсон байгаа. Энэ талаар тодруулж ярина уу?

 Монгол Улс сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь орон болсон тэртээ 1981 оноос хойш 36 жилийн дараа манай МУИС-ийн багш, оюутнууд Японы Кюүшүгийн технологийн институтын багш нартай хамтран “Мазаалай” нэртэй хиймэл дагуулыг бүтээгээд АНУ- ын Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс зургаадугаар сарын 3-нд хөөргөөд ирлээ. МУИС Монгол Улсаа бие даасан сансрын хиймэл дагуултай 51 дэх орон болгож чадлаа. Манай их сургууль үүнийг хийлээ. Хиймэл дагуулыг бүтээнэ гэдэг нэг өөр. Бүтээсэн хиймэл дагуулаа менежмент хийж хөөргөнө гэдэг чинь маш том ажил. Хөөргөсөн хиймэл дагуул маань долоодугаар сарын 6-нд Олон улсын сансрын станц дээрээс бие дааж задгай сансарт гарсан. Монгол Улсын засгийн газар, Шадар сайд их дэмжсэн. Улсын нөөцөөс 140.0 сая гаруй төгрөг гаргаж өгсөн. Дээрээс нь манай МУИС-ийн Оюутны холбоо, алба, багш нар, түүнчлэн Биеийн тамирын тэнхим идэвхтэй оролцож хандив цуглуулсан. Нийтдээ 20.0 гаруй сая төгрөгний хандив цуглуулсан. Цуврал арга хэмжээ хийсэн. Хандивын мөнгөөрөө шинэ номын сангийнхаа дээр газрын станцаа байгуулчихлаа. МУИС цаашдаа сансрын инженерчлэлийн үндэсний хүний нөөцийг бэлтгэх, сургах, дадлагажуулахад Японы талтай харилцаагаа өргөжүүлнэ. Удахгүй би МУИС-ийн 75 жилийн ойгоо тэмдэглэсний дараа Япон руу ажлын айлчлал хийнэ. Тэр үед хоёр дахь шатны Монголын хиймэл дагуулыг, бүр Засгийн газрын хэмжээний хиймэл дагуулыг хөөргөх үндэсний боловсон хүчнээ бэлтгэх чиглэлээр Японы их, дээд сургуультай ярилцана. Японы засгийн газрын 1000 инженер бэлтгэх төслийн хүрээнд хэрэгжиж байгаа МУИС- ийн 10 том төслийн нэг нь энэ юм.

МУИС одоо хөгжлийнхөө нэгэн шинэ үе дээрээ ирээд байгаа юм биш үү? Таны ярьснаас дүгнэхэд “Алсын харааны зүг бүгдээрээ зүтгэх ёстой”, тийм биз?

Монголын шинжлэх ухааны тэргүүлэх багш нар, эрдэмтэд, эрдмийн их уурхай энд байна. Тийм ч учраас МУИС бол академик эрх чөлөө өндөртэй. Харин одоо бид хамтдаа нэгэн зүгт харж, улс орондоо хэрхэн чанартай зөв хүмүүс бэлтгэж өгөх вэ гэдэг дээр л гол анхаарлаа хандуулах ёстой юм. МУИС өв тэгш мэдлэг чадвар эзэмшсэн, эх орныхоо түүхийг сайн мэддэг хүмүүсийг бэлтгэн төгсгөх ёстой. Манай Монголын дээд боловсролын түвшин тийм ч муу биш гэж би хувьдаа боддог. Гэхдээ Монголын боловсролыг олон улсад хүлээн зөвшөөрдөг болгох л хэрэгтэй байна. Мөн дээд сургуулиудын тоог чанарт шилжүүлэх шаардлага тулгарч байна. Улаанбаатар хот 1,5 сая хүнтэй хэрнээ 100 их, дээд сургуультай. Гэтэл ХБНГУ-ын том хот Мюнхен мөн л 1,5 сая хүнтэй хэрнээ хоёрхон их, дээд сургуультай гэж Германы эрдэмтэн сая МУИС дээр лекц уншихдаа ярьсан. Энэ бол завхрал. Одоо хүн болгон дээд боловсролтой болох гээд байдаг сэтгэлгээнээсээ салаад ээж аавынхаа хураасан хөрөнгийг өндөр мэргэжилтэй ажилчин болоход зарцуулах цаг тулж ирээд байна. VII зэргийн сайн гагнуурчин бараг дөрөв, таван сая төгрөгний цалинтай байна ш дээ.

Тийм шүү.

Монголд мэргэжлийн ажилчид бэлтгэх тогтолцоог дээд боловсролын тогтолцоотой нягт уялдуулж, эрх зүйн орчинг шинэчилж, хөдөлмөрийн зах зээл, эрэлттэй уялдуулан зоригтой өөрчлөх цаг нь болсон. Хуучин бол ажил хайж байна гэсэн зар их байсан. Одоо бол ажилд авна гэдэг зар давамгайлсан. Гэхдээ тэр ажилд авна гэдэг зарынх нь 80, 90 хувь нь нарийн мэргэжлийн инженер, ажилчин ажилд авна гэдэг. Түүнээс биш орчуулагч, нарийн бичиг, хуульч мэргэжлийн зарууд байхгүй болчихсон. Хийж бүтээдэг мэргэжлийн ажлын зарууд их байна. Гэтэл тэрэнд нь тохирох бэлтгэгдсэн хүн байхгүй байна. Үүнийг л засах ёстой болоод байна даа.

ИХ СУРГУУЛИЙН ТУСГАЙ СТАТУСЫН ТУХАЙ ХУУЛЬТАЙ БОЛОХ ЁСТОЙ

Дээд боловсролтой ажилгүйчүүдийн арми бий болчихоод байна л даа...

Улаанбаатарт лангуун дээр зогсож байгаа залуусаас миний дүү ямар сургууль төгссөн юм гэж асуухаар дээд боловсролтой, дээд сургууль төгссөн гэж хариулдаг. Энэ завхралыг нэн даруй засахгүй бол болохгүй. Үүнийг засахын тулд захиргааны аргыг эдийн засгийн аргатай хослуулж хэрэглэх хэрэгтэй. Төрийн зөв зохицуулалт, дэмжлэг хэрэгтэй байна.

Төрийн дэмжлэг гэснээс, МУИС-д төрөөс ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

МУИС-ийг үүсгэн байгуулагч нь Монгол Улсын төр, Засгийн газар. Жил бүр урсгал зардлын хэмжээ, хөрөнгө оруулалтын хэмжээ багассаар л байгаа. Чингис, Самурай бондуудаас боловсролд олигтой мөнгө зараагүй. Харин БНХАУ- ын хөнгөлөлттэй зээлээр “Дээд боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд хичээлийн VI байрыг шинээр барих, Номын сан, лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулахад 20.0 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Удахгүй ажил эхэлнэ.

МУИС чинь улсын сургууль, ингэмээр юм даа.

УИХ-ын 76 гишүүний гуравны нэг нь МУИС-ийн төгсөгчид. Тийм учраас би гишүүдтэй санал солилцож байгаа. МУИС-ийн статусын тухай хууль гаргахгүй бол болохгүй байна. Тэгэхгүй бол МУИС гэсэн брэнд нэрийг үл ойлгогдох байдлаар хувийн нэг сургуульд Монголын Үндэсний их сургууль болгон ямар ч дүгнэлт, шалгуургүйгээр яамнаас олгосон байдаг. Ингэж болохгүй байхгүй юу. Үндэсний гэдэг тодотгол нь англи дээр National University of Mongolia гэдэг шиг Mongolian National University гэж буудаг. Монголын үндэсний их сургууль гэж телевиз энэ тэрээр зарлаад, УИХ-ын зарим гишүүд, нэр хүндтэй хүмүүс тэр сургуулийг рекламдаад яваад байх юм. Би бүр гайхаад. Тэгэхээр их сургуулийн статусын тухай хуультай болох ёстой. Нөгөө талаараа манай Их сургууль байгалийн суурь шинжлэх ухааныг хөгжүүлэхэд онцгой анхаарч ирсэн. Сүүлийн үед бодлогын алдаанаас болоод математик, физик, хими, биологи гээд байгалийн шинжлэх ухааны салбарт элсэгчдийн тоо багасаад байна. Тэнд элсэж байгаа оюутнуудыг төрийн бодлогоор дэмжиж, тэтгэлэгтэй болгох ёстой. Эдийн засгийн арга, захиргааны арга хэрэглэх ёстой, хууль эрх зүйн орчныг нь сайжруулах шаардлагатай. Сүүлийн үед харамсалтай нь, төрийн бодлого шийдвэр гаргахдаа эрдэмтдийн үгийг сонсохгүй байна. УИХ-ын гишүүд, засгийн газрын гишүүд дарга болохоороо тэр салбарын мундаг эрдэмтэн болчихдог юм шиг л харагдах юм. Эрдэмтдийнхээ үгийг сонсохгүй, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн энэ их хүчийг ашиглахгүй байна. Тийм учраас бид өөрсдөө санаачилга гаргаж, дэмжлэг авах бүхий л боломжийг эрэлхийлж байна.

Ер нь Их сургуулийн ирээдүйг сайхнаар төсөөлж болохоор байна шүү.

Одоо улс төржихөө багасгаад, намайг ажиллаж байх хугацаанд нэлээд шаргуу бүтээлч ажилламаар байна. Энэ суудал бол мөнхийн суудал биш. Надад өдөр бүхэн үнэтэй байна. Би өдөр бүр гадна дотнынхонтой уулзаж байна. Яаж их сургуулиа гоё болгох вэ гэдэг тал дээр миний зүрх сэтгэл цохилж байна. Тийм учраас багш ажилчид, нийт оюутнууд, үе үеийн төгсөгч нарын энэ их хүч намайг дэмжинэ гэдэгт итгэж байгаа. Том үйл хэргийн төлөө жижиг сажиг асуудлаа хойш тавиад намайг сайн ашиглаасай гэж боддог. Их сургуулийн оюутнууд, багш ажилллагсад бүгд ингэж ажиллая гэж намайг шахах ёстой юм. Би хурдтай, зоригтой ажиллана. Надад хувийн ашиг сонирхол байхгүй. Монгол Улсын Их сургуулиа 2024 он гэхэд Азийн шилдэг сургууль болгохын төлөө өдөр нь ажиллаж шөнө нь бараг зүүдэлж хонож байна шүү дээ. /Инээв/ МУИС-д багшилж, ажиллаж, сурч буй хүн бүхэн ингээсэй гэж л боддог.

Ярилцлагынхаа төгсгөлд МУИС- ийн хамт олондоо хандаж хэлэх үг?

75 жилийн ойн босгон дээр МУИС хөгжлийн бас нэгэн томоохон өөрчлөлт, шинэ тэсрэлт, сэргэн мандлын “Стратегийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх их ажлын гараан дээр ирээд байна. МУИС-ийн эрдэмтэн багш нар, оюутнууд, удирдлагын баг нэг зүгт харж, нэг зорилго чиглэл, нэг санаа бодлоор, нэг зохион байгуулалтаар, зөв менежментээр хөдөлж чадвал Азийн шилдэг 100 их сургуульд эрэмбэлэгдэх зорилтоо цаг хугацаанд нь ханган биелүүлж чадна. Төрийн болон гадаад дотоодын дэмжлэг авах өргөн боломж байна. Хамт олондоо болон үе үеийн төгсөгчид, оюутнууд, эрдэмтэн багш нартаа МУИС байгуулагдсаны 75 жилийн ой, Монгол Улсад дээд боловсролын тогтолцоо үүсч хөгжсөний 75 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, эрдмийн ажилд нь амжилт, амьдралд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа. Монголын ууган их сургууль МУИС маань Азийн шилдэг их сургуулийн эгнээнд орох баярт мөчийг тэсэн ядан хүлээцгээе. Танд болон хамт олонд тань ажлын амжилт хүсье.

Ярилцсан Ц.Оюунчимэг

2017 он 10 сар "Зиндаа" сэтгүүл ТУСГАЙ ДУГААР №01/506

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
A(202.21.106.103) 2018 оны 03 сарын 17

Unen bol saihan l bn. Zarim neg bagsh naraa solimoor yumda. Jishee n matematikin bulgan philosophin otgonbayar munhjavhlan, gh met bagsh nartaa yadaj oyutantai heterhii usurhii huviin haritsaatai haritsdag shv

0  |  0
zochin(66.181.177.72) 2018 оны 03 сарын 17

morin tolgoi tomorbaatar gedeg l bsan sh dee geer n tag shulga

0  |  0
бат(66.181.178.137) 2018 оны 03 сарын 16

Шаадаг гар энэ эрийн хийдэг ажил биш худлаа шааж цаг хожингоо гадаадаар тэнэж хувиа борлуулж харин чадана азийн шилдэг зууд баг хад хиих ажил арга барил арай ллллллл ингэж ярихьж болохгуй

0  |  0
хүн(202.21.106.143) 2018 оны 03 сарын 16

иймэрхүү хийрхүү юмнуудын яриагаар бол монгол улс аль хэдийнээ азийн байтугай дэлхийн бар улс болчихсон байгаа

0  |  0
Ha ha ha(43.242.243.90) 2018 оны 03 сарын 16

Garchigniih ni hariud HA HA HA gej l hariulayadaa. Ha ha ha. Azi tivdee bish, ulaanbaatartaa terguunii surguuli bolgovol yasan yumbe? Tom tom bultreh yumaa.

0  |  0
Top