Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай сүүлийн үеийн олон улсын болон дотоодын макро эдийн засгийн нөхцөл байдал, санхүүгийн салбарт ѳрнѳж буй гол үйл явдлуудын талаар ярилцлаа.
- Дэлхийн улс орнуудын Сангийн сайд, Тѳв банкны ерѳнхийлѳгч нар бүгд нэг дор цуглардаг цѳѳхѳн тохиолдуудын нэг нь Олон улсын валютын сан (ОУВС) – Дэлхийн банкны уулзалт гэгддэг. Энэ Хаврын уулзалтын өнгө аяс ямархуу байсан талаарх сониноо манай уншигчидтай хуваалцана уу?
Энэ удаагийн Хаврын уулзалтын салбар хуралдаануудын үеэр нэлээд өөдрөг уур амьсгал зонхилж байлаа. Учир нь сүүлийн нэг жил гаруй хугацаанд дэлхийн эдийн засагт сэргэлт эрчимтэй үргэлжилсэнтэй холбоотой гэж дүгнэж болно. Дэлхийн улс орнуудын дийлэнх буюу бараг 80% нь өсөлттэй, сэргэлт өргөн цар хүрээг хамарч байна. 2017 онд Америк, Хятад, Япон, Европ гээд голлох эдийн засгууд бүгд хүлээлтээс давж өссөн. Мөн Хятад, Энэтхэг, Зүүн ѳмнѳд Азийн орнуудын ѳсѳлт ч муугүй байв. Орос, Бразиль зэрэг орнууд хямралаас амжилттай гарлаа. Ерөнхийдөө дэлхийн эдийн засагт 2008 оны хямралаас хойш тохиолдоогүй таатай цаг үе сүүлийн 1 жил гаруй хугацаанд өрнөсөн бөгөөд ойрын 2 жилийн төсөөлөл ч харьцангуй өөдрөг харагдаж байна. Энэ таатай цаг үеийг ашиглаад улс орнууд тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг хэрхэн бий болгох вэ гэдэг асуудал гол ярианы сэдэв боллоо.
- Валютын сангийн зүгээс бодлого тодорхойлогч нарт “Нар гийж байгаа энэ үед л амжиж дээврээ зас. Тэнгэрийн хаяанд борооны үүл бөөгнөрч байна” гэж дахин дахин анхааруулж байгаа шүү дээ. Ямар эрсдэлүүд байна вэ?
Хэдийгээр ойрын ирээдүйн дүр зураг сайн байгаа боловч, дунд урт хугацаанд маш тодорхой эрсдэлүүд оршсоор байна. Тухайлбал, олон оронд өрийн хэмжээ түүхэн дээд түвшинд хүрсэн тул дахин санхүүжилтийн асуудал нэг эрсдэл болж магадгүй. Мөн гол эдийн засгуудад хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдал, хувьцааны үнийн савлагаа эмзэг байдлыг нэмэгдүүлж байна. Зарим бүс нутагт геополитик, худалдааны маргааны асуудлууд ч санаа зовоож буй. Энэ бүх эрсдэлүүд нь сэргэж яваа дэлхийн эдийн засагт уналтыг бий болгочих вий, дэлхийн эдийн засаг хүндрэлийг даван туулах замаасаа гарчих вий гэсэн зүй ёсны болгоомжлолыг үүсгэж байна.
-Монголд энэ хэрхэн нөлөөлж болох вэ, бид юу хийх хэрэгтэй вэ?
Гадаад орчны шокууд түүхий эдийн үнэд шууд нөлөөтэй. Экспортын орлого болон хөрөнгө оруулалтаас хамаараад валютын орох урсгал татрахад Монголын эдийн засагт яаж нөлөөлдгийг өнгөрсөн жилүүдэд бид улс орноороо мэдэрсэн. Төрөлжөөгүй, эмзэг бүтэцтэй манай эдийн засагт оновчгүй бодлогын үр дүн хэрхэн хүндээр тусдаг сургамжийг ч авцгаасан. Иймд, цаг үе харьцангуй таатай боломжтой байгааг ашиглаад эдийн засагт бий болсон эерэг өөрчлөлтүүдээ бататгах, шаардлагатай өөрчлөлт реформуудаа хийх, цаашдын өсөлт хөгжлийн суурийг бэлдэх, дараагийн хүндрэлийн үед унахгүй байх нөөц, бэлтгэлээ базаана гэсэн үг юм.
- Ойрд АНУ, Хятадын хоорондох худалдааны дайн гол сэдэв болж байна. Үр дүн нь бидэнд хэр сөрөг нөлөөтэй байх вэ?
Худалдааны дайн бол мэдээж хүсүүштэй зүйл биш. Гэхдээ одоохондоо тариф тогтоосон бараа бүтээгдэхүүний мөнгөн дүн харьцангуй бага тул олон улсын худалдаа, дэлхийн эдийн засагт ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээргүй гэгдэж буй. Гол санаа зовоосон зүйл бол хямралаас хойш 10 жилийн дараа эдийн засаг дөнгөж сэргэх замдаа орж байгаа энэ үед хөрөнгө оруулагчдын хүлээлт, итгэлд сөрөг нөлөө үзүүлэх вий гэдэг асуудал юм. Өсөлтийг бий болгож буй 2 гол тулгуур болох худалдаа, болон хөрөнгө оруулалтаа сүйтгэх нь оновчтой алхам биш гэдгийг энэ удаагийн Хаврын уулзалтаар онцолж байсан. Гэхдээ дэлхийн эдийн засгийг тодорхойлж буй том гүрнүүд зөвшилцөлд хүрч, ухаалаг шийдвэрт хүрнэ гэдэгт итгэж байна.
- “Монголын эдийн засаг Хямралаас хэзээ гарах вэ?” гэдэг асуултад Та “2018 оны 2-р хагас гэхэд тогтвортой хөжлийн замд гарсан байхын төлөө ажиллаж байна” гэж 2016 онд хариулж байсан байна. Одоо эргээд харахад энэ зорилт хэрхэн биелсэн бэ?
Тухайн үед эдийн засаг агшилттай, өрхийн орлого буурч эрэлт хумигдан улирлын нөлөөгөөр дефляци үргэлжилж байсныг санаж байгаа байх. Валютын цэвэр нөөц хасах утгатай, улсын төсөв өндөр алдагдалтай, гадаад өр төлбөрүүдийн эргэн төлөх хугацаа ойртчихсон, зээлжих зэрэглэл буурч байсан. Энэ нөхцөлд эдийн засагт итгэх итгэл суларч, иргэд хадгаламжаа доллар болгон хөрвүүлж, төгрөгийн ханш өдөр өдрөөр эрчимтэй унаж байв. Тэр үетэй харьцуулахад эдийн засаг маань макро түвшиндээ тогтворжчихлоо. Товчхондоо, хүндрэлийг хохирол багатай даван туулах, эдийн засгаа аль болох богино хугацаанд тогтворжуулахаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд үр дүнгээ өгсөн байна. Төв банк энэ хугацаанд Засгийн газартай бодлогоо нягт уялдуулж олон улсын байгууллагуудтай тууштай хамтран ажиллалаа. Одоо бидний гол зорилго бол энэ үр дүнгээ бэхжүүлэх, урт хугацаанд тогтвортой өсөлтийг бий болгох явдал юм. Макро түвшний эерэг өөрчлөлтүүд микро түвшиндээ аж ахуйн нэгжүүд болон айл өрхүүдэд мэдрэгдэж, хүртээмжтэй болох явдал маш чухал.
-Монголын эдийн засгийн өсөлт 2018 онд 5%, 2019 онд 6.3% байх төсөөллийг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн 3-р шатны үнэлгээг хийсэн Олон улсын валютын сангийн ажлын хэсэг танилцуулсан. Эдийн засаг ийнхүү сайжрах төлөвтэй үед юунд анхаарах ёстой вэ?
2018 оныг бид олон сайн мэдээтэй, амжилттай эхлүүлсэн. Монгол Улс хүлээгдэж байсан гадаад өр төлбөрүүдээ дахин санхүүжүүлж дефолтын эрсдэлээс холдлоо. Экспортын орлого сайжрахын зэрэгцээ, Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд санхүүжилтүүд орж ирснээр төлбөрийн тэнцэл 2012 оноос хойш анх удаа ашигтай гарсан. Валютын нөөц маань 3 тэрбумд хүрч зах зээл дээрх итгэл сэргэн төгрөгийн ханш ч тогтворжлоо. Инфляци тогтвортой, цаашид ч Төв банкны зорилтот түвшинд хадгалагдах төсөөлөлтэй байна. Төсөв талаас ч тэнцэл сайжирч, эерэг үр дүнгүүд үргэлжилж буй. Эдийн засаг маань ийнхүү тогтворжин том зургаараа сайжирсан хэдий ч, цаашид хийх ажил маш их бий. Хэрэв дэлхийн эдийн засагт тулгарч буй эрсдэлүүд биеллээ олж нүүрс зэсийн үнэ гэнэт унаад эхэлбэл яах вэ, олон улсын байгууллагууд болон донор орнуудаас орж ирэх мөнгийг салгаад харвал эдийн засгийн үзүүлэлтүүд маань ямархуу байх вэ гэдгийг давхар бодож явах ёстой. Цаг хугацаа хүлээхгүй – түүхий эдийн цикл үргэлжилдгээрээ үргэлжилж нэг л өдөр унана, ОУВС-гийн хөтөлбөр ч тодорхой хугацаанд хэрэгжээд дуусах хуваарьтай. Тэгэхээр наана нь амжиж эдийн засгаа босгож ирэн хөл дээр нь тогтоох, валютын нөөцөө үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, улсын төсөв орон зайтай, хуримтлалтай байх, банк санхүүгийн тогтолцоогоо бэхжүүлэх зэргээр эдийн засгаа дархлаа сайтай болгох шаардлагатай.
- Монголбанк 2018 онд эдийн засагт эерэг үр дүнг бэхжүүлж, урт хугацаанд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхэд чиглэж ажиллана гэсэн. Өнгөрсөн 3 сард Төв банк бодлогын хүүг 10% болгож буурууллаа. Төв банкны гол зорилт болох инфляци өсч байгаа үед мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжих боломж байна уу?
Инфляци өнгөрсөн оны 2-р хагасаас эхлэн идэвхжиж зорилтот түвшин 8% руу ойртож ирсэн. Энэ нь дефляцитай байсан 2016 оны суурь нөлөө, зарим татварын нөлөө, улирлын шинж чанартай хүнс болон хатуу түлшний үнэ зэрэг нийлүүлэлтийн шинж чанартай зүйлсээс голлон шалтгаалсан. Эдгээр нь ихэвчлэн 1 удаагийн шинж чанартай хүчин зүйлс тул инфляцийг цаашид хөөргөдөх нөлөө бага юм. Харин эрэлт талаасаа инфляцийг өсгөх дарамт харьцангуй сул байна. Эдийн засаг маань бүрэн сэргээгүй, халалт үүсэх түвшинд хүрээгүй гэдгийг олон үзүүлэлтээс харж болно. Тухайлбал, үйлдвэрлэл талаас аваад үзвэл 2017 оны 5.1%-ийн өсөлтийг үндсэндээ уул уурхайтай холбоотой 2-3 салбар л бий болгосон. Бусад ихэнх салбарт аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа төдийлөн сэргэж амжаагүй, өсөлтөд оруулах хувь нэмэр нь даруухан байна. Хэдийгээр өрхийн орлого буурах тренд зогссон ч, ажилгүйдэл ядуурал өндөр түвшинд, инфляцид үзүүлж буй эрэлтийн дарамт их биш. Энэ оны эхний улиралд импорт хэдийгээр 46% өссөн ч үүний ердөө 5 нэгжийг удаан эдэлгээтэй хэрэглээний бүтээгдэхүүн бүрдүүлсэн нь хэрэглээ сул байгааг давхар илтгэж байна. Энэ бүхэн юуг илэрхийлж байна вэ гэхээр Төв банк дунд хугацааны инфляцийн зорилттойгоо нийцтэйгээр бодит эдийн засгаа дэмжих орон зай байгааг харуулж буй. Дээр нь төлбөрийн тэнцэл, валютын нөөц, төсвийн үзүүлэлтүүд сайн байгаа нь мөнгөний бодлогод энэ боломжийг олгож байна. Гэхдээ бодлогын хүү нийт эдийн засгийг хамардаг хэрэгсэл учраас тодорхой нэг салбар, бүтээгдэхүүн эсхүл валют дээр эрсдэл хуримтлах вий гэдэг болгоомжлол мэдээж бий. Үүнээс сэргийлэхийн тулд макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулж хэрэгжүүлж байна.
- Энэ жилийн нэг онцлог бол банк, санхүүгийн салбарт чухал реформын жил байх болно гэдгийг Та олон удаа мэдэгдсэн. Активын чанарын үнэлгээ, салбарын тулгуур хуулиудын өөрчлөлт гээд нэг жилийн дотор олон чухал үйл явдал давхцсан гэдгээрээ түүхэн цаг үе болж байна. Одоо ямар ажлууд хийгдэж байна вэ?
Үнэхээр салбарын туршлагатай экспертүүд ч үзээгүй олон зүйлээ нэг дор туулж гарсан цаг хугацаа болж байна. Нэн тэргүүнд манай улсад анх удаа хийгдсэн гэдэг утгаараа активын чанарын үнэлгээ нь Монголбанкны хувьд ч, арилжааны банкуудад ч, гадны хөндлөнгийн байгууллагын хувьд ч маш үнэ цэнэтэй, сургамжтай, том туршлага болсон. Шинэ зүйл учраас үнэлгээний явцад зарим сорилтууд тулгарсан ч амжилттай даваад ард нь гарсан. Ямартаа ч бид санхүүгийн эрүүл мэндийн байдлаа оношлуулаад мэдээд авлаа. Олон улсын стандартаар нь ингээд үнэлгээ хийлгэчих нь хадгаламж эзэмшигчдэд ч, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарт ч итгэл төрүүлэх тул давхар ач холбогдолтой юм. Хоёрт, Төв банкны тухай хууль, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж шинэчлэгдээд 4-р сараас хэрэгжээд эхэлсэн. Энэ 2 хууль шинэчлэгдсэнээр дагалдах 30 гаруй журамд өөрчлөлт орж буй. Яг одоо хуваарийн дагуу журмуудыг шинэчлэх ажил ид өрнөж байна. Үргэлжлүүлээд банкны салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлийн хөтөлбөрт багтсан 10 орчим хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барих ажил бий.
-Активын чанарын үнэлгээний үр дүнд банкны систем тогтвортой гэдэг сайн үр дүн гарсан ч ДНБ-ийн 1.9%-тай тэнцэх өөрийн хөрөнгийн дутагдлыг арилгах шаардлагтай байгаа. Зээлийн хүү, чанаргүй актив гээд нийгэмд арилжааны банкуудыг буруутгах, шүүмжлэх хандлага түгээмэл тул өөрийн хөрөнгийн дутагдлыг яаж нөхөх вэ гэдэг хардлага сэрдлэг байх шиг байна?
Банкны секторт засаж залруулах хэрэгтэй зүйлс мэдээж бий. Тийм ч учраас шинэчлэл реформыг эхлүүлээд хийгээд явж байгаа. Нөгөөтэйгүүр, өсөлтийг бий болгоход ч, хүндрэлийг даван туулахад ч банкны салбарын үүрэг их, эдийн засагт зайлшгүй чухал дэд бүтэц гэдгийг бид нийгмээрээ ойлгож нэг зүг чигт харах нь зүйтэй. Өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх ажлын хувьд, эдийн засаг сэргэж байгаа таатай нөхцөлд боломж харьцангуй их, асуудал үүсэхгүй болов уу. Банкууд боловсруулсан төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаад явна. Активын чанарын үнэлгээгээр нэгэнт онош тодорхой болсон тул Төв банкны зүгээс дараах хэд хэдэн чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байна. Нэн тэргүүнд, банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх, зохистой харьцааны шалгуураас ч дээгүүр түвшинд хангаж ажиллах шаардлагыг тавьж байгаа. Ингэснээр эдийн засгийн хүндрэлтэй үед ч харьцаа үзүүлэлтээ хангаж чадна гэсэн үг. Мөн, активыг ангилж эрсдэлийн сан байгуулах журам, барьцаа хөрөнгийн үнэлгээг зохицуулах шинэ журам боловсруулагдаад мөрдөгдөж эхэлнэ. Шинэ хуулиудын хүрээнд мөрдөгдөх бусад журмууд ч боловсронгуй болно. Ингэснээр банкуудын эрсдэлийн удирдлага мэдэгдэхүйц сайжирна гэж үзэж байгаа. Шинэ хуулийн хүрээнд холбоотой этгээдэд олгосон зээл дээр үнэлгээ хийгдэнэ. Тэгэхээр энэ бүгдийн үр дүнд банкны сектор маань илүү бат бэх, аливаа эрсдэл учрахад тэсвэртэй болох юм. Эдийн засгийг бүрдүүлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд мөнгөн эх үүсвэрийг хуваарилж үйлдвэрлэл үйлчилгээ, өсөлтийг санхүүжүүлдэг санхүүгийн сектор маань эрүүл, дархлаа сайтай байх нь маш чухал.
-Цаг заваа гарган уншигчдад маань сонирхолтой яриа өрнүүлсэн Танд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )