Альфа үеийнхний баяр: Дижитал архитекторууд гэж хэн бэ?

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ирээдүйд хүрэхийн тулд заавал шидтэний толь эсвэл Тарогийн хөзрөөр мэргэлэх шаардлагагүй. Ирээдүйг альфа үеийнхний дуу хоолойноос сонсох боломжтой. 2010-2024 оны хооронд төрсөн хүн төрөлхтний шинэ үед Альфа үе гэсэн тодорхойлолтыг Австралийн хүн ам зүй судлаач Марк Маккриндл өгчээ. Онол ёсоор хүн төрөлхтний үе бүрийг Латин цагаан толгойн үсгээр нэрлэдэг. Хамгийн сүүлийн үсэг болох Z-ийг 1997-2010 оны хооронд төрөгсөд хүртсэн. Грекийн цагаан толгойн эхний үсгээр тодорхойлохдоо Маккриндл орчин үеийн хүүхдүүд цоо шинэ эрин зуунд төрснийг онцолжээ. Тэд шинэ технологигүй амьдралыг мэдэхгүй бөгөөд нэг хөлөөрөө ирээдүйд зогсож байна.

2025 онд альфа үед хамрах хүүхдүүдийн тоо дэлхий дахинд хоёр тэрбумд хүрчээ. Альфачууд хүн төрөлхтний түүхэнд хамгийн олуулаа үе.

Тэд өмнөх үеийнхээсээ мэдэгдэхүйц ялгарна. Тэд зөвхөн цахим хэрэгслээс хамааралтай бус харин ертөнцийг үзэх цоо шинэ үзлээрээ онцгойрно. Тэд тэс өөр үнэт зүйлстэй.  

Хамгийн ахмад альфачууд иргэний үнэмлэхээ гардан авч байгаа бол хамгийн отгонууд нь нэг ой гаруйтай. Тэд мэдрэгчтэй дэлгэцгүй ертөнцийг төсөөлөхгүй бөгөөд таамаг ёсоор хамгийн баян үе болно.

Альфа хүүхдүүд гэж хэн бэ?

“Роботын хүүхэд” нэртэй sci-fi триллерт гардаг хиймэл оюун ухааны өсгөсөн баатар охиныг санаж байна уу? Тэр ертөнцийг дэлгэц, мэдээллийн сангаар дамжуулан танин мэддэг. Бодит амьдралын туршлага үгүй. Эл кино бол бидний маргаашийг цогцлоож буй үеийн мөн чанар.

-Тэд дижитал архитекторууд-

Дэлгэцийн агуу эрин үед төрсөн альфачууд үүний элч төлөөлөгчид. Өлгийтэй үеэс нь авхуулаад тэднийг цахим хэрэгслүүд бүүвэйлж, саатуулж, хэрэгцээг нь хангаж байна. Тэд технологийг эзэмших шаардлагагүй. Технологи тэртээ тэргүй амьдралынх нь нэг хэсэг болсон тийм л ертөнцөд төрсөн. Тэднийг iPad+ kid буюу айпадны хүүхэд, Generation Glass буюу шилэн үе гэх нь бий. Харин зарим судлаачид цахим хэрэгслийн хяналтгүй хэрэглээ анхаарал төвлөрөлт, хэт идэвхийн хомстлын хам шинж үүсгэх аюултайг анхааруулж байна.

 

 

-Тэд хиймэл оюуны дагагчид-

Альфачууд бол хүүхэд наснаас нь эхлээд энгийн амьдралд нь хиймэл оюун ухааны технологи нэвтэрсэн анхны үе. Тэд ChatGPT-г мэдээлэл хайх, гэрийн даалгавар гүйцэтгэх, контент бүтээх энгийн нэг хэрэгсэл гэж үздэг бөгөөд хайлтын системийг ашиглах нь ховор. Альфа хүүхдүүдэд мэдээллийг нягтлах туршлага үгүй. Судалгаанаас үзвэл шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ, харилцаа холбоо зэрэг ур чадвар дутмаг.

-Тэд “олон горимт” сурагчид-

Альфа үеийн хүүхдүүд маш олон сувгаар олон төрлийн контент хэрэглэж хэвшжээ. Тэд нийтлэг бус харин зөвхөн өөрт нь тохирох тусгай хичээлийн хөтөлбөрөөр сурах хүсэлтэй. Тэдний хувьд блогерийн санаа бодол олон зуун жилийн түүхтэй брэндийн нэр хүндээс ч илүү жинтэй. Хиймэл оюун ухаан багшаас ч илүү нэр хүндтэй.

-Тэд хурдан “цээнд” хүрдэг-

Маккриндл тэднийг бие махбод болон нийгмийн хувьд маш эрт боловсордог болохыг тодорхойлж, “upagers” гэдэг нэр томьёог нэвтрүүлжээ. Харин гэр бүл, ажилтай холбоотой сэтгэл зүйн хувьд насанд хүрсэн амьдрал нь хойш тавигддаг байна. Альфачууд гэр бүлийн худалдан авалтад нөлөөлж, хүнд сэдвүүдээр ярих ч эцэг, эхийнхнээ гэрт илүү удаан амьдарна.

-Тэд тэвчээргүй-

Хурдтай интернэт, цахим үйлчилгээ, 24 цагийн хүргэлт нь альфа үеийн хүүхдүүдэд асуудлыг нэг товчин дээр дарж шийдэх боломжтой гэсэн ойлголтыг төрүүлжээ. Тэдний Z үеийн ах, эгч нар хүүхэлдэйн киног тодорхой цагт үзэх, шинэ чихэвч авахын тулд дэлгүүр орох хэрэгтэй байсныг санаж байгаа бол альфачууд энэхүү даалгаврыг хиймэл оюун эсвэл хүргэлтийн үйлчилгээнд даатгаж байна.

 

 

Альфа үеийнхэн ямар байх вэ?

Үнэт зүйл: Гэр бүл тэдний хувьд чухал зангуу. Альфачууд эцэг, эхийн гэрээс явах гэж яарахгүй. Өмнөх үеүдийг бодвол тэд хожуу гэр бүл зохионо. Тэд экологийн асуудлыг маш их чухалчилдаг. Тэдний хувьд энэ бол чиг хандлага бус харин бодит байдал. 2020-иод онд төрсөн хүүхдүүд байгалийн гамшигт үзэгдэлтэй ХХ зууны хүмүүсээс хамаагүй олон удаа нүүр тулжээ. Магадгүй экологийн асуудлаас тэдний эрүүл мэнддээ анхаарал тавих шаардлага урган гарсан байх талтай.

Сүүлийн таван жилд эрүүл мэнддээ санаа зовнидог өсвөр насныхны тоо 10 хувиар өсжээ.

Эмзэг тал: Дижитал амьдралын эсрэг тал нь эрсдэл. Цахим буллингийн асуудал тэдний хувьд толгойн өвчин. Судалгаанаас үзвэл, сурагчдын гуравны нэг нь буллингтэй тулгарч байсан бол 17 хувь нь байнгын тохуурхлыг амсаж байна.

Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах нь альфа үеийнхний хувьд нэгэн зэрэг ногоон ба улаан гэрэл. Нэг талаас мэдээллийн хүртээмж тэдэнд өөрийгөө илүү сайн ойлгох, сонирхож буй бүхий л асуултдаа харилт авах, дэмжлэг авах боломжийг олгож байна. Нөгөө талаас зөвхөн өөртөө, дотогш хандсанаар бүрэг, бодит байдлаас тасархай болгож байна. Том болох хүсэлгүй, оюутан үеэ аль болох сунгах, эцэг, эхийн үүргийг хойшлуулах хүсэл бол манай хамгийн залуу үеийн онцгой шинж чанар.

Ажил, хөдөлмөрийн хувьд альфа үеийнхний хувьд өөрийнхөөрөө амьдрах нь бусдад өндөр албан тушаалаараа гайхуулахаас илүү чухал. Тэд өөрсдийнх нь ажил эцэг, эхийнхээс нь тэс өөр байна гэдэгт итгэлтэй. Үнэхээр ч тийм болно. Орчин үеийн ихэнх хүүхдүүд өнөө цагт огт байдаггүй эсвэл дөнгөж бий болж байгаа мэргэжлийг ирээдүйд сонгоно гэж шинжээчид таамаглаж байна.

 

 

Тэднийг хэрхэн хүмүүжүүлэх вэ?

Аливааг тайлбарлаж, ойлгуулах нь ямар ч хориг, тушаалаас илүү хүчтэй үйлчилдэг гэж сэтгэл судлаачид сануулж байна. Эцэг, эх нь ямар ч тайлбаргүй хязгаарлалт хийдэг хүүхдүүдийг бодвол эцэг эхтэйгээ интернэтийн нууцлалын тухай нээлттэй ярилцдаг хүүхдүүд өөрийгөө илүү аюулгүй гэдгийг мэдэрдэг байна. Орчин үеийн хүүхдүүд эрх, эрх чөлөөний соёл давамгайлсан, “чи ёстой” гэсэн загвар илүү бүтээлч ярилцлагад зайгаа тавьж өгсөн соёлын орчинд өсөж байна.

Тэдний орон зайг хүндлэх нь мөн чухал гэдгийг сэтгэл зүйчид онцолжээ. Шүүмжлэлт сэтгэлгээ, цахим эрүүл ахуйг хэвшүүлэхэд нь идэвхтэй оролцохыг эцэг, эхэд нь зөвлөж байна.

Хамгийн гол нь “хүний” ур чадварыг хөгжүүлэх нь туйлын чухал. Хүсэлт, санаагаа бичиж, программчилж сурах нь чухал ч юугаар ч орлуулшгүй soft skills-ийн суурийг тавих нь ирээдүйд тэдний хувьд өрсөлдөөнд ялах давуу тал болно. Бусдыг ойлгох чадвар, бүтээлч сэтгэлгээ, харилцаа холбоо, тохиролцох чадвар бол таны хүүхдэд машины сургаж чадахгүй эрдэм.

Альфачууд өмнөх үеийнхний туршлага дээр боссон ертөнцөд амьдарна. Цахим эрин үеийн тэдэнд өгсөн сул ба хүчтэй талыг хослуулан, тэд бидний хэдийн бүтээснийг хөгжүүлж, өөрсдийн жимийг гаргаж, ертөнцийг өөрчлөх үүрэг хүлээж байна. Тэд хорвоо ертөнцөд мэндэлж буй Бета үед буухиагаа шилжүүлэх хариуцлага хүлээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top