Нөхөн сонгууль ярьсаар 2020 онтой золгох вий

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 27

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог, Хэнтий аймагт ирэх аравдугаар сарын 7-ны өдөр нөхөн сонгууль болохоор тов зарлагдаж, улс төрийн 13 нам хууль ёсоор бүртгүүлээд кампанит ажил ил далд өрнөөд байсан. Гэтэл санал өгөх өдөр лавтай 10 сараар хойш сунаж, бүр нөхөн сонгууль болох эсэх нь тодорхойгүй хуулийн зөрчил болон улс төрийн ээдрээ үүсч байна. Учир нь Нөхөн сонгууль зохион байгуулах тухай УИХ-ын 62 дугаар тогтоол нь эцэг хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргаж өгсөн юм. Гэтэл өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг 14 хоногт хэлэлцэн шийдвэрлэх ёстой УИХ-ын чуулган нь завсарлаж, ирэх аравдугаар сарын 5-нд нээлтээ хийнэ гэхээр нөхөн сонгуулийн тов энэ онд бус ирэх 2019 онд зарлагдах уу, үгүй юу гэдэг нөхцөл байдал үүссэн. Сонгуулийн тухай хуульд “Нөхөн сонгуулийг аравдугаар сарын эхний долоо хоногт буюу ням гаригт, зургаадугаар сарын сүүлчийн долоо хоногт буюу ням гаригт товлон явуулна” гэж заасан болохоор наана гэхэд ирэх зуны сарыг, цаана гэвэл 2020 оныг хүлээхээс өөр аргагүй.

Энэ тухайд хэвлэл мэдээлэл болон ажиглагч судлаачдын хүрээнээс янз бүрээр байр сууриа илэрхийлж байгааг юуны өмнө хүргэе. Тухайлбал, ажиглагчдын зүгээс “Үндсэн хуулийн цэцэд хандсан С.Мөнхцэцэг, Н.Оюун нарын хүмүүс бол өөрийн хүсэл зоригоор бус нөхөн сонгууль явуулах хүсэлгүй байгаа улс төрийн хүчний захиалгаар Цэцэд хандсан” гэх битүү хатуу үг чулуудаж буй. Тэгвэл Иргэний хөдөлгөөний байгууллагууд “акул улс төрийн намууд нөхөн сонгуулийг санаатай хойшлуулж байна, үүгээрээ Үндсэн хуулийн цэц сонгогчдын эрхийг ноцтой зөрчиж байна” гэх сонгогчдод хайр зарлаж, улс төрийн намуудыг үзэн ядсан лоозогнолыг нийгэмд чулуудаад байна.

Нөгөө талаас өөрсдийгөө гуравдагчдын орон зайд хүчтэй хэмээн цээжээ дэлдэх  болсон МАХН гэх мэт зарим хүчнүүд “Биднээс айхдаа Үндсэн хуулийн цэц болон Сонгуулийн ерөнхий хороонд нөлөөлж нөхөн сонгуулийг хойшлууллаа” гэх хаа хамаагүй ойворгон үгсийг хэвлэлээр дайж байгаа юм. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд “Бид хуульд заасан дагуу ажлаа төлөвлөөд явж байсан, харин нэр бүхий хүмүүсээс Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаснаар УИХ-ын 62 дугаар тогтоолыг дахин хэлэлцэхээр болж байна” гэж өөрсдөөсөө зайлуулсан хариултыг өгчээ.

Мөнхүү “УИХ-ын 62 дугаар тогтоол нь зургаадугаар сарын 28-ны өдөр батлагдахдаа нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 7-ны өдрийн ням гаригт зохион байгуулна” гэж үзсэн. Гэтэл “сонгуульд өрсөлдөх Төрийн албан хаагч сонгууль явуулахаас зургаан сарын өмнө ажил үүргээсээ татгалзаж, Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдсэн байх” хуультай. Тэгэхээр хуулиа дагахаар нэр дэвшин өрсөлдөх сонирхолтой Төрийн албан хаагч зөрчилтэй хуулийн заалтад хэрчүүлж байна гэх байр суурийг ч хөндлөнгөөс өгч байгаа бодит зүйл. Гэхдээ аль нь ч бай Үндсэн хуульд харш үндэслэлүүд олон байгааг мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм.  

Тухайлбал, хуулийн салбарын мэргэжилтнүүд “2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр батлагдсан Сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуульд нийцээгүй нь сонгогдогч сонгогчдын эрхийг хязгаарласан учраас эргэн хянахаас өөр аргагүй байдалд хүрлээ” гэх байр суурийг илэрхийлсэн нь товч бөгөөд тодорхой байр суурь мөн. Тодотговол, Үндсэн хуульд зааснаар “Монгол Улсын иргэн сонгох сонгогдох эрх эдэлнэ” гэж буй. Гэтэл 2015 оны Сонгуулийн тухай хуульд Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн зүйл оруулж ирсэн нь маргааны гол эх үүсвэр болжээ.

“Ахин хянана” гэхээр уг хуулийн Үндсэн хуультай харшилж буй зүйлийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн засварлах учиртай. Гэтэл УИХ-ын чуулганы хуралдаан ирэх аравдугаар сарын 5-ны өдөр эхэлнэ гэхээр энэ асуудал ирэх аравдугаар сараас наана хэлэлцэгдэж нэг талдаа гарахгүй. Хэрвээ УИХ Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн авахаас татгалзвал Цэцийн дээд суудал дахин хуралдаж хэлэлцэх журамтай бөгөөд Дээд суудлын хуралдааны шийдвэр нь эцсийн шийдвэр байдаг. “Цэцийн дээр Хөх тэнгэр л бий” гэсэн үг байдаг даа. Гэвч УИХ, Цэц хоёрын дунд шийдвэр шидэлцэж, нэгнээ үгүйсгэх хандлага гарсаар байвал ёстой л айсуй ээлжит сонгууль хүлээх байдал үүснэ.   

Яахав, пропорционал тогтолцоотой хууль үйлчилж байгаа бол бүрэн эрхээсээ түдгэлзсэн Д.Гантулга гишүүн асны ард таслагдаж үлдсэн нэг нөхрийг оруулаад ирж болох талтай юм.

Үнэн хэрэгтээ нэр дэвшин өрсөлдөх хүсэлтэй Төрийн албан хаагч “Би нэр дэвшин өрсөлдөх эрхтэй. Гэтэл надад зургаан сарын хугацаа байгаагүй. Миний Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг зөрчлөө” гэж үзвэл нөхөн сонгууль болоод дууссаны дараа ч Шүүх, Цэцийн хүрээнд энэ маргаан өрнөх хууль зүйн үндэслэл бүрэн бий. Хэрвээ ийм асуудал үүсвэл Сонгуулийн хороо шийдэж чадахгүй, эцсийн эцэст бөөн зардал чирэгдэл болж хийсэн сонгуулийн үр дүн хуулиас болоод унах тийм процесс болох нь дамжиггүй. Харин ч нэр бүхий хүмүүс энэхүү хуульд харшлах зүйлсийг эрт олж харсан нь болж дээ гэхээс өөр арга алга.

Нөхөн сонгуульд төсвөөс зарсан 228 сая төгрөг салхинд хийсч, өрсөлдөгч 13 намын нэр дэвшигчдийн хэтэвчнээс гарсан мөнгө ч салхинд хийсэх байлаа. Тэгэхээр дээр дурдсан олон байр суурийг эс тоон Үндсэн хуулиа дагасан, түүнд нийцсэн шийдвэр гаргах, нийцэхгүй байгаа зүйлийг хэлэлцэн нийцүүлэх нь юу юунаас чухал юм.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочдууд(202.179.26.146) 2018 оны 08 сарын 27

Гомо Мөнхөө ах хүнтэй сууж, эхнэр авах болоогүй юм байх даа.

0  |  0
Top