Мьянмарын шүүх Ройтерс агентлагийн сэтгүүлчдэд 7 жилийн хорих ял оноолоо

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 03

Мьянмарын шүүх Ройтерс агентлагийн 2 сэтгүүлчид улсын нууцын тухай хууль зөрчсөн хэргээр 7 жилийн хорих ял оноосон тухай Ройтерс агентлаг өнөөдөр мэдээллээ.

Эдгээр сэтгүүлчдийг 2017 оны 12 дугаар сард баривчилсан бөгөөд нэг нь 2016 оны 6 дугаар сараас, нөгөө нь 2017 оны 12 дугаар сараас эхлэн тус агентлагийн сурвалжлагчаар ажиллаж байгаа юм байна. Тэд үндэсний цөөнх болох лалын  шашинт рохинжачууд, Ракхайн муж дахь нөхцөл байдал зэрэг өргөн хүрээний сэдвээр сурвалжлага бэлдэж байжээ.

2017 оны 8 дугаар сарын 5-нд “Араканы рохинжаг аврах арми” хэмээх зэвсэгт бүлэглэл Мьянмарын Ракхайн мужийн нийт 30 цагдаагийн хэлтэс рүү халдага үйлдсэн бөгөөд мөргөлдөөний үеэр 400 гаруй хүн алагдсан тухай албан эх сурвалж мэдээлж байсан бол “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын мэдээлснээр цуст мөргөлдөөний эхний сард л гэхэд 6.7 мянган хүн алагдсан байна.

Хэдийгээр лалын шашинт рохинжачууд тус улсын газар нутаг дээр олон жилийн туршид оршин сууж байгаа ч Мьянмарын эрх баригчид рохинжачуудыг Бангладешийн хууль бус дүрвэгчид хэмээн үзэж иргэншил олгохоос татгалздаг байна. Ракхайн мужид лал болон бурханы шашинт иргэдийн хооронд шашны мөргөлдөөн нэг бус удаа гарч байжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top