НҮБ-ийн дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллагаас өнөөдөр хэвлэн гаргасан тайланд дурдсанаар энэ жил цагаач, дүрвэгсэд Газар дундын тэнгист хамгийн ихээр амиа алджээ.
Тайлангаас үзвэл 2018 онд Европт ирж буй цагаач, дүрвэгсдийн нийт тоо 42 хувиар буурсан байна. Гэсэн хэдий ч амиа алдсан цагаач, дүрвэгсдийн тоо огцом өссөн бөгөөд энэ оны эхний зургаан сарын хугацаанд гэхэд Газар дундын тэнгис орчимд 18 хүний нэг нь амиа алджээ. Өнгөрсөн оны мөн хугацаанд 43 хүний нэг нь амь үрэгдсэн гэсэн тоо байна.
Тус байгууллагын мэдээлснээр энэ жил Газар дундын тэнгист амиа алдсан болон сураггүй алга болсон хүмүүсийн тоо 1600 давжээ. Энэхүү тайлан нь Газар дундын тэнгисийн чиглэл хамгийн аминд халтайг дахин нотолж байна хэмээн тус байгууллагын Европын товчооны захирал Паскаль Моро мэдэгдлээ.
Үүнтэй холбогдуулан НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллага, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран тусламж хэрэгтэй иргэдийг Газар дундын тэнгисийн эрэгт буулгах, аврах талаар бүс нутгийн хэмжээний арга замыг боловсруулахыг уриаллаа.
Мөн түүнчлэн НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллага дүрвэгсдийн орж ирэх зөвшөөрөгдсөн чиглэлийн тоог нэмэгдүүлж, ялангуяа нүүлгэн шилжүүлэх хөтөлбөрийг өргөжүүлэх, гэр бүлүүдэд дахин нэгдэхэд нь саад болохгүй байхыг Европын улс орнуудын эрх баригчдад уриалжээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
hun amid yavah erhtei