Хятад-Африкийн хамтын ажиллагааны үндсэн НАЙМАН чиглэл

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 04

БНХАУ-ын дарга Ши Жинпин Бээжин хотноо эхэлсэн “Хамтын хөгжил, нэг ирээдүйн төлөө хамтран ажиллах нь” сэдэвт Хятад-Африкийн хамтын ажиллаганы форумын дээд хэмжээний уулзалтын нээлт дээр тавьсан үндсэн илтгэлдээ ирэх гурван жил БНХАУ нь Африкийн улс орнуудад аж үйлдвэр, дэд бүтэц, худалдаа, ногоон хөгжлийн салбарт найман томоохон санаачилгыг хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдэв.

Аж үйлдвэрийг дэмжих зорилтын хүрээнд Хятад-Африкийн эдийн засаг, худалдааны үзэсгэлэн худалдааг БНХАУ-д зохион байгуулах бөгөөд Африкт хөрөнгө оруулах хятадын компаниудыг дэмжих юм.

Түүнчлэн БНХАУ 50 хөдөө аж ахуйн тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, байгалийн гамшигт нэрвэгдсэн Африк тивийн улс орнуудад нийт 147 сая ам.долларын хүнсний хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ба 500 хөдөө аж ахуйн ахлах шинжээчдээ илгээхээр болжээ.

Дэд бүтцийн салбар дахь санаачилгын хүрээнд Африкийн холбоотой хамтран Хятад-Африкийн дэд бүтцийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хөрөнгө оруулах-барих-ашиглах болон бусад хэлбэрээр Африкийн дэд бүтцийн хөгжилд оролцох хятадын компаниудад дэмжлэг үзүүлэх юм.

Худалдааг хөнгөвлөх үүднээс БНХАУ нь Африкийн тус улсад оруулах импортын хэмжээг нэмэгдүүлэх бөгөөд Хятадын олон улсын импортын экспод оролцоход нь Африк тивийн улс орнуудад дэмжлэг үзүүлнэ. Ингэхдээ ядуу буурай хөгжилтэй Африкийн улс орнуудад үзэсгэлэн худалдааны талбайн төлбөрөөс бүрэн чөлөөлнө хэмээн Ши Жинпин мэдэгдлээ.

Үүнээс гадна, БНХАУ ногоон хөгжил, экологи, байгаль орчныг хамгаалах чиглэлээр нийт 50 тусламжийн төслийг тус тивд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ба эдгээр нь уур амьсгалын өөчлөлт, далай, цөлжилтөөс хамгаалах, хянах, зэрлэг ан амьтныг хамгаалахад чиглэгдэх аж.

Хятад улсын тэргүүний хэлснээр тус улс Засгийн газрын 50 мянган тэтгэлэг олгох, Африкийн 2000 залуусыг тус улсад солилцоогоор айлчлуулах, эрүүл мэндийн тусламжийн 50 хөтөлбөр хэрэгжүүлэх, Африк судлалын институтыг БНХАУ-д байгуулах, соёл урлагийн хөтөлбөр, арга хэмжээнд оролцуулах, аюулгүй байдал зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах санаачилгыг хэрэгжүүлэх юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top