/БНАСАУ-Д ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ/
НЭГ. ОНГОЦНЫ ЦОНХООР
“AIR KORYO” гэсэн бичигтэй Орос улсад хийгдсэн хуучивтар онгоц жаахан огцомдуухан сэгсрүүлсээр Пехньянд газардлаа. Онгоцны цонхоор нов ногоон хөвчөөр бүрхэгдсэн намхан толгод үргэлжлэх агаад торлог мэтийн шигүү ургасан модод хөвөөлсөн тариалангийн талбай үзэгдэнэ. Онгоц хурдаа хасч цардмал замаар зугуухан гүйсээр урд талын хаалгыг улаан халз хивсний үзүүр дээр тааруулан зогсов.
Уртад зассан улаан хивсний зүүн гар дагуу дээхнэ үеийн соц орнуудын цэргийн нийтлэг өнгө болсон “цэрэг ногоон” хувцас бүхий хүндэт харуулын цэрэг, үлээвэр найрал хөгжим бэлэн жагссан байх бөгөөд ойролцоогоор 1000 орчим хүн хайрцаг эгнээ үүсгэн цэцэгт дохиур барин зогсжээ. Солонгос үндэсний хувцас болох өнгө өнгийн хамбугаар гоёсон бүсгүйчүүд, мөн европ хослолтой эрчүүд тэдгээр цэцгийн баглаагаар бараг нэгэн жигд шахуу даллан дохих аж.
ХОЁР. ХОТЫН ТӨВ ХҮРТЭЛ
Пехньяны онгоцны буудлын барилга манай Чингис хаан нисэх буудлаас даруй хоёр дахин том бөгөөд БНАСАУ-ын улаан таван хошуут улаан тууз, хөх халзтай далбааг өндөрт мандуулжээ. Буудлаас гарахад зогсоолд багцаагаар 20 гараад жилийн өмнө түгээмэл байсан хуучны мерседес бензүүд элбэг. Нисэх буудлаас Пехньяны төв хүртэл 30 гаруй минут цардмал замаар давхихад хот төлөвлөлт нь цэгцтэй, цэмцгэр. Голдуу өрнөдийн орнуудын мэдээллийн хэрэгслээс энэ улсын тухай ойлголт авдаг бидэнд бодит байдлыг нүдээр үзэх, “хаалттай” гэж нэрлэгдэх коммунист оронд зочлох нь туйлаас сонирхолтой. Юм бүгд нь өөрийн эрхгүй ажиглалт, харьцуулалтаар тусч байв.
Хотын төв хүртэл машин 60 гаруй км цагийн хурдтай давхиж явлаа. Замын баруун гар талаар тариалангийн талбай, ургамал бут ихтэй номин ногоон хөндий үргэлжилнэ. Зүүн гар талаар нийтийн зуслангийн байшин, нам дор уур амьсгалд зохицон ургадаг модод янз бүрээр эгнэсэн аж. Эрдэнэ шиш, тутрагын талбай үе үе харагдах бөгөөд тариалангийн талбайд ажиллаж буй тариачид болон голдуу зам харгуй цэвэрлэсэн, цэцэг бут тэгшилсэн хүмүүс элбэг үзэгдэх нь 70 жилийн ойн бэлтгэлийн хэсэг байлаа.
“Эйр Корёо” онгоцонд суугаад хамгийн түрүүнд нүдэн туссан зүйл бол “удирдагчийн тэмдэг”. Онгоцноос буугаад харсан үзсэн солонгос хүн бүрийн зүүн чанх энгэрт тус улсыг үндэслэгч Ким Ир Сен болон түүний хүү удирдагч Ким Чен Ир-ийн хос зурагтай тэмдэг зүүгээстэй нь анхаарал татна. Хотын төв рүү орлоо. Хүмүүс дугуй унах нь элбэг, машин сийрэг. Машины хувьд бол төрөл төрлөөр, ёоз ёозоор. Америк, өмнөд Солонгос машинаас бусад бүх төрлийн машин үзэгдэнэ. Голдуу германы хуучин машин элбэг бол японы тоёотагийн жийпүүд мэр сэр харагдана.
Зам дагуу хүмүүс алхах нь элбэг. Замын уулзвар бүрт эмэгтэй зохицуулагч анхаарал татна. Гялалзтал тосолсон хар ботинк, шагайнаас нэг төө хэртэй татсан цагаан оймс, өвдөгнөөс дээгүүрхэн хар банзал өмссөн цав цагаан цэрэг хүрэмтэй залуувтар бүсгүйчүүд цэх журамтай зогсож дохиураар яв цав дохиж, замын хөдөлгөөнийг удирдана. Тэдний гурван тал руу харах нь хүртэл огцом баруун, огцом урагшаа, огцом зүүн гэх мэтээр шувуу шиг үзэгдэнэ.
Иргэн, цэрэггүй мөнөөх тэмдгээ зүүсэн байх агаад эрчүүд нь хэлхгэр өргөн хар өмд, гурвалжин энгэртэй богино ханцуйтай хар бараан хүрэм дотуураа цамцгүй өмссөн байна. Энгийн нүдээр харахад илүүдэл жинтэй, удаан явдалтай хүн гэж бараг үзэгдэхгүй. Хотын гудамжаар явахад бүх бичиглэл, хаяг нь солонгос хэл дээр. Өөр орны хэл дээрх нэг ширхэг ч зүйл дөрөв хоноход харагдсангүй. Орон сууц нь яг Монгол, Орос маягаар гахиур (цемент) зангидаж, тоосгоор дүүргэсан бөгөөд тагт болгон нь цэцгийн баглаа алаглуулсан аж. Зам зургаан эгнээ, хоёр урсгалтай харьцангуй сийрэг, дээр нь хурд хэтрүүлдэггүй, явган зорчигчид яс гарцаар гардаг учир гэмт хэрэг зөрчил бага байдаг аж.
ГУРАВ. ХОТ ТӨЛӨВЛӨЛТ
Хот төлөвлөлт нь цэгцтэй. Хотын төв цэг нь Ким Ир Сений нэрэмжит талбай. Энэ талбай 1954 оны 8 дугаар сард нээгдсэн бөгөөд хожмоо дайны дараа дахин шинэчлэгдсэн. Хэмжээний хувьд 75 мянган метр квадрат. Дэлхийн хамгийн том төв талбайн жагсаалтанд яг манай Сүхбаатарын Талбайн дараа 48 дугаар байрт ордог. Дашрамд дурьдахад тус жагсаалтын 7 дугаарт Бээжингийн Тяньаньмэний талбай, 50 дугаарт Москвагийн Улаан талбай ордог. Хүмүүс эгнээд зогсохоор тус талбайд нэг зэрэг 100.000 хүн элбэгхэн багтана. Талбайн хоймор нь ертөнцийн зүгээр бол баруун талдаа. Хоймор хэсэгт Ардын номын сан нэртэй хуучны ази маягийн шийдэлтэй үе шаталсан барилга байна.
Түүнээс чанх зүүн зүгт БНАСАУ-ын гол үзэл болсон “Жүччэ” үзлийн 170 метрийн өндөртэй чулуун цамхаг сүндэрлэнэ. Цамхагийн үүд нь 3 тоннын хос чулуун хаалга бөгөөд онгойж хаагддаг. Улсыг үндэслэгч Ким Ир Сений 70 насны төрсөн өдрөөр Солонгосчууд дотоодын нөөц бололцоогоор тус цамхагийг босгосон аж. 150 метрт нь цахилгаан шатаар гарч галт бамбарын дороос хотыг бүхэлд нь харж болно. Цамхагийн баруун талд хотын төв хоймор өөд тэмүүлсэн гурван хүний дүрстэй хүрэл хөшөө сүндэрлэнэ. Нэг нь сэхээтэн ангийг төлөөлсөн бийр атгасан хүн, хоёр дахь нь тариачин ангийг төлөөлсөн хадуур барьсан эмэгтэй, гурав дахь нь ажилчин ангийг төлөөлсөн алх барьсан залуугаар нийгмийнхээ бэлэг тэмдэг, тулгуурыг бэлэгддэг аж. Ийм бэлэг тэмдэг хаа сайгүй чулуугаар ч тугаар ч, хөшөө дурсгалаар ч үзэгдэнэ.
Тэедонг хэмээх мөрөн төв талбайн зүүн, мөнөөх цамхагийн баруун талаар хойноос урагш чиглэлтэй урсах буюу Пехньяан хотыг төв, баруун, зүүн хэсэгт хуваана. Хотын төв хэсгээр өндөр барилгууд сүүлийн үед эрчимтэй нэмэгдсэн аж.
2012 оноос барилга байгууламжийн ашиглалтанд орох нь эрчимжсэн байна. Хуучны хорооллуудаа тэгшилж, оронд нь шинэ хорооллыг үе шаттай ашиглалтанд оруулжээ. Хамгийн өндөр байшин нь 300 метр гаруй өндөр бөгөөд гурвалжин оройт цамхаг. Орон сууцны 30, 50 давхар барилгууд цөөн тоогоор ашиглалтанд орсон аж.
Сууцыг мэдээж зарахгүй. Яг манай хуучны тогтолцоо шиг хүмүүст хуваарилж өгдөг. Жагсаалтанд оруулж, тухайн хүний ажлын бүтээмж, гэр бүлийн байдал, гавшгай чанар, үлгэр дууриалыг нь харгалзан байр хуваарилна. Сүүлийн үеийн байшингууд нь тас дөрвөлжин биш, зургаа юм уу найман талт дугуй өнцөгт, ази маягийн хэв загвар шингээсэн аж.
ТАВ. БҮСГҮЙЧҮҮД
Улс орон бүрийн өнгө төрхийг тухайн газрын хүүхнүүдийнх нь цог жавхаа, гоо зүй, загвар, хувцаслалт илэрхийлдэг. Хүүхнүүдийн байр байдал нь улс орны дэглэмийн толь байдаг. Жишээ нь афганистанд бол урт цэнхэр “бурга”-тай хүүхнүүд зөвхөн гэрийн эрэгтэй хүнтэй хамт гадуур явах бөгөөд ганцаар олны хөлийн газар явах нь ховор. Дээр нь тэд шагай шүргэсэн өвч битүү цэнхэр өмсгөлийн цаана нүдээ хүртэл торон гивлүүрээр далдалдаг. 1950-иад он гэхэд хүүхнүүд нь богино банзал өмсдөг байсан улс шүү дээ, Афган. За үндсэн сэдэвтээ оръё.
Аялалд гарахын өмнө биднийг “Умардын” нутагт очоод аль болох “хойд” ба “өмнөд” гэж ялгаж битгий хэлээрэй гэж сануулсан байв. Тэр ёсоор бид аль болох “Солонгос” гэдэг ерөнхий нэрээр буюу эсвэл улсыг бүтэн нэрээр нь, гэхдээ англиар DPRK (Democratic People’s Republic of Korea) гэж дуудаж байв. За тэгэхээр “DPRK”-ийн өнгө төрх болсон бүсгүйчүүдийн байдлаас тус улсын дэглэмийн ялгааг харах гэж оролдьё.
Нас насны ангиллаар, сурагч уу, оюутан уу, ажил мэргэжлийн онцлогоос болоод үсний засалтын 10 гаруй засалтыг тогтоосон байна. Сургуулийн хүүхдүүд бол мөр шүргэсэн жигд тайрмал үстэй. Анх очихын өмнөх төсөөлөл бол хүүхнүүд нь өвдөгнөөс дээш банзал өмсдөггүй, эрээн мяраан даашинз өмсдөггүй гэсэн төсөөлөлтэй байв. Бодит байдал дээр арай өөр. Хүүхнүүд нь зүүн өмнөд азийн бусад нийтлэг орон шиг майга биш, бие бялдар өв тэгш, гудамжаар хүртэл тэгш хамжааргатай алхана. Биеийн галбир харагдуулсан хувцастай, банзал нь өвдөгнөөс дээш төө хэртэй хүүхнүүд ч энд тэндгүй. Нэг үгээр бол бидний төсөөлөлд барууны хэвлэл мэдээллийн тусгал гүн нөлөөлснийг анзаарав. Сүүлийн жилүүдэд Умардад хүүхнүүдийн гоо сайхны хагалгаа эрчимтэй нэвтэрснийг дуулсан.
Умардын нэг онцлог бол ургамлын гаралтай эм, эмийн бэлдмэлүүдээрээ алдартай. Бусад орнууд шиг химийн олон найрлагатай бус дотоодын эко шийдэлтэй гоо сайхны бүтээгдэхүүн, тамир тэнхээ оруулдаг, олон төрлийн өвчлөлийг анагаадаг уламжлалт аргачлалаараа зарим улсаас түрүүлсэн байна. “Умардын бүсгүйчүүд, Өмнөдийн залуучууд” гэж үг бий гэж зарим хүмүүс хэлнэ лээ. Ерөнхийдөө бол Умардын бүсгүйчүүдийг өмнөдийнхөөсөө илүү царайлаг гэж таарсан хүн болгон хэлж байхыг сонссон.
Умард солонгосын аймаг нэгж бүрт тэдний хүндэтгэн дууддагаар “Улсын эцэг, их удирдагч нөхөр…” гэж заавал нэрнийх нь өмнөтгөл болгодог Ким Ир Сен болон, түүний хүү бөгөөд залгамжлагч Ким Чен Ирийн хөшөө дурсгалыг байгуулжээ. Тус орны хэмжээнд эцэг хүү хоёрын хамт зогсоо хөшөө 20 гаруй мянган газар байршжээ. Хаашаа л харна эцэг Ким баруун гараар алсыг зааж, хүү нь тэр зүгт нуруугаа үүрэн харж буй зохиомжтой хөшөө болон зурагт хуудас үзэгдэнэ.
Төр засгийн бүхий л барилга байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, олны хөлийн газар дээрх зураг хүндэтгэл төгс байршсан байх бөгөөд шөнийн цагаар хүртэл зориулж гэрэл тусгасан байна. Удирдагч нарын хөшөө дурсгал, зурагт хуудаснаас гадна дайны үеийн сэдэвтэй хөшөө дурсгал олноор байгуулжээ. Харваас асар их санхүү, төсөв ийм маягийн “бүтээн байгуулалтанд” зориулагдсан нь ойлгомжтой.
Социализмын жилүүдэд түгээмэл байдаг цөөн өнгийн ялгамжтай, баатарлаг дүрслэлтэй, тэмцэлт шийдэл бүхий үзэл суртал, ухуулгын ханын салбар зургууд энд тэндгүй үзэгдэнэ. Барилга байгууламжийн дээвэрт тогтоосон том том бичгийн утга нь “нэг зүрх, эв нэгдэл”, “Их удирдагч Ким Чен Ун мандтугай”, “социализм бол ялагдашгүй” гэх утга бүхий үй түмэн лоозонгууд хөвөрнө. Өөр нэг хөшөөний зохиомж бол өмнө дурьдсан бийр, алх, хадуур гурвын хоршил бүхий дүрс хаа сайгүй сүндэрлэнэ.
Музей, удирдагч нарын бунханд лааны тосон баримлаар тэднийг яг амьд сэрүүн мэт бүтээсэн байх бөгөөд өмнө нь зогсож заавал бөхийн хүндэтгэл үзүүлэх горимтой. Тахин шүтэлтийн мөн чанарыг маш олон хэлбэрээр, олон арга барилаар төгс нэвтрүүлэхэд хөшөө дурсгал, түүнийг хүндэтгэх горим журам их хүч болдог бололтой. Гудамж талбайд харагдах орчин бүрт нүдэнд үзэгдэнэ, энгэрт тэмдэг нь зүүгээстэй, олны газар чанга яригчтай машинаар соц үеийн өтгөн хоолойтой хүмүүс дуулдаг дайны сэдэвтэй дуу цуурайтна. Одоогоороо дайны байдал гарахад хүн бүр бэлэн мэт сэтгэгдэл төрөхүйц. БНАСАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын концерт дээр дэлгэцэнд дээрх хөшөө дурсгалыг дахин давтан үзүүлэх нь хүний тархи, оюун бодлын мэдээлэл хүлээн авах бүхий л сувгаар “социализм нэвчиж” буйг илэрхий харуулна.
Биднийг тус улсад очсоны маргааш өглөө 07.00 цагт угтаж авсан хүмүүс маань зочид буудлын хүлээлгийн танхимд хүлээж байлаа. БНАСАУ-ын 70 жилийн ойд гадаадын 40 гаруй орны 4000 орчим зочид төлөөлөгчид уригдсан аж. Ази, Африк, Европын орнуудаас төлөөлөгчид зонхилж харагдана лээ.
Замын хөдөлгөөн бүрэн хааж, зочид төлөөлөгчид машиндаа суусны дараа 5-10 машин тутамд цагдаагийн хамгаалалт замчлан хөдлөв. Биднийг машинд суухын өмнө бүх зүйлсийг буудалд орхихыг анхаарулсан байв. Буудлаас зүүн хойш зүгт хотын цардмал зам дагуу нэлээд давхилаа. 15 минутын дараа машины явдал 30 км цагаас дотогш болж удаашрав.
Солонгосчуудын хэлдгээр “Мөнхийн удирдагч”-дын нойрсож буй бунханд ойртох тусам бүх машины хөдөлгөөн ийнхүү удааширч, хүндэтгэл илэрхийлдэг гэлээ. Ер нь энгийн үед ч тэр бунхан болоод эцэг хүү Кимийн музейн урдуур бүх машинууд хурдаа хасдаг юм байна. Машин яв явсаар нэг га орчмыг тэгш дөрвөлжин хамарсан машины зогсоол дээр ирлээ. Анх бодохдоо бунхан гэхээр тийм том аварга байгууламж гэж төсөөлсөнгүй. Машинаас буунгуут хойхно талд гурван давхар байшин шиг чулуун өргөө байна. Түүний баруун болоод өмнөд талаар доош нь эргүүлж харуулсан “г” үсэг шиг явган хүний зам байна. Дээгүүрээ том чулуун саравчтай, олон багана тулсан хүндэтгэлийн хийцтэй тэр замаар бид эгнээндээ тус бүр дөрвөн хүний хайрцагт цэгцрэн алхав.
Явган хүний чулуун замын төгсгөлд доош буусан урсдаг шат байна. Урсаад л буулаа. Тэр даруйд шалгалтын пост байх бөгөөд онгоцны буудал шиг металь илрүүлэгчээр хамаг юм тэмтрэх нь тэр. Цааш дахин урсдаг тэгш замаар ертөнцийн зүгээр бол урагшаа явав. Урсдаг шатан дээр алхалгүй зүгээр зогсож явах учиртай гэнэ.
Ийнхүү шатны урсгалд төлөв байдлыг илтгэн явах зуур дээгүүрээ битүү чулуун байшин дундуур л яваад байх нь тэр. Багцаагаар 150 орчим метрийн турш ийнхүү зорчиход зүүн талын цонхоор өндөр далантай хиймэл нуур харагдах бөгөөд хун шувуу олноор цугласан аж. Харин баруун талын цонхоор мөнөөх бунханыг гол байгууламж асар том өргөө сүндэрлэнэ. Бараг төрийн ордонтой нь дүйхүйц том байгууламж баруун урд зүгт алсалж харагдана. Яван явсаар тэгш урсдаг зам дуусаж дахин доош буусан шатаар уруудав.
Хар бараан өнгийн солонгос үндэстний хувцастай төлөв даруу байдлыг тайвнаа илэрхийлсэн залуухан бүсгүйчүүд угтаж авав. Тэр буусан хэсэгт хүмүүсийн эд зүйлийг хадгалдаг үйлчилгээтэй хэсэг байна. Түүнийг гатлан дахин цааш дахин 100 гаруй метрийн урсдаг замаар явав. Зүүн гар талын хананд нь тус улсыг үндэслэгч тэдний дууддагаар бол “Нөхөр” Ким Ир Сений түүхийг илтгэсэн зургууд байна. Бага залуудаа эцгээс өнчирч, эрийн цээнд хүрэлгүй шахам байхад нь ээж болон хоёр эрэгтэй дүү нь дажны хөлд үрэгджээ. Аав нь хувьсгалч, ээж нь хувьсгалын үзэлтэн, бага дүү нь тагнуулын албанд зүтгэдэг байж. Өвөг Ким даргын зураг чамин дэгжин хувцастай уулзалтын дүрсүүд зүүн гар талаар аажим улирч харагдана.
Харин баруун гар талаар бол хоёр дахь Ким дарга буюу Ким Чен Ирийн амьдралын агшнуудыг буулгасан зургууд харагдана. Голдуу нэлхгэр саарал хүрэмтэй зураг нь зонхилно. Залуудаа их жавхаатай эр байсныг нь илтгэсэн зургууд хийгээд эцэгтэйгээ хамт даруулсан дүрс олонтаа. Ингээд явсаар байж нэг том танхимд орж ирлээ. Танхимын адар тээр дээр харагдана. Бараг 20 метрийн өндөр таазтай, урт өргөнөөр 500 хүн элбэг багтах тэр танхимын хойморт эцэг, хүү Ким-ийн лааны тосон баримал гэрэл сүүдэр тохируулан залрах ажээ. Өндрөөрөө ердийн дундаж хүнээс хоёр тохой өндөр яг л амьд хүн шиг урласан аж. Энэ танхимд хүмүүс тав таваараа эгнэн очиж бөхийн хүндэтгэл үзүүлэх ёстой гэлээ. Тайлбарлагч дохио өгөхөд бүгд ёсчлон үйлдэв. “Усыг нь уувал ёсыг нь дага” гэж ёсолж таарлаа.
Энэ танхимд адаглаад бохь зажилбал асуудалд орно. Бас хамжааргагүй хувцаславал мөн л асуудалд орно. Ер нь үл хүндэтгэх үйлдэл, эс үйлдэл гаргаж болохгүйг сануулав. Автомат буутай хүндэт харуулын цэргүүд булан бүрт бидний ажиглан зогсоно.
Тэр танхимыг дамжаад цааш явсаар хувцасны тоос үлээдэг салхин мэдрэгчтэй эгнээ хаалгаар дотогш оров. Өвөг Ким даргын бунханд сая нэг орж ирж байгаа нь тэр аж. Таазны өндөр 20 метр орчим, гол танхим тэгш дөрвөлжин агаад баримжаагаар хайш хайш 40 алхам болов уу. Танхимд өтгөн харанхуй бөгөөд бүдэг улаан гэрлүүд сүүмийж гагцхүү голд буй “Удирдагчийн” шарил дээр тод гэрэл төвлөрчээ. Танхим дотор өвч зэвсэглэсэн цэргүүд сахих ба хамт орсон зочид шарилыг нар зөв тойрохдоо өмнө, баруун болон зүүн талд нь тус бүр нэг удаа бөхийн хүндэтгэл илэрхийлдэг байна.
Хар саарал өнгийн европ хүрэмтэй, цагаан цамц, бараан зангиатай өвөг удирдагчийн шарил 24 жил болсон гэхэд царай төрх тунгалаг байдалтай. Тус газрын протоколыг үйлдээд дараагийн танхимд ортол Ким Ир Сен даргын алдрын танхим байх нь тэр. Олон улсаас авсан бүхий л одон медалиуд, шагнал, өргөмжлөл, хүндэт докторын цол хэргэм болон гадаад дотоодын зочдын дурсгалын цом, бэлэг сэлтүүдийг зохиомжлон үзэсгэлэн музей дэглэжээ.
Монгол Улсаас Сүхбаатарын одон 2 ширхэг, бас бус дурсгалын зүйлс байх аж. Хүү удирдагч болох Ким Чен Ир-т ирсэн анхны гадаад улсын бэлэг нь Монголоос байдаг гэнэ. Бага насанд нь савхин хүрэм хийж илгээж байсан түүхтэй гэсэн. За ингээд өвөг Ким даргын бунхны хэсгээс гараад бас нэлээд явсаар мөнөөх том байгууламжийн нөгөө нэг жигүүрт нь хүрэв бололтой. БНАСАУ-ын аль ч түвшний хүмүүс өөрийн улсын хамгийн өндөр уул болох галт уулын сөнөнгөөс үүсэлтэй голд нь дугариг нуур тогтсон “Паэктү” өндөрлөгийг хүндэтгэн дээдэлдэг юм байна. Тэр уулын оройд авхуулсан удирдагч нарынхаа зургийг олон янзаар үзэл сурталд тусгадаг.
Эцэг Ким Чен Ирийн бунханд орохын өмнө мөн л тэр уулын өндөрт авхуулсан томоос том зураг, цаашлаад салхин үлээлгэтэй хаалга, тэгээд бунхан гэсэн дараалалтай. Бунхны дотоор зохиомж яг эхнийх шиг ижил. Танхимын голд шилэн хоргонд буй хүүгийнх нь хувцас л өөр аж. Нөгөө зураг болгон дээр байдаг хөдөлмөрчний дүрэмт хувцас. Хоолой хүртэл цахилгаанддаг энгэртээ том том халаастай ногоон хүрэм. Мөн л ёсыг гүйцэтгээд цааш явав. Дахиад алдрын танхим. 2 дахь үеийн Ким даргын одон медаль, бэлэг сэлтүүд. Манай нэг хувийн сургуулийн хүндэт доктор юм байна. Тэмдэглэх юмгүй учир бүх зүйлийг тогтоож чадсангүй. Монголоос очсон өдий төдий дурсгалын зүйлс байгааг олж харсан.
Ингээд дараа дараагийн танхимуудад тэдний унаж хэрэглэж байсан машинууд, дунд оврын хөлөг онгоц, бас галт тэргүүдийг тус тусад нь танхим байгуулж үзмэр болгожээ. Түүний дунд Сталинаас өвөг Ким даргад бэлэгэсэн сум нэвтэрдэггүй лимузэнь, мөн Ким Чен Ир-ийн нас барахдаа сууж явсан гал тэрэгний нэг чингэлгийг тэр чигээр нь угсран харуулж. Тэдний дотор Монголд 2 удаа очсон өвөг Кимийн хуягласан галт тэрэг ч байна лээ.
Тэдгээр үзмэрүүдийн дараа эргэж ирсэн замын дагуу буцаад машины зогсоол хүртэл 25 орчим минут явсаар сая нэг бунхантай “танилцах аялал” дуусгавар болов.
Сахилга бат гэдэг үгийн тэнцүүгийн тэмдгийн ард талд Умард солонгос гэж бичвэл яг дүйцнэ. Өөр ямар ч оронд харж чадахгүй сахилга батыг энэ улсад амьдаар нь харах боломжтой. Энэ бол коммунист тогтолцооны үед л байлгаж болох дэг сургууль. Эрчүүд 8-10 жил, эмэгтэйчүүд 5-6 жил цэргийн алба хаадаг гэж хэлсэн. Үнэн эсэхийг мэдэхгүй юм. Хүүхэд бүр иргэний хамгаалалт, цэрэгжилтийн асар өндөр бэлтгэлтэй нь харагдсан. Хүний нөөцийн хувьд буу эзэмшилт, байлдах чадвар туйлын өндөр.
Сахилга батыг хэд хэдэн зүйл дээр онцлон хэлье. Эхний зүйл бол хүмүүсийн хувцаслалт. Умардын нийслэлд гудамжинд нэг ширхэг ч жийнстэй, эсвэл гял цал хүн харагдаагүй. Хэдэн төрлийн нийтлэг хувцас эрчүүд нь өмсөх ба хүүхнүүдийн сонголт арай өргөн санагдсан. Сурагчид нь цагаан цамц, улаан зангиаг эр эмгүй зүүж зүүн энгэртээ удирдагчдын хөрөг бүхий тэмдэг хатгасан байна.
Сахилга батыг хамгийн тодоор илэрхийлэх зүйл бол цэргийн сүрт жагсаал болон ард иргэд оролцсон нүсэр парад. 200 орчим мянган хүн нийт дүнгээрээ төв талбай дээр жагсана лээ. Цэргүүд бол ойлгомжтой жагсаад жагсаад явчихна. Харин 100 мянган энгийн иргэнийг оролцуулсан үсэг солигдож, өгүүлбэр бичигддэг жагсаал бол дэндүү нүсэр. Нэг хүн нэг багц өнгийн цэцэг барьсан байх бөгөөд тэрийгээ ээлж ээлжээр дээш доош болгон 100 мянган хүн багтдаг талбайд нэг хүн нэг цэг мэт, нийлээд том дэвтрийн хуудас мэт жагсаалд орж үсэг бичнэ. Сүүлийн 6 сар тасралтгүй бэлтгэл хийсэн аж. Түүнээс өмнө тус тусдаа удтал бэлдсэн нь ойлгомжтой.
Ялангуяа шөнийн парад бол үнэхээр нүсэр, бас тэнд оролцож буй хүүхдүүдийн тэсвэр тэвчээрийг нэг талаар бахархаж нөгөө талаас өмнөөс нь гар хөл чилмээр. Тэр олон мянган хүн нэгэн зэрэг хөгжмийн ая, өөрсдийнх нь нүргэлсэн хашгираад ямар ч алдаа гаргахгүй нэг хүн шиг үйлдэл хийнэ гэдэг онцгой. 1989 онд баригдсан олон төрлийн зориулалттай хөлбөмбөгийн талбайн байгууламж бол нүсэр. 150 мянган хүний суудалтай. Wikipedia–гаас харахад дэлхийн хамгийн том гэж тодорхойлсон байна лээ. Тэр цэнгэлдэх хүрээлэн пиг дүүрэн. Голд нь байгаа том талбар бүр ч дүүрэн. 200 мянган хүний урлаг, спортын фестифаль үзэхэд хүний олныг асар өндөр зохион байгуулалтаар дэглэсэн үзүүлбэрүүд ээлжилнэ. Олон үйлдэлт өнгийн цаасан хэвлэмэл номыг багаар бодоход 30 мянган хүүхэд барьж хөгжмийн хэмнэлээр хуудас солигдоод хүн бол нэг том дэлгэцний жижиг тэмдэгт төдий харагдана.
Хүний олон, дээр нь технологийн шинэлэг шийдлийг хамтад нь эвлүүлж, дуу хөгжим, гэрэл, лазерийн эфиктийг тултал ашигласан байна лээ. Дуу хөгжим нь их сонин. Баярын концерт гээд монголд болдог доо яг тэрний хувилбар. Ер нь орос маягийн тавилттай. Дайны үеийн, байгалийн, ээжийн тухай гэх мэт сэдэв сонголтын төвлөрөл ч багцаагаар ижил. Баярын концерт дээр нь бол ганц л эрэгтэй дуучин дуулаад бусад нь дан эмэгтэй. Яг манайх шиг Ардын жүжигчин, Гавъяат гээд цолтой. Цэргийн дарга нарын одон медал бол зүгээр л нүд гялбуулам. Тэр олон зуун мянган хүн эмх цэгц, хатуу зохион байгуулалт доор ямар ч алдаа, хийдэл гаргалгүй эмхэрч, цэгцэрч байна лээ.
Дээр нь нэмээд хэлэхэд байнгын хараа хяналт. Гадны зочдыг тухайн орны хэлээр ярьдаг нэг хүн, мөн англи хэлээр ус цас шиг ярьдаг бас нэг хүн туслан дагалдана. Биднийг хэдэн цагт хаана байхыг нэг бүрчлэн хэлж өгөх ба үзмэр, арга хэмжээний үеэр байнга хамт байж хөтчийн үүрэг гүйцэтгэнэ. Бидэнд Ан дарга хэмээх маш сайн Монгол хэлтэй солонгос хүн хэлмэрчилж байв. Хоёр охин нь Монголд төрсөн, монголд дөрвөн ч удаа дипломат үүрэг гүйцэтгэж байсан, тэр бүү хэл МУИС-ийг аль наяад оны эхээр дүүргэсэн нэгэн. Ан гуай Монголд элэгтэй, Өвөрхангайд очих дуртайгаа хуучилсан юм. Ер нь Умардынхан манай дээр үеийн нам, төрийн удирдагчдад маш хүндэтгэлтэй хандаж байв. Тухайлбал дайны үед өнчирсөн солонгос хүүхдүүдийг Монголчууд эх орондоо авчран өсгөж хүмүүжүүлсэн тухай талархал албаны уулзалт бүр дээр өрнөж байв. Манай бүрэлдэхүүнийг тус улсын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу Төрийн тэргүүн хүлээн авч уулзсан. Мөн гадаад хэргийн сайд болон тус улсын намын өндөр тушаалын хүмүүс хүлээн авч уулзсан болно.
ЕС. ЗООГ БА БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭЛГҮҮР
Умардын хоол нь Өмнөдийнхөөс ялгаатай санагдсан. Халуун ногоо багатай чихэрлэг, зөөлөн. Жишээ нь кимчи гэхэд бидэнд танил болсон халуун ногоотой биш. Бараг 60 хувь халуун ногоо багатай. Хоолны порц бага. Ер нь тэр улсад таргалалт маш бага.
Буудлын хувьд тус улсын хамгийн өндөр буудалд нь биднийг байрлуусан. Хүмүүс нь англиар чөлөөтэй ярьж байв. Хүн тус бүрийг нэг өрөөнд оруулсан бөгөөд өрөө бүрт үндэснийх нь сувгууд болон Хятадын олон суваг гарч байх аж. Олон улсын зочид болохоор онцгой зохицуулсан байх, CNN зурагтаар нь гарч харагдана лээ.
Үйлчлэгч нар нь найрсаг. Хувцас угаалга, индүүдлэг, өрөөний хөргөгч дүүргэх гээд бүх үйлчилгээг гадны зочдод зориулан үнэ төлбөргүй болгосон байв.
АРАВ. БРЭНД: ЧУЛУУ БА АНАГААХ УХААН
Солонгосчуудын хувьд оёмол хатгамал зүйлс, муутуу цаасан дээрх усан будгийн зураг нь үнэхээр сайн хөгжсөн. Дээр нь эмийн ургамалтай, байгалийн цэвэр гаралтай органик эм болон эмчилгээний бүтээгдэхүүнүүд төрөл төрлөөр гарсан байна. Тухайлбал эрхтэн тус бүрийн ажиллагааг дэмжих чулуу, үрэлнүүд байх аж. Тэдгээр нь багадаа 7 доллараас эхлэнэ. Нэг чулууг 3 жил хэрэглэх заалттай байна. Жишээ нь чихний чулуу гэхэд чихэн дээрээ тавина. Яг ч чулуу биш л дээ. Чулуужуулсан холимог найрлагатай ургамалууд. Монголчууд умард нутгаас “Кундам” нэртэй тамир тэнхээ сайжруулах тариаг нэлээд оруулж ирдэг бололтой.
Гадаадын иргэд зөвхөн доллар, евро, юанаас тооцоо хийнэ. Мөн гадныхан ордог дэлгүүр, солонгосчууд ордог дэлгүүр тусдаа. Жишээ нь бид Слоногсочууд ордог дэлгүүрт орох боломжгүй.
Албан ёсны арга хэмжээнүүд болон хүндэтгэлийн орчин, музей бунхны хувьд гар утас нэвтрүүлдэггүй. Хүмүүс нь ч гар утас бага хэрэглэдэг шиг санагдсан. Бидний хэлдгээр “амьд харилцаа” тэнд байна. 150 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд нэг ширхэг ч гэрэл зургийн аппаратны гэрэл гялсхийж харагдаагүй. Интернэт бол байхгүй. Тодорхой хэсгүүдэд, тодорхой ажлын шаардлагаар л цахим орчинд орно уу гэхээс нийт иргэд нь цахимжаагүй.
Пехньяны их сургуульд найман гадаад хэл заадаг аж. Хамгийн сонирхолтой нь тэд гадаад хэлээр ази аялага багатай тун цэвэрхэн ярьж байлаа. Нэгэн тайлбарлагч эмэгтэй цэвэр Британи аялгаар ярьж байхад нь “Та Британид сурсан уу?” гэтэл Солонгостоо сурсан гэх жишээний.
АРВАНХОЁР. УДИРДАГЧ БА АЛГА ТАШИЛТ , “НЭГ СОЛОНГОС”
Бүхий л арга хэмжээн дээр Солонгосын газрын зургийг бүтнээр нь харуулдаг. Өмнөд, Хойд гэж хуваалгүй. Залуу Ким даргыг цэнгэлдэхэд бас параданд хүрэлцэн ирэхэд бөөн нүргээн болж өдөр шөнө хамаагүй галт цацраг буудуулан тэр аяараа алга ташиж болж, ихэнх нь хоёр гараа дээш өргөн үсрэн хүлээн авна. Тэр алга ташилт багадаа 5 минут орчим үргэлжилнэ.
Баярын концертын үеэр 3 цагийн арга хэмжээний дундуур 3 удирдагчийн аль нэгийнх нь зураг гарах бүрийд босч алга ташина. Сууж ташихгүй. Олон хүн цугларсан газрын багаар бодоход 20-30 хувьд нь цэрэг армийнхан талбай эзлэн сууна. Тэд бүр нэг хэмнэлээр алга ташина. Бидэнд үйлчилж байсан нэгэн солонгос залуугийн хэлснээр “тэд бол бурхан шиг, бидний ээж аав шиг шүтээн” гэж хэлнэ лээ.
Тус улсад Монголоос Энх-Үйлс хэмээх ганцхан оюутан сурдаг аж. Анагаах ухааны чиглэлээр 4 жил сурч төгсөнө. Галт жагсаалын үеэр бидэн дээр ирж уулзаад бөөн баяр болсон. Мэдээж тус улсад байх Монгол Улсын Элчин сайд болон яамны залуус үнэхээр сайхан хүлээж авч дэлгэрэнгүй сайхан яриа хөөрөө дэлгэсэн.
Бидний замнаж байсан социалист нийгмийн амьд төрх, дэлхийн анхаарлын төвд ямагт халуун сэдэв байдаг БНАСАУ-д цөөн өдөр болоход их олон бодол төрж байв. Зүгээр л тунгааж ойлгох олон зүйлс байгааг ажигласан. Энд би ямар нэгэн улс төрийн дүгнэлт, хэт хүчтэй хувийн байр суурь хийхийг хүссэнгүй. Өөрийн гэсэн зовлонтой, өөрийн гэсэн жаргалтай, өөрийн оршин бүхий хувь тавилантай, өвөрмөц нэгэн орныг тодорхой хэмжээнд танин мэдэж авлаа. Зүгээр л байгаа зүйлийг байгаагаар нь илэрхийлэн бичлээ. Тэвчээр зааж уншсанд баярлалаа.
2018.09.18
Улаанбаатар хот
Сүхбаатарын Эрдэнэболд
Сэтгэгдэл ( 1 )
mash taalagdlaa