“ЭРДЭНЭТ”-ИЙГ ТОЙРСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ЭРГЭН САНУУЛАХ НЬ
Монгол Улсын төсвийн ачааг 40 жил үүрсэн “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяа бүрхэг хэвээр байна. Хэдийгээр “Эрдэнэт”-тэй холбоотой таагүй мэдээллүүд нь хуучин сэдэв боловч үнэн зөв, бодит мэдээлэлтэй хүн одоо болтол алга.
Монголчууд бүгдээрээ “Эрдэнэт”-ийг Орос-Монголын хамтарсан үйлдвэр, улсын эдийн засагт өндөр үр өгөөж өгдөг гэдгээс илүүг мэддэггүй явж ирсэн. Гэтэл 2016 оны зургадугаар сарын 28-нд Ч.Сайханбилэгийн Засгийн газар гэнэт “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монгол Улсын мэдэлд ирлээ гэж зарласан. “Эрдэнэт”-ийн 49 хувийг ОХУ-ын “Ростех”-ээс 470 сая орчим ам.доллараар худалдан авснаар тус үйлдвэр 100 хувь дотоодын компани болсон. Монгол Улс цаашид Эрдэнэтийн 51 хувиа эзэмшиж, Монголын компани буюу Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж “Монголын зэс корпораци” 49 хувийг нь эзэмшихээр болсныг Засгийн газрын тэргүүн зарлаж байв. Ингээд л “Эрдэнэт” олон улсын гэрээ хэлэлцээрээр зохицуулагддаг хамтарсан үйлдвэр байхаа больж, Монгол Улсын Компанийн тухай хуулиар үйл ажиллагаа нь явуулдаг үндэсний аж ахуйн нэгж болох үйл явц өрнөсөн.
Мэдээж гэнэтийн энэ мэдэгдэлд монголчууд бүгд баярласан. “Эрдэнэт” үйлдвэр Монголын үндэсний үйлдвэр болох нь, “Эрдэнэт”-ийн ногдол ашиг 100 хувь Монгол Улсдаа үлдэх нь гэж баярласан. Гэхдээ үйлдвэрийн 49 хувь хувийн компанид шилжих үйл явдалд ард түмэн, улс төрийн намууд өөрт ашигтай талаас нь хандаж байв. Үйлдвэрийн хувьчлал эрдэнэтчүүдэд шууд нөлөөлөл үзүүлсэн тул тэдний хувьд эмзэг сэдэв болсон. Тиймдээ ч өнгөрөгч сонгуулиар хэний ч санаанд ороогүй О.Баасанхүүг Төрийн ордонд залагдсан. Магадгүй МАН-ын ялалтад ч үйлдвэрийн асуудал томоохон хөзөр болсон нь дамжиггүй.
МАН-ын тухайд буюу эрх баригч хүчний хувьд үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах ёстой гэсэн нь ард түмнээс өндөр үнэлгээ авсан. Ингээд “Эрдэнэт үйлдвэр”-ийн гэрээ ёсоор Засгийн газрын давуу эрхээ эдлнэ гээд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 4-ний хуралдааны шийдвэр, УИХ-ын 2018 оны хоёрдугаар сарын 10-ны 23 дугаар тогтоолоор “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд буцааж авахаар шийдвэрлэсэн юм.
Ингэж Эрдэнэт үйлдвэр маргааны гол талбар болж байв. Үйлдвэр Монгол Улсад эсвэл Монголын төрд шилжсэнээр “Эрдэнэт”-ийн үйл ажиллагаанд онцын өөрчлөлт ороогүй. Үйлдвэрийн үйл ажиллагаа, барилга байгууламж, үйлдвэрийн ажилчин, албан хаагчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй, үйлдвэр хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Харин удирдлагуудын төвшинд буюу хоёр тусдаа ТУЗ-тэй, 51 хувь болон 49 хувийн төлөөллийн дарга, захирлуудын давхардалтай л үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ хувь эзэмшигч бүрийн төлөөллийн удирдлагуудын эрх мэдэл өндөр байдаг юм билээ. Жишээ татахад, эдгээр ТУЗ-үүд хуралдах болохоороо Эрдэнэт рүү нисдэг тэрэг хөөрдөг жишиг тогтоод удаж байна.
БУРУУТАН ХААНА БАЙНА?
Улс орны улс төр, нийгэм, эдийн засгийн томоохон эргэлтийн цэг болсон “Эрдэнэт”-ийн асуудал өнөөдрийн мэдээллийн шуурганд бүдгэрээд байх шиг. Тиймийн тулд үйлдвэрийг тойрсон маргааныг эхнээс нь бичсэн нь энэ. “Эрдэнэт” үйлдвэр өнөөдрийг хүртэлх хугацаанд олон удаагийн шүүхээр ороод байгаа. Ялангуяа 2018 оны есдүгээр сарын 20-ны Улсын дээд шүүхийн шийдвэрээс хойш “Эрдэнэт” үйлдвэрийг төр өөрийн мэдэлд авсан нь буруу гэж шүүхээс шийдвэрлэлээ гэх утга бүхий ойлголт үлдчихлээ. Гэтэл Дээд шүүхээс чухам ямар шийдвэр гарсныг бүрэн ойлгосон хүн ховор. Тэгээд үнэхээр шүүхээс бурууг нь тогтоосон бол Монголын төр уучлалт гуйх хэрэгтэй баймаар юм. Хувийн компаниуд хүчирхэгжиж, эдийн засгийг эрүүлжүүлэхэд нь төр боломж олгох хэрэгтэй биш гэж үү.
Улсын Дээд шүүхийн албан ёсны мэдээлэлд “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан шийдвэр гаргалаа гэсэн байдаг. 2018 оны есдүгээр сарын 19-ны Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч “Монголиан коппер корпорейшн” ХХКМонгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн гурван байгууллагад холбогдуулан нийт 13 нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 6-г нь хангаж, 2 шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, 5-ыг нь хангахгүй орхиж шийдвэрлэв. Хэргийг ийнхүү шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль болон дээрх тогтоолыг зөрчиж, зарим шийдвэрүүдийг гаргасан байна гэж дүгнэсэн байна. Ийм л зүйл болсон. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн мэдэлд авах тухай УИХ-ын 23 дугаар тогтоол нь хууль зөрчөөгүй. Харин 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн гэх утгатай л шийдвэр гаргажээ. 23 дугаар тогтоолын 3 дугаар заалтад “хэлцэл хийх” гэж заасан нь хэрэгжээгүй. Мэдээж өөр олон зүйлд буруутсан ч гол заалт нь энэ. Харин мэдээллийг хэн хэрхэн түгээхээс шалтгаалж, олон нийтийн ойлголт тогтож үлдсэн гэхэд хилсдэхгүй.
Мэдээж төрийн зүгээс Монголын зэс корпорацийнхантай зөвшилцөх л хэрэгтэй байсан юм. Зөвшилцөж “Монголын зэс”-ээс гаргасан мөнгийг хэрхэн төлөх тухай яригдах байсан биз. 470 сая ам.доллар гаргана гэдэг мэдээж хүнд. Саяхны албан бус мэдээллээр Худалдаа хөгжлийн банкны санхүү хүндэрсэн сурагтай байсан. Төв банкнаас 500 тэрбум төгрөгийг тус банкны активын чанарыг сайжруулах замаар зузаатгал хийсэн байж болзошгүй аж. Хэрэв үнэн бол, Худалдаа хөгжлийн банкинд санхүүгийн хувьд хүндэрсэн банкинд авдаг арга хэмжээг авсан гэж хардаж болохоор байна. Үүний цаана ямар лобби явсан бэ. "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийнхан дунд төрийн томчууд байгаа гэлцдэг нь үнэн болж таарах уу? Тэдгээр томчуудыг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүлдэг сурагтай юм билээ.
“Эрдэнэт”-ийн 49 хувийн зүгээс томоохон лобби ажиллагаа явуулж байгааг ч Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж баталсан. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авахдаа улсаас мөнгө гаргасан талаар хэлсэн. Түүний үгээр бол 100 тэрбум төгрөг улсаас гарсан байгаа юм. Монголбанкны захирал Н.Золжаргал 100 тэрбум төгрөгийг Д.Эрдэнэбилэгийн компани руу оруулаад бас нэг садангийнх нь шахуу хүний данс руу орж гурван өдрийн дараа Монголын зэс корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингийн хувийн данс руу оруулсан байна. Ийм зүйлийг шалгах гэхээр өнөөх бүлэглэл нь шалгуулахгүй байгаа тухай ч сайд хэлсэн. Үүнээс харахад “Эрдэнэт” үйлдвэрийн 49-ийнхний талд улс төрийн томчууд орооцолдож, томоохон лобби явуулж, улсын мөнгийг үйлдвэрийн хувьчлалд ашигласан болж таарахаар байна.
Ц.Нямдорж сайдаас энэ сарын 4-нд "Эрдэнэт" үйлдвэрийн маргаан ямар шатандаа явж байгааг асуухад “УИХ-ын шийдвэр хэвээрээ байгаа. УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр нь хэвээрээ байгаа. Хамгийн гол хоёр шийдвэр нь хэвээрээ байна. Засгийн газрын өмнөх шийдвэрийг шүүх будлиулсан бол Засгийн газар дахиад авч хэлэлцэх эрх нь нээлттэй байгаа. Дээд шүүх дээр ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч нар энэ хэргийг шийдсэн. М.Батсуурь гэдэг шүүгч Худалдаа хөгжлийн банкны хуулийн хэлтсийн дарга байсан. Саяын Дээд шүүхийн хуралдааныг М.Батсуурь л даргалсан юм билээ. Шийдвэр нь урьдчилаад гарчихсан байсан” гэсэн юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэнгүй. Одоо Засгийн газрыг төлөөлж хуралд орсон хүмүүс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид асуудал тавих ганц л арга байгаа юм билээ. Гэхдээ сайдын хэлсэнчлэн Дээд шүүхийн шийдвэр өөрчлөгдөхгүй л болов уу. Угаасаа 49-ийнхөнтэй зөвшилцөөгүй гэдгээрээ буруутах биз.
ӨРИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ?
Ер нь “Эрдэнэт” үйлдвэрийн маргаанд ганц 49-ийнхний асуудал байгаа юм биш ээ. 51 хувийнхны хувьд ч асуудал их бий. Албан тушаалын томилгоо, үргүй зардал, бараа материалийн шахаа гээд асуудал энд л гардаг. Мөн “Жаст”-ын хэрэгтэй холбоотой “Стандарт” банкинд төлөх 120 сая ам.долларын өр байна.
“Жаст” группийн захирал Ш.Батхүү 2010-2012 онд “Эрдэнэт” үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг ашиглан тус үйлдвэрийн 51 хувийг барьцаалан Өмнөд Африк дахь “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээлсэн байдаг. Улмаар Ш.Батхүү “Стандарт” банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс олон улсын Арбитрын шүүхээс өрийг албадан гаргуулах шийдвэрийг гаргасан боловч өнөөг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас өдөрт 75 сая төгрөгийг хүүнд нь төлж байгаа гэх юм. Үндсэндээ Арбитрын шүүхээс нэгэнт шийдвэр гарсан л бол биелүүлэхээс өөр аргагүйг хуульч, өмгөөлөгчид хэлж байгаа. Үгүй бол “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэх, уурхайгаас гарч буй бүтээгдэхүүний борлуулалтын төлбөрийг Монголд оруулж ирэхгүй байх эрхтэй юм байна.
Уг нь Ш.Батхүү анх 109 сая ам.долларын өр тавьсныг нь шүүхээс 51 сая ам.доллар болгон бууруулсан байдаг. Харин “Эрдэнэт” үйлдвэр, Монгол Улсын зүгээс уг өрийг барагдуулах арга хэмжээ авсангүй. Ийнхүү хэрэг даамжирсаар Арбитрын маргаанд зарцуулсан зардал, үндсэн зээлийн хүү, торгууль, хуулийн компанийн хөлс зэргийг тооцоод үзэхээр 120 орчим сая ам.доллар болчихсон байна.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд өрийг Ш.Батхүү төлөх ёстой гэсэн. Тэрбээр “Стандарт” банк, “Эрдэнэт” үйлдвэрийн хоорондын асуудал эцсийн шатандаа орсон. Эцсийн дүндээ Ш.Батхүү гэдэг хүн хөрөнгөөрөө хариуцах асуудал. Тэр хүний хөрөнгөнүүд хаашаа орсныг шалгах хэрэгтэйг би хэлээд байгаа. Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгах гэж оролдоод л байж байна. Цаана нь нарийн зүйлүүд байгаа. Гэхдээ улсын хөрөнгө асуудалд орж байхад Засгийн газар тоохгүй суугаад байж болохгүй. Хүүгийн төлбөрийн асуудал үүсгэлээ гэхэд нь Засгийн газарт танилцуулсан. Тэр үед улсын хөрөнгөөр луйварчны өрийг дарах нь гэж шуугьсан. Ер нь АТГ, прокурор Ш.Батхүү гэдэг хүний асуудлыг нэг тийш болгоод хөрөнгө нь хааш алга болсныг тогтоох хэрэгтэй. Тэгсэн цагт Ш.Батхүүгийн хөрөнгөөр өрийг дарах боломж бүрдэнэ. Баахан бензин колонк байсан, банк байсан. Тэр хөрөнгөнүүд нь хаана байгааг тогтоох хэрэгтэй” гэсэн юм.
АТГ-ынхны өгсөн мэдээллээр Ш.Батхүүгийн хөрөнгийг тоолж, үнэлж дуусч байгаа юм билээ. Тэгээд удахгүй Ш.Батхүүд ямар хэмжээний хөрөнгө байгаа ба түүгээр тухайн өрийг дарж барах эсэх нь тодорхой болох юм гэсэн. Мөн хэрэгтэй холбогдуулан үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг цагдан хориод байгаа. Үндсэндээ үйлдвэрийн өрийн асуудлаар нийтдээ таван хүн шалгагдаж байгаа юм билээ.
“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой элдэв маргаантай асуудалд тус үйлдвэрийн өнөөгийн удирдлага Х.Бадамсүрэн төвч байр сууринаас хариулсан байсан. Тэрбээр “Энэ асуудалд үйлдвэрийн удирдлагын байр суурийг илэрхийлэхэд хэцүү, төвөгтэй юм. Холбогдох хууль хүчний байгууллага болон маргааныг шийдвэрлэдэг төвшний л асуудал гэж ойлгож байна. Бидний хувьд ямар ч нөхцөл байдалд үйлдвэрлэлийг хэвийн, тасралтгүй явуулах, үр ашгийг өндөр байлгах, хамт олны уур амьсгалыг алдуулахгүйн төлөө л ажиллана. Энэ үйлдвэрийг удирдаж байгаа миний хувьд болон нийт бүрэлдэхүүн ийм л байр суурь, үзэл бодолтой байгаа. Өнөөдөр "Эрдэнэт" үйлдвэрийн үр ашиг өндөр, үйлдвэрлэл хэвийн жигд явж хэтийн ирээдүй тодорхой байна. Аль ч шатны шүүхийн ямар ч шийдвэртэй холбоотойгоор үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдаагүй, тэгэх ч ёсгүй” хэмээсэн юм.
Юутай ч 40 жилийн ойгоо тэмдэглэж буй “Эрдэнэт” үйлдвэрийн хэтийн ирээдүй тодорхой, урагш харж ажиллаж байгаа нь сайшаалтай. Манай улсын "саалийн үнээ" гэгдэх уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн хамт олны ажил үйлс өөдрөг сайхан байх нь зөвхөн эрдэнэтчүүдийн төдийгүй улс орны эдийн засагт томоохон үүрэгтэй, өмнө нь ч тийм байлаа. Тус хамт олон энэ оны эхний найман сарын байдлаар техник, технологийн бүх үзүүлэлтийг 100-гаас дээш хувиар биелүүлж, улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх хөрөнгө, орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Өнгөрсөн онд "Эрдэнэт" үйлдвэр түүхэнд хамгийн өндөр ашиг орлоготой ажиллаж улс, орон нутгийн төсөвт 620 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн бол энэ оны эхний найман сард түүний 80 хувьтай тэнцэх хөрөнгийг төсөвт төвлөрүүлчихээд байгаа аж. Бас нэг баярлууштай мэдээ нь "Эрдэнэт" дахиад 60 жил ажиллах нөөцтэй нь тогтоогдсон байна. Юутай ч “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа нь сайн хэрэг.
“Эрдэнэт” бол Монголын уул уурхайн жишиг төсөл. Үйлдвэрийг дагаад бүхэл бүтэн 100 мянган хүнтэй хот сүндэрлэсэн. Оюутолгойгоос илүү өгөөжөө өгсөн, өгч байгаа төсөл. Энэ бол монголчуудын төсөл. Тиймээс анхаарлаас гадуур үлдээж хэрхэвч болохгүй. Тиймээс “Эрдэнэт”-ийн хэрэг сүр дуулиантай гарч ирээд алга болчихгүй байгаасай гэж хүснэ. Намрын чуулган эхлээд удаагүй байна. Бидэнд хэлэлцэх, шийдвэрлэх асуудал их байна. Үүний хамгийн том сэдэв “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал байх учиртай. “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон маргаан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, сайд дарга нарын халаа сэлгээ зэрэг өдөр тутмын сүржин үйл явдлууд дунд замхарч алга болох вий.
М.ХАНГАЛ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 13 )
1998 онд Ард банк Сэргээн босголт 2 банкыг нийлүүлэх маш зөв шийдвэр гаргахад буруу гээд л засгийг огцруулж байв. Эрдэнэт 49 хувийг үндэсний компани Оросоос худалдаад аваад ирснийг буруу гэх тусам зөв гэдэг нь тодроод байгаа яг 1998 оны банкны шийдвэр шиг.......Битгий нэгийгээ учир утгагүй буруутгаж улсын баялагийг харьд өгөхийг дэмжээч
Буянгын Жагаа 49 хувийг авсан бол яахав? Хэнч мэдэхгуй 30 хурээгуй залуу Гэнэт баяжаад Эрдэнэтын талын Хулгайн монгоор авчихдаг гэж юу байсан юм.Ард тумний омч Эрдэнэт чинь! Элбэгдорж хулгайчын мафид огч болохгуй!!!
элбэгдорж эрдэнэбилэг хоёр монголын баялаг руу эрээ цээргүи шунаж байна даа нэг л өдөр аавын хаалга татана даа ард түмнииг малаас дор үзэж байх шив босно доо босоно
Жастын хөрөнгө хаашаа орсоныг Ц.Нямдорж болон холбоотон Алтан нар маш сайн мэдэж байгаа даа. Бусад нь шударга дүртэй шударга бус Ц.Нямдоржийн шоу шүү дээ. Ц.Нямдорж яагаад 49%-р амь тэмцээд байгаагийн гол гаргалгаа энэ 51% юм
Аль ч утгаараа үндэсний компани 49 хувийг аваад ирсэн нь ард түмний баярлуулштай асуудал байтал өнөөгийн ко эрх баригчид хөзөр болгон ашиглаж ялалт авсан. Явж явж 49 хувь зөв гэдэг нь батлагдах тусам эрх баригчид балайртлаа уурлаж байгаа юм даа хөөрхий. Баахан шүүхийг хараасан улс Нямкагаас авахуулаад..... Зөв юманд нүд нь хорсдог үхэж байсан сөнөсөн коммунистууд ялзарсан МАН ынхан хар мангарууд........
Энэ торгуулийг яаж төлөх Нямдоржын санааг асуух
М.Батсуурийг ард түмний нэрийн өмнөөс буудчих хэрэгтэй.
Жаст төлөх ёстой. Жастын хөрөнгө хаачив !!! Хэнд одоо байгаа гээд л яваад баймаар хөрөнгиин алалцаан ....