Уулс уулсаа нөмөрдөөд салхи ч үгүй бүгчим зун. Нэгэн өглөө эмээ минь буруу харж хэвтчихээд өндийсөн ч үгүй. Гэрийнхээ өрхийг цэлийтэл татсан боловч алгын чинээ хар үүл тооно тэгнэж хуралдчихаад өдөржингөө өрхөө бүтээчихсэн айл шиг зэвхий өнжлөө. Их үдэд гэрийн гадуур хонь хурга майлалдана. Эмээгийн цээж хэржигнэн цаанаасаа нэг л хөндүүр дуугарна.
- Хонь хургаа нийлүүлээд гол уруудуулаад туучих. Хэсэгтээ л шуугилдаад сайхан байлаа гэж хэлээд дуугүй болов. Би хариу дуугарсан ч үгүй. Байрнаасаа хөдөлсөн ч үгүй. Хоолойд тээглэсэн гашуун нулимс хацар эсгэж байлаа... Хорвоо хатуу даа хатуу хүү минь. Түргэл түргэл гэж өмнөхөөсөө ширүүн өнгөөр хэлээд хүндээр бөгшүүлэв. Би ч хар хурдаараа гэрээс гарлаа. Хурганыхаа үүдийг цэлийтэл нээчихээд өнчин ишгээ цээжиндээ наалаа. Хурга, ишигнүүд ижийгээ хайн майлалдаж, зарим нэг нь цагаан сүүгээ хөхөж байхад хэнзэлж гарсан хөх ишиг хүүгийн өвөрт наалдаад ганц удаа ч майлсангүй. Хонины шуугианаар хүн ирэхийг ч анзаарсангүй.
- Чи чинь юундаа усан нүдлээд сууна. Халуун зунаар хонь хургаа нийлүүлж байдаг. Хэдэн хайдаг ямааны дэлэн хөх нь чинэрээд хэцүүдлээ. Алив, аав ээжийгээ хурдан наашаа явуул гэж үгийн зөрүүгүй нагац ах намайг хөөлөө. Би мориндоо мордсон ч үгүй. Дуугарсан ч үгүй. Суран тэлээгээ тайлж нуруун дээгүүр улаан гүвдрүү татуулан ороолгож байхдаа нагац ахын нүднээс нулимс бөмбөрч байхыг анзаарав. Мориндоо шурдхийн мордоод эргэж харахгүй гол уруудан хамаг хурдаараа давхилаа. Ташуур өгөх тоолонд морины нуруун дээгүүр улаан гүвдрүүтэж зарим газраа нарийн улаан зураас гарч цус шүүрч байсныг мэдсэнгүй. Гэнэтхэн морины хөл бүдчих шиг болоод газар харуулдан уналаа. Нүүрнийхээ халцарсан шарх сорви, халтартсан шороогоо ч арчилгүй хонин зэрэглээнд хучуулаад бөртийж бөмбийн цайвалзах эмээгийн гэр рүү харваас нагац ах гэрийнх нь өрхийг бүтээж байв. Тэрхэн үед тооно голлож тогтсон алгын чинээхэн хар үүл салхины аясаар сэмэрч одлоо.
С.Баатарцогт /2018 он/
Сэтгэгдэл ( 4 )
Nagats yagaad oroolgood baigaag oilgosongui
Tsoon ugeer tun ih zuil ilerhiiljee. Hairtai erhem hunee aldahad setgel yaj semerdgiig ...ugeer helehiin argaguig dursleleer haruulj chadlaa