ОХУ-ын Тувад Ховдыг чөлөөлөх тулалдааны тухай “Хомду дайыны: эртем чүүлдеринде болгаш салгалдарның сактыышкыннарында” ном тува хэл дээр гарлаа. Номыг Тувагийн судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Василий Салчак, Боловсролын гавьяат ажилтан Анай Кара-оол нар бичжээ.
Сүүлийн үед энэхүү тулааныг Дайн гэж нэрлэх үү, байлдаан гэх үү гэдэг талаар Тувад маргаан өрнөж байсан. Эрдэм шинжилгээний шинэ баримт бичгүүдийг түүхийн архиваас сөхөн гаргасны үндсэн дээр зохиолчид энэ номоо бүтээжээ.
Шинэ баримтаас дурдвал:
-Ховдын тулаанд түүхэн баримтад бичсэнчлэн 700 урианхай цэрэг биш 1200 урианхай дайчин тулалдсан. Хуучин баримтад Алтайн урианхай цэргүүдийг оруулаагүй байсан.
-Тулаанд ялсны дараа Богд хааны зарлигаар Тагна-урианхайн сайн дурын дайчдаас Куулар Балдан оглу Лопсан, Донгак Чигденчап оглу-Хенче-Кара хоёрыг Тэргүүн зоригт баатар, Оюн Дактан, Откун нарыг Зоригт баатар цолоор шагнасан.
-Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн нар 30 орчим тува дайчинд Тагну-урианхайн баатар цол шагнасан.
-Ховдын чөлөөлөх тулаанд оролцсон тува дайчдыг 1930-1940 онд хэлмэгдүүлсэн.
-1912-1914 онд үргэлжилсэн Ховдын дайн Орос улс Урианхайд эзэмшлээ тогтоох гол хүчин зүйл болсон.
Шинэ номонд тус дайнд оролцсон дайчдын үр хүүхдийн дурсамж, Ховдын дайны тухай урлагийн бүтээлүүд багтсан байна. Удахгүй Кызыл хотод Ховын дайны дурсгалын хүрээлэн байгуулагдах юм.
Сэтгэгдэл ( 0 )