А.Гатапов бол “Тэмүжин” гэдэг ном бичсэн түүхч хүн. Тэрбээр амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгаа, харин хүмүүс яагаад өөрчлөгдөхгүй байгаа талаар “Номер Один” агентлагт ярилцлага өгсөн байна.
-Саяхан нэг ахмад профессор зээ охиноо үдэж мордуулахдаа “Гадаад улсад очоод өөрийгөө монгол биш буриад хүн гэж хэлж байгаарай. Огт өөр үндэстэн шүү” гэж хэлж байхыг харлаа. Та энэ талаар юу хэлэх нь сонирхолтой байна.
-Оросууд славян гэдэг шиг л буриадууд бол монгол. Нэгэн хэсэг нь гэж хэлэхэд болно. 1950-иад онд Буриад-Монголын нэрийг Буриад болгон өөрчилснөөс хойш буриад бол монголоос өөр үндэстэн гэх ойлголт гарч ирсэн юм. Буриад-Монгол гэж хэлэх нь үндсэрхэг үзэл болон хувирч, олон үндэстний ЗХУ орны үзэл санаатай зөрчилдөж эхэлсэн. Энэ профессорын оронд би байсан бол “Өөрийгөө буриад гэж хэл. Ойлгохгүй бол монгол хүн гэж хэл. Яагаад гэвэл буриад бол Монголын нэгэн ард түмэн юм.
-Алексей Сергеевич, сүүлийн хэдэн арван жилд Чингис хаан болон түүний үеийг сонирхох нь багасахгүй байна. Чингис хаан нийт Монголын бараг цорын ганц бэлгэ тэмдэг хэвээр үлдлээ. Яагаад таны сонирхлыг орчин үе биш Их хааны үе татав?
-Өнгөрснөө үнэлж чаддаг ард түмэн л ирээдүйд үлдэх эрхтэй. Энэ бол миний үг биш шүү. Чингис хааны тухай ном бичих хүсэл хэзээ төрснөө би мэдэхгүй. Зохиолчдын курс дээр би нэг удаа түүний тухай өгүүллэг бичих санаагаа ярьтал бүгд “Бараг бүтэн ном биш үү” гэж байлаа. Дараа нь сайн судалж үзээд яг үнэнийг хэлэхэд дэлхийн утга зохиолд Чингис хааны тухай дорвитой бүтээл байхгүй байгааг ойлгосон юм. Би Чингис хааны тухай Памела Сэржен, Давид Курт, Владимир Ян болон бусад зохиолчдоос илүү бичиж чадна.
-Исай Калашниковоос ч илүү бичих үү?
-Исай Калашников бол Чингис хааныг харгис хэрцгий, булаан эзлэгч биш гэдгийг анх гаргасан хүн. Буриадчууд түүний зохиолоор түүхээ ойлгосон гэхэд болно. Үүнд түүний “Жестокий век” романы гол утга чанар оршино. Гэхдээ Исай Чингис хааны тухай баригдмал ойлголтоосоо эцсээ хүртэл салж чадаагүй. Түүний зохиолд тэр эхлээд ад үзэгдэн хөөгдөж байгаад дараа нь өөрөө хөөдөг болж эхлэнэ. Харин миний зохиолын Чингис хаан бол жирийн хүн. Тэр бол эрт үеийн удирдагчид байдаг бүх чанарыг агуулсан. Харгис хатуу, ухаантай. Нэг нэгнээ дайрч, эзэлдэг тийм л ертөнцөд тэр амьдарч байсан шүү дээ. Мянган жилийн дараа биднийг ч үхрийн мах иддэг зэрлэгүүд байсан гэж бичиж магадгүй.
-Чингис хаан бол ариун нандин, шүтээн. Ном бичихээсээ өмнө та хэн нэгнээс “зөвшөөрөл” авсан уу?
-Би лам, бөө нартай уулзаж, ёслол үйлдсэн. Үүнийгээ зөвшөөрөл авсан гэж үзэж байгаа.
Сэтгэгдэл ( 1 )
ОРОС ХЯТАД 2 МОНГОЛЧУУДЫГ ХЭСЭГЧЛЭН ХУВААЖ ЭЗЛЭН ДАРАНГУЙЛ ГЭСЭН БОДЛОГО ЯВУУЛАЖ БАЙГААГ УХАААРДАГГҮЙ ҮХЭР МОНГОЛЧУУД МАШ ИХ БАЙНА ШҮҮ . ЧИНГИС РААНЫ ҮЕД НЭГДЭЖ ХҮЧТЭЙ БАЙСАН