Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, доктор профессор, хүүхдийн зохиолч, судлаач Данзанноровын Хүүтэй хүүхдийн уран зохиолын талаар ярилцлаа.
-Сайн байна уу. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд талархал илэрхийлье. Та уншигч хүүхдүүдэд өөрийгөө танилцуулна уу?
-Баярлалаа. Миний бие утга зохиолын хэд хэдэн салбар болох шүүмжлэгч судлаач, зохиолчоор нэрлүүлдэг өргөмжлөлтэй боловч ерийн л багш мэргэжилтэй. МУБИС-ийн Багшийн сургуульд хүүхдийн зохиолын хичээл заадаг. Шүүмж хийх, тайлбар өгөх гэдэг нь аливаа зохиолыг уншиж судалдаг, нөгөө талаас нь ярьвал түүнийг туурвигч[автор]-аас нь илүү ухаан зарж, ялгарах өөр өнцгөөс тайлбарлахыг шаарддаг өвөрмөц онцлогтой хөдөлмөр. Тэр дундаас уран зохиолын төрөл зүйлийн нэг томоохон салбар бол яахын аргагүй хүүхдийн уран зохиол юм. Хүүхдэд бичнэ гэдэг, аль ч талаас нь авч ярьсан мөн чанарын хувьд нялх хүүхэд зулайгаараа амьсгалдаг гэж онцолдог шиг, тийм ариун нандин гэнэн “Хэнз хурга[Д.Н]”, “Хөлтэй нар[Г.Н]”, “Бурантагтай уул[М.Д]”, “Харааны шилтэй морь[Д.М]”-дыг дүрсэлдэг нь хөөрхөн. Үнэхээр хүүхэд насны хөнгөн шингэн хөгжил хөдөлгөөнтэй гэгээлэг, зөнч эмзэгхэн бичлэгийг шаарддаг. Би багачуудын бие, хэл, сэтгэхүйг өсгөлүүн үг, нэмүү өхөөрдөл, хүн ухаарал суулгадаг балчир насны үйлдэлтэй зохиолыг судалж түүний дүр дүрслэлээр нь хагас зуу давсан тооны ном, зохиол хэвлүүлжээ. Товчхондоо бол, мөн л хагас зууны давуулан боловсролын салбарт ажиллаж, хүүхэд, залууст багшлахдаа тэдний уншдаг шүлэг, зохиолдхи зөнч багын дүр, дүрслэлийг уншигчтай нь зэргэцүүлж судлан “шүүмжлэн хүмүүжүүлсэн” хэрэг.
-Монголын хүүхдийн уран зохиолын үүсэл, хөгжлийн үйл явцаас товчхон хуваалцана уу?
-Хүүхдийн зохиол нь аман болон бичгийн хэлбэртэй. Монголын орчин үеийн хүүхдийн уран зохиол 1930-аад оноос үүсэлтэй бөгөөд үүсгэн үндэслэгчдээс С. Буян-нэмэх, Д. Нацагдорж нар, дунд үеэс Д.Содномдорж, мөн МУ-ын хөдөлмөрийн баатар Л.Түдэв гээд л хүүхдийн зохиолыг хөгжүүлэгчид олныг нэрлэх боломжтой. Хүүхдийн зохиолын зөвлөл[1948] МЗЭ-д байгуулагдсан. Боловсролын Яамны дэргэд[1961] “Сурах бичиг, сэтгүүл, хүүхдийн ном хэвлэлийн нэгдсэн редакцын газар[тэнд би хүүхдийн зохиолын номын редактор байв]” ажиллаж байсныг 1990 онд татан буулгав. Хүүхдийн зохиол аман дүрслэлд ойр, ААЗ-той нягт холбоотой байдаг бөгөөд энэ чиглэлээр түлхүү судалгаа шинжилгээ хийсэн хүмүүсээс П.Хорлоо[ТШ,акад]-г дурдаж болно. Нөгөө талаас нь орчин үеийн хүүхдийн бичгийн зохиолыг гүнзгийрүүлэн судалсан хүмүүсээс Д.Оюунбадрах, Д.Өлзийбаяр нар байна. Ажиглавал, зохиолч бүрд аль нэг талын “Хоньчин Найдан[Д.Ц]”, “Маамуу нааш ир[Ч.Л]”, “Нисдэг алим[З.Т]” гэсэн шиг хүүхдэд хаягласан бүтээл байдгийг хэлье.
-Зохиол бүтээл туурвина гэдэг нэг хэрэг. Түүнийг судалж, шинжилнэ гэдэг бас хэрэг. Таны бодлоор хүүхдийн уран зохиолын шүүмжлэгч, судлаач байхын онцлог тал нь юу вэ. Таны бодлоор хүүхдийн сайн зохиол ямар байх ёстой вэ?
-Зохиолын хэрэглээ бол уншигчаас уран яруу тайлбар шаарддаг. Судлаач хүн, өөрөө бичиж туурвидаг авьяастан, нэг үгээр хэлбэл уншсанаа бусдад задлан үнэлсэн тайлбар бүтээн хүргэдэг чадвартан байх учиртай. Хүүхдийн уран зохиолын шинжлэл нь, тухайн зохиолчийн сэтгэлгээ уг бүтээлд хэрхэн тусав. Уул зохиолыг уншсан хүүхдэд ямар сэтгэгдэл төрөх, хэл сэтгэхүй, бие бялдрын онцлогт нь хэрхэн нөлөөлөх үүргийг тал талаас нь бүрэн харьцуулдаг. Хүүхдэд наалдацтай зохиол бүтээлийг л “Хүүхдийн сайн зохиол” гэж хэлнэ. Жишээлбэл, шууд дүрслэх “Чигчийхэн чинээ биш ээ, Чихээ өөрөө угаана аа[анх автор нь-И.Токмакова]” гэх шиг үгүүлэмж, “Унага урт сайхан зоотой, Уужим сайхан ташаатай[ААЗ]”-н тоочимж, нэршлийн хувьд “Зуны цас[Ш.Бадарч]”, “Танил чоно[З.Далхжав]”, “Салхи хардаг дуран”, “Бурантагтай уул[М.Доржсүрэн]”, “Хөлтэй нар[Г.Нямаа]” байх нь зөн совин, ид шид, далдыг илрүүлэх хөдөлгөөнт утгаар юм. Хүүхэд сэдвийг ганц л уншина. Тэр уншлагад л үнэлэгдвэл ном ч, зохиол ч тэр түүнийг боломжийн, эсвэл хэрэглээтэй гэлцдэг. Хүүхдийн зохиолын тухай яриа бол нэг ёсондоо том явж үзээгүй уншигч нартаа, зохиолч нь хүүхэд насаа хүүрнэх хэл, сэтгэхүй, насны онцлогтой бичлэгийн арга барилыг таниулна гэсэн л үг юм.
-Уншсанаа ярих, товчлон тэмдэглэх ч амаргүй шүү дээ. Зохиол судална, шүүмжилнэ гэхээр их л хүндээр буух юм. Шантрах тохиолдол гардаг уу?
-Бүтээлч ажлууд уншлагыг дагалддаг. Тэдгээрийн нэг нь сэтгэх элемент болсон зохиолд өгөх хувийн сэтгэгдэл юм. Чи уншсандаа үнэлгээ дүгнэлт өгч байгаа чинь л тухайн зохиолыг судлах, эсвэл шүүмжлэх ажлын эхлэл. “Норовын намтар[Д.С], “Хоньчин Найдан[Д.Ц]”, “Адъяахүү[Л.Х]” дүрүүд бол өнөөгийн хүүхдүүд та нарын эмээ өвөө, аав ээж, ах эгч нарын чинь бага насны дүрслэл шүү дээ.
-Та түрүүнд хүүхдийн зохиолч нараас олныг нэрлэлээ шүү дээ. Тэгвэл таны хувьд бага насандаа ямар зохиолууд уншиж өссөн бэ. Тэдгээр зохиолууд яг өнөө цагийн хүүхдийн зохиолтой харьцуулвал юугаараа ялгарах онцлогтой вэ?
-Хүүхдийн нүд, үг хэл, бодол санаатай хүмүүс бол хүүхдийн зохиолчид. Тэд аль ч зохиолдоо үүрэг хүлээлгэдэггүй. Энэ нь тоглоомлог аман талруугаа хэлбэр, агуулга, үзэл бодол, үйл явдлын дүрслэлээрээ цаг үеэ даган асар хурдацтай өөрчлөгдөж байдаг зүйл. Миний бага нас гэдэг бол өмнөх зууны 50-аад он буюу ном зохиол ховор байсан үе. Би өөрөө говь нутгийн малчин хүний хүүхэд учраас бага нас маань чулуун тоглоом, хурганы бэлчээр, ботго торомны зэлний дэргэд өнгөрсөн. Сургуульд орохоосоо өмнө буюу уншиж чаддаггүй байх үедээ ихэвчлэн бадарчны яриа сонсож, аав, ээж, эмээ, өвөөгөөсөө үлгэр туульсдхи сонирхолтой бүхнийг яриулах хүсэлтэй нэг ёсны үг хэллэг, оньсого тааврын зүйл байсан санагддаг юм. Харин сургуульд ороод төрөл бүрийн зохиолууд уншиж, танин мэдэхүйн яриа хэллэг тогтоож эхэлсэн. Миний багад одоогийнх шиг зурагт техник, технологи гэдэг зүйл бараг байхгүй болохоор хамгийн дотнын мэдээлэгч, зөвлөгч маань цаасан ном зохиол л байлаа шүү дээ. Харин өнөөдөр ном нь зөвхөн хавтсан дунд хавчуулагдсан бичвэр бус комикс хэвлэл аудио, цахим сүлжээ, зурагт, интернет гээд олон хэлбэрийн үйлчилгээтэй болсноороо ялгарна.
-Та бага насандаа ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байсан бэ. Зөнч мөрөөдөл тань юу байв?
-Эхлэл бүхэн, эсвэл ажиглалт л мөрөөдлийг дагуулдаг. Мөрөөдлөө биелүүлэх гэдэг ч эртнээс бэлтгэлтэй байхыг хэлдэг аж. Үе үеийнхний зохиолыг өвлөж, дараа дараагийн зуунруу өнгийгчид нь мөрөөдөгч хүүхдүүд та нарын насныхан байдаг. Тиймээс хүүхдийн зохиол нь илүү бүхнээс чөлөөлөгдсөн “тун цэмцгэр” үнэт зүйл. Миний биелүүлж мэрийсэн бүхний цаана чиний тавьсан асуулгадхи тэр мөрөөдөл байсан байна. Хүссэн л бол хүрдгээр адилтгах зүйл. Багш мэргэжил эзэмших, шүлэг зохиол бичих, шүүмж тайлбар хийх, сонирхолтой ярилцахыг ч бас түүний л биелэл гэвэл болно. Энэ бүхнийг би сурагч насандаа эхлүүлсэн байдаг юм. Хүүхэд[4-р ангийн сурагч] байхаас аймгийн[Говийн мэдээ] сонины идэвхтэн сурвалжлагчаар сум[Өмнөговь, Цогтцэций]-аа хариуцан бичдэг болж оны шагнал[тэргүүн бичлэг] ч хүртсэн минь юм юмны эхлэл байлаа. Ийнхүү танхимд хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэх, мөн ном цаасны дунд уран дүр дүрслэлд тайлбар өгөх гэсэн оюуны үйлдвэрлэлийн өвөрмөц хоёр салбарт зэрэг ажиллаж амьдралын нэгэн жарныг хол давууллаа.
-Хүүхэд насаа, бидний энэ цаг үедхи багачуудтай харьцуулж ярьдаг зарим ахмад хүн, амьдралд асар их өөрчлөлт шинэчлэлт гарлаа гэж хэлдэг. Хугацааг хугасалсан энэ жишгээр богиносгон асуувал, томчуудын эсвэл багачуудын уншдаг сонирхдог тус тусын ном зохиолд гарсан өөрчлөлт. Ер нь зохиолын онцлох шинжийг алдуулалгүйгээр, шинэчлэгддэг гэх яриа, байж болох уу?
-Хүүхэд өсч хөгжих нь сар, нарны үзүүлэлт. Харин зохиолд бол өөр. Ер бишээр сэтгэдгийг зөгнөн дэмждэг дүртэй “Сарны хотын хүүхэд[С.Надмид]” тууж цаг хугацааны дүрслэлгүй. Амьтдын үр төл, мод ургамлын навч цэцэгрүү цаг хугацаа л хүүхдийг хөтөлдөг байтал, нийгмийн дотор төрж бойжих, өсч хөгжих, оюун санааг тэтгэх үйлдлүүд зохиолд дүрслэгдэвч эдгээр нь “цаг нар”-аас үл хамаарна. Жишээ нь “Хургачин[Б.Бааст]” нэртэй дууны үгийн хүрсэн төвшин л гэхэд биед нь тохирох хувцас байдаг шиг тийм насны хүүхдэд хэл, бодол сэтгэмжид нь “таардаг” гэсэн үг. Эндээс зохиолын амин сүнс гэгддэг хэлбэр нь үндэстэн хийгээд, хувь хүний ахуй байдлын онцлогийг, харин агуулга нь нийгэм цаглабарын үл хуучрах мэдээллийн тусгал, дүрслэлийн баримтын байршил гэхчлэн үйлдлээ зохиомжлон холбоход үндсэн шугам болж, чиний хэлж байгаа шиг цаг үеийн бичлэг дотор “шинэчлэл өөрчлөл” гэдэг яриаг үүсгэдэг. Энэ нь мөн л үгээр урлах онол аргазүйн онцлох нэг шинж юм.
-Орчин үеийн хүүхдийн уран зохиол ямар түвшинд явж байна гэж та бодож байна вэ?
-Зохиол бүтээлийн цаглабар гэдэг холоос эхтэй. Бичгийн зохиолын үүслийг орчин үед оруулах нь бий. Кириллжин монгол бичгээс өмнөх бичвэрүүд эртний, харин 20-р зууны дундаас хэрэглэсэн шинэ үсэг[Кириллжин]-ийн зохиолын үеийг чиний асуулт ОРЧИН ҮЕ талруу оруулж гаргалаа. Зохиолын түвшинг судлаачдаас гадна, уншигчид өөрсдөө тогтоодог нь нийтлэг үзэгдэл. Тиймээс уншсан ном зохиолдоо бие даан өгөх сэтгэгдэл, эсвэл хүүхэд та нарын хооронд өрнөдөг шүүмж яриа ч үнэлгээ болж, зохиолын түвшинд нөлөөлнө. Уншигчдын түвшинээс зохиолын түвшин шалтгаална. Уншигчийн түвшин сайн байвал, зохиолын түвшин төдий сайжирна. Харин уран зохиолын судлаач, шинжээч хүн бол, зөвхөн бүтээлийн чанарыг ДЭНСЛЭГЧ төдийгөөр зохиолыг сайлдаг, эсвэл муулдаг “чанар шалгагч” бас биш. Тайлбар зохиол гэж байна. Энэ нь судалгаа, шүүмжийн бүтээлийн нэр.
-Таны бодлоор зохиолын дүр, дүрслэлд шингэсэн хамгийн эрхэм зан чанар юу вэ?
-Зохиолд хүний хэв шинжийг дүрслэхэд утга зохиолын зүрх гэгддэг аман үлгэрээс уламжилсан реалист, реалист бус арга, мөн тийм найруулгын гэх хоёр хэлбэр байна. Соёлын үлгэрт “Эрхий мэргэн” нэрт харваач олон нарыг цөөлдөг нь ертөнцийн үүсэл гарлын үгүүлэмж. Энэ дүрслэлд шингэсэн харвах үйлдлээс нарыг газарт унагав уу. Эсвэл хооронд нь нэгтгэж тэнгэрт үлдээв үү гэдэгт л ялгамж бүхий эрхэм чанар, эсвэл харваач “Эрхий мэргэн”-ий хувьд ганц боловч тэр нарыг үлдээж байгаа зан араншин л хүүхдэд шинэ нээлт. Багачууд чинь, “Найз аа найзаа! нааш ир, Нартай гурвуулаа тоглоё” хэмээх хамтач зан чанарыг шингээн эрхэмлэдэг их загварлаг аман бүтээлтэй [Д.Хүү.3-боть.УБ.2020.13 талд(”Орчин үеийн хүүхдийн аман зохиол”)] хүмүүс юм шүү.
-Таныг оюутнууд багш, зохиолчид нь шүүмжлэгч, уншигчид болохоор зохиолч, багш нар эрдэмтэн гэж өөр өөрийн мэргэжлээр онцлон нэрлэх юм. Дуудах нэрийг аав ээж, дуурсах алдрыг олон түмэн өгнө гэдэг энэ мөн үү?
-Хэн нэгэнд урван бусдыг хөлслөгч[электорат] болж яваагүй минь, чиний асуулгын гол хариулт. Нутаг нугын олон хийгээд, аав ээж, ах эгч ойр тойрны хүмүүс намайг дуудах Данзанноровын Хүү бол дуудах нэр юм. Харин нэгэн жарныг хол давуулсан амьдрал, хөдөлмөрийн он жилүүдээ асуулгаруу тань татаж холбовол хичээлийн танхимд мэдлэг мэдээллийн сэжүүр нээж хүүхэд залууст үйлчлэн эрдэм ухааны гол гогцоог таниулан ЕБС болон МУБИС-т хичээл зааж, түүнтэй зэрэгцүүлэн ном зохиол доторхи уран дүр дүрслэлтэй зууралдсан минь, аргагүй л оюуны хөдөлмөрийн хэд хэдэн салбарт ажил амжуулсныг гэрчлэх аж. Багш нэрийн эхлэл 1969 оны намар багшлах дадлага хийж, боловсролын салбар руу өнгийх үеэс юм. Харин шүүмжлэгч бол, Д.Цэвэгмид, Л.Түдэв нарын утга зохиолын “томчуул”-ын бүтээлд бичсэн шүүмж тайлбар хэвлэгдэж, “Бодол эргэцүүлэл[ном]”-д маань МЗЭ шагналаа олгож, оны шилдэг шүүмжүүд болох “Урлаг, утга зохиолын аман сэдвүүд” номоороо “Алтан өд” хүртэж, мөн хугацаанд “Монгол зохиолын аман дүрслэл” тэргүүт ботиуд хийснээс гадна хагас зуу гаруй тооны ном хэвлүүлсэн хугацаатай холбоотой. Олон арван дуу, шүлэг мөн “Монгол хулаахай”, “Үхэр орд”, “Таван барын үлгэр”, “Бодлын туулай”, “Бүртэ нагац” зэрэг үгүүллэгүүд, мөн “Ертөнцийн тулгуур ухаарал”, “Газарч жаалууд” зохиолын эмхтгэл номууд, “Гурван сайхан үг”, “Бүрэн зохиолын сан[бүрчигт]” нэртэй түүврүүд зохиолч нэрийг, бас ОХУ болон БНХАУ-д хураангуй нь хэвлэгдэж тарсан “Бичгийн уран зохиолд ардын аман дүрслэл уламжлагдаж ирсэн туршлага, үүрэг, хэрэглээ[удирдагч П.Хорлоо, Д.Цэнд]” гэдэг нэг сэдэвт бүтээл, “Хүүхдийн зохиолын судалгаа”, нэртэй судлал, шинжлэлийн ажлын номууддаа хөтлүүлж, эрдэмтдийн хүрээлэлд багтсан минь, эрхэлсэн хөдөлмөр, бүтээл туурвилаар олсон дуурсах алдар юм. Өөрийгөө таних гэдэг дотор, дуудах нэр дуурсах алдрын ноён нуруу багтдаг бөгөөд хамгаас эрхэмлэх хөтөлбөрт зүйрлэл нь, “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэх сургаал. Амьдралын үнэ цэн нь бусдад чин сэтгэлээсээ туслан халамжлах, тэдний хөдөлмөрлөх үйл ажиллагааг өөрийн хувь нэмрээрээ дэмжин дэлгэрүүлэх, оюуны болоод эдийн өв, ном соёл бүтээн өргөн олондоо хандивлахад оршдог юм.
-Хагас зуун давуулан уран зохиол дотор, тэр дундаа судалгаа, шүүмжлэлийн салбарт ажилласан ахмад уран бүтээлчийн хувьд, та дугуйлан секцэд суралцаж, шүлэг зохиол эхлэн бичиж байгаа өдгөөгийн хүүхэд залууст хандан юу зөвлөмөөр байна?
-Асуулгаар тань түлхүүрлэвэл, миний зүгээс та хоёрт өгөх хариундаа, үг хийгээд үйлийг хэлхэн зохиомжилж урлан зангидах, түүнээ боож хуудаслах нь хэн нэгийн ердийн зугаацал, цаас эрээчих сонирхлын үр өгөөж, эсвэл үсэг бичвэрт суралцдаг шат дамжлагын төдий ажил огт биш болохыг энэ удаад тайлбарлав. Оюун санааг соронз мэт татах зохиол бүр, “авъяасын дотор” гэгчээр л ялгарах үзэгдэл. Тэр дундаа олон сонголттой байгаа нь хүүхэд залуучуудын ном, зохиолын онцлог.
Ярилцсан: Э.Баатарбилэг, Г.Энхзаяа
Сэтгэгдэл ( 0 )