ОРШИХУЙН ДУУЧ | Фёдор ДОСТОЕВСКИЙ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

“Аз жаргалын охь дээд нь үнэн хэрэгтээ зовлон гунигт л оршиж байдаг”

Ф.М.Достоевский
 

 Фёдор Достоевский. Дэлхийн экзистенциализмыг нуруун дээрээ үүрч гараад өөрийн гэсэн сүрлэг оргил дээрээ бардам гэгч хатгасан суут зохиолчийн 199 жилийн ой өнөөдөр тохиож байна. Газар доороос бичсэн тэмдэглэл (1864), Гэм, зэм (1866), Маанаг (1869), Кармазовын хөвгүүд (1880). Зөвхөн нэрийг нь л хэлэхэд хангалттай дээрх зохиолууд эрин цагийнхаа хүн төрөлхтөнд хачин, жигтэй атлаа мартахын аргагүй дурсамж үлдээсэн, одоо цагт ч хэн нэгний дурсамжийн хэлхээсэнд хөвөрсөөр байна.


Сайн хүний үр...

Фёдор Достоевский сурвалжит айлд мэндэлсэн нэгэн. Тэр ч утгаараа нэлээд хөрөнгө чинээтэй үеийнхээ хүүхдүүдийг бодвол олон талын мэдлэг, боловсрол олж авсан байлаа. Ердөө гуравхан настай байхдаа эртний Ром, Грекийн үлгэрүүдийг сонсож, дөрвөн настайдаа уншиж, бичиж сурав. Боловсрол, мэдлэгийн хувьд толгой цохиж байсан ээж нь түүнд Библийг бараг бүтнээр нь цээжлүүлжээ. Аав нь ч мөн адил уран зохиолд хорхойссон нэгэн байсан тул зөвхөн Оросынхоос хязгаарлахгүй дэлхийн сонгодогуудыг таниулахыг хичээж байсан аж. Ийнхүү тэрээр бага наснаасаа Сервантес, Гёте, Хомерыг эчнээ мэддэг, зохиолыг нь задлан ярьж чаддаг болсон юм.

Анхны зохиол араас нь зовлон

Сурвалжит айлд мэндэлсэн тэрээр багаасаа олон талын боловсрол олж авсан. Тэр ч утгаараа амьдралыг үзэх үзэл нь аль эрт бүрэлдэн тогтжээ. Эцэг, эх нь анагаахын салбарын урдаа барьдаг эрдэмтний хувьд багаасаа нийгмийн аж байдал, ихэс дээдсийн ямбалал газар, тэнгэр шиг зөрөөтэй болохыг мэдэрсэн юм. Түүний анхны зохиол 1845 оны нэгдүгээр сарын 15-нд эр бие гүйцэж ирсэн 25 насанд нь төрөн гарчээ. “Ядуу ард” нэрээр хэвлэгдсэн түүний зохиол тухайн үеийн нийгмийн байдлыг өнгө будаг, чамирхалгүйгээр яг байгаагаар нь ил гаргасан юм.

Түүнээс өмнө Орос улсад нийгмийн байр байдлыг уран зохиолд зоригтой шигтгэж байсан нь үгүй. Францууд энэ байдлыг анзааран “Ядуу ард” зохиолыг өөрийн хэлнээ хөрвүүлсэн нь Прудон, Кадье, Фурьер, Сен-Симон нарын анхаарлыг татсан юм.

Гэвч үнэн байдлыг түс, тас өгүүлсэн зохиолд хаант засаг тийм ч дуртай хандсангүй. “Ядуу ард” хэвлэгдсэнээс хойш язгуур угсааны олон хүн түүнийг нууцаар тагнаж чагнах болов. Яг жилийн дараа 1846 онд түүнийг “Петрашевскийн хүрээлэл” –д орж урван тэрсэлсэн хэрэг тохсон юм. Энэ хэрэгт түүнээс гадна Шедрин, Аполлон Майков нарын хэд,хэдэн зохиолч татагдсан түүхтэй.  Төд удалгүй Оросын хаан I Николайн зарлигаар түүнд цаазын ял оноов. Дөнгөж 26-тай залуу зохиолч энэ мэдээнд итгэж ядан байсан ч өөрийн үзэл бодол дээрээ бат зогсож байжээ.

Ял гүйцэтгэх өдөр ч болж түүний толгойд хар даавуу углаад шийдвэр гүйцэтгэх талбай дээр иржээ. Тухайн үед цааз гүйцэтгэхээс өмнө хэд, хэдэн удаа сэлмээр хий савчдаг байлаа. Гэвч энэ үйлдлээ хийсний дараа цааз гүйцэтгэхийг гэнэтхэн болиулав. Чухам юунаас бол цаазын ялыг цуцалсан нь өнөө хэр тодорхойгүй ч хүчээ авч буй зохиолчийг буудан хороох нь хувьсгал дэгдээнэ гэж эмээсэн байж мэднэ. Улмаар цаазын ялыг цөллөгөөр сольж Достоевский болон өөр бусад гурван хүнийг Сибирьт цөлсөн юм.

Цөллөгөөс төрсөн “Маанаг”

Хуурамч цаазын ял гүйцэтгэсний дараа түүнийг Сибирь рүү цөлөв. Цөллөг нийтдээ найман жил үргэлжилжээ. Үүний дөрвөн жилийг ямар нэгэн байдлаар шоронд өнгөрөөхөд түүний эрүүл мэнд дордсон байлаа. Сэтгэл санааны байдал болон хүнд хүчир ажил хийснээс шалтгаалан унаж татдаг болов. Тухайн үедээ түүний унаж татдаг гэдгийг өөр бусад мэддэггүй байсан юм. Хүнд хүчир ажил, цөллөг, эрүүл мэндийн байдал зэрэг нь хожим хойно 1869 онд хэвлэгдэн гарсан “Маанаг” зохиолын үүтгэл болжээ. Олонх судлаачид “Маанаг” зохиол нь Достоевскийн таталтыг бурхны бэлэг лугаа тунхагласан гэж дүгнэдэг.

Нийт дөрвөн бүлэгтэй “Маанаг” зохиол нь түүний шашны итгэл үнэмшил, амьдралыг үзэх үзэл, өссөн орчин нь нийгэмтэй хэрхэн эсрэгцэж байсныг яруу тод илтгэн харуулсан гайхалтай зохиол юм. Принстоны их сургууль дээрх номыг нийгмийн ухаанаар сурч буй оюутнуудын заавал унших номын жагсаалтад нэмжээ.
 


Дэнчин тавьсан зохиолч

Сурвалжит гаралтай баян айлд өсөж торнисон тэрээр хувь заяаны шоглоомоор амьдралынхаа ихэнх үед тарчигхан амьдарч байсан юм. Мэдээж хэрэг үүнд тухайн цагийн нийгмийн байдал, зохиомлоор тулгасан ял нөлөөлсөн байж таарна. Сүүлийн үеийн намтар судлаачид түүнийг мөрийтэй тоглоомд хорхойссон гэдэг дүгнэлтэд хүрчээ. Архивын хэд, хэдэн баримт, нэгэн цагт хамт амьдарч байсан хүмүүсийн дурдатгал зэргээс дээрх дүгнэлтэд хүрсэн байна.

Нэгэн удаа аугаа зохиолч маань өөрийнхөө чадвараар дэнчин тавьжээ. Тэрээр “Нэг сарын дотор зохиол бичиж чадахгүй бол есөн жил ном хэвлүүлэхгүй” байхаар мөрийцсөн байна. Том ам гарчихсан учраас ажилдаа ч орж, мөрийцсөн хугацаанаасаа бараг арав хоногийн өмнө 26 дахь хоног дээрээ “Мөрийчин” зохиолоо бичиж дуусгасан юм.

Дэнчин тавьж нэг зохиол эхлүүлээд байхдаа өөр нэг зохиол давхар эхлүүлсэн байсан нь сод бүтээлүүдийнх нь нэг “Гэм, зэм” роман байлаа.

Хаант засаг түүнийг тоодог л юм...

Нэгэн цагт хаант засагт урван тэрсэлж, бичсэн зохиол бүтээлүүдээ хаан боолгож байсан Достоевскийг хожмын хаан II Александер ихэд үнэлдэг байжээ. Амьдралынх нь сүүлийн жилүүдэд суут зохиолчийн алдар нэр эгээ л язгуур угсааны хаан лугаа өндөр болоод байж. Оросын хаан II Александер түүнийг нэгэн өдөр өрөөндөө дуудаад чамгүй хөлс, чинээ амлан хоёр хүүдээ хичээл заах санал тавьсан байна. Мэдээж хэрэг их зохиолч энэ саналаас татгалзаагүй бөгөөд алдаршаад байсан нэр хүндийг нь улам өргөж танилын хүрээг ч мөн адил нэмэгдүүлж чаджээ. Ийнхүү тэрээр амьд ахуйдаа алдарын оргилд хүрсэн цаг үеийнхээ цөөхөн зохиолчдын нэг болсон юм.

“Шүтлэггүй” шүтлэгтэн

Амьдралынхаа анхны зохиолоо хэвлүүлсэн 1840-өөд оны сүүл үест түүнийг хаант засгаас шүтлэггүй буруу номын хүн гэж дүгнэж байлаа. Гэвч тийм байгаагүй юм. Тэрбээр Христийн Ортодокст гүн бат итгэдэг гэр бүлд өсөж торнижээ. Энэ итгэл үнэмшлээ амьдрал, уран бүтээлийнхээ зам мөр болгосон нэгэн байсан билээ. Амьд ахуйдаа тэрээр засгаас цөлсөн цэлийсэн урт есөн жилийг “даяанчлал” гэж дүгнэсэн нь бий.

Тэр шашинт гүн бат итгэдэг мөртөө сүм болон болон лам, санваартанд итгэдэггүй нэгэн байлаа. Сүм, санваартан хоёр ард иргэдийг бурхны нэрийн өмнөөс баллаж орхидог баг зүүсэн чөтгөр гэж үзэж байв. Достоевский амьд ахуйдаа шашны итгэл үнэмшлээ тэр бүр ил гаргадаггүй байлаа. Түүний шашин шүтэх, эс шүтэх тухай асуудал одоо болтол маргаан дагуулдаг.
 

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.49) 2020 оны 11 сарын 12

Достоевскийн зохиолд эцэс төгсгөлгүй улигт шаналан мэдрэгддэг. Хэн бүхний мэдэрдэг сэтгэлийн хөндүүр болсон проблемууд. Ихэнх тохиолдолд хүмүүс анхны хуурмаг сэтгэгдлээс болоод түүнийг цааш унших сонирхолгүй болдог байж магадгүй. Гэтэл яг энэ цэг дээрээс цааш асуудлын гогцоог тайлах өрнөл нь эхлэж байдаг. Үүгээр барахгүй тэр хөндүүр, эмзэглэлийг өөрийн логикоор тайлсаны дараа итгэл аяндаа төрж, айдас арилж, зүйргүй их цэнгэл таашаалыг мэдэрч болно.

0  |  0
Зочин(203.91.115.49) 2020 оны 11 сарын 11

Магадгүй Достоевскийг огт санамсаргүй гэхдээ түүгээр өвчилсөн, болж өгвөл өөр салбарын хүн дагнаж зууралдвал нэг утгыг нь гаргаж магадгүй. Гомбосүрэн гуайн Ах дүү Карамазов нэг л болж өгөөгүй.

0  |  0
Зочин(203.91.115.49) 2020 оны 11 сарын 11

Манайд цөөн хэдэн орчуулгууд бий. Сүүлийн үед Гомбосүрэн гуайнх голлож байна. Амар гуайнх төв болсон. Мэдэхгүй юм. Гомбосүрэн гуай жишээ нь Ильф, Петров нарын зохиолыг гайхалтай буулгасан. Хошин аяс, егөөдлийг маш сайн мэдэрч буулгаад байх шиг байдаг. Гэтэл Достоевский бол өөр. Түүний зохиолыг ойж буусан, цацаа цалгиатай уур амьсгалаар биш маш тэвчээртэй, уйгагүй барилаар л нэг бүрэн буулгаж магадгүй. Достоевский бол нэг хавдар өвчтэй хүнийг барьж аваад хүнд мэс заслаас авахуулаад сувиллын үе хүртэл нягт зууралдаж байж амийг нь хорголж үлдэж байгаа юм шиг тиймэрхүү мэдрэмжийг өгдөг.

0  |  0
зочин р(66.181.187.203) 2020 оны 11 сарын 11

МАНАЙД ОРЧУУЛЖ ГАРГАСАН ЯМАР ОРЧУУЛАГЧИЙНХ НЬ ООЧУУЛГА НЬ САЙН БЭ?

0  |  0
Top