БОГИНО ӨГҮҮЛЛЭГ: Цэв цэнхэр гашуун

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 10


Униар суугаад, бор толгодын оройгоор цэв цэнхэрхэн суунаг үл мэдэг татжээ. Алсад явган зэрэглээ жирэлзэн гүйж, ирэх цагийн өр зөөлөн салхи үл мэдэг сэвэлзэнэ. Өвлийн эхээр ахыгаа дагаж хот ороод, тэнд гурван сар барилгын дотор заслын ажилд нь тусалж, элс шавар зөөсөн шиг өдөр хоногийг өнгөрөөжээ. Өнгөрсөн зунаар бариатай нь орхиод явсан гэрийнх нь дулаалаагүй хаяа хатавчаар урь орсон ч талаас хараахан холдоогүй хүйтэн жавар сийгнэ. Тооноор тэнгэр харж, хаашаа ч юм бэ нүүн одох үүлсийг ажиглан хэвтэв. Дөрвөн өнцөг нь мөлийж, будаг нь арилсан ширээний ирмэг дээр тавьсан аман хуураа авч баахан гонгинуулав. Хот газар өвөлжихдөө өөртөө зориулж авсан тэр л хөгжим түүнд ээвэр энгэрт нь эцэг эхийгээ нутаглуулсан тал нутгийнх нь хөг эгшгийг эрхгүй санагдуулдаг байснаас хань татаж хааяа үлээсээр ганц нэг дууны ая тоглож суржээ.
-Өнөөдөр яваад очвол тэднийх өвөлжөөндөө байгаа болов уу? хэмээн өөрөөсөө асууснаа “айлууд хаваржаандаа буух ч арай л эрт байна даа. Хэдэн мал нь төллөж дууссан болов уу? Аав, ээжийнх нь бие тэнхээ сайн л гэж дуулдсан” гэж өөртөө хариулаад яаран босож, зуухны аман дээр өвдөглөн суугаад тамхи асааж утааг нь тооно өөдөө үлээв. Өвөлжин ганцхан түүнийгээ л боджээ. Хацар дээрх том бор мэнгийг нь санаад зуурсан шаварнаасаа хуруугаараа авч саяхан шиллэсэн цонхон дээр наагаад харж зогсдог байлаа. Учир нь түүний инээмсэглэсэн бор царай үе үехэн тэр л цонхнууд дээр тодрон харагдана. Намар орой гэрээр нь буухад толгойдоо сулхан зангидсан эрээн алчуур, хормой нь саалинд халтартсан улаан дээлтэй, даруухан сайхан инээмсэглээд хурууд базаж зогссон сон.
-Мөн чиг урт сайхан намар болох нь дээ? гэхэд толгой дохиод”сайхан намар болж байна” хэмээн хариулж билээ. Цааш нь зөндөө л зүйл яримаар байсан ч бүрэг ичимхий зангийн хүлээсэнд баригдаад удалгүй мордож, овоон дээр ганцаар өдөржин сууснаа санав. Бүтэн зун намрын туршид ганцхан удаа үг сольсон нь энэ байлаа.
Гэрээсээ гарч аав ээжийгээ хөдөөлүүлсэн баруун энгэрийг чиглэн алхаллаа. Үнэндээ түүнд унах унаа ч байсангүй. Хэдэн адуугаа айлд тавьж, хотын хүн боллоо гэж үеийн найзуудаараа үдүүлж, сумын төвийн жижигхэн цагаан байшингуудын дунд гуйвж дайвж явсаар, түүнтэйгээ уулзаж амжилгүй явсан юм. Аав ээж хоёр нь хориод жилийн зайтай хорвоогоос буцаж, хожим ээжийгээ амьсгал хураахад аавтайгаа бараг л зэрэгцүүлэн тавьсан юмсан. Газар шороо нь тэгшрэн эдгээд, шарилын чулуунууд нь цайран харагдана. Ертөнцийн хамаг зүйл эцэстээ цайран харагдахад л шингэх учиртай гэж үү? Өтөл нас ч ялгаагүй цайран харагдах. Үхэл ч ялгаагүй тийм. Өвөл ч ялгаагүй цайран цайрсаар ирдэг. Гэтэл олон хүн цагаан өнгөнд дуртай. Хотоор дүүрэн цагаан хувцастай, цагаан царайтай хүмүүс холхилдож байдаг. Сүүн цагаан сэтгэл гэдэг ч хэзээ ч хаанаас ч тийм хүнийг хайгаад олохгүй. Үнэндээ хамгийн үнэмшилтэй өнгө цэв цэнхэр шүү дээ? Тал нутаг шиг минь цэв цэнхэр хаана байна. Зарим өдрийн тэнгэр шиг. Зарим өдрийн тэнгэрээс илүү цэв цэнхэрхэн билээ” гэж бодсоор ганц хайлаас дохийтол ургасан толгодын энгэрээр тойроод хэсэг алсыг ширтэн зогслоо. Эндээс сумын төв ив илхэн. Хөндлөн хэрсэн олон замын дундуур тоос босгон машин давхина. Саяхан түүнийг гэрт нь буулгасан жоншны жолооч одоо сумын төвийн хойд замаар ороод уурхай руугаа чиглэн яваа нь тэр ажээ. Хоёр буурлынхаа хөлд сууж, хол ойрын тухай хэсэг ярив. Хэрэв дэргэдүүр нь хүн ойрхон зөрсөн бол айж сочих ч байсан биз. Шарилын газар ганцаараа ярьж суугаа хүн яавч эрүүл саруул харагдахгүй.
-Ах маань яах вэ? Авгай хүүхэд амьдралаа болгоод л байна. Тэр барилгын ажил ч бэрх хүнд юмаа. Хүүхдүүд нь харин хөөрхөн торницгоож байна. Том нь сургуульд орсон. Бэр эгч багыгаа хараад гэртээ суух юм. Би ч тэр газар идээшиж дассангүй, нутгаа л их саналаа. Тэгээд л замын унаанд дайгдаад хүрээд ирлээ. Хот газрын амьдрал хачин зугаатай. Үүрээр гараад ажил, ажил гэсээр үдшээр орж ирээд ядарсан, зүдэрснээ гайхсаар унтацгаана. Өглөө дахиад л ажил. Мөнхөд эргэн эргэн давтагдах уйтгартай үзэгдэл хөвөрнө. Гэхдээ сайхан юм бишгүй их...” гэснээ ямар нэгийг гэнэт санав бололтой алгуурхан босож гэрийн зүг яаран алхлаа. Нар толгодын оройгоор өнхрөн шингэх үү яахав гэсэн байдалтай улайран харагдана.
Тэр л намрын өдөр тэднийхээс гараад гэр дээрх идээний дэлгэцнээс авч өвөртөлсөн түүнийхээ гарын хэвтэй хуруудыг гаргаж ирээд үнэрлэв. Өвөлжин барилгын ажил хийхдээ өмссөн хүрэмнийх нь энгэрт явжээ. Үе үе гаргаж ирээд үнэрлэдэг байлаа. Бас гар дээрээ тавиад харах дуртай. Түүнийхээ эгдүүтэй санагдах булцгар гар, намрын нар, эрээн алчуур, улаан дээл, хонин бор нүдийг нь тэсэлгүй санахаараа өнөөх хуруудаа атгаад ахыгаа дагаад гэрийнх нь зүг үдшээр гэлдэрч явдаг байжээ.
Хэдэн жилийн өмнө өвөл нь айхтар зуд нүүрлэж, зун ч цаг олигтой дэлгэрсэнгүй. Тэдний голоор өөр нутгаас нүүж ирсэн таньж мэдэхгүй отрын айлууд зээглэн буужээ. Уугуул нутгийнхан ад үзэж хөөх туух хэрэг явдал ч гарчээ. Анх багийн дарга баадан Хүрлээг дагаж тэднийхээр бууснаа санав. Аав нь мэндийн зөрүүгүй шахам зуны ханхайдуу гэрийнхээ хойморын өр ширээн дээр томоо гэгчийн шилтэй архи гаргаад тавьчихаж билээ. Хэзээнээс гашуун нясуунаас буцаж үзээгүй Хүрлээгийн зан байдал зөөлөрч газрын гарц, малын хөл, албан татвар гэх олон үгнээсээ татгалзаж, архи дундрах үед баадангаа задалж, олон хэрэгтэй хэрэггүй цаасныхаа нэг дээр нутгийн айл гэж ам бүлийн тоог нь бүртгэж авсан юмдаг. Хүрлээ эмэгтэй хүнийх шиг нимгэн уруултай амаа ангайж “охин нас хэд вэ?” гэхэд аав нь их сандруу дуугаар” хорь” гэж хэлэв. Харин түүний толгойд “хорь, хорь” надтай нас чацуу юм гэх ганцхан бодол эргэлдэж, гэрийн хаяанд суугаад хөгжим сонсож суугаа охиных нь гарыг шүүрээд мориныхоо урдуур сундлан цэв цэнхэрхэн тал дундуур дураараа давхимаар болж байлаа. Хүрлээ “танай охин хотын оюутан уу?” гэсэнд нь аав толгой сэгсрээд” үгүй, ээ, хөгшин бид хоёрын нэргүй зарц хийж, хэдэн малын ягаан дэлэн шувтарч насыг барах хүн дээ, янз нь. Сургууль соёлд яв гэхээр та хоёрыгоо хаяад явж чадахгүй л гэдэг юм” гээд том шилтэй архинаас цүл пал хийн аягалж Хүрлээд барив.
Хүн анх хараад л хэн нэгэнд сэтгэл татагдана гэж байдаг ажээ. Их л ховор тохиолдол байх. Сүүлд өмнөх төрөлдөө ойр явсан хүмүүс л дараа төрөлдөө таарахаараа тийм учралд унадаг гэж уншсан санагдана. Сонин юм шүү? Учрал хагацал гэдэг хэдэн төрлийг дагаад явж байдаг. Хүн ч гэж хүн. Үхээд шинээр төрдөг гэдэг худлаа. Үхээд хуучнаараа л төрөөд байх шиг байгаа юм. Ахын бага хүү гэхэд л яг муу эцэг минь дүрээрээ. Хэлд орж ядаж байж намайг харахаараа л учир зүггүй загнана гээч. Муу шовгор толгойт... Хөөрхий муу аав минь намайг бүтэл муутай амьтан гээд тэгж загнаж байдагсан ”хэмээх уяруу бодолдоо ганцаар инээмсэглэн явав. Удалгүй “өглөө эрт хойд Сүүжээс хэдэн адуугаа олж аваад Цээж бурлаа эмээллээд цэв цэнхэрхэн талаараа давхисаар түүндээ хүрч очих минь” гэсэн яруухан санаашралд автаад жаргах нарны улбар туяанд толгодын хадан энгэрт нялх ногооны хөхөлбөр гэгээ татсаныг ч анзаарсангүй.
Тэднийх өвөлжөөнөөсөө буугаагүй байлаа. Гадуур нь хонь мал үзэгдсэнгүй. Бодвол сархиаг дагаад хаврын шинэхэн ногооны үнэр хөөж холуур бэлчсэн байх. Уяан дээр нь буугаад хоолой засаж чимээ өгсөөр гэрийн хаалгыг татав. Сэтгэлд нь зургаан утас хөндлөн татаад нэг нэгээр нь хөглөж байх шиг бүхий бие нь доргин байх ажээ.
-За, сайхан хаваржиж байна уу?
-“Энэ чинь өвөлжин үзэгдээгүй хүүхэд гэнэт хаанаас гараад ирэв” гэжээ. Аавынх нь тохойг өргөн золгоход духан дээр нь үнэрлэв. Гэрийн баруун орон дээр том хар дээлээ нөмрөөд Хүрлээ хурхирч хэвтэнэ. Ээж нь данхтай цай халаахаар зуухан дээр тавиад эргэснээ “манай хүргэн хэдэн өдөр нойр хоол муутай алба ажил гэж явсан юм. Хөөрхий минь тун сайхан унтаж байна. Хүү минь чамайг ирлээ гээд сэрээх үү?” гэв. Тэр тэднийхээс яаж гарснаа ч мэдсэнгүй. Нэг л мэдэхэд Цээж буурлаа гуядаад цэв цэнхэрхэн талаараа давхиж явлаа. Бүтэн өвөлжин өвөртөлсөн түүнийхээ гарын хэвтэй хуруудыг гаргаж ирээд амандаа хийж хүлхэв. Даанч гашуун байлаа.


П.Батхуяг (2018 он)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baigalmgg(43.242.242.165) 2018 оны 12 сарын 11

Gaikhaltai saikhan bichjee. Nomiig ni butneer ni unshih umsan. Ner ni yu um bol doo.

0  |  0
Top