Тэртээх 60 гаруй жилийн өмнө Лондон хотод тохиолдсон нэгэн эмгэнэлт түүх зөвхөн Англи орон төдийгүй дэлхий нийтийн эмгэнэлт түүх болж байв. Улаанбаатарын агаарын бохирдол тэрхүү эмгэнэлт түүхийг давтахад тун ойрхон байна. Хүн төрөлхтөн хотжиж, үйлдвэржилтийн эрэн эхэлснээр олон ололт, дэвшилт гарсан боловч түүний сүүдэрт цөөнгүй асуудлууд урган гарч ирсэн нь хот орчмын агаар, хөрс, усны бохирдол байлаа.
Үүний хамгийн эмгэнэлтэй жишээ нь 1952 оны өвөл болсон Лондонгийн “ҮХЛИЙН УТААН ХӨШИГ” юм. Энэ бүхэн нэг л өдөр гэнэт тохиосон хэрэг биш юм. Лондон хотод үйлдвэржилт цэцэглэн хөгжиж, хотын хүн амын тоо өсч, нүүрс хэрэглэх болсноор эхэлжээ. Энэ бол өнөөдрийн бидний амьдарч буй хотын дүр зураг. Лондонгоос ялгаатай нь утааны яндан үйлдвэрийнх биш 200 мянган айлын гэрийн яндан.
Тухайн үед хүмүүс нүүрсийг эвгүй үнэр гаргадаг, утаа болон хаягдал их, хөө тортогтой хэмээн хотын захиргаанд гомдол гаргадаг байсан гэдэг. Хэдийгээр үйлдвэржилт цэцэглэн хөгжиж байсан боловч, 1873-1891 онуудад амьсгалын замын өвчлөлттэй холбоотой нас баралт өндөр байсан тухай мэдээ тэмдэглэгдэн үлджээ.
Монгол Улсад 2016 оны байдлаар хүн амын өвчлөлийн тэргүүлэх таван шалтгаанд:
• Амьсгалын тогтолцооны өвчин /10,000 хүн амд 1647.4/
• Хоол боловсруулах тогтолцооны өвчин /10,000 хүн амд 1231.4/
• Зүрх-судасны тогтолцооны өвчин /10,000 хүн амд 1007.6/
• Шээс бэлгийн тогтолцооны өвчин /10,000 хүн амд 807.6/
• Гэмтэл, хордлого ба гадны шалтгаант бусад тодорхой эмгэг /10,000 хүн амд 469.9/ орж байна.
Тэгэхээр манай улсын хүн амын нас баралтын дийлэнх шалтгааныг мөн л амьсгалын замын өвчлөл эзэлж байна гэдгийг дээрх судалгаа харуулж байна. Гэвч тухайн үедээ томуу, томуу төст өвчний дэгдэлт өвлийн улиралд ихэсдэг нь хүйтнээс болж байна гэж “буруу”-г өөр зүйлээс эрэх шалтаг болж байлаа. Үүнд хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнууд зэрэг дархлааны систем харьцангуй султай хүмүүс нас барагсдын дунд зонхилж байсан юм.
“Манай улсад уушгиний хатгаа өвчин 2007 онд амьсгалын тогтолцооны өвчний улмаас хэвтэн эмчлүүлэгчдийн 40.5 хувийг эзэлж байсан бол 2016 онд 52.4 болж өссөн байна”
1952 оны өвлийг хүртэл Лондонгийн оршин суугчдын хувьд ч, засгийн газрын холбогдох байгууллагуудын хувьд ч энэ “утаа” үхэлд хүргэх хүртэл аюул учруулна гэж санаагүй аж. 1952 оны 12 дугаар сарын 04-нд агаарын “anticyclone” Лондон орчимд тогтсон бөгөөд, салхи тогтворжиж, агаарын чийгшил аажмаар нэмэгдсэнээр тавхан өдрийн дотор 4000 гаруй, дараагийн хоёр сард ойролцоогоор 12.000 хүн нас баржээ.
“Anticyclone буюу эсрэг циклон”
Агаарын даралт их үед эсрэгциклон үүснэ. Циклон халсан гадарга дээр үүсдэг бол антициклон нь ХҮЙТЭН ГАДАРГА дээр үүснэ.Эсрэг циклонд агаарын уруудах хөдөлгөөн зонхилох ба зах руугаа даралт буурах тул салхи төвөөсөө гадагш чиглэнэ. Эсрэг циклон үүссэн үед үүл арилж, тэнгэр цэлмэн, хур тунадас орохгүй, тогтуун цаг агаар зонхилно.
Эсрэг циклоны төвд салхигүй, захаар нь зөөлөн салхитай, агаарын тунадас байхгүй боловч шүүдэр, цан үүснэ. Хэрэв зуны улиралд эцрэгциклон үүсч удаан хугацаанд тогтвол ган болдог. Жишээ нь: 1999 оны VII сарын сүүлийн хагаст манай оронд олон хоног үргэлжилсэн их халуун болсон нь аниициклон тогтсонтой холбоотой байсан билээ. Харин өвлийн цагт эх газар хүчтэй хөрсний улмаас манай оронд эсрэгциклон үүсч тэнгэр цэлмэг, тогтвортой хүйтэн цаг агаар бүрэлдэн тогтдог.
Энэ бол зөвхөн Лондонгийн хувьд бус дэлхий нийтийн хувьд “АЮУЛЫН ХАРАНГА” дэгдээсэн эмгэнэлт үйл явдал байв. Ингээд Лондончууд нас баралтын шалтгаануудыг ул суурьтай судалж, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй болсон байна. Юун түрүүнд, өвчлөлтийн эх үүсвэрүүдийг тогтоох явдал чухал байв. Судалгаагаар үйлдвэрийн болон айл өрхийн дутуу шаталтаас ялгарсан тоосонцор, хорт хийнүүд, цаг агаарын огцом өөрчлөлт, мөн дизель түлшээр ажилладаг олон зуун автобусны утаа зэрэг нь өвчлөлд голлон нөлөөлсөн болохыг тогтоожээ.
Тухайн үед, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсноос олон сургууль, цэцэрлэг түр хааж, нийтийн тээвэр доголдож, үйлчилгээний газрууд, айлууд утаа нэвтрэхээс сэргийлэн хаалга, цонхоо битүүлэх зэрэг арга хэрэглэж байсан ч харамсалтай нь нас барагсдын нэлээн хувь нь ГЭРТЭЭ, ШӨНИЙН ЦАГААР таалал төгссөн байв.
Англи улс энэ бүхнээс сургамж авч, дараагийн дөрвөн жилд олон өөрчлөлт хийсэн нь агаарын бохирдлын бүсчлэл тогтоох, хатуу түлшний хэрэглээг бууруулж цахилгаан болон хийн түлшний хэрэглээг дэмжих, үйлдвэрүүдийг хот болон суурьшлын бүсээс гаргах, цахилгаан станцуудыг хүн ам багатай дүүргүүд рүү дэс дараатай нүүлгэн шилжүүлсэн явдал байлаа. Ингээд 1956 онд Английн парламент Цэвэр агаарын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хуулийн дагуу агаарын бохирдлыг бууруулах олон арга хэмжээ авсны дотор Лондон хотод “АГААРЫН ХЯНАЛТЫН БҮСҮҮД” бий болж, зөвхөн угаасан нүүрс, цахилгаан болон байгалийн хий хэрэглэж эхэлсэн учир агаарын бохирдлыг сааруулан, аажмаар арилгаж чадсан гэдэг. Монгол Улс энэхүү эмгэнэлт түүхийг давтахад тун ойрхон ирээд байна.
Г.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
huu