Хос мэргэжлийн зэрэг олгох “1+1” хөтөлбөрийг БНСУ-ын “Кён-Ин” их сургуультай хамтран хэрэгжүүлнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 12 сарын 18

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж /ҮУПК/, БНСУ-ын “Кён-Ин” эмэгтэйчүүдийн их сургууль Хос мэргэжлийн зэрэг олгох сургалтын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд ҮУПК-ийн захирал Б.Даваажав, БНСУ-ын “Кён-Ин” эмэгтэйчүүдийн их сургуулийн захирал Рюү Хуа Сон, тус сургуулийн Гадаад харилцааны албаны захирал  Ким Ми Риан, Олон улсын худалдаа, бизнесийн тэнхимийн эрхлэгч Ким Кюунам болон бусад зочид, албаны хүмүүс оролцов.

Хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд ҮУПК-оос БНСУ-ын “Кён-Ин” эмэгтэйчүүдийн их сургуульд багш болон оюутан суралцагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох сургалт, олон улсын форум, семинар зэрэгт оролцох, оюутан суралцагчдад хос мэргэжлийн дипломын зэрэгтэй 1+1 хөтөлбөрт хамрагдан суралцах боломжийг олгож байгаа юм.

ҮУПК-ийн хэрэгжүүлж буй Агаарын хөлгийн үйлчилгээний ажилтан бэлтгэх тусгай захиалгат, хос зэрэг олгох 1+1 сургалтын хөтөлбөр нь  мэргэжлийн боловсролын салбартаа анхдагч төсөл.

Хамтран ажиллагааны хүрээнд шинэ гэрээ байгуулагдсанаар 2019-2020 оны хичээлийн жилд тус ангийн оюутнууд БНСУ-ын “Кён-Ин” эмэгтэйчүүдийн их сургуульд хос мэргэжил эзэмшин, төгсөх боломжтой болж байгаа юм.

ҮУПК нь БНСУ-ын “Кён-Ин” эмэгтэйчүүдийн их сургуультай долоо дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилд оюутан солилцооны хөтөлбөрт хоёр оюутан, 2018-2019 оны хичээлийн жилд гурван оюутан хамруулан, амжилттай суралцуулж байна.  

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top