Нийслэлийн III сургуулийн багш, сурагчид болон эцэг, эхийн төлөөллүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Амьдралд өнгө нэмье” аяныг санаачлан хэрэгжүүлж, өнөөдөр /2018.12.20/ хоёр гэр бүлд өргөө цагаан гэр бэлэглэлээ. Сурагчдын оролцоотойгоор хэрэгжсэн энэхүү аян нь сурагчдын бие биедээ туслах сэтгэлзүйн эерэг хандлагад эерэгээр нөлөөлөхийн зэрэгцээ сургуулийн эцэг, эхийн хамтын ажиллагаанд дэвшил авчрах, хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах бүтээлч санаачилга болж байгааг багш нар нь онцолж байлаа.
Энэ талаар Монгол 3-р сургуулийн захирал В.Хоролгарав “2016 онд хүүхдийн эрх, хамгааллын тухай хууль батлагдаж гарснаас хойш Боловсролын байгууллагууд үйл ажиллагаандаа анхаарлаа илүү хандуулж, хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр олон бүтээлч зүйл хийж ирсэн. Энэ хүрээнд 3-р сургуулийн 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хүүхдүүдийн төлөө бүтээлч ажил хийе гэсэн санаачилга гаргаж, эцэг, эхийн зөвлөлтэйгээ хамтран “Амьдралд өнгө нэмье” зорилтот аяныг зохион байгууллаа. Үүнд манай сургуулийн 2700 хүүхэд, тэдний эцэг эхчүүд, 114 багш ажилчид идэвхтэй оролцлоо. Бид хүүхдүүдийн дунд судалгаа хийж, эцэг эхтэй нь уулзаж, гэрт нь очиж ярилцсаны үндсэн дээр тодорхой авьяастай, өөрийгөө хөгжүүлэх ажилд идэвхтэй оролцдог, эцэг эх нь дэмждэг хүүхдүүдийг гэртэй болгох, хүнс, түлээ нүүрсээр хангах санаачилга гаргасан. Мөн манай сургуулийн 100 жилийн ой тохиох гэж байгаатай холбогдуулан 100 бүтээлч ажил хийе гэсэн зорилгыг манай хамт олон дэвшүүлсэн байгаа. Тэмцээн уралдаан биш, хүүхдүүдээ дэмжсэн бүтээлч ажил хийхийг зорьж байна” гэж тодотголоо.
3-р сургуулийн Эцэг, эхийн зөвлөлийн дарга, Монголын үндэсний дээд сургуулийн багш Х.Одонтуяа “Нэг хүүхэд маань өнгөрсөн хавар 3-р сургуулийг төгсөж, харин одоо бага хүүхэд 1-р ангид элсч ороод байна. Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн зорилгын хүрээнд бид хамтарч ажил зохион байгуулъя гэсэн санаачлага гаргасан. Хүүхдүүд авьяастай, хүүхдүүдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй эцэг, эхчүүд байдаг. Тэр хүмүүст магадгүй багахан ч гэсэн дэмжлэг дутах үе бий. Тиймээс л бид сургуулийнхаа хүүхдүүд, эцэг эхчүүдийг судалсны үндсэн дээр хүүхдүүдээ сонгон авч, туслалцаа үзүүлэх аянаа эхлүүлсэн. Мянга мянган эцэг эх, хүүхдүүд оролцлоо. Багш, ажилчид, удирдлагууд, эцэг эхчүүд бүгд сэтгэл зүрхээрээ дэмжлээ. Энэ санаачилга маань олон газарт хэрэгжиж, 200, 300 айл тав тухтай гэртэй болоосой, хүүхдүүдэд санаа зовох зүйлгүйгээр хичээлдээ анхаардаг байгаасай гэж бид хүсч байна" гэлээ.
Тус сургуулийн “Нар холбоо” бүлгийн тэргүүний сурагч Т.Алтаншагай энэхүү аяныг зохион байгуулахад идэвхтэй оролцжээ. Тэрбээр “Нар холбоо” ес дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид арваннэгдүгээр сарын 20-ноос “Амьдралд өнгө нэмье” хандивын аянаа эхлүүлж, хүүхдүүдэд тулгамдаж байгаа асуудлыг багахан ч гэсэн шийдэхийг хүссэн. Эцэг эх, багш нартайгаа зөвлөж, тэдэнд санал тавьснаар нэг сарын дараа ийм үр дүнд хүрч байна. Манай сургуулийн хоёр сурагчийнх өнөөдөр шинэ гэртэй боллоо. Биднийг дэмжсэн бүх сурагчид, эцэг эхчүүд, багш нартаа маш их баярлаж байгаагаа илэрхийлье" гэж ярьсан юм.
Харин 3-р сургуулийн эцэг, эхийн төлөөлөл, өнөөдөр хүүгийн сургуулийнхны сэтгэл шингэсэн бэлгийг хүлээн авсан ээж "Би хувийн байгууллагад насаараа ажилласан. Би одоо орцны жижүүрээр ажилдаг. Гэхдээ нэг ч удаа гомдол тээж байсангүй. Ажил чамайг голно уу гэхээс хүн ажлыг голдоггүй юм шүү дээ. Хүү минь сургуулийнхаа үйл ажиллагаанд идэвхи, санаачлагатай оролцож байсныг хамт олон нь харж, анзаарч, сэтгэл зориулан бидэнд тусалж байгаад баяртай байна. Бид маш их баяртай байна" гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
"Амьдралд өнгө нэмье" аяны санаачлагчдын зүгээс энэ нь ямар нэгэн эмзэг бүлгийн гэх тодорхойлолтод өртсөн хүүхдүүд биш бөгөөд сургуулийн зүгээс зохион байгуулсан нийгмийн талт ажилд идэвхтэй оролцдог сурагчид гэдгийг онцолж байв. Тийм ч учраас шилдэг, санаачлагатай, сургуульдаа үлгэр жишээ болсон хоёр сурагчийг сонгон тэд ийнхүү урамшуулахаар шийджээ.
Д.ЦЭЦЭГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )