Дроноос болж Лондонгийн нисэх онгоцны буудал хаагджээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 21

Лондон хотын хоёр дахь том Гэтвик нисэх онгоцны буудлын нислэгийн талбайд дрон буюу жолоочгүй нисдэг төхөөрөмж хөөргөсний улмаас 120 мянган зорчигчид саатжээ. Дронуудыг арванхоёрдугаар сарын 19-ний орой анх илрүүлсэн бөгөөд үүнээс болж онгоц хөөрч, буудаг зурвасыг хаасан бөгөөд арванхоёрдугаар сарын 20-ний шөнө 45 минутын хугацаанд түр нээж, дахин хаасан байна. Өчигдөр /2018.12.20/ л гэхэд 760 нислэгийг хойшлуулсны улмаас Гэтвик онгоцны буудлын хүлээлгийн танхимууд хэдэн мянган зорчигчдоор дүүрчээ. Гэтвикт буух нислэгүүдийг Их Британийн бусад нисэх онгоцны буудал болон Франц, Нидерландад хүлээн авчээ.

Нисэх онгоцны буудлын удирдлагууд тодорхой тооны нислэг хүлээн авах тухай мэдэгдсэний дараа Гэтвик өнөөдөр өглөө /2018.12.21/ анхны нислэгээ хүлээн авсан байна.

Тус улсын цагдаа, цэргийн хүчнийхэн нислэгийн талбайд дронуудыг хөөргөж буй этгээдүүдийг хайж байна.

Цагдаагийнхан асуудлыг шийдэх үүднээс эдгээр дронуудыг буудаж унагах асуудлыг судалж байгаа гэнэ. Гэтвик нисэх онгоцны буудлын нислэгийн талбай дээгүүр тавин удаа нисч харагдсан эдгээр дронууд мэргэжлийн зэрэглэлийнх тул удаан хугацаанд агаарт хөөрөх боломжтой ба нисэх онгоцнуудад илүү аюултай гэнэ. Их Британийн хуулиар, дроныг нисэх онгоцны буудалд нэг км-ээс ойрхон нисгэхийг хориглодог бөгөөд дронууд онгоцны хөдөлгүүр рүү орох, онгоцтой мөргөлдөх эрсдэлтэй юм.

Гэтвик нисэх онгоцны буудал жилд 74 орны 228 чиглэлийн нислэгээр 45 сая зорчигчдод үйлчилдэг байна.


Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Анхаарах л зүйл(103.229.121.79) 2018 оны 12 сарын 21

Манайхан ч гэсэн анхааралдаа авах сэдэв шүү цаашдаа нисэх буудлын орчмын харуул хамгаалалт аюулгүй бүсийг чангатгах ёстой

0  |  0
Top