ТОЙМ 2018| Орон нутгийн ОНЦЛОХ НАЙМ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 30
  • 2018 онд аймаг, орон нутагт өрнөсөн “Орон нутгийн Онцлох найман үйл явдал”-ыг ZINDAA.MN сайт тоймлон хүргэж байна.


 

           1. Төмс, улаан буудайн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангалаа 

  Газар тариалангийн салбар энэ жил онцгой үр дүнтэйгээр шинэ оноо угтаж байна. Манай улс энэ жил төмс, улаан буудайг дотооддоо 100 хувь хангахаар ургац хураан авлаа. 2018 оны ургац хураалтын дүнгээр нийт 444.7  мянган тонн үр тариа, үүнээс 428.6 мянган тонн улаанбуудай, 167.9  мянган тонн төмс,  99.2  мянган тонн хүнсний ногоо, 23.4 мянган тонн тосны ургамал, 134.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авчээ. Манай улс жилийн хэрэгцээт гурилаа дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тонн хүнсний улаанбуудай шаардлагатай бөгөөд энэ жилийн ургацын дүн, борлуулалтаас харахад нийтдээ 340 мянган тонн хүнсний буудайн нөөц бүрдэх боломжтой болжээ. Энэ жилийн хувьд 134.3 мянган тонн таримал тэжээл хураан авсан нь сүүлийн 30 шахам жилийн хугацаанд гарч байгаагүй ажлын амжилт болж байна.

Шинэ ургацаас  гурилын үйлдвэрүүд 226.4 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 50.5  мянган тонн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 276.9 мянган тонн буудай нийлүүлэгдсэнээр 63.1 мянган тонн буудай борлуулалтын шатандаа байгаа мэдээтэй байна. Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажилд 13 аймгийн 86 сумын 1265 аж ахуйн нэгж, иргэний 365.2 мянган га талбай хамрагдаж, нийт тариалсан талбайн 74.3 хувь нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарлаа.

2. Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ой тохиов

   Энэ жил “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн түүхт 40 жилийн ой тохиов. “Эрдэнэт үйлдвэр” нь 1978 оны 12 дугаар сарын 14-нд  Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын комисс жилд дөрвөн сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтад хүлээн авах баримт бичигт гарын үсэг зурснаар үйлдвэр байгуулагдсан түүхтэй. Үйлдвэрийнхээ 40 жилийн ойн хүрээнд “Уурхайчин эмэгтэйчүүд”, “Мянган ахмад”, “Мянган инженерийн чуулган” уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөлгөөн, "Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, “Ажилчин хүний эрүүл мэнд-40” соёл урлаг, эрүүл мэндийн уралдаан зэрэг томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулав. Мөн ойн хүрээнд XX зууны манлай бүтээн байгуулалт, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт  хотыг цогцоор нь барьж байгуулах түүхэн шийдвэрийг гаргахад гарамгай гавьяа байгуулсан Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны хоёрдугаар байрны урд босгосон юм.

Үйлдвэрийн 40 жилийн түүхэнд хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага буюу 0.495 хувь байхад зэсийн металл авалтыг 89.3 хувьд хүргэж, хамгийн өндөр орлого ашигтай ажиллаж чадсан байна. Үүний үр дүнд 320 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улс, орон нутгийн төсөвт 615 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дээд амжилт ажээ. Өөрөөр хэлбэл нэг ажилтан бүр 100 гаруй сая төгрөгийн баялаг үйлдвэрлэсэн байна. Мөн 2017 онд геологи хайгуулын ажлыг 2016 оноос 2 дахин, 2018 онд 3.2 дахин өсгөсний үр дүнд үйлдвэрийн насжилтыг 20 шахам жилээр нэмэгдүүлж, цаашид 60  жил ажиллах боломж бүрдээд байна.

3. Арвайхээр хот шинэ цэвэрлэх байгууламжтай боллоо

   “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн ажил энэ намар эхэлсэн. Мөн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Архангай, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад төв цэвэрлэх байгууламж шинээр барьж эхэлсэн билээ. Эхний төв цэвэрлэх байгууламж Өвөрхангай аймагт ашиглалтад орсон нь онцлох бүтээн байгуулалтын ажил байлаа. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн хүрээнд 9.88 тэрбум төгрөгийн төсвөөр Арвайхээр хотод шинэ цэвэрлэх байгууламж барьж байгууллаа. Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “Комфорт Импекс” ХХК хоёр жилийн хугацаанд хийх гэрээт ажлаа хугацаанаас нь өмнө буюу 10 сарын өмнө хийж дуусган хүлээлгэж өгсөн юм.

Арвайхээр хотын 1974 оноос үйл ажиллагаа явуулсан цэвэрлэх байгууламж 40 гаруй жил ажиллаж, цэвэрлэгээний түвшин 35-40 хувьтай байгаа нь иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрахад сөргөөр нөлөөлөөд байсан юм. Тэгвэл цэвэрлэх байгууламжийг монгол технологиор манай инженерүүд бүтээн байгуулжээ. Шинэ цэвэрлэх байгууламж нь хуучин цэвэрлэх байгууламжаасаа 6 дахин их хүчин чадалтай, хоногт 3000 метр.куб бохир цэвэрлэж, 99 хувийн цэвэршилттэй ус гаргах хүчин чадалтай юм.  Шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор 50 мянган хүн амьдрах инженерийн дэд бүтцээ бүрэн шийдэж, цаашид 25 жилийн туршид инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн асуудал доголдол гарахгүй байх нөхцөл бүрдэж байна.

4. Баян-Өлгийчүүд Вьетнам руу мах экспортолж байна

  Монгол Улс нийт 70 орчим сая малтай ч гадаад зах зээлд экспортлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон гаргах тал дээр чамлалттай байдаг ч энэ онд орон нутагт мах боловсруулах үйлдвэр нэгээр нэмэгдлээ. Баян-Өлгий аймгийн "Азат" компанийн Өлгий хотод олон улсын халал стандартын дагуу мах бэлтгэн боловсруулах үйлдвэрийн нээлт арваннэгдүгээр сарын 27-ны өдөр болсон юм. Тус үйлдвэр нь өдөрт 200 толгой бод, 800 бог мал нядлах, есөн тонн бод малын, зургаан тонн бог малын шулсан мах, таван тонн чанасан мах, таван тонн дайвар бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай томоохон үйлдвэр юм. Үйлдвэрийн хувьд дэлхийн стандартад өндөр үнэлэгдээд байгаа "ХАЛАЛ" мах боловсруулж, хаягдал болж байгаа малын дайвар бүтээгдэхүүнийг дахин боловсруулж байгаагаараа онцлогтой.

Махны үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн 60 гаруй иргэн ажлын байраар хангагдсан байна. Тус мах бэлтгэн боловсруулах үйлдвэр нь Вьетнам Улс руу боловсруулсан мах экспортолж эхлээд байна. Цаашид бүтээгдэхүүнээ БНХАУ, ОХУ руу гаргахаар бэлтгэлээ хангаж, холбогдох зөвшөөрлүүдээ авчээ.

Монгол Улс нь энэ онд ОХУ, БНХАУ, Казакстан, Япон, Иран, БНСВУ, Малайз, Гонконг зэрэг орнуудад 955 тонн үхрийн мах, 22492 тонн адууны мах, 3814 тонн хонь, ямааны мах нийт 27261 тонн мах, 16027 тонн дулааны аргаар боловсруулсан махыг тус тус экспортолж, нийт 104 сая ам.долларын экспорт хийжээ.

5. Өмнөговь аймагт бүтээн байгуулалтын жил өрнөв

    Өмнөговь аймаг 2018 онд томоохон бүтээн байгуулалтын олон ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Олон улсын чанар стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай, иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, дугуйн спортыг хөгжүүлэх, дугуй унах иргэдийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн төвд 6,9 км дугуйн зам, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Ноён, Мандал-Овоо, Цогтцэций сумдад ногоон байгууламж бүхий соёл амралтын хүрээлэнг тус тус байгуулжээ.

Хөлбөмбөгийн талбайтай болсноор хүүхэд залуус хөлбөмбөгийн спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бэлтгэл сургуулилтаа хангах орчин нөхцөл бүрдсэн байна. Өмнөговь аймаг 6,9 км дугуйн замтай болсноор бусад аймагтай харьцуулахад хамгийн урт дугуйн замтай аймаг болжээ.

Даланзадгад суманд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулж 20 гаруй байгууллагын 100 гаруй үйлчилгээг иргэд нэг дээвэр дороос авах боломжийг бүрдүүлэв. Уг төвд Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Даланзадгад ДЦС ТӨХК, Архив, Авто тээврийн төв, Татварын хэлтэс, Гүний ус ХХК, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн газруудын төлөөллүүд байрлаж нэг цэгээс төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, түргэн шуурхай, чирэгдэл, хүндрэлгүй хүргэх боломж бүрдлээ.

Аймгийн төвд 850 хүний суудалтай орчин үеийн шийдэл бүхий Хөгжимт жүжгийн театр, Соёлын өвийг хадгалан ирээдүй хойчид өвлүүлдэг, түүх дурсгалын үнэт өв сантай Музейн барилгыг энэ онд шинээр барьж эхэлсэн бөгөөд дээрх хоёр барилга ирэх онд ашиглалтад орно. Ийнхүү Өмнөговь аймаг 2018 оныг их бүтээн байгуулалтаар үдэж байна.

      6. Сүхбаатарын нүүн шилжүүлэх сургуулилтад 18 мянга гаруй иргэн оролцов

  Орон нутагт өрнөсөн томоохон үйл явдлын нэг нь Сүхбаатар аймагт газар хөдлөлтийн гамшгийн дараах нүүн шилжүүлэх дадлага сургуулилтыг зохион байгуулсан явдал байлаа. Монгол Улсын Шадар сайдын Сүхбаатар аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн  сургуулилтыг есдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулав.  Баруун-Урт сум нь 23 мянган хүн амтайгаас дадлага сургуульд  18 мянга гаруй иргэн оролцсон юм.

Сүхбаатар аймаг нь Дорнод монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл бөгөөд тал хээрийн бүсэд багтдаг.  Нийт 13 сумын 61 мянган хүн амтай. Сүүлийн жилүүдэд гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин, хүчтэй цасан болон шороон шуурга, үер, усны осол ихэвчлэн тохиолдож байгаа юм. Иймд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь тухайн бүс нутагт тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн үед тухайн аймгийн нутаг дэвсгэрийг орон нутаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгдсэн байна.

Мөн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр сургуулийн цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, бүлгээр ажиллах, дадлага сургуулиуд зохион байгуулав. Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг дүүрэн хангалттай  гэж дүгнэсэн юм.

7. Баян-Өлгийд үер бууж, их хэмжээний хохирол учрав

    Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас их хэмжээний хохирол учирсан харамсалтай үйл явдал боллоо. Тус аймгийн Өлгий сумын 2, 3, 4, 9, 11, 12, 13 дугаар багийн 530 айл өрхийн 2512 хүн гамшигт нэрвэгдэж, гэр, байшин, хашаа, хороо нь усанд автсан юм.  Үерийн улмаас 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Тухайн аймагт үүссэн гамшгийн аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэхэд 618 хүн, 107 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллав. .

Аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг явуулж, үерт өртсөн иргэдийг татан гаргаж түр хорогдох байранд  байрлуулах, халуун хоол, цайгаар хангах, эд хөрөнгийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх, үерийн хамгаалалтын  далан босгох, шинээр шуудуу гаргаж хуримтлагдсан үерийн усыг зайлуулахын зэрэгцээ гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийн тоо, хохирлын хэмжээг нарийвчлан гаргажээ. Үерт өртсөн 225 өрхийн 1566 хүнийг аюулгүй газарт гаргаж, 185 өрхийн 668 иргэнийг 8 байрлалд түр хоргодох байраар ханган, 58 өрхийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч ажилласан байна.

8. Шүлхийгээр 13 аймгийн 40 гаруй суманд мал өвчлөв

  Малын гоц халдварт шүлхий өвчин энэ жил нийслэл Улаанбаатар хот болон 13 аймагийн 40 гаруй суманд бүртгэгдэж, их хэмжээний хохирол учирлаа. Энэ оны гуравдугаар сараас эрчимтэй тархсан шүлхий өвчнийг Мал эмнэлгийн ерөнхий газар зохион байгуулж шуурхай ажилласнаар 2018 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар Монгол улсын хэмжээнд шүлхий хорио цээрийн дэглэмийг бүрэн цуцалж уг өвчний гаралтыг хяналтад авч чадсан юм.

Улсын хэмжээнд 2018 онд шүлхий өвчнөөс сэргийлэх вакциныг худалдан авалтаар 7.2 сая тун, буцалтгүй тусламжаар 1.6 сая тун вакцин хүлээн авч, шүлхийн өвчний гаралтыг зогсооход зарцуулав. Шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор давхардсан тоогоор 20 аймгийн 160 орчим сумын 10,3 сая толгой малыг дархлаажуулалтад хамруулжээ. Шүлхий өвчин Сүхбаатар аймгаас эхлээд Өвөрхангай хүртэл өргөн уудам нутгийг хамарсан бөгөөд 614 өрхийн 7653 толгой мал өвчилж, үүнээс 5817 толгой малыг устгалд оруулав.

Шүлхийн эрсдэлтэй бүсэд монгол орны зүүн  болон говийн бүс багтдаг. Гэвч энэ жилийн хувьд тухайн бүс нутгийн хилийн дээсийг алхаж нутгийн гүн рүү шилжжээ. Өвөрхангай аймгийн хувьд 1963 оноос хойш 55 жил шүлхий гараагүй байсан байна. Харин 2018 онд тус аймгийн төв Арвайхээр суманд гарлаа. Энэ нь шүлхий өвчний эрсдэлийг урьдын адил  зөвхөн зүүн болон говийн бүс гэж хязгаарлах боломжгүй болж байгааг анхааралдаа авахыг мэргэжилтнүүд сануулж буй юм.

ZINDAA.MN 

Т.Амараа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top