Дуурийн театрын хамт олон ЦЭВЭР БИЧИГТЭН сурагчдыг урамшууллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 24

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр /УДБЭТ/-ын хамт олон "Сонгодог урлаг хүүхэд, залуучууд" зорилтот аяны хүрээнд нийслэлийн алслагдсан дүүргийн сургуулийн сурагчдад өнгөрсөн баасан гарагт /2018.12.21/ сэтгэлийн бэлгээ гардууллаа. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жилд дунджаар 4-5 сайн үйлсийн аян зохион байгуулдаг тус хамт олон шинэ жилийн өдрүүдэд гурван дүүргийн гурван сургуулийг сонгон, амжилт бүтээл, сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлж буй анги хамт олныг баярлуулжээ. Тус үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн 65-р дунд сургууль, Сүхбаатар дүүргийн 35-р дунд сургууль, Баянзүрх дүүргийн 120-р дунд сургуулийн сурлага, авьяасаараа тэргүүлж буй 250 гаруй сурагч хамрагдсан юм.

Энэ талаар УДБЭТ-ын маркетингийн менежер Н.Отгонжаргал "УДБЭТ 2018 онд хүүхдүүдэд чиглэсэн томоохон ажлууд төлөвлөсөн байсны нэг нь алслагдсан дүүргийн сургуулиудыг сонгон авч бэлэг өглөө. Энэхүү үйл ажиллагаа өглөөний 8:00 цагаас эхлэн, Толгойтын 65-р сургууль, Улиастай эцсийн 120-р сургууль, 7 буудлын 35-р сургууль дээр очиж шилдэг гэсэн анги, сурагчдыг шагнасан. Мөн “Сонгодог урлаг ба хүүхэд” гэсэн зорилтот аяныхаа хүрээнд олон ажил төлөвлөсний нэг нь хүүхдийг урлагаар хөгжүүлэх, гоо зүйн мэдрэмж олгон хүмүүжүүлж, төлөвшилтэй болгох үүднээс тоглолтуудыг үнэ төлбөргүй үзүүлсэн байгаа. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй болон нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай хүүхдүүд хамрагдсан. Өнөөдрийн арга хэмжээнд тухайн сургуульдаа шилдэг гэж тодорхойлсон сурагчдыг сонгон урамшуулснаараа давуу талтай. Мөн энэхүү үйл ажиллагааг санаачилсан УДБЭТ-ын захирал Ц.Түвшинтөгсдөө  баярлалаа гэж хэлмээр байна" гэв.

 

35-р сургуулийн 1В ангийн багш А.Алтансолонго "Нэгдүгээр ангийн сурагчдын дунд хамгийн цэвэр бичигтэй ангиар манай анги шалгарч, УДБЭТ-ийн хамт олноос сэтгэлийн бэлэг авч байгаадаа баяртай байна. Нэгдүгээр ангийн хүүхдүүд нэгдсэн шинэ жил хийдэггүй учраас нэг шилдэг сурагчаа шалгаруулж, өвлийн өвөөгөөр бэлэг өгүүлсэнд гомдсон л доо. Одоо харин бүгдэнд нь хүртээмжтэй бэлэг хүрч байгаа учраас сэтгэл нь ханаж байх шиг байна /инээв/. Хүүхдүүдэд маань сэтгэлийн бэлэг илгээсэн УДБЭТ-ийн хамт олонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье" хэмээсэн юм.

 

Нийслэлийн 35-р сургуулийн сургалтын менежер Ц.Ичинхорол: "Манай 35-р сургуулийн сонгож, хүүхдүүдийг минь баярлуулахаар ирсэн УДБЭТ-ын хамт олондоо маш их баярлалаа. Манай сургуулийн хувьд 50 жилийн түүхтэй сургууль, алслагдсан дүүргийн хүүхдүүд суралцдаг учраас тэр болгон ийм үйл ажиллагаа зохион байгуулагдаад байдаггүй. Бид төрийн болон төрийн бус байгууллагуудтай уялдаа холбоотой ажилладаг. Цаашдаа УДБЭТ-ын хамт олонтой хамтран ажиллах эхлэл боллоо гэж харж байна. Манай сургуулийн хувьд 1500 сурагчдтай, өнөөдрийн А.Алтансолонго багштай 1В ангийн хамт олон бол нийт нэгдүгээр ангийн 221 суралцагчаас цэвэр бичигтэй ангиар тодорсон учраас бэлгээр шагнаж байгаа юм" хэмээн сэтгэлийн үгээ илэрхийллээ.

Бэлэг гардсан 35-р сургуулийн сурагчдын сэтгэгдлийг сонирхуулъя.

 

Н.Номин: Би том болоод эмч болохыг хүсдэг. Хүн өвдөхөөр тусалж, эмчилдэг учраас надад таалагддаг. Гоё бичдэг гэж намайг шагнаж, бэлэг өгч байгаад маш их баяртай байна.

 

 

Б.Мягмарсүрэн: Манай аав цахилгаанчин учраас би цахилгаанчин болно. Ах, эгч нартаа баярлалаа гэдгээ хэлмээр байна. Гоё бичиж, онц сураад, сайн хүн болно.

 

 

 

 

 

 

Д.Атарцэцэг

Гэрэл зураг: Д.Амаржаргал

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.161.76) 2018 оны 12 сарын 26

Byatshan duu nartaa suralgiin ondor amjilt husii

0  |  0
Top