Цагаан ордны хажууд зассан гацуур модны чимэглэл хагарчээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 24

 

АНУ-ын хэд хэдэн яамдын үйл ажиллагаа зогссон нь тус улсын гол гацуур модны хагарсан гэрлэн чимэглэлийг засч сэлбэхэд хүндрэл учруулаад байна гэж тус улсын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн алба мэдэгджээ. 

NBC сувгийн мэдээлснээр, өнгөрсөн баасан гарагийн орой /2018.12.21/ нэгэн этгээд Цагаан ордны хажуугийн цэцэрлэгт хүрээлэнд зассан гацуур модон дээр авирсан хэрэг гарчээ. Үүний улмаас хэд хэдэн гэрлэн чимэглэл хагарсан байна.

Тус албаны мэдээлснээр, АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа зогссон хугацаанд гацуур мод гэрлэн чимэглэлгүй байх бөгөөд Цагаан ордон болон Зул сарын гацуур мод зассан талбайг хаах гэнэ.

АНУ-ын холбооны зарим байгууллагууд төсөвгүй учир ажлын цагаа богиносгожээ. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Ардчилсан намынхны хооронд хилийн аюулгүй байдлын асуудлаар үүссэн маргаанаас үүдэн холбооны Засгийн газрын үйл ажиллагаа, агентлагуудын санхүүжилтийн хууль батлагдаагүй байгаа юм.

Ерөнхийлөгч Д.Трамп засгийн газрын үйл ажиллагааны “зогсолт” удаан үргэлжлэхгүй байх гэж найдаж байна гээд Ардчилсан намынхныг улсын хилийг бэхжүүлэхийн төлөө саналаа өгөхийг шаардсан билээ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top