Балтимор хотын цагдаа хотын аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэгжүүлж буй “буцаан худалдан авах” хөтөлбөрийн хүрээнд нийт хоёр мянга орчим буу, зэвсгийг худалдан авчээ.
Энэхүү ажиллагааг тус хотын оршин суугчдын гар дээр буй хууль бус зэвсгийг худалдан авах зорилгоор гурван өдрийн турш зохион байгуулжээ. Тус хотод сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гарсан хүн амины гэмт хэргийн тоо 300 давжээ. Энэ ажиллагааны хүрээнд цагдаа нар нийт 1860 зэвсэг цуглуулсны дотор пуужин харвагч хүртэл байжээ. Чингэхдээ, том хэмжээтэй бууны хүхээг 25 ам.доллар, гар буу болон винтов бууг 100 ам.доллар, хагас автомат бууг 200 ам.доллар, автомат бууг 500 ам.доллараар худалдан авчээ.
600 мянган хүн амтай тус хотын эрх баригчид эл ажиллагаанд нийт 250 мянган ам.доллар зарцуулжээ.
Буу эзэмших эрхийг АНУ-ын Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлт өөрчлөлтөөр баталгаажуулсан бөгөөд Америк иргэдийн гуравны нэг нь гэртээ зэвсэг хадгалдаг байна. 2017 онд тус улсад 40 мянга орчим хүн буудуулж, амиа алджээ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )