Япон улс Халим агнуурын олон улсын комиссоос 2019 онд гарч, ирэх оны долдугаар сараас эхлэн арилжааны зорилгоор халим дахин агнаж эхэлнэ хэмээн Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Суга Ёсихидэ мэдэгдлээ.
Япон улс сүүлийн 30 жилийн туршид халим агнуур эрхлээгүй хэдий ч тус улсын супермаркет, ресторануудад халимын мах үзэгддэг байжээ. Энэхүү шийдвэрийг сайд нарын танхим мягмар гарагт /2018.12.25/ гаргажээ.
Гэхдээ Япон улс Халим агнуурын олон улсын комисст ажиглагчийн статустай оролцох бөгөөд Японы усан хилийн дотор халим агнах гэнэ.
Япон улс Халим агнуурын олон улсын комиссоос гарснаар 1987 оноос хойш Антарктид тивд явуулж буй халим судлалын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болох юм.
Японы ард түмэн халимын мах хүнсэнд хэрэглэх эртний уламжлалтай бөгөөд дайны дараах хүнд он жилүүдэд халимны мах япончуудын гол хүнс байсан гэж Киодо агентлаг сануулж байна.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 1 )
Ёс зүйтэй улсууд арай тэгэхгүй байх