”Бөхийн өргөө”-ний бөөн маргаан хэрээс хэтэрлээ!

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 08

Ард түмний хандив дээр суурилж, төсвийн хөрөнгийн оролцоотой боссон "Бөхийн өргөө" үүдээ бариад чамгүй хугацаа өнгөрлөө. Үндэсний бөхийг илүү ёс жудагтай, шударга байлгах нэрийн дор талцал өрнүүлж байгаагийн цаана барилга булаалдсан эрх ашиг байхыг үгүйсгэхийн аргагүй. Үндэсний өв соёлыг тээгч гэж болох эгэл бөхчүүдийн хувьд энэ маргаан тэгтлээ хамааралгүй. Бөхийн холбооны удирдлагын суудал, дугуй барилга булаалдсан цөөн нөхдийн дунд үүссэн зөрчил юм. Гагцхүү энэ маргаанд манай нэртэй бизнесмэн Л.Чинбат, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нарын хүмүүс хөндлөнгөөс орж ирсэн нь өөрийн эрхгүй сонирхол татна. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл анхаарал хандуулаад авсан гэхээр чамгүй өндөр авсан маргаан аж.   

 

“Бөхийн өргөөний дугуй барилгаас асар их ашиг олдог” гэх хардлага, мэдээлэлд даруулсан Р.Нямдоржийн багийг удирдлагын бүрэлдэхүүнээс буулгах олон оны тэмцэл нь явсаар өнөөдөр туйлдаа хүрсэн хэрэг. Энэ байдал нь Үндэсний бөхийн холбооны “Их Эе” ээлжит их хурлын дараа /2018.03.22/ хурцадсан гэхэд болно. Тодотгож хэлбэл, тус хурлын дараа хууль бус, хууль ёсны гэх хоёр холбоо бий болж, улмаар "Бөхийн өргөө"-нд бөхчүүдийн маргаанаас үүдсэн үймээн ч гарсан, шүүхийн хаалга ч татсан. Ингэснээр маргаантай асуудал удааширч /2018.09.28/ дахин зөрчил гарснаар өргөөг хав дарж, хаасан билээ.

 

Харин саяхан Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нар /2018.12.21/ уулзаж, “Түр зөвлөл” байгуулан Бөхийн өргөөг нээн, үйл ажиллагааг хэвийн явуулахаар тохиролцон, Баянзүрх дүүргийн шүүхэд хүсэлт гаргасан байдаг. Үүний хариуд “Гацуурт”-ын Л.Чинбатын талаас буюу “Үндсэний бөхийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал гэх Э.Билгүүн /2018.12.21/ 31 тоот шаардах бичиг үйлдэн, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст өгсөн аж. Ингэхдээ “Х.Баянмөнхөд уг маргааны асуудлаар Монголын үндэсний бөхийн холбоог итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх олгоогүй. Захиргааны хэргийн шүүхээр маргаан эцэслэн шийдэгдэх хүртэл хүчингүй тамга тэмдэг ашигласан” гэжээ.

 

Харин Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга Т.Дамбийням Үндэсний бөхийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаярт буюу Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нарын “Түр зөвлөл”-д хаяглан хариу ирүүлэхдээ Э.Билгүүний дээрх шаардлагыг үндэслэн /2018.12.27/ “...нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчил дахин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тавигдсан Бөхийн өргөөний хамгаалалтыг буулгаж та бүхэнд хүлээлгэн өгөх боломжгүй...” гэсэн байна. Ингэхээр аваргуудын "Бөхийн өргөө"-ний үйл ажиллагааг хэвийн явуулах тухай хүсэлт талаар боллоо гэсэн үг.

 

Тариачин нь тариагаа тарьж, түшээд нь төрөө түшвэл яасан юм бэ?

 

Олон мянган жилийн түүхтэй үндэсний бөх нь даяаршлын энэ эрин цаг хүртэл уламжлалаа гээлгүй явж ирсэн гэхэд болно. Үндэсний дархлаа болсон олон эд эс байдгийн зөвхөн нэг нь үндэсний бөх. Үүнийг өөрчлөх, орчин цагийн хэв маягт оруулах ямар ч шаардлагагүй. Өөрийн гэсэн уламжлалтай дэг ёстой үндэсний дархлаа юм. Тэгэхээр чухам юуг нь өөрчлөх шинэчлэх гээд байна вэ гэхээр хариулт үл олдох бөгөөд гагцхүү “Дугуй барилга” л хэрүүлийн алим болжээ гэж хардахаас өөр гарц олдохгүй байгаа юм. Уг нь нэгэн насаар үндэсний бөхийн талбараас нэр цууд гарч, өдгөө ч үр шимийг нь хүртэж яваа буурал аваргууд ид зодоглож буй бөхчүүдийнхээ үүдийг “дарчихаад” өргөөнд нь шунах ямар ч хэрэггүй мэт. Ач зээгээ эрхлүүлж, шавь нарынхаа хөлд дарагдан суух нас биш үү.  

 

Тэр тусмаа үндэсний бөхөд хайртай ард түмний хайр ивээлээр Төр түшилцэх өндөр дээд алба хашиж байгаа нөхдөд ямар ч шаардлага алга. Төрийн эрх барих дээд байгууллага томдоод байгаа бол бизнесээ хийнэ биз дээ. Тэдэнд сургуулиас эхлээд мал аж ахуй гэх мэт олон бизнес байдаг сан. Нөгөө талаас уул уурхайн салбараас бизнесийн гараагаа эхлүүлж, өдгөө хөдөө аж ахуйн салбарт Хөдөлмөрийн баатар болтлоо тодорсон Л.Чинбатад бөхчүүд ямар хамаатай билээ. Тариагаа тарьж, үхрээ үржүүл гэж төр өндөр дээд шагналаа өгсөн баймаар. Хүний хүсэлд хязгаар үгүй гэдэг л энэ байх даа.

 

Тэгэхээр энэ талаар маргаж байсан баримтаас дурдвал чухам юунаас үүдэлтэй, ямар учиртай маргаан бэ гэдэг нь аль нэг талаараа харагдаж таарна.

 

Дархан аварга Х.Баянмөнх /2018.06.13/ Шадар сайдтай уулзах үеэр

-Баяр наадмын комиссын бөхийн салбар зөвлөлд Л.Чинбатыг оруулж ажиллуулахгүй бол Монгол Төрийн наадам хохирол амсана шүү. Миний ард 1000 бөх бий...

 

Дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат /2018.04.18/ Хэвлэлийн хурал

-Та нар бөхчүүдийг талцууллаа. Наадмаар бөхчүүд барилдахгүй. Улмаар замбараагүй байдал үүсвэл Б.Бат-Эрдэнэ хариуцлагаа хүлээгээрэй...

 

Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ /2018.06.22/ “Өдрийн сонин”

-Дөрөвдүгээр сарын 13, 14-нд Л.Чинбат нарын хүмүүс 200 орчим хүн хөлсөлж Бөхийн өргөө рүү дайрч, нийтийг хамарсан үймээн гаргах гэж байгааг мэдээд холбогдох хууль, хүчний байгууллага шуурхай арга хэмжээ авсаны хүчинд харьцангуй тайван өнгөрсөн” гэх буюу “дөрөвдүгээр сарын 13-ны шөнө, 14-ний өдөр Бөхийн өргөө рүү дайрах үймээний тэргүүн эгнээнд Х.Баянмөнх гуай хүргэн А.Сүхбаттайгаа зогсож байсан. Энэ халдлага дайралтыг хэн зохион байгуулсан бэ гэсэн Цагдаагийн албан хаагчийн асуултад А.Сүхбат би энэ хүмүүсийг авчирсан хэмээн хэлж байсныг олон нийт ТВ лайваар харсан...

 

Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ /2018.04.13/, “Өдрийн сонин”

-Бөхийн холбооны тэргүүнээр сонгогдсон Л.Чинбат нь хууль бус тэргүүн...

 

“Гацуурт” компанийн Ерөнхий захирал Л.Чинбат /2019.01.07/, Montsame 

-Л.Чинбатын талынхан "Бөхийн өргөө"-г нээлгэхгүй байна гэх худал мэдээлэл зориуд тарааж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд Бөхийн өргөөг нээхгүй, бөхийн барилдаан зохион байгуулж чадахгүй байгаа жинхэнэ шалтгаан нь Б.Бат-Эрдэнийн 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой...

 

Бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж /2018.05.02/, Shuud.mn

-Л.Чинбат гурван шатны шүүхээр Бөхийн холбооны тэргүүнээр баталгаажуулсан гэдэг худлаа...

 

Бөхийн холбооны дэд тэргүүн асан Д.Данзан /2017.07.20/, Sonin.mn 

-Аварга Сүхбат, Төмөрсүх, Ариунболд гэх хүмүүс манай байгууллагыг гаднын хүчээр дайрч эзэлж авсан. Түүнийгээ бөхийн холбооны ажлыг хүлээж авлаа гэж ард иргэдэд ойлгуулж, мэдээлэл цацсан. Энэ бол худлаа. Ажил хүлээж аваагүй. Тийм улсад бид ажпаа хүлээлгэж өгөхгүй. Төрийн 2-3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хуйвалдсан, улайрсан хэдэн нөхдөд өгч болохгүй нь ойлгомжтой. МҮБХ -ны тэргүүн Р.Нямдорж хэвээрээ...

 

Дархан аварга,УИХ-ын гишүүн А.Сүхбат /2018.04.16/, News.mn 

-Бөхийн холбооны маргаан өнөөдөр болж байгаа юм биш. Энэ бол 16-17 жилийн өмнө эхэлсэн асуудал юм. Олон жил яригдаж, бужигналаа. Шүүх, хуулийн байгууллагаар шалгуулсан, мэтгэлзсэн асуудал байна. Энэ дотор авилга зэрэг олон зүйл нуугдаж байна. Үүнийг эсэгүүцээд бид яваад байна. Монгол Бөхийн өргөө, Монголын Үндэсний бөхийн холбоо ард түмний өмч гэж бид үзэж байгаа. Яагаад буруу шүүлттэй байгаа юм. Яагаад допингийн асуудлыг шийдэж болдоггүй юм бэ? Яагаад бөхчүүдийнхээ нийгмийн асуудлыг анхаардаггүй юм...

 

Улсын заан Ц.Магалжав /2018.04.12/, Хэвлэлийн хурал

-“Монгол HD” телевизийн байранд хэсэг бөхчүүдийг цуглуулж, хурал болсноос гадна хэвлэл мэдээллээр Бөхийн холбооны ташаа мэдээллийг энэ үед гаргаж байгаад нь харамсаж яаралтай хурал хийхээс аргагүй боллоо. Бөхчүүдийг цуглуулж, хуралдан Бөхийн өргөөнд хүч хэрэглэн дайран орно гэсэн үйлдэл гаргаж, хэвлэл мэдээллээр төлбөртэй мэдээлэл гаргаж байгаад харамсаж байна...

 

Ерөнхийлөгч Х.Баттулга /2018.09.06/ Ерөнхий сайдад илгээсэн албан бичиг

-"Монгол бөхийн өргөө"-г төрийн өмчид шилжүүлэх асуудлаар... Монгол бөхийн өргөөний өмчлөлийн асуудалд анхаарал хандуулж, холбогдох хуулийн дагуу төрийн өмчлөх эрхийг хамгаалан, тус барилгыг төрийн өмчид хамааруулах ажиллагааг шуурхай зохион байгуулж, явц үр дүнг тухай бүр танилцуулан хамтарч ажиллана уу...

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(66.181.188.38) 2019 оны 01 сарын 08

БӨХИЙН ӨРГӨӨГ НЭН ДАРУЙ ХУВЬЧИЛ. БӨХИЙН ӨРГӨӨГ ЭХЛЭЭД ҮНЭЛ. ТУХАЙН ҮЁД ХАНДИВ ӨРГӨСӨН ХҮМҮҮСИЙН ХАНДИВЫГ ХУВЬЦААНД ТООЦ. ТӨРӨӨС ГАРГАСАН МӨНГИЙГ ХУВЬЦАА ХЭЛБЭРЭЭР НЬ ЗАР. ИНГЭЖ ЭЗЭНГҮЙ ХӨРӨНГӨ ЭЗЭНТЭЙ БОЛНО. ЗГ БОЛООД ЕРӨНХИЙЛӨГЧ ОРОЛЦОХ ШААРДЛАГАГҮЙ БОЛНО. ӨМЧ ХӨРӨНГӨ ЭЗЭМШИХ АСУУДАЛ БОЛ ТӨРИЙН ҮҮРЭГТ БАЙГУУЛЛАГЫН ХИЙХ АЖИЛ БИШ ГЭДГИЙГ ОЙЛГОХ ЦАГ БОЛСОН ШҮҮ.

0  |  0
zochin(202.179.25.51) 2019 оны 01 сарын 08

ene muuchai duusdaggui cheruulchdad buu og, chaalttai chigeer n nuraaj ,cheregtei barilga bachin bar. Naad medleggui chunaltai maanag bochchuud chin boon ajliin sadaa, buu ongoligo.

0  |  0
irgen(66.181.185.55) 2019 оны 01 сарын 08

Baterdene gishuun ch yuv dee. Neg bol buhiinhuu heruuliig hii. esvl gishuuniihee ajlig hii. shunaltai novsh ve

0  |  0
Top