НҮБ Саудын Арабаас зугтсан бүсгүйг орогнуулах улсыг хайж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

НҮБ хүчээр нөхөрт гарахыг хүсэлгүй гэрээсээ зугтан Тайландад түр орогнож буй Саудын Арабын иргэн, 18 настай бүсгүйг орогнол олгох улсыг ойрын хугацаанд олохоор ажиллаж байна гэж Тайландын “Кхао Сот” сонинд мэдээлжээ.

Тайландын эрх баригчид таван хоног тус улсад орогнох зөвшөөрөл түүнд олгосон тул НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын ажилтнууд энэ хугацаанд бүсгүйд байнгын оршин суух зөвшөөрөл олгох улс орныг олох шаардлагатай байгаа гэнэ. 

Рахаф Альканун гэгч энэ бүсгүй Бангкок хотноо энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр дамжин өнгөрөгч зорчигчийн хувиар ирэхэд Саудын Арабын элчин сайдын яамны ажилтнууд түүний паспортыг хураан авсан байна. Тэрбээр элчин сайдын яамны ажилтнуудаас зугтаан, Бангкокийн нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсэд толгой хорогдож байжээ. Олон нийтийн сүлжээнд өөр тохиолдсон түүхийг бичсэний дараа хүний эрхийг хамгаалагчид түүнд анхаарлаа хандуулсан байна. 

Даваа гарагийн өглөө /2019.01.07/ Human Rights Watch олон улсын байгууллагын төлөөлөгч Фил Робертсон Тайландын эрх баригчдад хандан эх орондоо буцсан тохиолдолд амь насанд нь аюул учирна хэмээн мэдэгдэж буй энэ бүсгүйг албадан гаргахгүй байхыг уриалсан байна. Мөн өдөр эмэгтэйг албадан гаргаагүй бөгөөд тус улсын цагаачлалын албаныхан Саудын Арабын элчин сайдын яамны ажилтнуудтай хэлэлцээ хийсэн аж. Бүсгүйн эцэг өөрийн биеэр Бангкокт хүрэлцэн ирж, охиноо авч явахад бэлэн буйгаа мэдэгдсэн гэнэ. Мягмар /2019.01.08/ гарагийн өглөө 18 настай бүсгүй дамжин өнгөрөх бүс дэх зочид буудлын өрөөний хаалгыг бэхэлж, албадан гаргах ажиллагааг гүйцэтгэхээр ирсэн цагаачлалын албаныхныг оруулаагүй байна. Цагаачлалын албаны дарга нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирж, охинтой хэлэлцээ хийснийхээ дараа түүнийг эх оронд нь буцаахгүй гэж мэдэгджээ. Энэ мэдэгдлийн дараа НҮБ-ын ажилтнууд ирж, охиныг нисэх онгоцны буудлаас гаргасан байна. Цагаачлалын албаны даргын хэлснээр, НҮБ Саудын Арабын иргэнд Бангкокт түр байрлах орогнол өгч, Тайландын тал түүний аюулгүй байдлыг хангахаар болжээ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

 


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
О.Цэндсүрэн (218.51.174.120) 2019 оны 01 сарын 13

Канадын иргэдэд БАЯРЛАЛАА/THANKS/ ⚘

0  |  0
ganaa(37.123.160.214) 2019 оны 01 сарын 08

huue butsaj bolohgui bas alaad huruuduud yah ch yum bilee

0  |  0
Top