Хөгжлийн банк нийслэлийн дахин төлөвлөлтийг санхүүжүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

Монгол Улсын хөгжлийн банк хот дахин төлөвлөлтийн төслүүдийг санхүүжүүлэхээр болжээ. Учир нь нийслэлийн дахин төлөвлөлтийн төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалт дутмаг байгаа тул ийнхүү Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэх замаар Улаанбаатар хотын өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэхээр болсон байна.

 

Санхүүжилтийн хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах үндсэн эрхийг хангах, хот байгуулалтын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үүднээс ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих төсөл болон гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулахад чиглэсэн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх аж.

 

Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахгүй 234 нийтийн орон сууц байдаг бөгөөд нийслэлийн Засаг даргын захирамжаар БГД, БЗД, ЧД, ХУД, СХД, СБД, Налайх дүүргийн 3695 айл, 13302 иргэнд хамаарах 143 барилгыг буулган дахин барилгажуулах шийдвэр гаргасан байдаг. Захирамжийн дагуу 2019 оны нэгдүгээр сарын байдлаар дээрх 143 барилгаас 74 барилгыг шинээр барих төсөл хэрэгжүүлэгч шалгарч, нийслэлийн Засаг дарга болон оршин суугчидтай гурван талт гэрээ байгуулан 531 айлын 27 орон сууцыг буулгаснаар 1912 иргэний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан ба нийт 823 айлын найман барилгыг шинээр барьж, хүлээлгэн өгөөд байна. 2019 онд төсөл хэрэгжүүлэгчид үлдсэн 47 орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

 

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд иргэний өмчлөлийн 16317 нэгж талбар бүхий 1516.6 га талбайг хамарсан 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэхээр баталсан ба энэ нь гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувийг эзэлж байна.

 

Одоогийн байдлаар 1712 нэгж талбарын газрыг чөлөөлж, 7227 айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулж, 5001 янданг цөөрүүлж чадсан байна. Батлагдсан төлөвлөгөөгөөр 89968 айлын 961 орон сууцны барилга баригдах ба гэр хорооллын нийт өрхийн 41.5 хувь нь гэсэн үг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top